Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Д.Барсүрэн, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Барсүрэнд холбогдох эрүүгийн 1836000240035 дугаартай, 178/2018/0048/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 2-28 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ98120918 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Давгасүрэнгийн Барсүрэн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.Барсүрэн нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр Ховд аймгийн жаргалант сумын Жаргалан багт үйл ажиллагаа явуулдаг Ховд Их сургуулийн хичээлийн танхимаас Ж.Энх-Амгалангийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Барсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх 15-16-р хуудас/, гэрч Х.Даваасамбуугийн мэдүүлэг /хх-24-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Х.Цэцгээгийн мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/, гар утас үнэлсэн тухай тайлан, /хх-ийн 32 дугаар хуудас/ болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс шүүгдэгч Д.Барсүрэнг 2018 оны 02 сарын 06-ны өдөр Ховд аймгийн жаргалант сумын Жаргалан багт үйл ажиллагаа явуулдаг Ховд Их сургуулийн хичээлийн танхимаас Ж.Энх-Амгалангийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Барсүрэн нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр Ховд аймгийн жаргалант сумын Жаргалан багт үйл ажиллагаа явуулдаг Ховд Их сургуулийн хичээлийн танхимаас Ж.Энх-Амгалангийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь:

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Энх-Амгалангийн: 2018 оны 02 сарын 06-ны өдөр би Ховд их сургуулийн биеийн тамирын зааланд манай анги биеийн тамирын хичээл орсон. Тэгээд би ирцээ бүртгүүлчихээд ангийнхаа Барсүрэнгийн хамт хичээлийн А заал руу төрийн сангийн судалгаа өгөхөөр явсан. Заалнаас гараад Барсүрэн бие засах газар луу явсан. Би судалгаа өгөхөөр А заал руу орсон. Тэгээд удалгүй заал руу буцаж ороод куртканыхаа кармаанаас утсаа авах гэтэл алга болсон байсан гэх мэдүүлэг /хх 15-16-р хуудас/ 

Гэрч Х.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 02 сарын 06-ны өдөр би ажилд дээрээ байж байтал миний хүү Тогтохсүрэн, Барсүрэн нар ирээд цэнхэр өнгийн корпустай гар утас гаргаж ирээд Барсүрэн би энэ утсыг олж авсан юмаа та барьцаалан зээлдүүлэх газар тавиад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрөөд 18 цагийн орчимд би хүү Тогтохсүрэн, Барсүрэн нарын хамт 60 айлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт очиж гар утсыг нь 170000 төгрөгний барьцаанд тавьсан. Тэгээд би мөнгийг нь Барсүрэнд өгчихөөд гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр худас/,

Насанд хүрээгүй гэрч Х.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: Би Ховд их сургуулийн бие засах газарт бие засчихаад гарах гэтэл урдаас аавын дүүгийн хүүхэд болох Барсүрэн орж ирээд халааснаасаа гар утас гаргаж ирээд энэ утсыг олж авлаа чи түр хадгалж бай гэж хэлээд надад өгчихөөд яваад өгсөн. Тэгээд 16 цаг 20 минутын орчимд сургуулийн цайны газар сууж байтал Барсүрэн орж ирээд наад утсыг чинь барьцаалан зээлдүүлэх газарт газар тавьчихъя гээд бид хоёр хамт сургуулиас гараад манай аав Даваасамбуугийн ажил дээр очиж энэ утсыг олж авсан юмаа та барьцаалан зээлдүүлэх газар тавиад өгөөч гэж гуйтал зөвшөөрөөд орой 18 цагийн орчим Барсүрэн бид хоёр манай Даваасамбуугийн хамт шинэ 60 айлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг газрын гадна очоод аав дотогшоо ороод тухайн гар утсыг 170000 төгрөгний барьцаанд тавьж гарч ирээд бид хоёрт 170000 төгрөг өгөөд түрүүлээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-11х/, гар утас үнэлсэн тухай тайлан /хх-32х/ хохирол төлж барагдуулсан тухай хохирогчийн хүсэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх яллагдагчийн хүсэлт зэрэг баримтаар гэм буруу нь хангалттай нотлогдож байгаа тул шүүгдэгч Д.Барсүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Барсүрэн нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт орших  Ховд Их сургуулийн биеийн тамирын заалнаас Ж.Энх-Амгалангийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Барсүрэнгийн хувийн байдлын талаар гэрч Б.Энхболдын: Д.Барсүрэн нь 1998 оны 12 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Цаст-Алтай цогцолбор сургуулийг төгссөн. Эцэг, эх нь гоймонгийн Цагааншувуут ХХКомпанийг хамтран ажиллуулдаг. Ах Сүхтулга нь Ховд их сургуульд сурдаг. Амьдралын түвшин нь дунджын согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Жаргалант сум Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.Барсүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-50 дугаар хуудас/ нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Барсүрэн нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, сургуульд сурч байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх  нь зохистой гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Барсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох ЛЖ маркийн 32 инчийн ЛСД зурагтыг битүүмжилсэн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 5/33 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Давгасүрэнгийн Барсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Давгасүрэнгийн Барсүрэнг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.Барсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох ЛЖ маркийн 32 инчийн ЛСД зурагтыг битүүмжилсэн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 5/33 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Барсүрэнд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ГАНТӨГС