Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 85

 

М.Лгийн нэхэмжлэлтэй

хариуцагч Д.Нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00719 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Лгийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Д.Нд холбогдох

 

 “10.000.000 сая төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгч М.Лгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, хариуцагч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Б намайг Д.Нтай танилцуулсан. Ө.Бийн нэр дээр байдаг “Б-у” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байсан. Ө.Б нь манай компанид хөрөнгө оруулах юм бол барилгын тендерийн ажил аваад мөнгөө хэд нугалж олох боломж байна гэж санал тавьсан. Тендерийн ажил аваад хийхэд танил талгүй амжилт олохгүй, тиймээс таныг 3-4 хүнтэй танилцуулж өгье гээд намайг Улаанбаатар хот руу дагуулж явсан. Улаанбаатар хот руу дагуулж яваад н.Уянга Д.Н, н.Нямцэнд нартай танилцуулсан. Би энэ хүмүүсийн дансанд 53.000.000 төгрөг шилжүүлсэн. Би ажил бүтээлгэх зорилгоор Д.Н дансанд мөнгө шилжүүлсэн. Ө.Б намайг хууран мэхлээд 5 хүнд 53.000.000 төгрөг шилжүүлүүлсэн гэдгийг цагдаагаар явж байхдаа мэдсэн. Цагдаагийн Ерөнхий газар өргөдөл гаргасан энэ хэрэг дуусаагүй явж байгаа. Эдгээр мөнгө шилжүүлсэн баримтууд нь хэргийн 151 дүгээр талд байгаа. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Д.Н Хаан банкны дансанд 10.000.000 төгрөг хийсэн. Энэ хүнээс миний мөнгийг өгчхөөч гэж их явсан. Мөнгөө авъя гэхээр Ө.Бээс ав гэж яриад байгаа. Ө.Б нь энэ хүнд мөнгө өгсөн юм бол яагаад Ө.Б гээд гарын үсгээ зураагүй юм. Ө.Б бол Шүүхийн шийдвэрт зартай баахан өртэй, нийлээд хүний мөнгө луйварддагаараа зартай хүн юм байна лээ. Энэ хүнээс мөнгөө авах гэж олон жил явж байгаа. Дансны хуулга, баримтуудтай байхад мөнгөө өгөхгүй яваад байгаа нь энэ хүн. Д.Нас бусад хүмүүс нь мөнгөө өгсөн. Миний өгсөн мөнгийг буцаагаад өгчхөөч гэж гуйж байна. Би анх 12.000.000 төгрөг нэхэмжилж байсан одоо нэхэмжлэлийн шаардлагыг бууруулаад 10.000.000 төгрөг болгосон” гэв.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хүн намайг тендер авна гэж мөнгө авсан гэж ярьж байгаа. Харин тендерийг авах гэж байгаа гэж Ө.Б надаас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөг зээлдэж авсан. Энэ мөнгөө би Ө.Бээс 2014-2016 он хүртэл нэхсэн. 2016 оны 03 дугаар сарын 23-нд Ө.Б “...Нямаа эгч таны данс руу 10.000.000 төгрөг хийчихлээ” гэсэн. Тэгээд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь Ө.Бийг мөнгөө шилжүүлчихлээ гэж бодсон. Тэгсэн гэнэт энэ хүн гарч ирээд миний данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн. Би М.Лг танихгүй, М.Л миний дансыг Ө.Бээс аваад мөнгө шилжүүлсэн байх. Би энэ хүнд дансаа өгөөгүй. Өнөөдрийг хүртэл цагдаа, шүүхээр олон явж байна. Иймээс энэ хүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00719 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Лгийн хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 222.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Л давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-07-30-ны өдрийн 142/ШШ2021/00719 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд: 1.Хариуцагч Д.Н надаас 10.0 сая төгрөг аваагүй миний дансаар дамжуулж хэргийн гэрч Ө.Бээс авах учиртай төлбөрөө авсан гэж тайлбарлаж байхад шүүх надаас Д.Н дансанд орсон 10.0 сая төгрөгийг гэрч Ө.Бийг надаас зээлдэж авах 45.0 сая төгрөгийнхөө 10.0 саяыг нь авсан байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ. Хэрэв би 10.0 сая төгрөгийг Д.Нд бус Ө.Бд зээлдүүлж байгаа бол Ө.Бийн өөрийнх нь дансанд мөнгөө хийх учиртай шүү дээ. Болсон асуудал гэвэл:Нэхэмжлэгч М.Л би 2016-03-23-ны өдөр хариуцагч Д.Н ХААН банкин дахь 5914076498 дугаартай дансанд 10.0 сая төгрөгийг Лгаас гээд хийсэн.Би яагаад 10.0 сая төгрөгийг Д.Н дансанд хийх болсон бэ гэвэл гэрч гэх Ө.Бийн “Батжин ундрах” ХХК-ийг өөрийн нэр дээрээ аван орон сууцны барилга барих эрхийг нь ашиглан барилгын тендерт ялахын тулд ажил бүтээлгэхээр шилжүүлсэн мөнгө юм. Д.Н амласан ёсоороо тендерээ бүтээгээд өгсөн бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байх байсан.Би хариуцагч Д.Н дансанд мөнгөө хийсэн учир түүний надаас хууль бусаар авсан мөнгөө би буцааж авахаар л шаардаж байна. 2.Тухайн үед Ө.Б надаар ганц Д.Нд мөнгө шилжүүлээгүй нийт 4 хүнд 53.0 сая төгрөгийг тендерийн ажил бүтээлгэнэ гэж шилжүүлсэн боловч нэг нь ч барилгын тендерийн ажил бүтээж өгөөгүй учир шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардаж мөнгөө гаргуулж авах нь зүйд нийцнэ. Би яагаад ийм олон хүнд мөнгө шилжүүлээд байна вэ гэвэл аливаа тендерийн ажил олон шат дамжлагатайн дээр олон хүн хариуцан ажилладаг гээд шат шатанд нь төлбөр хий гэхээр нь Ө.Бийн хэлсэн бүх хүмүүсийнх нь дансанд хийт 53.0 сая төгрөг хийсэн.Миний энэ хэлж яриад бичээд байгаа зүйл үнэн юм шүү.Шүүхийн дүгнээд байгаа 45.0 сая төгрөгийг би Ө.Бд зээлдүүлж байгаа бол яагаа 53.0 сая төгрөг бусдын дансанд шилжүүлэх билээ дээ. Харин хариуцагч Д.Н амласан ёсоороо ажлаа бүтээгээд өгсөн бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байх байсан гэдгийг өөрөө ч сайн мэдэж байгаа шүү дээ. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д:"хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй,эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" бол /Д.Нас миний шилжүүлсэн 10.0 сая төгрөгийг буцаан өгөх учиртай би ч шаардах эрхтэй байгаа учраас шаардаж байна. Дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Л хариуцагч Д.Нд холбогдуулан зээл-10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...барилгын тендерийн ажил бүтээлгэх гэж 10.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж тодорхойлжээ.   

Хариуцагч Д.Н “...Б надаас зээлж авсан мөнгөө л буцааж өгөхдөө нэхэмжлэгч М.Лгаас авч өгсөн, би барилгын тендер өгнө гэж ярьж байгаагүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, шүүхийн хийсэн   “...нэхэмжлэгч М.Л нь гэрч Ө.Бд мөнгө зээлэхдээ түүний хүсэлтээр  хариуцагч Д.Н дансанд мөнгө шилжүүлсэн”  тул  хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан  урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд  болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн  хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг  дуусгавар болсон байх шаардлагатай.

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан “... ажил бүтээж өгнө гэж огт ярьж байгаагүй, Б нь надаас  мөнгө зээлсэн байсан, ...10.000.000 төгрөгийг М.Лгаас зээлж авсан мөнгөнөөсөө  миний дансанд шилжүүлсэн, энэ хүнийг огт танихгүй...” гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзал нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Бтэй байгуулсан зээлийн гэрээ,  2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч М.Лгийн Ө.Бтэй байгуулсан зээлийн гэрээ болон хэрэгт авагдсан гэрч Ө.Бийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч  М.Л хариуцагч Д.Нас эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байх тул түүний гаргасан “...Д.Нас миний шилжүүлсэн 10.0 сая төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Харин нэхэмжлэгч М.Л нь Ө.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Лгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч М.Лгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ