| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/02235/И |
| Дугаар | 191/ШШ2025/04552 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04552
2025 05 20 191/ШШ2025/04552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Мгийн Э /РД: ****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: давхарт байрлах ШГ ХХК /РД: ***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11 сарын 30-ны өдөр Л гэх хүнээс 240,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 240,000,000 төгрөгрийн үнэд Л болон П маркийн машиныг өгч худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулж, хуулийн дагуу үл хөдлөх дээр очиж гэрээ шилжүүлж авсан. Тухайн үед Лгээс асуухад одоогийн объектод ШГ ХХК байгаа удахгүй гарна гэж хэлсэн. Гэрчилгээгээ өөр дээрээ шилжүүлчхээд ШГ ХХК-ийн хаягт очсон, үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд маргаан үүсээд нэхэмжлэл гаргасан. Чөлөөлөх шаардлага тавьсан боловч гарахгүй гэж эсэргүүцсэн. Байрыг чөлөөлж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгч эд хөрөнгөө шаардаж байгаа. Жын хөрөнгө гэж тайлбарлаад, миний өөрийн хөрөнгө гэж тайлбарладаг. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт өгөөгүй. 500 мкв-д олон хаалга байгаа гэсэн. Үүнийг нотлох үүрэг нь байгаа. Өөрийнхөө хөрөнгийг үнэхээр алдах гэж байгаа гэж үзсэн бол ядаж зургийг нь дарж ирээд ийм хөрөнгө байгаа гэж үзүүлээд нотлох оролдлого хийх ёстой байсан. Гэтэл тэр хаяг биш, зэрэгцээ өөр хаяг дээр байдаг гэж тайлбарлаж байна. Мөн үүнтэй холбоотой баримтыг авч ирээгүй. Хариуцагч биш гэдгээ нотолж чадсангүй. Хүсэлтийн шатанд ...энд байгаа нь үнэн. Олон хаалгатай юм гэж төөрөгдөлд оруулахаар тайлбарлаж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийднэ. Гэтэл түүнтэй холбоотой баримт байхгүй. Жын зөвшөөрлөөр барьцаанд байдаг гэж тайлбарласан үүнтэй холбоотой баримт байхгүй. Хууль бусаар нэхэмжлэгч өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн гэж маргадаг. Хэрэв ингэж маргаж байгаа бол хууль бусаар ингэж шилжүүлсэн, манай хөрөнгө байсан, Жаас байнга зөвшөөрөл авдаг байсан талаар баримт огт байхгүй. Энэ байранд биднийг худалдаж авахаас өмнө байсан хэдий ч одоо улсын бүртгэлд бүртгэгдээд бидний өмч болсон учраас хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. Түүнтэй холбоотой баримтыг хэрэгт өгсөн. Өмчлөгч өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшил буюу одоо хөрөнгөд байгаа хүнээс шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй. Л нь бидэнд хүлээлгэж өгсөн, гэрээ хийгээд хүлээлцсэнтэй холбоотой нэхэмжлэгчийг худалдаж авч байгаа гэдэг тайлбар хэлсэн гэж хариуцагч тайлбарладаг. Тэгэхээр бусдад худалдаж байгааг мэдсэн. Үнэхээр өөрийнх нь өмч гээд эрх нь зөрчигдөж байсан бол үүнтэй холбоотой арга хэмжээ өнөөдрийг хүртэл аваагүй, нэг ч баримт өгөхгүй, хариу тайлбар өгөөгүй байгаа. Хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн 80 мкв талбай яагаад өмчлөлд нь очсон талаар дурдъя. Энэ 80 мкв талбай бол ШГ ХХК байрладаг объект биш. Энэ 80 мкв талбайг иргэн Жын зөвшөөрлөөр 2024 оны 10 сарын 02-ны өдөр О гэх хүнд 83,000,000 төгрөгийн зээлийн барьцаад тавьсан үл хөдлөх. Энэ үл хөдлөх хөрөнгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлийн барьцаанд тавьсан. Би дунд нь хүүгээ төлөөд явж байсан. Гэтэл 12 сарын 2-ны өдөр миний зээлийн хугацаа дуусан байсан. Гэтэл О гэж хүн орж ирээд ахиад миний дүүгийн байранд асуудал үүсгэсэн. Надад 1 сар сунгасан гэж хэлж байсан. Би тухайн маргаанд нь дүүгийнхээ байрыг зуучлуулаад Э, А гэж хүмүүст өгсөн байсан, өөрийнхөө объектыг нэгэнт сунгасан гэсэн учраас түр орхисон байсан. Гэтэл 2025 оны 1 сарын 4-ны өдөр ШГ ХХК-ийн нягтлан А над руу залгаад 2 хүн ирээд манай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж байна. Бид яах бэ? Танд мэдэх зүйл байна уу гэхээр нь би яваад очиход Э, П гэх хүн байсан. Энэ хоёр хүнийг би өмнө нь харж байсан. Өмнө нь дүүгийнхээ байрыг худалдах, худалдан авах гэрээ хийгээд зээл өгдөг гэсэн хүсэлтийнх нь дагуу итгэмжлэх хийж өгөөд, алдаж байсан учраас хараад шууд таньсан. Тэгээд би миний барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө яагаад чамд очсон юм бэ гэж ярихад Л гэх хүнээс худалдаж авсан гээд худалдах, худалдан авах гэрээгээ үзүүлсэн. ШГ ХХК одооч энэ байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа. 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нэхэмжлэл гаргасан 80 мкв үл хөдлөх хөрөнгө нь Э минийх гээд албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. 80 мкв талбай бол хууль бусаар худалдаж авсан учраас объектыг нь мэдэхгүй байгаа учраас энэ рүү дайраад, шал өөр хаяг байршилтай компанийг өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй андуураад албадан гаргаж нэхэмжлэл гаргасан. Энэ 80 мкв талбайтай үл хөдлөхөд Ж үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Жын 80 мкв үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд тавигдаад, хулхидаж, худалдагдаад Эт очсон байгаа учраас Хан-Уул дүүрэгт иргэний хэрэг үүсээд бид хоёр хариуцагчаар татагдаад явж байгаа. гэв.
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, **** дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-3/, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14139 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /хх-4-6/, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14136 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /хх-7-8/, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Өаас М.Эт олгосон 8016 дугаар Итгэмжлэл /хх-9/, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14137 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /хх-10-11/, М.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/,
4.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/, ШГ ХХК-ийн дүрэм /хх-17-18/, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 25/06 дугаар Итгэмжлэл /хх-19/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/06273 дугаар захирамж /хх-31/, /, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/10789 дүгээр захирамж /хх-32-33/зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч ШГ ХХК-д холбогдуулан*** тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, үүрэг бүхий этгээдийн эзэмшил нь хууль бус байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүссэн үндэслэлийг С.Лтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг 240,000,000.00 төгрөгт тооцож Л болон П маркийн тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгснөөр үүссэн гэж тайлбарлаж байна./х.х-ийн -11 дүгээр тал/
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч М.Э нь маргаж байгаа эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн,*** тоот 80 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр иргэн С.Лгээс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээрх орон сууцыг 240,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар 14139 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4, 5 дахь талд/
М.Э, С.Л нарын хооронд байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдан худалдан авах гэрээнээс үзэхэд улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн,*** тоот 80 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг биет байдлын болон эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байдлаар шилжүүлэх үүргийг тус гэрээний худалдагч тал буюу С.Л хүлээжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Дээрх гэрээний үүргийн гол шинж нь хөрөнгө нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид бодитоор шилжсэн байхыг шаардана.
Нэхэмжлэгч М.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчийн эрх-ийг хамгаалах агуулгаар тодорхойлсон боловч үндэслэлээ худалдагч С.Лтэй байгуулсан гэрээг үндэслэж байх тул энэ тохиолдолд худалдагч С.Л нь шилжүүлж буй хөрөнгийн өмчлөл болон эзэмших эрхийг нэхэмжлэгч М.Эт бодитой шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.Э нь хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй юм.
Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон худалдагч С.Л нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэн авсан боловч гэрээний зүйлийг бодитоор хүлээн аваагүй эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэхийг худалдагчаас шаардсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдагч С.Лтэй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулах тухайн цаг хугацаанд хариуцагч ШГ ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсныг хүлээн зөвшөөрч худалдан авсан, улмаар хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх тухай удаа дараа шаардлага хүргүүлсэн гэх боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдан авсан хөрөнгөө бодитоор шилжүүлэн аваагүй энэ шаардах эрхээ худалдагч С.Лд холбогдуулан хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч ШГ ХХК-д холбогдуулан тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн нь үндэслэлгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ШГ ХХК-д байгаа эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн,*** тоот 80 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА