Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ч,

Хариуцагч: Нч Г.И,

Хариуцагч: Нч А.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Г.И, А.Б нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн НА-2 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч, хариуцагч А.Б, Г.И, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нч А.Б, Г.И нар "Б*******" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2224903187 тоот томилолтын дагуу эрсдэлд суурилсан хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийж, тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2,364,924,090.88 төгрөгийн зөрчилд 236,492,409.08 төгрөгийн нөхөн татвар 94,596,963.64 төгрөгийн торгууль, 57,807,022.06 төгрөгийн алданги, нийт 388,896,394.78 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэжээ.

1.2. "Б*******" ХХК-иас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, маргаан таслах зөвлөлөөс гомдлыг хянаж 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

1.3. Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч "Б*******" ХХК нь Нч А.Б, Г.И нарт холбогдуулан тус шүүхэд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн НА-2 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/4504 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...1. Актын тэмдэглэх нь хэсгийн нэгт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 13.1.3 дахь заалтыг хариуцагч ташаа тайлбарлан хэрэгжүүлсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 заалт дахь тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2 заалт дахь албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 13.1.3 заалт дахь зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт холбогдох бүртгэлээр баталгаажсан байх шаардлагуудыг бүрэн хангасан санхүүжилт, зардал, ажил гүйлгээ болно.

Бодит байдалд: Холбогдох санхүүжилтийг хийж, бараа материал худалдан авч Улсын шинжтэй бүтээн байгуулалт болох Дарханы замын зохих хэсгийг ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэн өгсөн. Бодит санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгч компаниуд руу банкны шилжүүлгүүдээр гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийнх 13 дугаар зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлдэг бөгөөд хуульд заасан дагуу Санхүү, төрийн сангийн харьяалах хэлтэст илгээж, хянан шалгуулж, баталгаажуулсан.

2. Актын тэмдэглэх нь хэсгийн хоёрт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5 дахь хэсгийг хариуцагч нар ташаа тайлбарлан хэрэгжүүлсэн.

Зүй нь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 хэсэгт ... бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд ... дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ, 14.4 хэсэгт баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ, 14.5 хэсэгт Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй хэмээн тус тус хуульчилсан.

Бодит байдалд: Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуульд заасан дагуу үйлдэж, бодит санхүүжилтийг бэлэн бусаар хийснээр батлагдана. Баталгаажуулсан падааныг үндэслэн албан татварын хасалтыг хуульд заасан дагуу хийсэн. Бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ-ыг бүрэн төлсөн нь бэлэн бусаар хийсэн санхүүжилтээр тодорхой батлагдана. Бараа материалыг бодитой худалдан авсан нь худалдах, худалдан авах гэрээ, гэрээ дүгнэсэн акт, бараа материалын зарлагын падаан зэрэг анхан шатны баримт материалууд болон ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд бүртгэсэн журналын бичилтээр батлагдана.

3. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 заалтуудыг тус тус үндэслэн нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр хариуцагч шийдвэрлэсэн.

Зүй нь: Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 хэсгийн 1 заалт дахь үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;, 3 заалт дахь хуулиар ногдуулсан албан татвар төлөх; үндсэн үүргээ ёсчлон биелүүлсэн. Иймд нөхөн татвар, торгууль, алдангийг дахин төлүүлэхээр хариуцагч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Бодит байдалд: бодит, бүрэн санхүүжилтийг хийж НӨАТ төлөх үндсэн үүргээ хуульд заасан дагуу ёсчлон биелүүлсэн. НӨАТ-ын дүнтэй хууль ёсны санхүүжилтийг бараа материал бэлтгэн нийлүүлэгч нарт бэлэн бусаар шилжүүлсэн. Түүгээрээ бодит худалдан авалт хийн, улсын чанартай бодит бүтээн байгуулалт хийсэн. Нөхөн татвар биш дахин татвар, дахин татварын торгууль, дахин татварын алданги болж хувирч байна.

Бүрэн санхүүжилтийн 9 ширхэг ажил гүйлгээг дэлгэрэнгүй байдлаар, холбогдох гэрээ, гэрээний мөнгөн дүн, НӨАТ-ын дүн, баталгаажуулсан падааны дугаар, падааны мөнгөн дүн, бэлэн бус гүйлгээний огноо, гүйлгээний мөнгөн дүнг тусган хавсралт хэсэгт тусгасан. НӨАТ-ын, худалдан авалтын, банкаар хийсэн төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйг ойлгомжтой болгон нэгтгэн хүснэгт хэлбэрээр тусгасан. Дугаар дуг 6 дахь худалдан авалтын төлбөрийг 2 хуваан шилжүүлсэн, нийт 10 удаа банкаар шилжүүлэг гүйцэтгэсэн. НӨАТ-ын падааны нийт дүн 1,300,708,249.99 төгрөг, худалдан авалтын нийт дүн 1,300,708,249.99 төгрөг, банкаар хийсэн бодит санхүүжилт болох төлбөрийн нийт дүн 1,300,708,249.99 төгрөг болно. Бодит зардал 1,300,708,249.99 төгрөг болно.

"Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийсэн" тул нөхөн татвар, торгууль, алдангийн хамтаар төлж барагдуулахыг үүрэг болгосон.

Нэг. "Хий бичилт" гэх ойлголтын хувьд монгол улсын холбогдох хууль тогтоомжид тодорхойлоогүй, харин практикт "хий бичилт"-ийг үйлдсэнээр ямар нэгэн эдийн засгийн өгөөж хүртэх, мөнгөжих, хөрөнгөжих зорилготой татвартай холбогдох үйлдлүүдийг тоймлон ойлгодог. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын дүнгээр шууд үүсэх, татвар төлөх дүнгээ бууруулах ашиг хонжоо хайсан, тухайн баримтын дүнгээс бага дүнгээр худалдан авалт хийсэн, эсхүл тодорхой хувийг нь төлөн "хий хоосон" бичилт хийх үйлдлийг ойлгохоор байна.

Жишээ нь: нийт 99,000 төгрөгийн дүнтэй худалдан авалт бүхий НӨАТ-ын баримтын хувьд 9,000 төгрөгөөр НӨАТ төлөх дүн хэмжээг бууруулах, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг 90,000 төгрөгөөр бууруулах замаар хууль бус хонжоо хайх тохиолдолд 9,000 төгрөгөөр, нийт 18,000 төгрөгөөр албан татварыг бууруулах зорилготой байна. "хий бичилт" ашиглах санхүүгийн хонжоо нь 18,000 төгрөг, "99,000 төгрөгийн дүнтэй НӨАТ-ын баримт"-ыг 18,000 төгрөгөөс бага мөнгөөр хууль бусаар олж авах, эсхүл бодит санхүүжилт огт хийхгүй байх идэвхитэй үйлдэл болно.

Дүгнэлт нэг: 99,000 төгрөгийн НӨАТ-ын баримтад 99,000 төгрөг бүрэн төлөгдөж, татвар төлөгчийн данснаас бодитоор 99,000 төгрөг хасагдаагүй байх тохиолдол юм. Нэхэмжлэгчийн хувьд бүрэн санхүүжилтийг бодитоор хийсэн.

Хоёр. "Тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл" гэх ойлголтын хувьд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг заасан, тус зүйлийн 6.1.35 заалтад "тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл" гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээг хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг" ойлгоно хэмээн хуульчилсан.

Дүгнэлт хоёр: Субъект нь татвар төлөгч. Субьектив зорилго нь төлөх татварын хэмжээг багасгах ажил гүйлгээ төлөвлөн гүйцэтгэж хууль бус хонжоо хайх үйл ажиллагаа байна. Бүрэн санхүүжилтийг бодитоор хийсэн нэхэмжлэгч нь тус үйлдлийн тодорхойлолтын субъект биш бөгөөд субьектив зорилго огт үгүй.

Гурав. "Худалдан авалт бодитоор хийгээгүй" гэх ойлголтын хувьд актад тус агуулга байхгүй ч түүнийг хэвээр үлдээсэн тогтоолд тусгагдсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд дүгнэлтээ танилцуулах шаардлагатай гэж үзлээ. Тогтоолын 3 дахь нүүр үндэслэх нь хэсгийн 6 дахь догол мөрт "Б*******" ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгосон дээрх компаниуд нь нэг үүсгэн байгуулагчтай, тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй" гэх агуулга байна. Тогтоолын 4 дэх нүүр үндэслэх нь хэсгийн 2 дахь догол мөрт "худалдан авалт бодитоор хийгээгүй байхад үйлдсэн анхан шатны баримтуудыг үндэслэн татварын хасалт хийсэн" гэх агуулга байна.

Дүгнэлт гурав:

1. Нэхэмжлэгч нь 2017 онд үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн байгууллагад 11 чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн нь зам гүүрийн барилга, барилгын материалын худалдаа, тоног төхөөрөмжийн түрээс, ачаа тээвэр гэх мэт бөгөөд тодорхой бизнесийн үйл ажиллагаа явуулж, улсын шинжтэй бүтээн байгуулалт болох дарханы замд хувь нэмрээ оруулан улсын комисс хүлээн авсан. Тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, тодорхой бүтээн байгуулалт хийж, тодорхой зардал, санхүүжилтийг гаргадаг компани болно.

2. Нэхэмжлэгчид бараа материал нийлүүлсэн компаниудыг хариуцагчийн зүгээс хэрхэн дүгнэж буй нь тухайн компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шүүхийн журмаар гаргуулан авснаар бодит дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд бусдын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай танилцах боломжгүй. Хариуцагчийн ташаа дүгнэлт нь компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар залруулагдах учиртай гэж үзэж байна. Монгол улсын үндсэн хууль, бусад хуульд иргэний аж ахуй эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхэд тогтоосон тоон хязгаарлалт үгүй.

3. худалдан авалтыг бодитоор хийгээгүй гэж дүгнэхийн тулд худалдан авалтын санхүүжилт бүрэн хийгээгүй нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийн гадагшлах, бууруулах урсгал бүрэн явагдаагүй байх утгатай гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийг санхүүжилтийг бодитоор хийгээгүй, түүхий эд, материал, бараа худалдан аваагүй зөвхөн НӨАТ-ын баримт л ашигласан гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хийсэн бүтээн байгуулалтын ажлууд бараа материалгүйгээр гүйцэтгэн, ашиглалтад оруулах боломжгүй нь туйлын тодорхой юм.

4. Худалдан авалт бүрд санхүүжилтийг бүрэн хийсэн нь банкны шилжүүлгүүдээр нотлогдоно. Бодит санхүүжилтийг бүрэн хийсэн, бодит худалдан авалт. Энэ тохиолдолд их хэмжээний дүн бүхий НӨАТ-ын баримт ашиглан хууль бус хонжоо хайж буй мэтээр дүгнэх үндэслэл огт үгүй.

5. Бусад этгээдийн талаар ташаа дүгнэлт гарган, нэхэмжлэгчид төсөөллөөрөө гэм, хариуцлагыг халдаан дахин татвар ногдуулж буй нь биднийг төдийгүй, улс шинжтэй бүтээн байгуулалтыг ч үгүйсгэж буй хэлбэр гэж үзэж байна.

Дөрөв. Хөндлөнгийн мэдээллийн хувьд актын 1 дэх нүүр тэмдэглэх нь хэсгийн 2 дахь догол мөрт хөндлөнгийн мэдээлэл болох тагнуулын ерөнхий газрын 2024.05.17 өдрийн 16/418 дугаарт албан бичгийн агуулгын талаар дутуу дурдсан. Тус албан бичиг нь "... Эрүүгийн 2302003760085 дугаарт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар бүрдүүлэн татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү" гэсэн үндсэн 3 агуулгатай.

Дүгнэлт дөрөв:

1. Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаанд "гүйцэтгэх ажлын тухай хууль"-ийн 23 дугаар зүйлд заасанчлан монгол улсын ерөнхий прокурорын газар бүхэлд нь хяналт тавьдаг.

2. Эрүүгийн дурдсан хэргийг хянан ". Болзошгүй тул хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх." агуулгаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас шийдвэрлэн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй биш, захиргааны маргааны шинжтэй хянуулахаар татварын ерөнхий газарт шилжүүлсэн.

3. "Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар бүрдүүлэн татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон" гэх агуулга огт байхгүй, тэр тохиолдолд цагдаагийн эсхүл тагнуулын байгууллагаар үргэлжлүүлэн шалгуулахаар монгол улсын ерөнхий прокурор шийдвэрлэх учиртай.

4. Хуульд заасан дагуу хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлээгүй тагнуулын ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон асуудал хэмээн хариуцагч дүгнэж, хандсан гэж ойлгогдохоор байна. Ерөнхий дүгнэлт хариуцагч нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хууль биелүүлэх үүрэгтэй. Хуулиар ногдуулсан албан татварыг худалдан авалтаар төлсөн бодит нөхцөл байдлыг ташаа дүгнэн нөхөн татвар, торгууль, алдангийн хамтаар дахин төлүүлэхээр шийдвэрлэж буй нь монгол улсын үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид огт нийцэхгүй байна. Хариуцагчаас бодит бус төсөөллийн шинжтэй дүгнэлт гаргаж буй нь хуулийг ташаа ойлгож буй төдийгүй хууль тогтоох эрх мэдэлд халдсан шинжтэй байна. Нэхэмжлэгчийн хувьд хуулиар ногдуулсан албан татварыг бүрэн төлсөн.

Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татварын албанаас Б******* ХХК-ийн 2022 оны үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт, шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Уг нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татварын 9 падаантай холбоотой зөрчил байна гэж үзсэн. Дарааллын хувьд 1, 2 гэж заасан 2 актын 2-г нь эхлээд тайлбарлая. Учир нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой зөрчил байна гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. 2 дахь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн учраас аж ахуйн нэгжийн орлогын татвар ноогдох орлогоос хасагдах зардал гэж үзсэн байна гээд 2 дахь асуудал нь 1 дээрээ бичигдчихсэн байгаа юм.

Татварын хяналт шалгалтын хэсэгчилсэн хялбаршуулсан хяналт шалгалтын явцад татварын албанд хүлээн авсан баримт бичгийн бүрдэл гэдэгтэй холбоотой 9 баримт бичгийг татварын албанд хяналт шалгалтын үед өгчээ. Энэ нь тухайн компанийн үйл ажиллагааг бүгдийг нь илэрхийлсэн бүртгэл байгаа. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэлд ажил үйлчилгээнүүдийг хэрхэн бүртгэсэн талаарх асуудлыг хянуулахаар татварын улсын байцаагчид файлаар нь санхүүгийн бүх баримтыг өгсөн. Мөн компанийн данс, харилцах дансны хуулга, ажил гүйцэтгэсэн болон бараа материал худалдан авсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэрэг баримт материалуудыг нэмэлтээр цаасан хэлбэрээр өгсөн. Эдгээр баримтуудыг шүүхэд тусдаа хавсралт болгоод гаргаж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Татварын улсын байцаагчийн тавьсан актын үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нэхэмжлэл падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй, уг албан татварыг хасаж тооцохгүй гэх үндэслэлээр бичиж байгаа. Би ойлгохдоо хуульд үндэслэхдээ тухайн хуулийг бичих ёстой гэж ойлгодог. Гэтэл татварын улсын байцаагч акт үйлдэхдээ хуулийн заалтыг өөр болгож бичсэн байгаа нь нэлээн анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг акт дээрээ бичихдээ худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгч нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэх хэрэг хянан шийдвэрлэхэд хамгийн чухал баримтыг зүгээр падаан гэж бичсэн байна. Чухам яагаад ингэж өөрчлөлт бичих болсныг мэтгэлцээний явцад тайлбарлах байх. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан бэлтгэн нийлүүлэгчийн албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгч албан татвар төлсөн нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол гэж байгаа. Гэтэл татварын хяналт шалгалтад эдгээр баримтуудыг бүгдийг нь гаргаж өгсөн. Мөн татварын хяналт шалгалтад өгсөн баримт нь тухайн компанийн бүтэн 1 жилийн үйл ажиллагааг тодорхойлсон маш их хэмжээний баримт байдаг учраас хуульд заасан баримтуудыг нь дэс дараалалтайгаар, үнийн дүнтэйгээр нь бичээд Татварын маргаан таслах зөвлөлд өгсөн. Хуульд заасан бүх бичиг баримт эх хувиараа байгааг татварын улсын байцаагч нарт өгсөн. Мөн маргаан таслах зөвлөлд тусгайлан хянахад хялбар болгож гаргаж өгсөн. Иймд татвар төлөгчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Хамгийн гол нь цаг хугацааны хувьд, үнийн дүнгийн хувьд хэн нэгэн дахин хийх боломжгүй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримт, бэлтгэн нийлүүлэгч компанийн харилцах данс руу шилжүүлсэн арилжааны банкаар төлбөр тооцоо хийгдсэн бүх баримтуудыг өгсөн. Ийм тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа нь хууль бус байна.

2022 онд 1 тэрбум 1 зуун 82 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зориулалтгүй татварын үйлдэл хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2 албан татвар төлөгчийн албан татвар ноогдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 13.1.3 зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэл баталгаажсан байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж акт тавьсан. Энд манай үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн бүх баримтууд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх гэдэг нь 2022 онд тухайн худалдан авалтаар тайлагнаад, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан гэдэг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зохих заалтыг хангаж байгаа юм. 13.1.2 татвар төлөгчийн албан татвар ноогдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх гэдэг дээр 2022 онд манайх 2 улсыг холбосон замын Дархан хот дахь хэсгийг холбосон гүүр барьж ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотой холбогдох зураг болох Сангийн сайд, Улсын Их Хуралын гишүүд хүлээж авч байгаа зураг, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж явууллаа гэсэн талархлын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл худалдан авалтын бүх баримтууд нь тухайн тайлант хугацаанд аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай холбогдон гарсан гэдгийг дээр баримтуудаар нотлох боломжтой. Мөн зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэж байна. Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүх журналын бичилт, мөн авлага, өглөгийн бараа материалуудыг бүгдийг нь файлаар татварын хяналт шалгалтад хүргүүлсэн учраас зардал бодитой гарсан нь холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэдгийг нотолж байна. Дээрх баримтуудтай татварын улсын хяналт шалгалтын явцад танилцсан. Хяналт шалгалт хийж байх үедээ зарим зардал бодитой гарсан гэдэг нь нотлогдохгүй байна гэх зүйлийг ярьж байгаагүй. Хэдийгээр нөхөн ногдуулалтын актын үндэслэл болгож хуулийн зүйл заалт бичээгүй боловч хэд хэдэн агуулга байгаа. Өөрөөр хэлбэл хий бичилттэй худалдан авалтын падаан гэдэг нэр томьёо байна. Тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийсэн гэсэн ойлголт мөн байна. Дээрээс нь хөндлөнгийн мэдээлэл гэж захиргааны актад дурдагдсан байна. Эдгээр дээр тус тусад нь өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Хий бичилттэй худалдан авалтын падаан гэж нэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл 9 падааны 9 удаагийн худалдан авалтын үйл ажиллагааг хий бичилттэй байна гэж татварын улсын байцаагч үзэж байгаа. Гэтэл татварын аль ч хууль тогтоомжид хий бичилт гэсэн нэр томьёо байхгүй. Практик дээр харин зөндөө тохиолдож байгаа асуудал. Цаасан падаан бичдэг байх үеэс 3 мянган аж ахуйн нэгжид холбогдсон, 5 мянган иргэнтэй холбоотой хий бичилтийн асуудал үүслээ гээд цагдаагийн байгууллага тухайн 5 мянган хүнийг шалгаж байсан бөгөөд энэ нь 2013-2014 оны үеэс хойш өдийг хүртэл үргэлжлээд явж байгаа. Гэхдээ хий бичилттэй падаан гэдэг нь практикт дүр эсгээд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан биччихсэн, бусад зүйл нь буюу төлбөр тооцоо хийхдээ кассын баримт гаргачихсан, өөр үйл ажиллагаандаа зарцуулсан эсэх баримт байдаггүй. Гэтэл манай компанид бүх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, худалдан авалтын баримтууд байгаа бөгөөд энэ тохиолдолд хий бичилт гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаасаа практикт татварын алба хий бичилттэй падаан гэдгийг тогтоохдоо хэрвээ хий бичилттэй падаан гэж байгаа бол татварын улсын байцаагч танилцуулга гэх бичиг баримт үйлдээд цагдаагийн байгууллагад шилжүүлж, цагдаагийн байгууллагаас шалгаад үнэхээр татвараас зайлсхийх зорилгоор хий бичилттэй падааныг үйлдсэн байна гэж тогтоогдвол цагдаагийн байгууллагаас гаргасан дүгнэлт, эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолыг үндэслэн татварын байгууллага акт бичих үйл ажиллагаа явагддаг. Үнэхээр цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хий бичилттэй падаан байна гэж тогтоосон бол магадгүй үүнийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл гээд санкц болгоод хариуцлага ноогдуулж харагдаад байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн нэр томьёон дээр байгаад байгаа асуудал байна. Үүнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль гэх нарийвчлан зохицуулсан хуулиудад санкцыг нь тодорхойлчихсон байхад нэр томьёог хэрэглээд яваад байх нь хэр зохимжтой байхыг хэлж мэдэхгүй байна. Нөгөө талаас манайх хуульд заасан бүх одоо бичиг баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулдаг учраас хэрвээ тодорхой бизнес нь зөрдөггүй татварын үйлдэл хийсэн гэвэл тэрүүний субъект нь манай үйлчлүүлэгч биш байж таарна. Учир нь бүхий л ажиллаагааг хуулийн дагуу хийж байгаа. Тийм учраас субъект бол биш. Цаашдаа урьд өмнө нь тохиолдож байгаагүй хариуцлага ногдуулах санкц дээр нэр томьёоны асуудал гарч ирээд байгаа учраас Нийслэлийн Татварын газарт уг практик яваад байна. Би үүнийг харахдаа Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн шударга ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэсэн байгаа. Хуулиар нь ногдуулсан албан татвар төлөх гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзээд акт бичээд байдаг болчихвол үнэхээр утгагүй зүйл болох гээд байна. Тийм учраас холбогдох хуулийн зүйл, заалт буюу 14.5, 13.1.1-13.1.3 заалтуудыг үндэслэж байгаа үндэслэлүүдэд мэтгэлцээний явцад няцаалт өгөөд явах ёстой байх. Дараа нь хөндлөнгийн мэдээлэл гэсэн асуудал орж ирж байна. Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын тоот албан бичигт дурдсан 10 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалтын падааны мэдээллийг тулган шалгах тухай гэсэн нэр томьёо орж ирсэн байна. Тагнуулаас бичиг ирлээ гэдэг нь бидний ойлгож байгаагаар Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаанд Улсын прокурорын ерөнхий газар хяналт тавьдаг. Тийм учраас Тагнуулын ерөнхий газраас ирж байгаа бичиг нь ийм байж болзошгүй учраас захиргааны процессын дагуу хяналт шалгалтыг хийнэ үү гэсэн агуулгатай бичиг ирсэн байна гэж харсан. Нөгөө талаас эрх зүйн хувьд татвараас зайлсхийх гэмт хэрэг гэж үзэж байвал цагдаагийн байгууллага шалгах зохицуулалттай. Үүнийг маргааны явцад эрх зүй талаас нь судалж үзсэн. Мөн маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой тайлбарыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Хэдийгээр бид маргаан таслах зөвлөлийг хариуцагчаар татах нь ч зүйтэй биш учраас хариуцагчаар татаагүй ч Татварын маргаан таслах зөвлөлтэй холбоотой үйл явдлыг шүүхэд танилцуулах нь зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани дээр захиргааны хэрэг үүссэн. Татварын маргаан таслах зөвлөл буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамжид бид гомдол гаргахгүйгээр Маргаан таслах зөвлөлд гомдлоо хянуулсан. Маргаан таслах зөвлөлөөс гомдол гаргагчаас ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээнд нийлүүлэхээр тохирсон анхан шатны баримтад дурдсан бараа материалыг бүртгээгүй байна гэсэн. Гэтэл манай бэлтгэн нийлүүлэгч компаниудыг татварын улсын байцаагч шалгаагүй. Гэтэл маргаан таслах зөвлөл уг акттай холбоотой гомдлыг хянах ёстой байсан боловч үүнээс халиад бараа материалын бүртгэл нь бэлтгэн нийлүүлэгч компанид нь байхгүй байна гэж үзсэн. Тэгсэн атал шалгалтыг хэн хийсэн нь тодорхойгүй буюу маргаан таслах зөвлөл гомдлыг хянах явцдаа тусгай захирамжийн томилолт үүсгээд шалгачихсан юм уу гэх зэрэг тодорхойгүй байгаа юм. Маргаан таслах зөвлөлийн гол дүгнэлт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, Татварын удирдлагын нэгдсэн систем дэх аж ахуйн нэгжийн худалдан авалтын баримтын мэдээлэл зэргээс үзэхэд уг компаниуд нь нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй компани байна. Гомдол гаргагчаас ирүүлсэн худалдах худалдан авах гэрээнд нийлүүлэхээр тохирсон анхан шатны баримтад дурдсан бараа материалын бүртгэлгүй байна гэсэн байна. Нэг үүсгэн байгуулагчтай гэж хэлж байгаа нь маргааны зүйлд ач холбогдолгүй. Учир нь манайх 2022 онд нийтдээ 5 тэрбум 7 зуун сая төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг. Үүнийг маргаан таслах зөвлөлийн тогтоол дээр дурдсан байна. Үүнээс хэсэгчилсэн буюу хялбаршуулсан хяналт шалгалт хийхдээ зөвхөн нэг үүсгэн байгуулагчтай компаниудтай холбоотойг нь сонгож авч хяналт шалгалт хийчхээд нэг үүсгэн байгуулагчтай компаниудаас худалдан авалт хийсэн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлэхгүй гэдгийг бид үнэхээр мэдэхгүй, манай бэлтгэн нийлүүлэгч компаниудыг үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мэдэхгүй байсан учраас шүүхэд хүсэлт гаргаад, тухайн бэлтгэн нийлүүлэгч компаниудын нийлүүлсэн гээд байгаа 2022 оны 08, 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг Нийслэлийн татварын газраас татуулж, хавтаст хэрэгт авсан. Тухайн компаниуд нь 2022 оны 08, 10 дугаар сард хэдэн зуун сая төгрөгийн бараа материалыг импортоор оруулж ирсэн гэдэг нь нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл гаалийн байгууллагад тухайн хуулийн этгээдийн нэрээр мэдүүлээд, холбогдох татваруудыг төлсөн компанийг Татварын маргаан таслах зөвлөл яагаад үйл ажиллагаа явуулаагүй компаниуд гэж үзээд байгааг ойлгохгүй байгаа. Мөн манай компани бусдад татвараас зайлсхийх боломж гаргахгүй байх зорилгоор, бүх үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж явуулдаг. Компанийн хувьд тухайн бэлтгэн нийлүүлэгч компаниудын арилжааны банканд харилцах данснууд руу нь бүх төлбөр тооцоог хийсэн байгаа. Өөрийн харилцах данстай, тэр дансаараа орлогоо хүлээж аваад байгаа компаниудыг яагаад үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байгааг мөн ойлгохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бэлтгэн нийлүүлсэн компаниуд нь үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэдэг нь харагдаж байна гэж үзэж байна. Хариуцагч талаас мэтгэлцээний явцад зохих тайлбаруудыг өгөх байх гэж бодож байна гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Нэгдүгээрт, НА-2 дугаар нөхөн ногдуулалтын акт Эрсдэлд суурилсан- хэсэгчилсэн хяналт шалгалт хийх томилолт орсон байна. Тус компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн 2022 оны 08 дугаар сарын тайланд "А******* *******" ХХК-иас 4137164242 дугаартай төлбөрийн баримтаар 89,707,710.17 төгрөгийн, Б" ХХК-иас 4138751537 дугаартай төлбөрийн баримтаар 80,717,367.95 төгрөгийн, Б*******" ХХК-иас 4138751535 дугаартай төлбөрийн баримтаар 12,170,406.53 төгрөгийн, "Б ХХК-иас 4138843258 дугаартай төлбөрийн баримтаар 383,122,415.14 төгрөгийн, "Д" ХХК-иас 4138751536 дугаартай төлбөрийн баримтаар 42,434,725.49 төгрөгийн, "******* Э" ХХК-иас 4138751538 дугаартай төлбөрийн баримтаар 29,353,011.08 төгрөгийн, Ө******* ХХК-иас 4142144570, 4142144571, 4142144572 дугаартай төлбөрийн баримтаар 544,956,409.08 төгрөгийн үнийн дүнтэй нийт 9 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар нийт 1,182,462,045.44 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 2022 онд 1,182,462,045.44 төгрөгийн үнийн дүнтэй 9 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 8-р сарын тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд хариуцлага оногдуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татвар хасалт хийх. 14.5. Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй;" мөн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 08/05 дугаартай Татварын хяналт арга зүйн газраас ирүүлсэн Татвар хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн 4. Татвар хяналт шалгалтын ажлын чиглэлийн 4.4.-д заасан заалтыг үндэслэн торгууль алданги ногдуулсан. Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн "Б*******" ХХК-д 2022 онд тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй компаниас худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 6.1.35. "тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг.", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн заалтыг баримтлан хариуцлага тооцож нөхөн ногдуулалтын акт үйлдсэн гэжээ.

3.2. Хариуцагч Г.И шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Маргааны гол асуудал болох нөхөн ногдуулалтын акт нь Тагнуулын ерөнхий газраас ирсэн тоот албан бичгийн дагуу хяналт шалгалтын Нийслэлийн татварын газрын даргын олгосон томилолтоор Г.И, А.Б нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон төлбөрийн баримт нь хоорондоо ялгаатай. Төлбөрийн баримт гэдэг нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй, суутган төлөгчөөр бүртгэгдсэн болон нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн өгөгдсөн шаардлагыг хангаагүй татвар төлөгч нарын гаргаж өгдөг төлбөрийн баримт. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар салгагдаагүйд тооцогддог үнэ төлбөрийн баримт дээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, суутган төлөгч этгээдээс худалдан авсан бараа материал нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болж үүсээд нэмэгдсэн өртгийн албан татвар нь салгагдаад, үндсэн бараа материалын төлбөр мөн эцсийн хэрэглэгчээс төлж байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар нь салгагдаад татварын системд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болж үүсдэг. Тэгэхээр нэхэмжлэгч нь маш буруу ойлголтой байна. Хуулийн уг хэллэг. Төлбөрийн баримт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа та борлуулалтын орлого олж байвал нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч мөн ч байсан биш ч байсан төлбөрийн баримтыг заавал олгоно. Хэрвээ та суутган төлөгч бол таны төлбөрийн баримт нэмэгдсэн өртгийн падаан болж үүснэ.

Нэхэмжлэгч Б******* ХХК нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дугаар бүхий 9 ширхэг падаанаар худалдан авалт хийсэн. Эдгээр аж ахуй, нэгжүүд нь хөндлөнгийн мэдээллээр Тагнуулын ерөнхий газрын баримт бичгээр татвараас зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэж байна. Эдгээр компаниуд нэг үүсгэн байгуулагчтай нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон байна. Маргаан таслах зөвлөлийн байцаагч нь эдгээр компаниудын татварын удирдлагын нэгдсэн систем дэх тайлан, борлуулалт руу хандах эрхтэй байцаагч байдаг учраас уг эрхийн дагуу хандаад борлуулалт хийсэн үгүйг нь хөндлөнгөөс тогтоосон байх. Тухайлбал Ө ХХК гэх аж ахуй нэгж нь цемент борлуулдаг гэж үзвэл дотоодоос худалдан авалт байхгүй, мөн гаалиар оруулж ирсэн импорт байхгүй. Энэ тогтоогдвол хуурамч хий бичилттэй падаан үйлддэг гэсэн үг. Энэ мэт падаануудыг аваад гэрээ болон бараа материал хүлээлцсэн акт зэрэг дүр эсгэж хийсэн гэж үзэж байгаа. Бодитоор худалдан авалт хийгээгүй гэсэн үг. Ямар ч бариа материал аваагүй, юу ч үйлдвэрлээгүй, дотоодоос худалдаж аваагүй байж зарах боломжгүй. Бодит биш гэдэг нь тогтоогдож байгаа учраас Тагнуулын байгууллагаас манайх руу шалгуулахаар хүсэлт явуулсан байна гэв.

3.2. Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татвар төлөгч нь Дарханд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүнтэй холбоотой бараа материал, өртөг гарна гэж тайлбарлаж байна. Үүсгэсэн падаанууд нь дүр эсгэсэн хий бичилт байгаа. Түүгээр бүх нягтлан бодох бүртгэл, журнал бичилтээ өгсөн гэж байна. Гэтэл энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, харилцагч нь үйл ажиллагаа явуулдаггүй, бараа материалын бүртгэлгүй хий бичилттэй байна гэж байгаа. Өөрийнх нь Дарханы замын өртөг хаачсан бэ, манайх ийм зардалтай гэж тайлбарлаж байна. Тэр нь нотлох баримтын шаардлага хангаад, бодитойгоор уг компаниас тоосго худалдаж авсан гэсэн нотлох баримт байхгүй. Байгаа нотлох баримт нь хий, дүр эсгэсэн хэлцэлтэй, мөн бүх баримтаа хий үйлдэж байгаа. Үүгээр нэхэмжлэгч нь нягтлан бодох бүртгэл, өртөг зардал, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаа хийж байгаа. Гол нотлох зүйл нь энэ дээр явагдаж байгаа. Өөрийнх нь бодит өртгийг баримтжуулаад хийчихсэн байсан бол хуулийн шаардлага нь биелсэн баримтуудаар өртөг, зардал, худалдан авалтад орж явах байсан. Гэтэл өөрийн бодит худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар, падаан зэргийг цуглуулаагүй. Үүнийг Тагнуулын ерөнхий газраас хянаад болзошгүй гэдэг нь тогтоогдсон. Бид тагнуулын бичгийг үндэслэж актаа гаргадаггүй. Томилолт орж ирэнгүүт өөрийн эрхийн хүрээнд харилцан гүйлгээ хийсэн этгээдүүдийг шалгадаг. Харилцагчийг нь харилцан судалж, тогтоож байж захиргааны актыг гаргадаг. Маргаан таслах зөвлөл мөн бидний актыг нягтлахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох бүх систем, базуудыг шалгаж байж дахин нотлоод шийдвэрээ гаргадаг. Түүний дагуу тогтоогдож байна гэж үзсэн учраас ийм татвараас зайлсхийж улсыг хохироосон гэж үзсэн гэв.

3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татварын алба үйл ажиллагаагаа Татварын ерөнхий хуулийн хүрээнд явуулдаг. Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын алба нь үйл ажиллагаандаа татварыг бий болгох, тогтоох, ногдуулж тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх чөлөөлөх зэрэг үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх зарчмыг баримтална. Татварын хууль тогтоомж бүрэн зөв мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчилтэй тохиолдолд нөхөн ногдуулалтын актыг гаргадаг. Татварын ерөнхий хуульд зааснаар 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 41 дүгээр зүйлийн 41.1 гэсэн 5 үндэслэлээр нөхөн ногдуулалтын актыг үйлдэж байгаа. Нэхэмжлэгч тал тагнуулын бичгийн талаар ярьж байна. Тагнуулын бичгээр татварыг ногдуул, эсвэл чөлөөл гэдэг асуудлыг шийдвэрлэхгүй. Манайд зөвхөн холбогдох мэдээллийг өгч байгаа учраас бид үүнийг үндэслэл болгох боломжгүй. Учир нь Татварын ерөнхий хуулиар гагцхүү Улсын Их Хурал татварыг бий болгох, хөнгөлөх, чөлөөлөх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татварын хууль тогтоомжид хий бичилтийн талаар тусгаагүй байдаг гэж тайлбарлаж байна. Миний бие Татварын ерөнхий газрын даргын хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэгт ажиллаж байгаагийн хувьд хий бичилттэй холбоотой асуудлыг товч тодруулъя. Хий бичилт гэдэг нь хуулийн дагуу бусдад 10 хувиар төлөх татварыг хоорондоо тохиролцон хувь хэмжээг багасгаж, бие биедээ дамжуулж улсад төлөх татварыг бууруулж байгаа үйл ажиллагааг зохион байгуулж байгаа этгээд нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд, цагдаа хүчний байгууллага нь прокурорын байгууллагад хэрэг үүсгэж нотлоод дугаар авсны үндсэн дээр яллагдагчаар татдаг. Мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад улсад төлөх татварыг барагдуулсны дараагаар хуульд заасан бусад хариуцлагыг хүлээлгэж байгаа дээр хий бичилт гэдэг ойлголт яваад байгаа. Компанид нөхөн ногдуулалтын акт тавьсан дээр манайхан хий бичилт гэдгийг онцолж тодорхойлж акт бичиж чадахгүй байна. Учир нь хий бичилтийг татвараар тодорхойлох боломжгүй. Борлуулалтын орлогоо дутуу тайлагнасан, нуусан, татвараас зайлсхийсэн зэрэг үг хэллэгүүдээр татварын хуульд заасан эрх үүргийн хүрээнд процесс ажиллагааг хийж байж татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгээр Татварын ерөнхий хуулийг баримталж, татвар төлөөгүй гэдэгт акт тавих ёстой. Мөн бизнесийн зорилгогүй татвар гэж нэхэмжлэгч талаас хэлээд байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.35-д татвараас зайлсхийх зорилгоор баримт бүрдүүлснийг тайлбарласан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримт хоёрын хувьд талууд өөрийн ойлголтой байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бол суутган төлөгчийн бусдаас худалдан авсан худалдан авалтдаа төлөх, өөрсдийн борлуулалтаар бусдад баримтыг шилжүүлэх юм. Төлбөрийн баримтын тухайд аливаа бараа, ажил үйлчилгээг төрөл бүрийн хэлбэрээр төлсөн төлбөрийн баримтыг албан ёсны нэгдсэн системд баталгаажуулж өгдөг. Үүгээрээ ялгаатай. Байцаагч нар эдгээр компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй, тайлан өгдөггүй, дүр эсгэсэн хэлбэр гаргасан байна гэдгийг бусад байгууллагын мэдээллийн үндсэн дээр анхан шатны баримтаар тогтоогдож байна гэж үзээд, хяналт шалгалтын акт тавьсан. Татварын байцаагч нар болоод Маргаан таслах зөвлөлийн холбогдох ажиллагаанууд нэмэлт тодруулсан баримтуудыг үндэслэж энэ асуудлыг шийдвэрлэсэн байх гэж бодож байна. Учир нь би өөрөө гардаж хяналт шалгалт хийгээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн материал болон байцаагчийн акт, маргаан таслах зөвлөлийн тогтоол зэрэгтэй танилцсаны хүрээнд тайлбар өгч байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгч Б******* ХХК-д шийтгэл ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг зөвтгөн шинээр гаргах хүртэл Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  НА-2 дугаар нөхөн ногдуулалтын актыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлэх зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн 2022-2023 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2024 оны НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2.364.924.090,88 төгрөгийн зөрчилд нийт 388,896,397.78 төгрөгийн төлбөр ногдуулсныг бүхэлд нь эс зөвшөөрч ... улсын байцаагчид татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хууль биелүүлэх үүрэгтэй, хуулиар ногдуулсан албан татварыг худалдан авалтаар төлсөн бодит нөхцөл байдлыг ташаа дүгнэн нөхөн татвар, торгууль, алдангийн хамтаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хууль журамд нийцээгүй..., хариуцагч нараас ...Б******* ХХК-д 2022 онд тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй компаниас худалдан авалт хийж, зарцуулалт хийсэн мэтээр аж ахуйн нэгжийн орлогыг бууруулсан зөрчилд хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй... гэж тайлбарлан маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас үзвэл 2022 оны 8 дугаар сарын тайланд А******* ******* ХХК-аас 4137164242 дугаартай төлбөрийн баримтаар 89,707,7140.17 төгрөгийн, Б ХХК-аас 4138751537 дугаартай төлбөрийн баримтаар 80,717,367.95 төгрөгийн, Б******* ХХК-аас 4138751535 дугаартай төлбөрийн баримтаар 12,170,406.53 төгрөгийн, Б ХХК-аас 4138843258 дугаартай төлбөрийн баримтаар 383,122,415.14 төгрөгийн, Д ХХК-аас 4138751536 дугаартай төлбөрийн баримтаар 42,434,725.49 төгрөгийн , ******* Э ХХК-аас 4138751538 дугаартай төлбөрийн баримтаар 29,353,011.08 төгрөгийн, Ө******* ХХК-аас 4142144570, 4142144571, 414244572 дугаартай төлбөрийн баримтаар 544,956,409.08 төгрөгийн үнийн дүнтэй нийт 1,182,462,045.44 төгрөгийн дүн бүхий 9 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дотоодыг зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүн хэсэгт тайлагнасан байна.

Үүнийг хариуцагч улсын байцаагчид хий бичилттэй падаан гэж үзсэн үндэслэлээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан мөн Б******* ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгосон дээрх компаниудын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, татварын удирдлагын нэгдсэн систем дэх аж ахуйн нэгжийн худалдан авалтын баримтын мэдээлэл зэргээс үзэхэд уг компаниуд нь нэг үүсгэн байгуулагчтай, тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, худалдах худалдан авах гэрээнд нийлүүлэхээр тохирсон анхан шатны баримтад дурдсан бараа материалын бүртгэлгүй байсан гэж буруутгаж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т дараах нөхцөлийг нэгэн зэрэг бүрэн хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1-т тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2-д албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ, 14.4-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ, 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь бодитой хийгдсэн худалдан авалт борлуулалтад төлбөрийн баримт падааныг үйлдэж үүнд үндэслэн татварын хасалт хийгдэхээр байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бараа материал нийлүүлэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөгдсөн төлбөрийн баримт зарлагын баримт нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан зэрэгт тухайн бараа материалыг нийлүүлсэн төлбөрийг төлсөн зэрэг баримтуудыг улсын байцаагч нар ямар үндэслэлээр үгүйсгэж, хий бичилтэй падаан гэж үзэж байгаа нь тодорхойгүй зөвхөн нэг үүсгэн байгуулагчтай аж ахуйн нэгжүүд учраас гэсэн тайлбарыг шууд хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2022 оны тайланг татварын албанд ирүүлсэн байх бөгөөд тухайн тайлангаар нэхэмжлэгч компанитай хийсэн гэрээний дагуу бараа материалыг улсын хилээр оруулж, түүнд хүлээлгэн өгсөн эсэх баримтуудыг хариуцагч улсын байцаагч нар шалган тодруулаагүй гэдгээ тайлбарлаж байгаа энэ тохиолдолд шүс уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлсийг цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул дээрх нөхцөл байдлыг дахин судалж тогтоосны дараа дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзлээ.

Учир нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Б******* ХХК-ийн гаргасан зөрчлийг тогтоох үүргийг улсын байцаагч нар хүлээх бөгөөд холбогдох баримтуудыг хүрээнд шалган тогтоох ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй энэ талаар хариуцагч нараас тухайн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг буруутгаж байгаа үндэслэлээ бүрэн дүүрэн нотлоогүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байх тул Б******* ХХК-д шийтгэл ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг зөвтгөн шинээр гаргах хүртэл нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн НА-2 дугаар нөхөн ногдуулалтын актыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5 дах хэсэгт заасныг баримтлан  Б******* ХХК-д шийтгэл ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг зөвтгөн шинээр гаргах хүртэл хүртэл Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн НА-2 дугаар нөхөн ногдуулалтын актыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хүчингүй болох бөгөөд 3 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.