| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0045/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/48 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Ц.Төмөрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Төмөрхүүд холбогдох эрүүгийн 1836000170026 дугаартай, 178/2018/0045/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 07 сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн ажил сургуульгүй, ам бүл-6 эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11-21 тоотод оршин суух, Дэгрээт овогт Цэдэндамбын Төмөрхүү
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11-23 тоот хашаанд байрлах Х.Аюушийн гэрт 2018 оны 01 сарын 28-ны өдөр нэвтэрч түүний эхнэр болох Х.Анхтуяагийн хурган дотортой дээлийг хулгайлж 650000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11-23 тоот хашаанд байрлах Х.Аюушийн гэрт 2018 оны 01 сарын 28-ны өдөр нэвтэрч түүний эхнэр болох Х.Анхтуяагийн хурган дотортой дээлийг хулгайлж 650000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Анхтуяа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би нөхөр болох Аюуштай 2017 оны 10 сард хуримаа хийгээд нөхрийн төрсөн ах болох Лутхүү гэдэг айлын хашаанд байдаг болсон. Манай нөхөр 2018 оны 01 сарын 20-ны үед Улаанбаатар хот руу явсан. Түүний ар талд би ганцаараа гэртээ байсан. 01 сарын 28-ны орой айлд банш чимхэх гээд гэрээ цоожоороо цоожлоод яваад орой 20 цагийн үед гэртээ хүрээд ирсэн чинь манай гэрийн цүүг эвдчихсэн гэр цоожгүй байсан. Тэгээд би гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд хойморын орон дээр сэргээгээд тавьчихсан байсан хурган дотортой дээл алга болсон байсан бусад зүйл бүрэн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд шалгасан. Би дээлээ буцаагаад авчихсан харин хаалганы цүүг янзлах хэрэгтэй байна гэх мэдүүлэг /хх 24-25 дугаар хуудас/
Гэрч Х.Лутхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Манхан сумаас би эхнэрийнхамт ирсэн. Тэгээд хажуу айлынн бэр болох Анхтуяа нь манай хүүхдүүдийн хамт айлд банш чимхэхээр явсан ба би тухайн үед 2 хүүгийнхээ хамт хашаандаа байсан. Орой 21 цагийн орчимд банш чимхэхээр явсан хүмүүс ирээд манай бэр манайд хулгай орсон байна миний хурган дотортой дээл алга болсон байна гэж хэлэхээр нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Удвалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 28-ны өдөр бид нар Манхан сумаас ирсэн. Орой 17 цагийн орчимд манай бэр Анхтуяа нь манай хүүхдүүдийн хамт айлд банш чимхэхээр явсан. Тухайн үед бид нар хашаандаа байсан. Орой 21 цагийн орчимд бэр Анхтуяа нь хүүхдүүдийн хамт баншаа чимхээд ирсэн тэгээд бэр Анхтуяа манай гэрт хулгай оржээ миний хурган дотортой дээл алга болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/
Эд зүйлс үнэлсэн тухай тайлан: хурган дотортой шинэ дээл 1 ширхэг 650000 төгрөгний үнэтэй гэх үнэлгээ /хх -11/
Кримналистикийн шинжээчийн 12 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Хураан авсан эмэгтэй хүний хурганы арьсан дотортой дээлний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Д.Оюун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 28-ны орой 18 цагийн үед гаднаас орж ирсэн ба надаас тамхины мөнгө байна уу гэж асуухаар нь би тамхины мөнгө болох 2300 төгрөг өгөөд гаргасан. Тэгээд мөнгө авч гараад 1 цаг орчим болоод тамхиа авчихсан орж ирсэн. Тухайн үед зах дээрээс ирлээ гэж хэлсэн. Тухайн үед архи үнэртэж байсан хэр зэрэг хэрэглэсэн талаар мэдээгүй. Хашаан дотор манай ээжийн гэрийн хажууд байдаг илүү гэрийн туурганы завсар хурганы арьсан дотортой дээлийг хийсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Төмөрхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 01 сарын 28-ны өдөр гэрээсээ гараад өдөржин зах дээр байж байгаад орой 17 цаг өнгөрөөд захаас харих гэж яваад 2 найзтайгаа таараад ойрд уулзаахгүй гээд манай нэг найз дэлгүүрээс 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад захын хажууд хашааны буланд зогсож байгаад уучихаад тарцгаасан. Тэгээд би гэрлүүгээ ганцаараа харьчихаад байж байгаад байж байгаад буцаад дэлгүүр орж тамхи авчихаад буцаад харих замдаа Аюуш ахынд очих гэтэл гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би цоожийг нь мушгисан чинь мултраад гараад ирсэн тэгэхээр нь цоожийг нь хашаа давуулаад шидчихсэн. Тэгээд гэрт нь орсон чинь хойморын орон дээр нь хурган дотортой дээл байхаар нь аваад зарж мөнгө болгохоор аваад гарсан. Гэрийнхээ тэнд хурган дээлээ авчираад бариатай илүү гэрийн туурганы завсар хийчихээд гэртээ ороод унтчихсан. Тэгтэл шөнө 00 цагийн үед цагдаа нар ирээд намайг аваад эрүүлжүүлэхэд оруулж хонуулсан. Тэгээд би маргааш өглөө нь хурган дээлээ байгаа газрыг зааж өгсөн гэх мэдүүлэг /хх 57-58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар гэм буруу нь тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Төмөрхүү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Дээрх гэмт хэргийг нууц, далд аргаар, хялбараар мөнгө олох шунахайн сэдэлтээр, танил айлын гэрээс /эзгүй байхад/ бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох 21 инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/24 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дэгрээт овогт Цэдэндамбын Төмөрхүүг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Төмөрхүүг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Төмөрхүүд оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн резенин ултай, түрийтэй, хар өнгийн эрэгтэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Төмөрхүүд буцаан олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчийн хувьд ногдох 21 инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/24 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form