Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 312/шш2025/00716

 

 

 

 

 

 

 2025 04 28 312/ШШ2025/00716

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12 154 615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дорж овогтой нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* *******тай 2715110620 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,780,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь дээрх 2715110620 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1820 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 4,607,731.60 төгрөг, үндсэн хүү 6,612,931.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,952.35 төгрөг, нийт 12,154,615.25 төгрөг байна. Зээлдэгч Д.аас нийт 12,154,615.25 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******ны нэхэмжлэлтэй Д.д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор итгэмжлэл авсан ба нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байх ба үндэслэлгүйгээр их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү бодож, улмаар үндсэн гэж нэмэгдүүлж нэхэмжилсэн нь илт үндэслэлгүй байна. Тодруулбал хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлээгүй, огт зээлийг төлөхийг мэдэгдэж байгаагүй болно. Тэгсэн атлаа үндсэн зээлээс давсан хүүг бодож, зах зээлийн хүүгээс 2 дахин илүү хүү тогтоож, уг зээлээ төлөхийг шаардахын оронд удаан хугацааны хүүг зохиомлоор нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-4/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, хүү тооцооллын хүснэгт /хх-6/, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2715110620 дугаартай зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-7-8/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12 154 615 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д. нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* *******тай 2715110620 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,780,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1820 хоног хугацаа хэтрүүлсэн, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,607,731.60 төгрөг, үндсэн хүү 6,612,931.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,952.35 төгрөг, нийт 12,154,615.25 төгрөг болсон байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: ...Хариуцагч Д. нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* ******* ХК-аас зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2021.05.10-ны өдөр хариуцагч Д. нь 50,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч шүүхэд хандах, зээл төлөх талаар мэдэгдлийг хүргүүлж, ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Зээлийн хүүг хуульд заасны дагуу бодоогүй. Үндсэн зээл 4,607,731.60 төгрөг, үндсэн хүү 6,612,931.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,952.35 төгрөг, нийт 12,154,615.25 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2024 оны 07 дугаар сарын сүүлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэл гаргах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн хаягийг Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг ******* 57-13 тоот гэсэн хаягаар нэхэмжлэл гаргасан байсан. Энэ хаяг дээр нь ******* ******* ХК-аас шаардлага болон мэдэгдэх хуудас ирээгүй, энэ хаяг дээр Д.ын хүүхэд нь оршин суудаг, одоог хүртэл энэ хаяг дээр хүүхэд нь амьдарч байгаа. Мөн энэ хугацаанд Д.ыг Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ийм ажиллагаа хийгдээгүй. Ийм ажиллагаа хийгдэж байсан гэх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээл олгосонтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээдэг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 2017 онд мөрдөгдөж байсан. Энэ хуулиар зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл олгосонд тооцно гэсэн байдаг. Тодруулбал 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.ын зээлийн дансанд мөнгө орсноор зээл олгосон гэж үзэх ёстой. Гэтэл энэ зээлийг хэзээ, ямар дансаар олгосон гэх баримт байхгүй. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүх үүрэг дууссаны дараагаар 50,000 төгрөгийг Д. төлсөн гэдэг дээр маргаагүй. Үүнээс хойш зээлээ шаардах болон мэдэгдэх хуудас явуулах, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхээс мэдэгдэх хуудас очсоны дараагаар хүүхэд нь Д.д мэдэгдэж шүүх дээр ирж нэхэмжлэлээ гардаж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбар гаргасангүй. Д. нь ******* ******* ХК-д үндсэн зээл 3,172,268 төгрөг, хүү 2,916,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32, 800 төгрөг нийт 6,121,245 төгрөгийг төлсөн байгаа гэв.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч Д. нь ******* ******* ХХК-с 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2715110620 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 7,780,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан байх ба үндсэн зээлээс 3,172,268 төгрөг, хүү 2,916,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,800 төгрөг нийт 6,121,245 төгрөгийг төлсөн энэ талаар талууд маргаагүй.

6. Талуудын хооронд Иргэний хуулин 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэсэн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Хариуцагч Д. нь гэрээний үүргээс хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөгийг төлсөн байна.

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, зээлийн гэрээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан бөгөөд зээлийг 36 сарын хугацаатай авсан, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

9. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гурван жилийн дотор шаадрдах эрхээ хэрэгжүүлээгүй байх ба хариуцагч Д. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөгийн зээлийг төлсөн нь нотлогдсон.

10. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж заасан бөгөөд хариуцагч Д. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ч үүнээс хойш шаардах эрх хэрэгжүүлэх гурван жилийн хугацаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй болно.

11. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Д.аас 12 154 615 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 424 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг тус тус баримтлан Д.аас 12 154 615 төгрөг гаргуулах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 424 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА