Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрт овогт Туваансүрэнгийн Сд холбогдох 1729000460032 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  Т.С нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт иргэн С.Хэнмэдхэвийг лапатка төмрөөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,

Хохирогч С.Хэнмэдхэв /РД:ЙЭ87021871/: ”...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хятадаас гараад орой 17 цагийн үед “Оюут сүмбэр” ачил буулгалтын хашааны гадаа най Ганболдтой хамт ирж зогссон. Бид хоёр машинаа оочирт оруулж орхичхоод Ганболдын гэр рүү очиж хоол идэж нэг нэг пиво уучхаад 23 цагийн үед Ганболдоор машин руугаа хүргүүлсэн. ...тамхигүй болчхоод би Ширмэнтогоогоос /баатар/ тамхи аваад эргээд машин руугаа явж байтал хажууд хоёр залуу зогсож байсан. Тэгээд тэр хоёрын хажуугаар өнгөрөх гэтэл нэг өндөр залуу нь намайг гэнэт барьж аваад нөгөө залуу нь төмрөөр толгой болон гар руу цохисон. ...цагдаа нарыг ирсэн байхад намайг төмрөөр цохисон залуу нь миний гуя руу нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч А.Ширмэнтогоогийн: ”...намайг “Оюут сүмбэр”-ийн хашаан дотор машиндаа байж байхад манай найз Хэнмэдхэв толгойгоо хагалуулчихлаа гээд ирэхээр нь юу болсон талаар асуухад “хоёр согтуу залуу намайг хүнтэй андуурсан уу, миний толгой руу лапатикаар цохичихлоо” гэсэн. ...би Хэнмэдхэвийг дагуулан очоод “та хоёр яахаараа хүний толгой хага цохидог юм бэ” гэхэд тэр хоёр залуу машинаас буугаад “энэ хүн чинь манай найзыг зодсон” гэхээр нь  юу яриад байгаа юм энэ хүн чинь дөнгөж сая надтай уулзаад явсан ш дээ” гэхэд тэр хүн над руу лапатик бариад дайраад байхаар нь лапатиктай нь чирээд Дагвадоржийн машины ойролцоо ирээд түүнийг дуудахад Дагвадорж гарч ирээд тэр залуугаас лапатикийг булааж аваад ХАБ-ын ажилтан Булгааг дуудаж, цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Л.Дагвадоржийн: “...намайг машиндаа унтаж байхад Ширмэнтогоо дуудахаар нь сэрээд гартал тэрээр хоёр согтуу хүнтэй зууралдаад нэг нь лапатик барьчихсан байсан. Юу болсон талаар асуухад Ширмэнтогоо “энэ лапатикийг авахгүй бол цохих гээд байна гэхээр нь би тэр хүнээс лапатикийг авч машин доогуур шидсэн. Манай компанийн жолооч Хэнмэдхэвийн толгойноос цус гарчихсан байхаар нь асуухад “намайг явж байхад энэ хоёр хүн машинаас гарч ирээд нэг нь бариад нэг нь лапатикаар толгой руу хоёроос гурван удаа цохичихсон гэж хэлсэн. Тэгээд би тэр хүмүүсээс асуухад лапатик барьсан байсан залуу нь Хэнмэдхэвийг хоёроос гурван удаа шанаадаад яаж байгаа юм бэ гэхэд “наадах чинь манай найзыг зодсон” гээд дараа нь нүүр рүү нь мөргөчхөөр нь би компанийн ХАБ-ын ажилтан Булганыг утсаар дуудаад ирсэн хойно нь “чи цаашаа бай чамд хамаагүй” гээд дайраад болохгүй болохоор нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр хуудас/,

            Гэрч Ш.Гансүхийн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны үдээс хойш Стай хамт Цагаан хад орж хоол идчихээд нэг шил архи авсан. Тэгээд бид машин руугаа явах замдаа “Уужим-Од” ХХК-ийн кемп дээр машин нь эвдэрсэн найз Хуягаа дээр очиж машиныг нь янзлах хооронд Санжаа бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Тэгээд бид машин руугаа ирж Санжаа машин руугаа орж би таксины тооцоо хийгээд, машиндаа орчхоод бие засахаар буусан. Тэгээд бие засаад зогсож байтал хоёр хүн хажуугаар гарч явахдаа намайг шүргээд тэрнээс болж маргалдахад нэг нь миний шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд би Санжааг дуудаад хүнд зодуулчихлаа гэж хэлчхээд тэр хүмүүсийн араас гүйтэл нэг нь машины цаагуур гүйж ороод хоёроос гурвуулаа болоод гарч ирээд намайг барьж авсан. Би тэр хүмүүсээс салж чадахгүй байсан. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-15 дугаар хуудас/, 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн: ”...С.Хэнмэдхэвийн биед зулай хэсгийн хуйх, зүүн шууны няцарсан шарх, зүүн бугалгын цус хуралт, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Сгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ганц модноос нүүрс тээврийн машин жолоодож гарч ирээд “Оюут сүмбэр”-ийн ачилт буулгалтын талбайн гадаа оочирт 11 цагийн үед ирж зогссон. Тэгээд тэр өдөр нүүр ачихгүй гэхээр нь найз Гансүхийн хамт “Уужим-Од” ХХК-ийн кемпийн ойролцоо Хуягаа гэдэг найзынхаа машин дээр очиж хоёулаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд бид хоёр 23 цаг өнгөрч байхад машин дээрээ очиж өөр өөрийн машинд орохоор салсан. Намайг машиндаа ороод унтаж байхад нэг их удалгүй Гансүх машины хаалга тогшихоор нь би сэрээд юу болсон талаар асуухад шанаа нь халцарчихсан, хувцас нь шороо болсон хоёр хүн намайг зодчихоод явчихлаа гэхээр нь би машинаасаа лапатикаа бариад буусан. Миний машины хойд талд хоёр хүн алхаж явахаар нь би Гансүхээс “хэн чамайг цохисон юм бэ” гэж асуухад наад хоёр хүн чинь гэж заахаар нь би тэр хоёр хүний араас очиход нэг нь гүйгээд явчхаар нь үлдсэн залууд “чи яахаараа хүн зоддог юм бэ” гээд лапатикаар толгой руу нь нэг удаа цохиод өөдөөс лапатик барьж авах гээд байхаар нь гар руу нэг удаа цохисон. Тэгээд тэр залуу цаашаа яваад машинуудын хаалга нүдээд дөрвөөс таван хүнтэй хамт Гансүх бид хоёр дээр хүрч ирэхээр нь би тэр залууд “чи эхэлж асуудал гаргачхаад яах гэж ингэж байдаг юм бэ” гээд нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд бид нар салаад намайг машин дотроо унтаж байхад цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 36-38 дугаар хуудас/,

Т.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 49 дүгээр хуудас/,

Нийслэлийн аймгийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 51 дүгээр хуудас/,

Т.Сгийн хувийн холбоотой баримтууд /хх-н 52-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Сгийн гэрэл зураг /хх-ийн 55-56 дугаар хуудас/

Т.Сгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 60-74 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт иргэн С.Хэнмэдхэвийг лапатка төмрөөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Хэнмэдхэвийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Сгийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Т.Сгийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч С.Хэнмэдхэвийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн: ”...С.Хэнмэдхэвийн биед зулай хэсгийн хуйх, зүүн шууны няцарсан шарх, зүүн бугалгын цус хуралт, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч С.Хэнмэдхэв нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 940,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 61 см урттай, нэг үзүүрийг хавтгайлж 7 см мурийлгасан, нэг үзүүр нь нарийн зэвтэй 1 ширхэг лапатик төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурдвал зохино.

Шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан гэрт овогт Туваансүрэнгийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Сг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Хэнмэдхэв нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Т.Сгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 61 см урттай, нэг үзүүрийг хавтгайлж 7 см мурийлгасан, нэг үзүүр нь нарийн зэвтэй 1 ширхэг лапатик төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Сд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН