2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *****давхарт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ХХК нь О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Тус шүүхээс иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэлд дурдсан хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хариу ирсэн байдаг.

Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 182/ШЗ2024/17417 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан. Иймд О.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/17417 дугаар шүүгчийн захирамж, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Х/24/056 тоот орон сууц хөлслөх гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №З/24/059 тоот зуучлалын онцгой эрхийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Ф/24/056 тоот факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №Х/23/298 тоот орон сууц хөлслөх гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №Ф/23/298 тоот факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №З/23/291 тоот зуучлалын онцгой эрхийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 2-21/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг бүрдүүлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас Рэнтпэй сольюшн ХХК, нөгөө талаас О.*******, Ц.Оюунбат нар тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг, харин Ц.Оюунбат, ******* ХХК нар факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.

3.Хэрэгт авагдсан О.*******ы иргэний үнэмлэхний лавлагаанд оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, ******** тоот гэж тусгажээ.

4.******* ХХК нь О.*******аас орон сууц хөлсөлсний гэрээний үүрэгт 14.062.472 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/17417 дугаар шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүрэг, ***** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс иргэний үнэмлэх дэх дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тэмдэглэж буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ы оршин суугаа газар тодорхойгүй болсон гэж үзэж, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.О.******* / бүртгэлтэй хаяг: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, Тх-30 дугаар байр, 18 тоот/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Б.*******, утас: *******/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ