Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Х******* *******” ХХК /РД:*******/,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х*******  

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э******* нарын хоорондын  “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02- ны өдрийн А/183 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй  болгуулж, маргаантай байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах” шаардлага  бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр  сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгон  хүчингүй болгуулж, маргаантай байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах  тухай  

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12  дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн  цуцлах тухай” тушаалаар Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын  З******* амны хязгаарлалтын бүсэд “Х******* *******” ХХК-д олгосон 41149 м.кв  газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны  10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгээр хүргүүлсэн саналын  дагуу нийтийн эзэмшлийн орц, гарц нээх хүрээнд 17365.7 м.кв газрыг хэсэгчлэн  цуцалжээ. 

2.2. Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х******* *******” ХХК-иас  “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/684 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад  холбогдуулан гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0988 дугаартай шийдвэрээр  “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны  өдрийн А/684 дугаартай тушаалын 1, 2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар  түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

2.3. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04  дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай “Тушаалын зарим хэсгийг хүчингүй  болгох тухай” тушаалаар дээрх шүүхийн шийдвэр болон Байгаль орчин, уур  амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/749  дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах  эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1  дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х******* *******”  ХХК-д олгосон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглахаар  төлөвлөгдсөн 17365,7 м.кв газрыг Богдхан уулын дархан цаазат газрын  хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар  албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хэсэгчлэн цуцалжээ.  

2.4. Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс “Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай  тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, маргаантай байсан  хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус  шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3551 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны  хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:  

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356  дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат  газрын тусгай хамгаалалттай газар нутгийн З******* ам нэртэй 41148.9 м.кв  талбайг “Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан  орон байрыг ашиглах” зориулалтаар “Х******* *******” ХХК-д ашиглуулахаар  шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай  нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай авч, 2022 оны 01  дүгээр сарын 18-ны өдрийн 2022/006 дугаартай Богдхан уулын дархан цаазат  газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2026 оны 10 дугаар сарын  28-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан.  

3.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар  сарын 28-ны өдрийн А/684 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг  хэсэгчлэн цуцалсан байсан ба уг тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй  болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  128/ШШ2024/0988 дугаартай шийдвэрээр хэргийг бүрэн шийдвэрлэсэн. Шүүхийн  шийдвэрийн 1 дэх заалтад “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаар  тушаалын 1, 2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 2 дахь заалтаар  “...хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв  хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй”, 3  дахь заалтаар “...шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт  гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн А/648 дугаар тушаалыг 1, 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай”  гэж тусгасан.  

3.3. Тус шүүхийн шийдвэрт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй тул  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд 2025 оны 02 дугаар сарын  03-ны өдрийн дотор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь шалгавал  зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох  зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн  шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайд нь ийнхүү шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаа өнгөрсний дараа буюу  2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/183 дугаартай тушаал гаргасан байх бөгөөд уг тушаал нь шүүхийн шийдвэрт дурдсан шалгавал зохих байдлыг шалгаагүй, өмнөх  маргаан бүхий А/684 дугаартай тушаалыг үг үсэггүй хуулбарлаж, үндэслэх хэсэгтээ  шүүхийн шийдвэрийг тусгаснаас өөр өөрчлөгдсөн зүйлгүй өмнөх тушаалтай ижил  тушаал давтан гаргажээ.  

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль  бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан  бөгөөд шүүхийн шийдвэрт заасан хугацаа өнгөрсний дараа хуулийн хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэр байсаар байтал өмнөх тушаалаа давтан гаргасан нь эрх зүйн  зөрчилтэй, хууль бус захиргааны акт байх тул Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай  тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2023 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн А/468 тоот тушаал болон энэхүү тушаалтай холбогдуулан шүүхийн  маргаантай байсан хугацаагаар газар ашиглах гэрээний хугацааг сунгаж өгнө үү”  гэжээ. 

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан  нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий тушаал нь Нийслэл дэх захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0988  дугаартай шийдвэр бичгээр гарсан өдөр болон шийдвэрийн хувийг хариуцагч  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүргүүлсэн өдрөөс хойш 3  сарын хугацаа өнгөрсний дараа гарсан. Мөн Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн сайд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай  тушаалын үндэслэх хэсэгтээ дурдаад байгаа шүүхийн шийдвэрийг огноог 2024 оны  12 дугаар сарын 27-ны өдрийн гэж тусгасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр нь 2024  оны 12 дугаар сарын 03-ны өдрийн огноотой байдаг. Түүнчлэн маргаан бүхий  тушаалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар  сарын 22-ны өдрийн А/749 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай  нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2025 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 1 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэл болгосон боловч нотлох баримтыг ирүүлээгүй, зөвхөн “Улсын тусгай хамгаалалттай нутагт  газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 1 дүгээр хурлын  төлөвлөгөөг нотлох баримтаар ирүүлсэн. Энэ төлөвлөгөөнд мөн нэхэмжлэгч  “Х******* *******” ХХК-ийн асуудлыг тусгаагүй нь харагддаг. Мөн тушаалын тушаах нь  хэсгийн 1 дэх хэсэг дээр “...нийтийн эдэлбэр газарт орц гарц хааж газар ашиглах эрх  олгосон...” гэдэг өгүүлбэр оруулсан байгаа юм. Хариуцагчаас хууль тогтоомжийн  дагуу нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн. Гэтэл одоо  хариуцагчаас тухайн үедээ алдаа гаргаад орц, гарц хаагаад шийдчихсэн юм шиг  байна. Иймд танайд олгосон газраа цуцалъя гэдэг юм яриад байгаа. Нэхэмжлэгчээс  1 жилд 59,000,000 төгрөгийг газрын төлбөрт төлдөг байсан. Газар ашиглах эрхийг  хэсэгчилсэн цуцалсан тушаал буюу А/684 дугаартай тушаал гарахаас өмнө 2023  оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 41149 м.кв газрыгаа бүхэлд нь ашиглах байдлаар  зураг төсөл батлуулчихсан. Энэ зураг төслийг Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн яам хянаад гарын үсэг зурж баталгаажуулчихсан. Мөн тушаалд  “...нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглахаар төлөвлөгдсөн 17365.7 м.кв газрыг...”  гэж дурддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар газар дээр нийтийн  эзэмшлийн талбайгаар ашиглах, нийтийн зам талбай ерөөсөө байхгүй гэдгийг  холбогдох албан байгууллагаас албан бичгээр ирүүлчихсэн. Хариуцагчаас энэ  үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн өмнө нь шүүхээр  шийдвэрлэгдсэн тушаал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 тоот тушаал дээр үндэслэгдэж байсан Богдхан  уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын  26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгийг дахин 2025 оны 04 дүгээр сарын 02-ны  өдрийн А/183 дугаар тушаалд үндэслэсэн байна. Дээрх Богдхан уулын дархан  цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгийг өмнөх шүүхийн шийдвэр буюу Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  128/ШШ2024/0988 дугаартай шийдвэр дээр хууль тогтоомжид нийцээгүй гэдэг  байдлаар шийдвэрлэсэн байдаг. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаал нь  холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, шүүхийн шийдвэрт заасан хугацааг  хэтрүүлсэн хууль бус захиргааны акт байгаа учраас тус захиргааны актыг хүчингүй  болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал: 

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684  дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  7 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалт, 48 дугаар  зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр  зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар газрыг  хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн.  

4.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  128/ШШ2024/0988 дугаар шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж  шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийн дагуу сайд өөрт олгогдсон эрх  хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр  зүйлийн 7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь  заалт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0988 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн  Нийтийн эдэлбэр газар орц гарц хааж газар ашиглах эрх олгосон Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар  тушаалын “Х******* *******” ХХК /*******/-д олгосон 41149 м.кв газраас нийтийн  эзэмшлийн талбайгаар ашиглахаар төлөвлөгдсөн 17365.7 м.кв газрыг хэсэгчлэн  цуцалж шийдвэрлэсэн. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын  2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаар тушаал хууль зүйн  үндэслэлтэй байх тул “Х******* *******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж,  дараах үндэслэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг дахин шинэ захиргааны  акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгч “Х******* *******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг хууль  бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, маргаантай байсан хугацаагаар гэрээний  хугацааг сунгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай  “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” тушаалаар Баянзүрх дүүрэг,  Богдхан уулын дархан цаазат газрын З******* амны хязгаарлалтын бүсэд “Х******* *******” ХХК-д олгосон 41149 м.кв газраас Богдхан уулын дархан цаазат газрын  хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар  албан бичгээр хүргүүлсэн саналын дагуу нийтийн эзэмшлийн орц, гарц нээх хүрээнд  17365.7 м.кв газрыг хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч  нэхэмжлэгч “Х******* *******” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалыг хууль бус  болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль  орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасныг Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  0988 дугаартай шийдвэрээр “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалын 1, 2 дахь заалтыг 3 сарын  хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

2.2. Улмаар дахин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025  оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай “Тушаалын зарим хэсгийг  хүчингүй болгох тухай” тушаалаар дээрх шүүхийн шийдвэр болон Байгаль орчин,  уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/749  дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах  эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1  дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х******* *******”  ХХК-д олгосон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглахаар  төлөвлөгдсөн 17365,7 м.кв газрыг Богдхан уулын дархан цаазат газрын  хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар  албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хэсэгчлэн цуцалсан тул тус шүүхэд  нэхэмжлэл гаргасан байна. 

2.3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь шүүхийн шийдвэрт заасан 3  сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/183  дугаартай тушаал гаргасан. Уг тушаал нь шүүхийн шийдвэрт дурдсан шалгавал  зохих байдлыг шалгаагүй, өмнөх маргаан бүхий А/684 дугаартай тушаалыг үг,  үсэггүй хуулбарлаж, үндэслэх хэсэгтээ шүүхийн шийдвэрийг тусгаснаас өөр өөрчлөгдсөн зүйлгүй өмнөх тушаалтай ижил тушаалаа давтан гаргасан” гэж,  хариуцагчаас “...өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчин, аялал  жуучлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалын  “Х******* *******” ХХК-д олгосон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн талбайгаар  ашиглахаар төлөвлөгдсөн 17365,7 м.кв газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн” гэж  тус тус тайлбарлан маргасан. 

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо  нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “Захиргааны хэргийн  шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх” гээд 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн  шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны  байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй  бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу  албадан гүйцэтгэнэ”, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн  хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх  үүрэгтэй” гэж тус тус заасан. 

2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны үйл ажиллагаа нь  зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байхаас гадна  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа  холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй байна. 

2.6. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  12 дугаар сарын 03-ны өдрийн 988 дугаар шийдвэрээр “... Байгаль орчин, аялал  жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дүгээр 

тушаалын 1, 2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн уг  шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт  заасан ажиллагааг хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

2.7. Тодруулбал, шүүхээс удаа дараагийн албан бичгээр захиргааны  байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд  хариуцагч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан ямар үйл ажиллагаа  явуулсан, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг шаардсан боловч уг  ажиллагаанд хамаарах хугацаанд үйл ажиллагаа явуулсан талаарх холбогдох  баримт, тайлбарыг ирүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж хэлбэрийн  хувьд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. 

2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шүүхээс дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхдээ заасан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр  маргаан бүхий актыг хүчингүй болгох, эсхүл хэвээр үлдээх талаар дахин шинэ акт  гаргах үүрэгтэй. Гэтэл ажиллагаа явуулгүйгээр буюу нэхэмжлэгчээс “... авто зам  тавигдсан хэсгийг буюу 5758,9 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болсныг хүлээн  зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн”, маргаан бүхий газарт автозам эрх бүхий  этгээдийн зөвшөөрөлгүйгээр баригдсан, уг автозамын зураг нь Авто замын тухай  хуульд заасан нийтийн эзэмшлийн автозамд тавигдах шаардлага, холбогдох  стандартыг хангах эсэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр, шүүхийн  шийдвэрт заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр дахин Байгаль орчин, уур  амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183  дугаартай тушаалаар “... “Х******* *******” ХХК-ийн газрыг хэсэгчлэн цуцалж” шийдвэр гаргасныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд захиргааны  байгууллагын баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, шүүхийн  шийдвэрийг заавал биелүүлэх зарчимд нийцэхгүй. 

2.9. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0988 дугаар  шийдвэрийг шүүхээс хариуцагчид 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн  байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан  шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 10-ны  өдрөөс тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Уг хугацаанаас 3 сарын  хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/183 дугаар тушаалыг  гаргасан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн сайд нь шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаа өнгөрсний дараа  буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/183 дугаартай тушаал гаргасан” гэх  тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

2.10. Иймд хариуцагч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой нэрлэн  зааж дурдсан ажиллагааг шалган тогтоож, шаардлагатай ажиллагааг хийгээгүй,  үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос  хэтэрсэн байх тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шинэ акт  гарган шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл  2 сарын хугацаагаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэв. 

2.11. Дээрх байдлаар маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай  тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг  хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн “маргаантай  байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар  зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд  гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд  гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох  баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт  байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл  болохгүй” гэж, 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан  шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус зааснаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өмнөх шүүхийн шийдвэрээр  тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Шүүхийн маргаантай байгаа учраас  бидний зүгээс нэмж хийсэн зүйл байхгүй” гэж тайлбарласан болохыг дурдах нь  зүйтэй. 

Мөн тус хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3551 дүгээр захирамжаар  захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 12, 25- ны өдрүүдэд товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар  зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2025  оны 10 дугаар сарын 02-ны өдөр товлоход “... Цагдаагийн ерөнхий газраас зохион  байгуулж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй  холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2025 оны 03 дугаар  хуралдаанд оролцохоор болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй төдийгүй хүсэлтэд хавсаргасан  баримтуудаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуралдаанд оролцож  байгаа эсэх нь тогтоогдохгүй байх тул түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох  эрхээр хангагдсан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг  тэмдэглэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.1, 106.3.11 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Шүүхийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан “Х******* *******” ХХК иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан  “маргаантай байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах” нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг  захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар  зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий  захиргааны акт болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг хүчингүй болсонд  тооцсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА