| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2303005390529 |
| Дугаар | 2024/ДШМ/412 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/412
2024 04 04 2024/ДШМ/412
Г.Ч холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогч Н.Ц , Э.Э , тэдгээрийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
шүүгдэгч Г.Ч , түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Э.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Ц , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2303005390529 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Ч, .... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:....
Г.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн “Хошой саятан” авто засварын зүүн замд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 12:50 цагийн үед “Toyota estima” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 9.9, 10.1 дэх хэсгүүдийг зөрчсөний улмаас Н.Ц ы жолоодож явсан “Honda Dio” маркийн загварын мөргөлдөж Н.Ц , Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Ч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс “Хатхүлэг” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх 2 салбар руу явах чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэх нөхцлөөр эдлүүлж, хохирогч Н.Ц , Н.Э нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Г.Ч аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой баримттай зардлуудыг төлүүлж шийдвэрлэсэн болно. Хохирогч Н.Ц , Э.Э , тэдний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын зүгээс мөн сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийг нэхэмжилсэн ба үүн дээр улсын яллагчаас хохирогч тус бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.150.000 төгрөг гаргуулах санал гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй болно. Ч.Ч нь хохирогчдын баримттай хохирлыг барагдуулсан боловч хохирогчид гомдолтой хэвээр байгаа юм. Хохирогчид нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд осолд орсноос хойш хоёул ажлаа бүрэн хийж чадахгүй эмнэлгээр явж эмчилгээ хийлгэдэг, нөхөр Н.Ц нь хөл нь гүйцэд эдгээгүй, хөлдөө олон тооны хадаастай учир одоог болтол доголж хазганаж явдаг, эхнэр Э.Э нь хөлийн тавхайн яс гэмтсэн ба энэ гэмтлийн улмаас алхаж явахад өвддөг, хөлийн тавхайн дээд хэсэгт арилахгүй овгор шархтай болж гоо сайхнаар хохирч үлдсэн болон ослоос үүдэн эрүүл мэнд, санхүүгээр хохирсоор байгаа, мөн бага насны хоёр хүүхэдтэй зэргээс үүдэн сэтгэл санааны тогтворгүй байдал, хувийн зан байдал, сэтгэцийн хямрал үүсэж, амьдралын хэвийн хэмнэл алдагдаж байгаа гэж үзэж байгаа юм. Иймд хохирогчид дээрх үндэслэлээр “Сэтгэцэд учирсан хор уршиг”-ийг холбогдогч Ч.Чинбатаас дахин нэхэмжилж байгааг гаргаж өгнө үү.” гэв.
Хохирогч Н.Ц давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ослын үеэр миний баруун хөлд 3 хугарал үүссэн бөгөөд гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэн хадаас суулгуулж улмаар олон сарын хугацаанд алхаж гишгэх чадваргүй болж мөн ажиллах ямар ч боломжгүй болсон. Харин эхнэр Э.Э ийн баруун хөлийн 3 хуруу цуурч, арьсны гадна том шарх үүсэн, цус хурсан бөгөөд үүний улмаас хөлөө гипсдүүлэн мөн л хэдэн сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан. Шүүхийн шинжилгээний газрын шинжээчдийн дүгнэлтээр бид хоёрын гэмтэл хүндэвтэр зэрэгт хамаарсан. Энэ осол манай гэр бүлийн дөрвөн гишүүний хувьд маш хүнд цохилт болсон бөгөөд бие болоод сэтгэлийн маш хүнд байдалд орсон. Гэрийн эзний хувьд би энэ байдлаас болж сэтгэл санаагаар унан гутарч, амиа хорлох талаар хүртэл бодож байлаа. Өдөр бүр эмнэлэг явж хагалгааны оёдол, шархаа цэвэрлүүлэх ёстой ч хоёулаа ажилгүй, ямар ч орлогогүй, таксины мөнгө байхгүйн улмаас эмнэлэг очих боломжгүй болж, шарханд бохир орж, цэвэрлүүлэх явцад арьсны завсраар шингэн хийж, тэсэхийн аргагүй өвдөлт тамлалтыг олон өдөр мэдэрч маш хүнд байдалтай байлаа. Өнөөг хүртэл миний гэмтсэн хөл өвдсөөр, алхахдаа доголж, хөлдөө төмөртэй өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ гэмтлийн улмаас цаашид би хэзээ ч урдынх шигээ гүйж харайж, тэмцээн уралдаанд орж, ажиллаж хөдөлмөрлөж чадахгүй болсон. Харин эхнэр маань удаан алхаж ч чадахгүйд хүрч, хөлдөө том сорвитой үлдэн, гоо сайхны хувьд асуудалтай болж үүний улмаас эмчилгээ хийлгэж байгаа ч энэхүү сорви нь бүрэн арилан яг урьдынх шигээ болох нь тодорхойгүй байгаа юм. Энэ хугацаанд мэдэрсэн өвдөлт, зовуурь, авсан гэмтлүүдээс үүдэн эрүүл мэндэд минь цаашид учирч болох хор уршигт шаналан энэ байдал бидэнд маш хүндээр тусаж байна. Иймээс бид шүүхээс гарсан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргаагүй шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хугацаанд Г.Ч нь эмчилгээ, хагалгаа, эм тарианд огт мөнгө өгч байгаагүй бөгөөд бид өөрсдөө л зээл тавьж аль байдгаараа л болгож байлаа. Бидэнд анх удаа л хохирол барагдуулах мөнгө өгөхдөө "Мопедоо янзлуулаарай” гэж мопедны хохирлыг өгсөн. Тэр хүнд бидний эрүүл мэндийн хохиролд, зовлон шаналал огт хамаагүй байгаа нь эндээс харагдаж байна. Бид бусдын л адил лизингтэй, зээлтэй. Гэтэл нэг гэр бүлийн хоёр хүний ажиллаж, хөдөлмөрлөх эрх энэ хүний хариуцлагагүй буруутай үйлдлээс болж зөрчигдлөө. Энэхүү хүнд хэцүү байдлыг минь харгалзан үзэж бидэнд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмтэл авснаас хойш одоог хүртэл хүнд байдалтай, гэр бүл, хүүхдүүдээ ч хооллож чадахгүй байдалд хүрсэн. Эхнэр, нөхөр хоёул орлогогүй учир байнга сэтгэл санааны дарамттай байна. Байнга өвдөлт мэдэрч, өдөр болгон эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх шаардлага үүсэж байна. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, ар гэрийн амьдрал хүндрэлтэй байна. Иймд сэтгэл санааны хохирлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.
Шүүгдэгч Г.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн тал дээр маргахгүй байна.” гэв.
Шүүгдэгч Г.Ч ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Г.Ч зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жилээр оногдуулж зорчих чиглэлийг нь Чингэлтэй дүүргээс Баянзүрх дүүрэгт зорчин ажиллахаар тогтоосон. Өмгөөлөгчийн зүгээс шинээр хоёр хуудас баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч Г.Ч нь “Хатхүлэг” ХХК-ийн Баянгол дүүрэг дэх салбарт ахлах мэргэжлээр 2018 оноос хойш ажиллаж байгаа. Уг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд Баянзүрх дүүрэг гэснийг Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүрэг болгон өөрчилж, ажиллах боломж олгож өгнө үү. Хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хохирлыг Улсын Дээд шүүхээс баталсан аргачлалын дагуу гаргаж өгнө үү гэж байна. Хохирогчдын сэтгэцэд хэддүгээр зэрэглэлийн хохирол учирсан талаар хэрэгт авагдаагүй. Тус хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд шүүгдэгч Г.Ч ын зорчих эрхийн хязгаарлалтын чиглэлийг өөрчилж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч өөрөө хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулж, баталгаажуулж хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасны дагуу хохирогч хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Шүүх шинжилгээний байгууллагаас хүснэгтэд заагдсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрч татгалзах зүйлгүй гээд хэрэгт баримтаар өгсөн. Анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх тухай шийтгэх тогтоол гарсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хамааруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр тооцож олгохоор заасан. Хохирогч Н.Ц , Э.Э нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 7.150.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт хх 6-10,
хохирогч Н.Ц ы “...би урд явж байсан машины зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд тухайн машины зүүн талд ороод дунд хэсэгт нь гүйцэж түрүүлээд явж байхад огцом зүүн тийш дохио өгөлгүй дарсан тэр үед нь би бултах гээд зүүн тийш дарахад машины зүүн урд хэсгээр миний жолоодож явсан мопедын хойд хэсэг, эхнэрийн хөл хэсэг рүү мөргөхөд, би жолоодлого алдаа шарваад баруун тийш унахдаа хөлөөрөө тулахад машин зүүн урд хэсэг нь миний баруун хөлийг мопедтой хавчиж мөргөөд түр яваад зогссон. Эхнэр бид хоёр мопедтойгоо машины урд нь унасан, ослын дараа миний баруун хөл эргэчихсэн байсан эхнэр Энэрэлийн баруун хөл нь мопедод дарагдсан байхаар нь би босгох гээд унасан газраас бостол миний баруун хөл хугарчихсан байсан болохоор буцаад унасан...” гэх мэдүүлэг /хх 13-14/,
хохирогч Э.Э ийн “…нөхөр урд явж байсан машины зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд тухайн машины зүүн талд ороод дунд хэсэгт нь гүйцэж түрүүлээд явж байхад нь цагаан өнгийн Т.Estima маркийн автомашин огцом зүүн тийш дохио өгөлгүй дарсан тэр үед би машины зүүн урд дугуйг харсан нэг мэдэхэд газар уначихсан чирэгдэж байсан, тэр машин манай мопедыг мөргөөд шууд зогсоогүй урагшилж түрж байгаад зогссон...” гэх мэдүүлэг /хх 20/,
иргэний хариуцагч С.Тэ “...дээрх автомашин нь миний эзэмшлийн автомашин бөгөөд би 2023 онд худалдан авсан юм. Би Чинбаттай холбогдож боломж бололцоогоороо бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 26/,
гэрч Д.Г “…Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц , Б.Энэрэл нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.616.500 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна...” гэх мэдүүлэг /хх 39/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10235 дугаар “...Э.Э -ийн биед баруун тавхайн 3, 4-р шивнүүрийн далд хугарал, тавхайн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 43-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10392 дугаар “...Н.Ц ы биед баруун шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, үений мултарал, баруун шилбэнд язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 50-51/,
Г.Ч ын яллагдагчаар өгсөн “...би буцаж эргэхээр зүүн гар тийш дарахад зүүн талаар мопед жолоодож явсан хүн орж ирээд машины зүүн дугуй хэсэгт мөргөгдөөд унасан. Ослын дараа би машинаас буугаад мопедны жолооч зорчигч дээр очиход эхнэрийнх нь хөл нь мопедэнд дарагдсан байхаар нь гаргаад, нөхрийг нь мөн өргөөд замын хажуу тийш бордуур дээр суулгасан.” гэх мэдүүлэг /хх 137-138/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 69-74/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 69-74/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 106/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Г.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн зам “Хошой саятан” авто засварын зүүн замд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 12:50 цагийн үед “Toyota estima” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно”, 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...”, 9.9 “Чиг заах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсоно.”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Н.Ц ы жолоодож явсан “Honda Dio” загварын мопедтой мөргөлдөж Н.Ц , Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Ч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хуульд нийцүүлэн тогтоосон байх ба шүүгдэгч Г.Ч ын эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хохирогч Н.Ц , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нараас “Хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Г.Ч аас дахин нэхэмжилж байгааг гаргаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсны дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг гаргасан байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Дээрх жишиг аргачлалын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.
Хүндэвтэр хохирлын улмаас хохирогч нарт үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд хамаарах ба нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор, мөн энэхүү аргачлалын 1.2-т “Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана” гэж заасан.
Шүүгдэгч Г.Ч нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.407.622 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 889.050 төгрөг, нийт 5.296.672 төгрөгийг нөхөн төлсөн,
Нөгөөтэйгүүр хохирогч Э.Э , Н.Ц нарын зүгээс нэмж хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд тухайлан дүгнэхээр нотлох баримтыг /гэмт хэргийн улмаас нийгмийн байр суурь өөрчлөгдсөн, бусадтай хэвийн харьцах чадваргүй болсон, ажлын байр өөрчлөгдсөн зэргээр амьдралын чанар муудсан зэргийг нотолсон/ мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цуглуулж чадаагүй зэргийг харгалзан тэдний давж заалдах шатны шүүх хуралдаанаар гаргасан тайлбар, гомдлыг тус тус бүх талаас нь харгалзан үзэж, хохирогч Н.Ц д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, хохирогч Э.Э д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нийт 10.450.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Г.Ч аас гаргуулж хохирогч нарт олгохоор давж заалдах шатны шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шинээр гаргаж өгсөн Г.Ч ын хувийн байдалтай холбоотой баримт зэргээр түүний зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт, холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээн хохирогч Н.Ц , хохирогч нарын өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын давж заалдах гомдлыг тус тус хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Батхүлэг ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх 2 салбар руу...” гэснийг “...Батхүлэг ХХК-ийн Баянгол дүүрэг дэх салбар руу...” гэж өөрчилж,
- тогтоох хэсэгт:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч аас нийт 10.450.000 төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ц д 5.500.000 төгрөг, хохирогч Э.Э д 4.950.000 төгрөгийг тус тус олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч Н.Ц , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангасугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН