Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 226/МА2021/00019

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28-ны өдөр            226/МА2021/00015                                    Хэрлэн сум

 

 

 

 

С-гийн нэхэмжлэлтэй,

Б-, Ж- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00019/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч С- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Жавхлан /цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2021/00379 дугаар шийдвэртэй С-гийн нэхэмжлэлтэй Б-, Ж- нарт холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай иргэний  хэргийг хариуцагч Б-ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймаг, Бэрх хот, 2-р хороо, 1-5 тоотод хашаа барьж, өөрийн өмчлөлийн гэрчилгээг хууль ёсны дагуу баримт бичгийг бүрдүүлж авсан. Тухайн үеэс нэг жил орчим эзгүй байж байгаад Б-, Э- нар нь миний ээж П-аас хашаанд буух зөвшөөрөл авч буусан. Б-, Э- нар нь орон сууцандаа амьдардаг. Би цаашдаа хашаандаа байшин барьж амьдрах зорилготой та нүүх үү гэж асуухад байнга хэл амаар доромжилдог. Цаашид эдгээр хүмүүстэй хэл амаа ололцож, шийдэлд хүрч чадахгүй байгаа тул хуулийн дагуу миний газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2007 онд тухайн газрыг эзэмших хүсэлтийг Бэрх хотын захирагчид өгсөн боловч “онцгой объекттой ойр байрлах тул олгох боломжгүй, харин та түр хашаа бариад амьдарч бай” гэсэн юм. Тэр үед С-гийн ээж П- нь Бэрх тосгоны арын эгнээнд хашаа газартай байсан бөгөөд түүнийг нь харгалзах хүн байхгүй байсан тул манай эхнэрт урд эгнээний газарт чинь хашаа бариад вагончигоо түр буулгая гэсэн санал тавьж тухайн үед бидний зүгээс түр газар юм чинь хашаа бариад яахав, П-ын хашааг бариулчихъя гэж ярилцаж тохирч хашаа бариулсан. Гэтэл П- нь бидэнд мэдэгдэхгүйгээр тухайн газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан байсан. Тухайн үед газар олгох боломжгүй гэж байсан Бэрх тосгоны захирагч солигдож Баасанжав гэж захирагч хууль зөрчин тухайн газар дээр зөвшөөрөл олгосон байсан. Тус  газар нь ажил буюу Бэрхийн шатахуун түгээх газарт 70 метр ойрхон тул миний бие тус газарт 2007 оноос хойш 2018 он хүртэл амьдарсан. Тухайн газарт амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг зөрчин газрын гэрчилгээ олгосон асуудлаар Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Золбоо гэх залууд гомдол гаргасан боловч шалгаж шийдвэрлэж өгөөгүй.

Миний бие эхнэрийн хамт тухайн газар 2018 оноос хойш амьдраагүй өөрсдийн албан ёсны хаяг болох Бэрх 1-р хороо 65-р байрандаа амьдарч байна. Уг хэрэгт би хариуцагчаар оролцох нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б- орон сууцанд орж 2018 оноос хойш маргаан бүхий газарт амьдраагүй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш. Тийм учраас газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Ж- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С- нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. 2007 оноос хойш Э- нь тухайн газар амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2012 онд газрын гэрчилгээг авсан байтал гэрчилгээ авсан үеэс хойш нэг жилийн дараа тухайн газар дээр амьдарсан талаар нэхэмжлэлд дурдсан байна. Мөн миний бие тухайн газрыг Э-ийн газар гэж үзэн 2018 оноос хойш амьдарч байна. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж энэ газар 2007 оноос хойш амьдарч байгаа Э- болон миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул газрын гэрчилгээ олгосон асуудал нь хууль бус үйлдэл юм. 2007 оноос хойш амьдарч байгаа газрыг 2012 онд хэн нэгэнд өмчлүүлэх нь захиргааны байгууллага энэ асуудал дээр хариуцлага хүлээх ёстой. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2021/00379 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар Базарын Б-, Тогтохын Ж- нарыг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх 2-р хороо, Нэгдлийн төвийн 01 дүгээр гудамжны 05 тоотод байрлах хашаа, газрыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагч Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч С-гийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт намайг тухайн хаяг дээр оршин суудаг талаар дурдсан байна. Бэрх тосгоны захирагчийн албанаас ямар учиртай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1/178 дугаартай албан бичиг ирүүлсэн болохыг би мэдэхгүй. Миний бие эхнэрийн хамт Бэрх тосгон, 1 дүгээр хороо, 65 дугаар байранд амьдардаг.

Мөн төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж энэ газар дээр 2007 оноос хойш амьдарч байсан миний эрх ашиг хөндөгдөж байна. Газрын гэрчилгээ олгосон асуудал нь хууль бус үйлдэл болох талаар хариу тайлбар хүргүүлсэн байтал шийдвэрт тусгагдаагүй байна. Тухайн газар дээр анх амьдарч байсан нь гэрчилгээ авах ёстой эсхүл хэн нэгэн амьдарч байхад нь ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр тухайн газрыг хэн нэгэнд өмчлүүлсэн зэрэг асуудлууд нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С- нь хариуцагч Б-, Ж- нарт холбогдуулан “Газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б-, Ж- нар нь “2007 оноос хойш амьдарч байгаа газрыг 2012 онд хэн нэгэнд өмчлүүлж гэрчилгээ олгосон төрийн захиргааны байгууллага буруутай” гэж маргажээ.

Нэхэмжлэгч С- нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх 2 дугаар хороо Нэгдлийн төвийн 1 дүгээр гудамжны 05 тоот хаягт байршилтай 2301010105 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 581 метр квадрат газрын хууль ёсны өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000180382 дугаартай гэрчилгээ /хх7/, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх67/, Монголын Татварын албаны газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн тухай тодорхойлолт /хх46-47/, Бэрх хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн 2/1211 дугаартай албан бичиг /хх6/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Б-, Ж- нар нь Батноров сумын Бэрх 2 дугаар хороо Нэгдлийн төвийн 1 дүгээр гудамжны 05 тоот хаягт байршилтай хашаанд оршин суудаг болох нь Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1/748 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч С- нь маргаж буй газар болох Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх 2 дугаар хороо Нэгдлийн төвийн 1 дүгээр гудамжны 05 тоот хаягт байршилтай 2301010105 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 581 метр квадрат газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон тул бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч нар нь маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэг хуулиар хэргийн оролцогчдод олгогдсон тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2021/000379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Б.ДЭНСМАА

                                                                                                                         

                                                                                                       Я.АЛТАННАВЧ