Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/478

 

 

 

 

 

 

   2024            04            23                                        2024/ДШМ/478

 

 

Б.Ц холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Багшбаяр, 

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2411000310086 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../, урьд:

-  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/28 дугаартай шүүгчийн захирамжаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар солиулж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн.

Б.Ц нь 2023 оны 3 дугаар сард ... тоот иргэн Н.М-н гэрээс түүний эзэмшлийн самсунг А53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.171.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Ц үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц нийт 671.920 төгрөг гаргуулан хохирогч Н.М олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн. Мөн адил зүйл ангитай 1 үйлдэл байсан бөгөөд уг хэрэг дээр нэмж нэгтгэн шийдүүлье гэж бодсон боловч тухайн үед надаас байцаалт авч байсан мөрдөгч намайг айлган сүрдүүлж өөр хэрэг байгаа талаар хэлсэн боловч хүлээж авалгүй уг хэргийг прокурор руу шилжүүлсэн. Иймд миний эрх зүйн байдал ихээр дордож байгаа учраас уг хэргийг мөрдөн байцаалт руу буцааж хэргээ нэмж нэгтгүүлж шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Ц Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэг хулгайн үйлдэл, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэг хулгайн үйлдэл хийсэн. Миний үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн байцаагчид тус үйл баримтын тухай хэлж, хоёр хэргийг нэгтгүүлье гэдэг хүсэлтийг гаргахад “тийм юм байхгүй” гэж хэлээд хэргийг нэгтгээгүй гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байдаг. Гэтэл тухайн дүүргүүдийн мөрдөн байцаагч нар Б.Ц үйлдэл тус бүрд мөрдөн байцаах ажиллагаа явуулж, прокурорын зүгээс үйлдэл тус бүрд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Ц тухайн үйлдэлд холбогдох хэрэг ирж, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж байтал 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Ц холбогдсон хэрэг прокуророос шилжүүлэгдэж, улмаар Баянзүрх дүүргийн шүүх эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж “танай хүн олдохгүй байна” гэдэг хариу өгч байсан. Энэ үед миний бие Улсын өмгөөлөгчөөр томилогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байна. Шүүгдэгчийн нэг үйлдлийг тус тусад нь шалгаж, шийдвэрлэж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэг үйлдсэн гэмт хэрэгтээ 2 удаа ял шийтгүүлэх нөхцөл байдал үүсэж байна. Иймээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Ц холбогдох хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад прокурорын байгууллагын цахим бүртгэлд тус хэрэг шүүхэд шилжсэн, шүүх шийдвэрлэсэн гэсэн бүртгэгдсэн байсан. Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн тухайгаа мэдүүлээгүй. 2 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр гарсан. Энэ хүртэлх хугацаанд Б.Ц өөрт нь үйлдсэн гэмт хэрэг байгаа тухай мэдүүлж байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт ял, шийтгэл оногдуулахдаа үйлдэл тус бүрд нь оногдуулах тухай заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ц 2023 оны 3 дугаар сард ... тоот иргэн Н.М-н гэрээс түүний эзэмшлийн самсунг А53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.171.920 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгчийг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлээгүй байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэнийг нь анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн шинж, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ эрх олгосон, эсхүл үүрэг болгосон шинжтэй байдаг бөгөөд үүрэг болгосон хэм хэмжээг шүүх заавал хэрэглэнэ.

 

Хэргийн материалыг судлахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Б.Ц оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Дээд салхитын 16 дугаар гудамж 322 тоот газраас явахыг хориглож шийдвэрлэсэн байхад тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “уг ялыг дүүрэг дотор эдэлсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/26025 дугаартай албан бичигт “Б.Ц холбогдох 485 дугаар шийтгэх тогтоолтой 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын талаарх мэдээлэл тус газрын цахим мэдээллийн санд ...бүртгэлгүй байна” гэжээ.   

 

Шүүгдэгч Б.Ц 845 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялыг эдлэж дуусаагүй байхдаа 2023 оны 3 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор, ял оногдуулах журмыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.  

 

Учир нь, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэнэ.          

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд шилжүүлжээ. 

Одоогоор шүүгдэгч Б.Ц холбогдох эрүүгийн 2206 04038 2689 дугаартай хэрэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймээс шүүгдэгч Б.Ц холбогдуулан шалгаж буй хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруу, ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ц урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН