2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/04690

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 26 191/ШШ2025/04690

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух Тийн Э/РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ҮМХХ ХХК /РД:***1/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 85,075,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Э/цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулан Баянзүрх дүүргий гачууртын шар хоолойн аманд нийт 50 м.кв хэмжээтэй амины орон сууц бариулахаар харилцан тохиролцсон. Ямар шалтгааны улмаас байшин барихаар болж хариуцагч компанито тохиролцсон гэхээр уг байрыг 35-60 хоногийн дотор ашиглалтад оруулж, түлхүүрийг гардуулж өгөх нөхцөлтэйгээр байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гурван хүүхэдтэй, бага хүүхэд ургийн дутуу хөгжилтэй, дутуу төрсөн буюу тархины ховдлын өргөтгөлтэй гэсэн оноштой. Уг онош нь заавал агаарт салхинд модтай газар байх шаардлагатай байдаг учраас богино хугацааны дотор яаралтай хотоос гарах болсон учраас хариуцагч компанитай гэрээгээр харилцан тохиролцож байшин барихаар болсон. Ингээд 20245 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр буюу гэрээ байгуулснаас хойш барилгын үйл ажиллагаа огт эхлээгүй байсан, цаашид барилга баригдах эсэх асуудал үүссэн. Үүний талаар хариуцагчаас тодруулахаар хугацаандаа барьж чадахгүй, цаашид баригдах эсэх нь тодорхойгүй гэсэн хариу өгдөг. Тийм учраас нэгэнт баригдах боломжгүй гэсэн учраас гэрээг цуцлахаар талууд хоорондоо харилцаж ярилцсан байдаг. Тус гэрээний дагуу нийт 57,600,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч руу шилжүүлсэн байдаг. Үүн дээр нэмээд талуудын хооронд ямар тохиролцоо бий болсон гэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан танайх хугацаандаа хүлээлгэж өгөөгүй учраас үүнээс болж өөр байшин түрээслэх асуудал яригдаж байна энэ хариуцлагаа үүрэх шаардлагыг хариуцагч компанийн захиралд тавьсан байдаг. Ингээд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал хүлээн авч хариуцлагаа өөрсдөө ухамсарлаад таны өгсөн мөнгийг алдангитай хамт өгье, одоогоор өгөх мөнгө байхгүй байна гээд гэрээ цуцлах мэдэгдлээс гадна хавтас хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн байдаг. Үүн дээр юу гэж заасан гэхээр 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлбөрийн 0,3 хувийн алдангийг тооцож, захиалагчид төлж барагдуулна гэсэн. Ингээд гэрээ цуцлагдаад цааш явсан боловч огт төлбөр хийгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж, мэдэгдлийг компанид өгсөн боловч төлбөр хийгдээгүй. Ийм учраас 57,600,000 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн мөнгө дээр 0,3 алданги тооцсон. Үүнийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу нийт 25 хоног болж байгаа, 57,600,000 төгрөгийн 0.3 хувь нь 172,800 төгрөг болж байгаа. Үүнийгээ үүрэг гүйцэтгээгүй 25 хоногтоо харьцуулаад үзэхээр 4,320,000 төгрөг болж байсан. Мөн үүнийгээ үндсэн төлбөрт төлсөн 57,600,000 төгрөг дээр нэмэхээр нийт 61,921,000 төгрөг болж байгаа. Мөн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь ямар учиртай шаардлагаа нэмэгдүүлээд байна гэхээр 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрээг цуцласан. Үүнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2426 дугаар тоот төлбөр төлөх мэдэгдлээр 0,3 хувийн алдангийг тооцож төлнө гэсэн байсан. Үүний дагуу алдангаа нэхэмжилсэн. Энэ нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 134 хоногийн 0.3 хувь буюу 172,8000 төгөргтэй харьцуулаад үзэхэд нийт 23,155,200 төгрөгийн алданги болж байгаа. Ингээд нийт хариуцагчаас 85,075,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. Талууд харлцан тохиролцож нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид өгсөн 57,600,000 төгрөгийг буцаан олгохоор аль аль нь гэрээг цуцласан. Тэгвэл манайхаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон алдангийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байна гэхээр гэрээний харилцаа 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тасалбар болж гэрээг цуцалсан. Хоёрдугаарт манайхаас гаргаж өгсөн 0,3 хувийн алданги гэсэн албан тоотод манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд н.Цийн гарын үсэгтэй тамга тэмдэг байсан. Үүний дагуу би компанийн төлөөлөх эрхтэй этгээд н.Учралаас итгэмжлэл авсан. Тийм учраас 85,075,200 төгрөгийн шаардлагаас алдангатай хэсгийг хасаж 57,600,000 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Амины орон сууц бариулах захиалгын гэрээ /хх-4-7/, ҮМХХ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/25 тоот мэдэгдэл /хх-8/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-34, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-35/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-36-38/, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-67/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 25/08 тоот Итгэмжлэл /хх-22-23/, хариу тайлбар /хх-50/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/, ШГ ХХК-ийн дүрэм /хх-17-18/, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 25/06 дугаар Итгэмжлэл /хх-19/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/06273 дугаар захирамж /хх-31/, /, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/10789 дүгээр захирамж /хх-32-33/зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Эгаас хариуцагч ҮМХХ ХХК-нд холбогдуулан 85,075,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ.Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Амины орон сууц захиалгын гэрээ-г цуцалж, гэрэээний төдбөрт шийлүүлсэн хариуцагч 57,600,000.00 төгрөг, алданги 27,475,000.00 төгрөгийг хариуцагч ҮМХХ ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна./хх 1 дүгээр тал/

 

2.1. Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлаа дараа үндэслэлээр тайлбарласан.Үүнд:

 

Хариуцагч 0,3 хувийн алданги нь ҮМХХ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд н.Цийн гарын үсэг зурсан тул Амины орон сууц захиалгын гэрээ-гээр шилжүүлэн авсан 57,600,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна./х.х-ийн 50 дугаар тал/

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т.Энь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч ҮМХХ ХХК-тай Амины орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Улаанбаатар хот, *** баригдах 50 м.кв талбай бүхий метал хийцлэлтэй амины орон сууцыг 72,000,000.00 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон байна /х.х-ийн 4-7 дугаар тал/.

 

Тодруулбал, хариуцагч нь 50 м.кв талбайтай амины орон сууцыг 1 м.кв талбайг 1,600,000.00 төгрөг, нийт 72,000,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр төлбөрийг бүрэн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд энэхүү гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх тэрхүү цаг хугацаанд гэрээний зүйл болох 50 м.кв талбайтай амины орон сууцыг нэхэмжлэгч Т.Энь зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй байсан, харин Амины орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2,3-т зааснаар хариуцагч хариуцагч ҮМХХ ХХК нь тухайн амины орон сууцыг гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоногын дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр багтаан ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн байгаагаас үзвэл зохигчид шинээр бий болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байна./х.х-ийн 5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч ҮМХХ ХХК-ийн зүгээс зохигчдын байгуулсан амины орон сууц захиалгын гэрээний дагуу 50 м.кв талбайтай амины орон сууцыг барьж гүйцэтгэх, тийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Т.Эд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна./х.х-ийн 4-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн Амины орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан 5042033270 тоот Хаан банк ХК-ийн харилцах дансанд 57,600,000.00 төгрөг төлсөн үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/25 тоот гэрээг цуцлах болон 2024 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 24/26 тоот тус тус албан бичгүүдийг хариуцагч ҮМХХ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Цэ гарын үсэг зурсан гэх үйл баримтыг хариуцагч төлөөлөх эрхгүй этгээд хэмээн маргах боловч Б.Цийг төлөөлөх эрхтэй этгээд хэмээн хүлээн зөвшөөрч, харилцагчтай гэрээг байгуулах, түүний үр шим эрх, үүргийг хэрэгжүүлж байгаагаас үзвэл хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй байна./х.х-ийн 8, 32 дугаар тал/

 

Иймд, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ба Амины орон сууц захиалгын гэрээний захилагчийн өмнө хүлээх үүрэг гагцхүү хариуцагчид үүсэх ба уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан, үүнтэй холбоотой эрх, үүргийг Б.Цэ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

4. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж, түүнчлэн 350 дугаар зүйлийн 350.1Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэгч болохын хувьд энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид 50 м.кв талбайтай амины орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь орон сууцыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр багтаан ашиглалтад оруулаагүй, зохигчид 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/25 тоот албан бичгээр Амины орон сууц захиалан бариулах гэрээг дуусгавар болгосон байна./х.х-ийн 8 дугаар та/

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.1ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэсэн үндэслэлэр нэхэмжлэгч Т.Энь хариуцагч ҮМХХ ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болдог.

 

Нэгэнт хариуцагч ҮМХХ ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгч Т.Эд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг үндэслэн амины орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 221.5Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ. Тайлбарлавал, зохигчид гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Т.Энь Амины орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн 57,600,000.00 төгрөг буцаан шаардаж эрхтэй байна.

 

6. Талууд 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/25 тоот албан бичгээр Амины орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24/26 тоот албан бичгээр 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр багтаан 57,600,000.00 төгрөгийн нэхэмжлэгч Т.Эд төлөх, уг төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргээс 0,3 хувийн алданги төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ../х.х-ийн 32 дугаар тал/

 

Хариуцагч 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээ-н 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талууд цуцлахаар тохирсон тул гэрээний үүрэг шаардах эрхгүй хэмээн маргах бөгөөд талуудын хооронд тохиролцсон анз нь Амины орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүрэг бус төлбөр төлөх үүрэгт хамаарах алданги тул алданги нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй.

 

Хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24/26 тоот албан бичгээр Амины орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан 57,600,000.00 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны дотор гүйцэтгэх, энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд төлбөрийн үүргээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь буцаан төлөх 57,600,000.00 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй.

 

Үүнийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж зааснаар төлбөр төлөх хугацаа дууссан 2024 оны 09 дүгээр сарын 30ы өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 134 хоногийн алдангийг тооцоход 27,475,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч ҮМХХ ХХК-иас 85,075,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Эд олгохоор шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741,276.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 741,276.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус зааснаар хариуцагч ҮМХХ ХХК-иас 85,075,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741,276.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 741,276.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА