Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярцог,

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг,

Шүүгдэгч: Э.А, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэцэн овогт Энхбаатарын А, Өндөр овогт Батбаярын М нарт холбогдох 1729000620032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А, Б.М нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн эзэмшлийн CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ маркийн 30-77 улсын дугаартай бульдозерын хөдөлгүүрт зориулалтын бус бодис болох давс хийж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн 34,125,960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: ”...Би тухайн компанид 2017 оны 11 дүгээр сараас эхлэн ээлжинд орж ажилласан. Тэр үеэс Б.Мтэй дотно найзууд болсон. Моторт давс хийсэн гол шалтгаан нь: Мгийн найзад хоёр дугуйг нууцаар гаргаж өгсөн. Үүний  дараа дарга нар хажуугийн барилга дээрх камерийн бичлэгээс яаж дугуй авсныг мэдсэн байсан. Тэгээд М би авсан гэдгээ хүлээсэн. Би хамт дугуй гаргалцсан бас миний буруу гээд би буруугаа хүлээсэн. Дарга нь дуудаад бид хоёрыг халагдах тушаал дээр гарын үсэг зуруулсан. Уг нь Ариунболд гэж хүн бид хоёрыг хэргээ хүлээвэл ажилд чинь үлдээнэ гэж хэлж байсан юм. Тэгэхэд М Ариунболд гэдэг хүнд заналхийлж “Хүний жаргалаар зовлон хийх сайхан байна уу” гэсэн. Тэр хүнд өс санасандаа давс хийе гэдгээ надад хэлээгүй. М давс хийх санаагаа найзынхаа ахаас асууж мэдсэн байсан. 2017 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө ээлжийн сүүлчийн шөнө байсан. Тэгээд ээлжийнхэндээ ундаа авчирж өгье, би ч тамхигүй болчихсон байсан тул сум руу явсан. Ингээд “Жаргалан” гэдэг дэлгүүрээс ундаа авсан. Дэлгүүрээс гарч ирээд Мгээс тамхины мөнгө асуухад байхгүй гэсэн. За за тэгвэл би Давка ахын дэлгүүрээс ороод зээлчихье гэсэн чинь маргааш өглөө хашаа будалцаад өгөөч гэсэн. Би за тэгье гэсэн. Тэгээд хашааг оохороор будах учираас нарийн ширхэгтэй давс хэрэгтэй гээд бид хоёр дэлгүүрээс давс авсан юм. Тэндээс гараад станц руу явсан. Ажил дээрээ ирээд Лхагвасүрэн, М бид 3 миний машинд юм яриад сууж байхад Өлзийжаргал гэж зуухны ахлах ирж Мг босож ажлаа хий гэсэн. Тэгээд Лхагвасүрэн ажлын байр руугаа явсан. Би машин дотроо унтлаа гэхэд М бас унтлаа гэсэн. Өглөө сэрэхэд М байгаагүй. Би 5 цаг 55 минутанд сэрүүлэг тавиад сэрсэн. Тэгтэл М гаднаас орж ирэхдээ бүх юм “ок” гэсэн. Тэр нь юу гэж байгаа юм гэхэд Ариунболд муу гөлгийг хорлож байгаа юм гээд тракторын мотор руу давс хийсэн гэсэн. Тэгэхээр нь би “Чи хашаа будна гэсэн биздээ, өмнөх асуудал нь дуусаагүй байхад болж байгаа юм уу” гэсэн. Тэгсэн чинь “энд камер байдаггүй юм аа, харин би давс хийж байгаад гадуур нь асгасан юм шиг байна. Чи хүн харж бай.” гэсэн. Би шөнө явсан километрын заалтаа даргадаа танилцуулж гарын үсэг зуруулна гээд “чадахгүй” гэж хэлээд оффис руу гүйсэн. Тэгээд буцаад гараад ирсэн бүх ээлжний хүмүүс гараад ирсэн байсан. М ирээд яг арчиж байхад Цэдэнбалжир гэдэг хүн харчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд хараалын үг хэлээд өнгөрсөн. Тэгээд бүх юмаа даргаар зуруулаад Мгийн машинтай Лхагвасүрэн, М бид 3 орой 17 цаг өнгөрч байхад хотруу явсан. Замдаа би Цогт-Овоо хүртэл юу ч яриагүй. Дараа нь ямар нэгэн асуудалд орвол хойно сууж байгаа хүн сонсох ёстой хамаагүй яриулъя гэж би бодсон. Тэгээд юу бодож тийм юм хийж байгаа юм бэ? гээд би яриагаа эхлүүлсэн. Тэр дотор энэ давсыг яагаад хийх болсон юм? Хийхээр яадаг юм? Хэнээс болсон юм мэдсэн юм гэдгийг Бумчин гэдэг найзынхаа ахаас асуусан гээд бүгдийг Лхагвасүрэн гэдэг хүн сонссон. Намайг болохоор Лхагвасүрэнтэй хайр сэтгэлийн холбоотой гээд байгаа юм. Яагаад вэ гэхээр М эхнэр хүүхэдтэй. Би эхнэр хүүхэдгүй. Лхагвасүрэн нөхөр хүүхэдгүй бид хоёрыг суучаач гээд марзаганаад байдаг байсан тэрийг яриад байгаа байх. Мөрдөн байцаалтын явцад Энхболд гэдэг хүн хамгийн эхлээд намайг дуудсан. Би ирсэн чинь М эхэлж очиж хашаагаа үзүүлсэн чинь Энхболд байцаагч үзээд 6 сард будсан хашаа байна. 6 сард будсан 9 сард будсан хашаа 2 ийм байхгүй. Чи худлаа яриад байна гэсэн. Гэхдээ бид 2 давс авъя гэдгээ цуг ярьсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: ”...Болсон үйл явдлыг А санаанаасаа зохиож байна. Ер нь бол манай найз тээвэрт явдаг. Тэр найз маань 2 дугуй хагарчихлаа хөгшиндөө туслаач би үнийг нь өгчихнөө гэсэн. Тэгээд бид 2 ярьж байгаад найз юм чинь тийшээ хүргээд өгсөн. Тэгээд яахав ер нь бол Ариунболд гэдэг хүн намайг хариуцаж ажилладаг болохоор би тэрнээс зөвшөөрөл аваагүй гаргасан байсан. Тэгээд нөгөө найз маань ч алга болсон. Дугуй гаргасныг ч мэдсэн. Чи дугуйг ямар ч байсан мэдэгдэхгүй авч ир. Би аргалъя гээд Ариунболд гэдэг хүн өөрөө хэлсэн. Ах нь чамайг ажилтай чинь авч үлдэнэ гэж маш итгэлтэйгээр гар барьж хэлсэн. Тэр хүн ч хэлсэндээ хүрээгүй. Дарга нар нь мэдээд бид 2 хамт ажлаасаа халагдсан. Маргааш амарна гэж байхад хоёулаа ажлаасаа халагдчихлаа. Хоёулаа Ариунболдод сайхан тонгорууллаа. Чи тэгж ам мөчгийг нь авсан байж Ариунболд чамайг тонгорчихлоо. Хоёулаа яах уу? Ариунболдыг яаж хорлох вэ? Хорлохгүй бол миний нойр хүрэхгүй байна хөгшөөн гэж А надад эхэлж хэлсэн. Тэгээд би зүгээр явчихвал яадаг юм бэ гэсэн чинь үгүй ээ сүүлд нь хоёулаа харамсах юмтай үлдэнэ. Хоёулаа яаж ийгээд хорлоё. Тэгээд бид хоёр нийлж байгаад давс хийе гэдэг санааг гаргасан. Өөрөө бас тээврийн жолооч ах руугаа бас ярьсан. Тэр ахтайгаа миний дэргэд утасныхаа спикер дээр нь тавьчихсан ярихдаа мотор руу давс хийвэл явцгүй байдаг гэж хэлсэн. Бид хоёр 11 цагт хоолонд орох ёстой байдаг. 10 цаг 50 минутын үед явсан шиг санагдаж байна. Дэлгүүрээс 2 уут давс авах гэсэн чинь үгүй хөгшөөн найдвартай нь дээр дахиад 2-ыг авчих гээд 4 уут давс авсан. Мини маркет дэлгүүрийн гаднаас хөдлөөд хоол идье гээд нэг газар зогссон. Зогсоод хоорондоо ярьж байсан чинь би дахиад нэг ахруугаа яръя гэсэн. Тэр нь бас явцгүй байдаг гэсэн тиймэрхүү юм хэлсэн. Ингээд ажил дээрээ очсон. Бид 2 машиндаа унтаж байсан. Өлзийжаргал ирж, чи яагаад ажлаа хийхгүй байгаа юм үнсээ асгаа гээд намайг явуулсан. Би ирсэн чинь машиндаа унтаж байсан. Би давсаа яах уу гэсэн чинь очоод хийчих. Би хүн харж байя гэсэн. Би очиж давсаа хийсэн. Тийм үйлдэл хийсэндээ үнэхээр гэмшиж байна. Энэ бол миний буруу. Буруугаа хүлээж байна. Энэ үйлдлийн дараа юу болсон гэхээр ажлаасаа халагдах энэ тэрээ болоод хувцасаа хүлээлгэж өгөх гээд 3, 4 цаг болсон. Лхагвасүрэнтэй нэг ээлжинд явдаг. Бид 3 сайхан найз нөхдүүд явдаг байсан. Хот руу хамт явахаар болсон. Замдаа энэ тухайгаа ярьсан. Лхагвасүрэнд битгий хүнд хэлээрэй гээд яваад байсан. Өглөө нь би оччихоод унтаж байсан чинь Лхагвасүрэн надруу яарсан сандарсан хүн залгасан. Яасан бэ, чи чинь юу болов оо гэсэн чинь “та 2-ыг мэдчихсэн байна. Та 2 чинь Даваасүрэнгийн мини маркетын дэлгүүрээс давс авч байгаа бичлэг чинь байна. Бульдезорын мотор руу та хоёр давс хийчихсэн байна. Наана чинь бөөн юм болж байна. Та 2 яах юм” гэж ярьсан. Хотод очсоны өглөө ярьсан. Тэгээд би А руу залгасан чинь холбогдохгүй байсан. Өдөр тийшээ холбогдоод ярьсан. Бид хоёр сандрсан. Аын найз Алтан-Од,   манай эхнэр тэгээд бид хэд байсан.  Хуулийн хүн рүү яриад л байсан. Тэгтэл  энд нэг сайн бөө байдаг юм. Би фэйсбүүкээр танилцсан юм. Мөндөө гэдэг. Тэр хүн дээр очьё энэ нэг юмнаас л салвал болоо. Ажлаас гарсны дараа бол бид хоёр солонгос явна энэ тэрээ гээд сайхан юм ярьж л байсан. Тэгээд би Алтан-Од гэдэг найзтай эхнэр хүүхэдтэйгээ бид 4 хамт очсон. Засал ном гээд зөндөө юм хийлгэсэн. Тэнд 7,8 цаг болсон. Наашаа явж байгаад Лхагвасүрэнтэй уулзаад хоолонд орсон. Лхагвасүрэн бас Хөвсгөлийн нэг таньдаг сайн бөө байдаг. Тэгээд Атай ярьж байхад Алтан-Од, Лхагвасүрэн, манай эхнэр, бид 5 хамт байсан. Тэр хүнтэй утсаар ярихдаа энэ хэргээс салах арга байна уу, төлбөр мөнгө нь бага гарах шинж байна уу, гэсэн зүйлийг асуусан.  Би Аыг үнэхээр их гайхаад байна. Яагаад санаанаасаа зохиож яриад байгаа юм бол чи бид хоёр өнөөдрийн хүртэл нэг тогооноос хоол идэж, хамт унтаж, нйазалж нөхөрлөж байгаа хүн. Чи бид хоёр найзууд. Ямар муухай юм бэ? давс хийе хорлоё гэдэг санааг А чи гаргасан. Хүний урдуур орж тэнэг үйлдэл хийсэндээ би үнэхээр их гэмшиж байна. Би буруугаа хүлээж байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-12 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярцогийн /РД:ТЕ68021175/: “...би “М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн шуурхай ажиллагааны хэлтсийн менежерээр ажилладаг. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө “М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн Ухаа худаг салбарын эзэмшлийн нүүрс түрдэг бульдозерыг жолооч М.Гантулга, дагалдан жолооч Ариунзагар нар хүлээж аваад ажилд гарсан. Удалгүй М.Гантулга автын инженер Ариунболдод хэлэхдээ бульдозерын моторын анхааруулах гэрэл асаж байна гэж мэдэгдсэн. Тэгээд Ариунболд хөдөлгүүрийн масло дундарсан байхаа масло нэмээд хий гээд масло өгч явуулаад мотор руу нэмээд хийх гэтэл уг мотор руу масло орохгүй эргэж оргин гарч ирээд байсан гэсэн. Ариунболдыг дуудаж нөхцөл байдлыг танилцуулж тос нэмдэг сапуны тагийг аваад доош явсан хоолойг салгаж аваад үзэхэд бөглөрсөн цайвар өнгийн давс мэт зүйлийг хийсэн байсан гэсэн. Тэгээд “Вагнер Ази тоног төхөөрөмж” компаниас засварын албаны хүмүүсийг дуудаж үзүүлэхэд мотор руу давс, элсэн чихэр мэт зүйлийг хийсэн байж магадгүй хэрвээ эдгээрийг хийсэн тохиолдолд моторыг асааж болохгүй шууд засварт оруулах шаардлагатай гэж хэлсэн. ...Уг бульдозерын засвар үйлчилгээг “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК хариуцаж гэрээгээр үйлчилгээ хийдэг байсан.  Хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 500 мото цагийн үйлчилгээ хийгдсэн. Уг үйлчилгээнд хөдөлгүүрийн тос, гидрийн шингэн тосны шүүр, гидрийн шүүр, түлшний шүүр, түлшний тунгаагуур, агаар шүүгч зэрэг сэлбэг үйлчилгээг хийж, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөдөлгүүрт бүрэн оношлогоо хийлгэхэд танай компанийн бульдозерын хөдөлгүүр суларсан байна. Цаашид иж бүрэн ээлж хийх шаардлагатай гэж дүгнэсэн... ...нэгэнт эвдэрсэн хөдөлгүүрийг ашиглах боломжгүй болсон учраас уг бульдозерын хөдөлгүүрийг лацтай нь бүтнээр “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-нд 32,000,000 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгсөн. Манай компанид бульдозерын засвар, тээвэрлэсэн, сэлбэг, хэрэгсэл авсан, мөн уг бульдозер эвдэрсэн учраас өөр ковш түрээслэн ажиллуулсан гээд нийт 130,046,678 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг буруутай хүмүүсээс нэхэмжилнэ. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-26, 169-170 дугаар хуудас/,

Гэрч Х.Лхагвасүрэн: ”...Э.А, Б.М нартай Улаанбаатар хот руу явж байхад Б.М хэлэхдээ “би шөнө бульдозерын моторонд давс хийчихсэн. Хэрвээ Өлзийжаргал намайг сэрээгээгүй бол би давс хийхгүй байсан. Намайг өглөө Балжир харчихсан” гэж хэлж байсан. Чухам хаана юу хийж байхад нь харсан талаар би мэдээгүй тэр талаар надад хэлээгүй. Э.А машинд хамт явж байсан давс хийсэн талаар огт юм яриагүй. Би тэр үед бульдозерын моторт давс хийсэн гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Б.Буянхишигийн: “...манай дэлгүүрээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 50 минутын үед “Энержи ресурс” ХХК-ийн ажилчны хувцастай хоёр залуу орж ирээд 4 ширхэг цаасан ууттай хүнсний хэрэглээний давс худалдан авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Ариунболдын: “...тухайн дэлгүүрээс давс авч байгаа бичлэгт манай компанийн Ухаа худаг салбарт шуурхай ажиллагааны хэлтсийн монтёр жолооч Э.А нөгөө залуу нь түлш бэлтгэлийн албаны хүнсний машины жолооч Б.М нар байсан. Б.М, Э.А нар нь 2017 оны 08 дугаар сарын дундуур санаж байна манай байгууллагаас том оврын ачааны машины хоёр ширхэг шинэ дугуйг хулгайлж гадагшаа гаргаад борлуулсан үйлдэл тогтоогдсон. Цг асуудлыг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулаагүй. Улмаар энэ асуудлаас болж ажлаас халах тухай яригдаж байх хугацаанд 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлээд ажлаа хаяад одоо болтол ирээгүй. Ажил хаяад явахдаа ийм үйлдэл хийсэн гэж сэжиглэж байна. ...тухайн механизмын хөдөлгүүрийг дахин шинээр ээлж хийж засварлаж байж ашиглах боломжтой эсвэл хөдөлгүүрийг шинээр солих шаардлагатай гэж дүгнэлт гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,

Гэрч М.Гантулгын: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7 цагийн үед ажил дээрээ очоод байж байтал манай туслах Ариунзагар нь тус CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ загварын механизмаар баяжуулсан нүүрс түрж ажиллаж байгаад над дээр хүрч ирээд “тухайн техникийн тосны анхааруулах гэрэл асчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би механик инженер Ариунболдод хэлээд 5 литр тос нэмж аваад Ариунзагарт хийчих гээд өгсөн. Удалгүй Ариунзагар буцаж ирээд тос хийтэл орохгүй халиад байна гэхээр нь бид хоёр очиж үзээд тосны шүүпийг сугалж аваад тос хийдэг хоолоорой сэтгүүрдэж үзтэл бөглөрсөн байхаар нь тос нэмдэг сапуны хоолойг угаар нь авч үзтэл цайвар өнгийн цасан цасан ширхэг шиг өтгөн зүйл байхаар нь амсаж үзтэл давс  мэт шорвог зүйл байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33 дугаар хуудас/,

Гэрч Б.Батгэрэлийн: “...манай дарга над руу залгаад “М Си Эс интернэйшнл” ХХК дээр ажилладаг бульдозерийг очиж үзэх шаардлагатай боллоо гэж хэлсэн. Тэгээд дуудлагын дагуу очиж үзлэг хийхэд тухайн бульдозер нь нүүрсэн дээрээ зогсчихсон байсан тэгээд оператортай нь уулзаад юу болсон талаар асуухад ажилд гараад 2 цаг орчим ажиллаад хөдөлгүүрийн анхааруулах улаан гэрэл асаан тэгээд тос нэмэх гэтэл тос орохгүй байна. Тэгээд задлаад үзэхэд давс мэт зүйл хөдөлгүүрт хийчихсэн юм шиг байна. Улмаар компьютер залгаад үзэхэд хөдөлгүүрийн даралт бага гэсэн кодтой гэрэл долоон удаагийн давтамжтай ассан байна. Тэгээд хөдөлгүүрийн тосны шүүрийг задалж үзэхэд шүүрэн дээр нь гаднаас орсон биет болох давс мэт зүйл маш их хэмжээтэй байсан. Тэгээд энэ хөдөлгүүрийг цаашид ажиллуулж болохгүй яагаад гэвэл тосны суваг бөглөрсөн хэрэв ажиллуулбал хөдөлгүүр улам эвдрэх буюу зуурах аюултай гэж хэлээд тайлангаа бичиж өгөөд би явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34, 171-172 дугаар хуудас/,

Гэрч Т.Лхагвадоржийн: “...хөдөлгүүрийг цаашид ажиллуулж болохгүй яагаад гэвэл тосны суваг бөглөрсөн хэрэв ажиллуулбал хөдөлгүүр улам эвдрэх буюу зуурах аюултай гэж хэлээд тайлангаа бичиж өгөөд би явсан. ...тос хийдэг сувгаас 300 грамм хэртэй давстай төстэй биет авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 35, 174-175 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9506 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн чийгтэй бодис мэт зүйлд шатах тослох материал илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн чийгтэй бодис мэт зүйлд хлор ион агуулагдаж байсан ба давс байж болно. Цаашид нарийвчлан шинжилгээ хийх техникийн боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-н 38 дугаар хуудас/,

 “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16222 дугаартай тайланд: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 34,125,960 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 42 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Мгийн яллагдагчаар өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 56-59 дүгээр хуудас/,

Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 60 дугаар хуудас/,

Э.Аын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 61 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 66 дугаар хуудас/,

Б.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 69 дүгээр хуудас/,

Э.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 70 дугаар хуудас/,

Б.Мгийн гурван талаас харуулсан зураг, гарын дардас /хх-н 71-72 дугаар хуудас/,

Э.Аын гурван талаас харуулсан зураг, гарын дардас /хх-н 73-74 дүгээр хуудас/,

Э.А, Б.М нарын харилцах банк дахь дансны хуулга, лавлагаа /хх-ийн 76-81 дүгээр хуудас/,

“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн засвар үйлчилгээний ажлын тайлангийн хуулбар, схем зураг /хх-н 82-88, 178-216 дугаар хуудас/,

“М Си Эс интернэйшнл” ХХК-ийн CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ маркийн 30-77 улсын дугаартай бульдозерын хөдөлгүүрийн санхүүгийн бүртгэл, баримтууд /хх-н 89-103 дугаар хуудас/, 

“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн дүгнэлт, ажлын тайлан /хх-н 105-106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.А, Б.М нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн эзэмшлийн CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ маркийн 30-77 улсын дугаартай бульдозерын хөдөлгүүрт зориулалтын бус бодис болох давс хийж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн 34,125,960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-

- Гэрч Х.Лхагвасүрэнгийн: ”...Э.А, Б.М нартай Улаанбаатар хот руу явж байхад Б.М хэлэхдээ “би шөнө бульдозерын моторонд давс хийчихсэн. Хэрвээ Өлзийжаргал намайг сэрээгээгүй бол би давс хийхгүй байсан. Намайг өглөө Балжир харчихсан” гэж хэлж байсан. Чухам хаана юу хийж байхад нь харсан талаар би мэдээгүй тэр талаар надад хэлээгүй. Э.А машинд хамт явж байсан давс хийсэн талаар огт юм яриагүй. Би тэр үед бульдозерын моторт давс хийсэн гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Гэрч Б.Буянхишигийн: “...манай дэлгүүрээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 50 минутын үед “Энержи ресурс” ХХК-ийн ажилчны хувцастай хоёр залуу орж ирээд 4 ширхэг цаасан ууттай хүнсний хэрэглээний давс худалдан авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/,

- Гэрч Ш.Ариунболдын: “...тухайн дэлгүүрээс давс авч байгаа бичлэгт манай компанийн Ухаа худаг салбарт шуурхай ажиллагааны хэлтсийн монтёр жолооч Э.А нөгөө залуу нь түлш бэлтгэлийн албаны хүнсний машины жолооч Б.М нар байсан. Б.М, Э.А нар нь 2017 оны 08 дугаар сарын дундуур санаж байна манай байгууллагаас том оврын ачааны машины хоёр ширхэг шинэ дугуйг хулгайлж гадагшаа гаргаад борлуулсан үйлдэл тогтоогдсон.  Асуудлыг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулаагүй. Улмаар энэ асуудлаас болж ажлаас халах тухай яригдаж байх хугацаанд 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлээд ажлаа хаяад одоо болтол ирээгүй. Ажил хаяад явахдаа ийм үйлдэл хийсэн гэж сэжиглэж байна. ...тухайн механизмын хөдөлгүүрийг дахин шинээр ээлж хийж засварлаж байж ашиглах боломжтой эсвэл хөдөлгүүрийг шинээр солих шаардлагатай гэж дүгнэлт гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Мгийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нар нь “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн эзэмшлийн CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ маркийн 30-77 улсын дугаартай бульдозерын хөдөлгүүрт зориулалтын бус бодис болох давс хийж буй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Э.А, Б.М нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг гэмтээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруугүй гэж маргаж байгаа боловч түүний гэм буруугүй болохыг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй болно.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас “М Си Эс интернэйшнл” ХХК-д хохирол, хор уршиг учирсан болох нь:

- Гэрч Б.Батгэрэлийн: “...манай дарга над руу залгаад “М Си Эс инернэйшнл” ХХК дээр ажилладаг бульдозерыг очиж үзэх шаардлагатай боллоо гэж хэлсэн. Тэгээд дуудлагын дагуу очиж үзлэг хийхэд тухайн бульдозер нь нүүрсэн дээрээ зогсчихсон байсан тэгээд оператортай нь уулзаад юу болсон талаар асуухад ажилд гараад 2 цаг орчим ажиллаад хөдөлгүүрийн анхааруулах улаан гэрэл асаан тэгээд тос нэмэх гэтэл тос орохгүй байна. Тэгээд задлаад үзэхэд давс мэт зүйл хөдөлгүүрт хийчихсэн юм шиг байна. Улмаар компьютер залгаад үзэхэд хөдөлгүүрийн даралт бага гэсэн кодтой гэрэл долоон удаагийн давтамжтай ассан байна. Тэгээд хөдөлгүүрийн тосны шүүрийг задалж үзэхэд шүүрэн дээр нь гаднаас орсон биет болох давс мэт зүйл маш их хэмжээтэй байсан. Тэгээд энэ хөдөлгүүрийг цаашид ажиллуулж болохгүй яагаад гэвэл тосны суваг бөглөрсөн хэрэв ажиллуулбал хөдөлгүүр улам эвдрэх буюу зуурах аюултай гэж хэлээд тайлангаа бичиж өгөөд би явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34, 171-172 дугаар хуудас/,

- Гэрч Т.Лхагвадоржийн: “...хөдөлгүүрийг цаашид ажиллуулж болохгүй яагаад гэвэл тосны суваг бөглөрсөн хэрэв ажиллуулбал хөдөлгүүр улам эвдрэх буюу зуурах аюултай гэж хэлээд тайлангаа бичиж өгөөд би явсан. ...тос хийдэг сувгаас 300 грамм хэртэй давстай төстэй биет авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 35, 174-175 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9506 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн чийгтэй бодис мэт зүйлд шатах тослох материал илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн чийгтэй бодис мэт зүйлд хлор ион агуулагдаж байсан ба давс байж болно. Цаашид нарийвчлан шинжилгээ хийх техникийн боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-н 38 дугаар хуудас/-үүдээр тус тус тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярцог шүүхийн хэлэлцүүлэгт “...нэгэнт эвдэрсэн хөдөлгүүрийг ашиглах боломжгүй болсон учраас уг бульдозерын хөдөлгүүрийг лацтай нь бүтнээр “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-нд 32,000,000 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгсөн. Манай компанид бульдозерын засвар, тээвэрлэсэн, сэлбэг, хэрэгсэл авсан, мөн уг бульдозер эвдэрсэн учраас өөр ковш түрээслэн ажиллуулсан гээд нийт 130,046,678 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг буруутай хүмүүсээс нэхэмжилнэ.” гэжээ.   

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд хохирогч “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн нэхэмжилсэн 130,046,678 төгрөгийн нэхэмжлэлээс CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ маркийн 30-77 улсын дугаартай бульдозерын хөдөлгүүрийг салгах зардал 3,568,368 төгрөг /хх-ийн 183 дугаар хуудас/, Хөдөлгүүр тээвэрлэх зардал 609,000 төгрөг /хх-ийн 189, 191 дүгээр хуудас/, ковш түрээсэлсний төлбөр 22,380,563 төгрөг /хх-ийн 207-211, 212, 214 дүгээр хуудас/ нийт 26,557,931 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрт 26,557,931 төгрөгийг шүүгдэгч Э.А, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч “М Си Эс интернэйшнл” ХХК-д олгуулах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103,488,747 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг хөнгөрүүлж тус бүр 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мини маркет” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, 30-77 УБ улсын дугаартай CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ маркийн тусгай бульдозерын хөдөлгүүрээс гарсан давс гэх нунтаг зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурдвал зохино.

Шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.А, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэцэн овогт Энхбаатарын А, Өндөр овогт Батбаярын М нарыг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А, Б.М нарыг тус бүр 1,800 /нэг мянга найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Б.М нарт оногдуулсан 1,800 /нэг мянга найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 9 /ес/-н сарын хугацаанд тус бүр 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А, Б.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрт 26,557,931 төгрөгийг шүүгдэгч Э.А, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч “М Си Эс интернэйшнл” ХХК-нд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103,488,747 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.А, Б.М нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мини маркет” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, 30-77 УБ улсын дугаартай CAT D6R /Си Ай Ти Ди6 Эр/ маркийн тусгай бульдозерын хөдөлгүүрээс гарсан давс гэх нунтаг зүйлийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.А, Б.М нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.А, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨЛЗИЙ-ОТГОН