Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 24

 

109/2016/0008/З                                    2016-09-30 №24                                                                 

 

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Ж.Нямсүрэнгийн  нэхэмжлэлтэй 
    Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад хариуцагдах 

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Нямсүрэнг ажилд томилох тухай 2016 оны б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай”  б/84 дүгээр захирамж, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, гуравдагч этгээд И.Амартүвшин, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Ж.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие захиргааны хэргийн шүүхэд гаргасан эхний болоод нэмэгдүүлсэн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Эхний шаардлагад Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/84 тоот Ж.Нямсүрэнг ажилд томилох тухай 2016 оны б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг эс зөвшөөрч байна. Учир нь хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Надад ямар нэгэн алдаа дутагдал гараагүй. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Миний охин өнөөдөр 10 сартай. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. Мөн хуулийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлүүд зааж өгсөн байхад намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус. Миний биеийг ажилд томилсон Засаг даргын захирамжийг шууд хүчингүй болгож ажлаас чөлөөлж байгаа үйлдэл нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн.
        И.Амартүвшин нь Архангай аймгийн Булган сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан ба Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу тухайн үеийн Засаг дарга Д.Бат-эрдэнэ нь И.Амартүвшинг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож И.Амартүвшинд ажил хүлээлгэн өгөх тухай 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 тоот захирамжиндаа “И.Амартүвшинг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй, зарим хуулийн зохицуулалтыг зөрчиж гаргасан” гэх үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилсон нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Сонгуулийн тухай хуулиар ажлаас чөлөөлөгдөөд буцаад ажилд томилогдох гэж байгаа бол заавал сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байдаг. Тийм учраас аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна
Намайг ажлаас халах тушаал шийдвэртээ төрийн албаны хүнтэй зөвшилцөөгүй, авилгатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг аваагүй гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байсан. 2003 оноос театр, чуулга, номын сан музейд ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулалтаар томилно гэж заасан. 2000 оноос хойш томилогдсон хоёр дарга хоёулаа хууль зөрчөөд томилогдсон. И.Амартүвшин дарга 2000 онд Театрын даргын ажилд томилогдохдоо сонгон шалгаруулалт өгөөгүй шууд томилогдсон. Өөрөө хууль зөрчиж томилогдчихоод намайг хууль зөрчсөн гэж үзээд байх юм. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Анх уран сайхны удирдаачийн ажлыг 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сар хүртэл,  2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс театрын даргын ажлын уран сайхан удирдаачаар хавсран гүйцэтгэж байгаад 02 сараас эхэлж даргын албан тушаалд түр томилогдсон. 2016 оны 06 дугаар сарын 23-наас театрын даргын ажилд жинхэлэн томилогдсон. Би төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас төрийн албан хаагчийн хууль надад үйлчилнэ гэж бодож байна. Миний бие хууль бусаар ажлаасаа халагдсан тул миний үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 
    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага болоод нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/84 тоот захирамжаар И.Амартүвшингийн ажлаас чөлөөлөх  2016 оны б/53 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Гарсан захирамж нь өөрөө хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй. И.Амартүвшингийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг дээр хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд И.Амартүвшинг томилоод томилсон шийдвэрээ шүүхэд шилжүүлсний үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэр үед И.Амартүвшин дарга ажлаа хийх боломжтой байсан сонгуульд нэр дэвшиж, Булган сумаас нэр дэвшиж оролцож байсан Үүний дагуу Сонгуулийн тухай хуулийн дагуу тухайн үед ажиллаж байсан Засаг дарга И.Амартүвшинг ажлаас нь чөлөөлсөн байдаг. 
    Үйлчилгээний албан тушаалтан нь сонгуулийн хуульд зааснаар албан тушаал эрхлэхгүй байвал зохино гэсэн заалт бий. Засаг дарга Ц.Мөнхнасангийн тушаал шийдвэр хуулийг ноцтой зөрчсөн буюу буруу хэрэглэсэн энэ захирамжийг үндэслэх хэсэгтээ аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 захирамж нь аймгийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг баталсан шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй, зарим хуулийн зохицуулалтыг зөрчиж гарсан гэж үндэслэсэн. Засаг дарга нь И.Амартүвшинг ажилд эгүүлэн томилж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Шүүх шийдвэр гаргахдаа И.Амартүвшин гэх хүнийг ажилд нь эгүүлэн томилоод түүнийг батлаад шүүх шийдвэрээ гаргасан. И.Амартүвшинг сонгуульд нэр дэвшиж байгаа гэдгийг Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг үндэслэн ажлаас нь чөлөөлж байгаа. Шүүхийн шийдвэр гардгаараа гараад тухайн процесс явагдаж дуусаад тухайн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн.
    Удирдах ажилтны сул орон тоог баталж сонгон шалгаруулалт явуулаагүй гэсэн нь ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслэсэн болохоо дурдаагүй. Учир нь Төрийн албаны тухай хуулинд үйлчилгээний албан тушаалтны сул орон тоог нөхөх талаар тусгагдаагүй ба төрийн жинхэнэ албан тушаалд яригддаг. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тоог нөхөх заалт байдаг. Ж.Нямсүрэнг үнэхээр хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгоод сонгон шалгаруулалт зарлаад хууль ёсны дагуу ажлаа хийхгүй яасан юм бэ. Харин Ж.Нямсүрэнг Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д заасны дагуу хуулийн шаардлага хангаж томилсон нь тогтоогдсон. Үүнд заавал амаар юм уу, бичгээр тусгасан зүйл байдаггүй. Гэрчийн мэдүүлэгт амаар зөвшилцсөн гэж мэдүүлсэн байгаа. Ж.Нямсүрэн нь Хөгжимт драмын театрын даргаар томилогдоод Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан байдаг.
    И.Амартүвшинг томилсон тушаал нь өөрөө хүчин төгөлдөр бус мөн Ж.Нямсүрэнг уран сайхны удирдаачаар томилсон тушаал ч хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Үүнд Төрийн албаны хууль болон хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн асуудал байгаа. Нэхэмжлэгч талаас 2016 оны 07 дуаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамж, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ц.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би үүнтэй санал нийлэхгүй. Өнөөдөр захиргааны байгууллага аливаа үйл ажиллагааг хийхдээ бүх зүйлийг хуульд нийцүүлэхийг төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Ж.Нямсүрэн нь аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан ба 2015 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн б/76 дугаар захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүргийг хавсруулан гүйцэтгүүлсэн байна. Энэ хугацаанд аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшин нь Захиргааны хэргийн шүүхэд ажлаас халагдсан үндэслэлээ эс зөвшөөрч гомдол гаргасан ба Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 06 дугаар 22-ны өдрийн тус шүүхийн 15 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нар нэхэмжлэгч И.Амартүвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлсэн байдаг. 
Хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хөгжимт драмын театрын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан Ж.Нямсүрэнг даргын үүргийг гүйцэтгэхээс чөлөөлж, б/51 дүгээр захирамжийг гаргасан ба энэ өдрөөс эхлэн. Амартүвшин театрын даргын ажилдаа эргэн ажиллах болсон. И.Амартүвшинд театрын даргын ажлыг хүлээлгэн өгөөгүй ба 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эргүүлэн б/53 дугаар захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн байдаг. Эдгээр захирамжуудыг И.Амартүвшинд гардуулан өгөөгүй.
2016 оны 06 дугаар сарын 23-нд театрын даргаар Уран сайхны удирдаач Ж.Нямсүрэнг томилсон. Энэхүү томилгоог хийхдээ Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолд заасны дагуу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаагүй, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасан Соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй зэргээр хууль зөрчсөн. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшиж байгаа этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Гэтэл хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хүргүүлж, хянуулж хариу аваагүй байхдаа томилогдсон.
Эдгээр үндэслэлээр Ж.Нямсүрэнг томилсон шийдвэр хуульд нийцээгүй тул захирамжийг хүчингүй болгосон. Мөн И.Амартүвшингийн ажилд эргэн орох эрх үүссэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад Ж.Нямсүрэнг томилсон нь буруу.
Мөн б/83 дугаар захирамжийг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг нэр төдий биелүүлж, И.Амартүвшинг томилоод 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу шүүгчийн захирамж гарсан өдөр түүнийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч зөвшөөрсөн гэдгийг мэдээгүй байхад эргүүлэн чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Ж.Нямсүрэн нь өөрийн хуучин эрхэлж байсан уран сайхны удирдаачийн ажилдаа эргэн томилогдсон.
 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  
Гуравдагч этгээд И.Амартүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болох шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар аймгийн Засаг дарга хууль бус тушаал шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна.
Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамж нь Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн "Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан" шүүгчийн захирамжийг биелүүлээгүй, биелүүлэхээс санаатайгаар Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж гарсан.
Ж.Нямсүрэн нь төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй, нөөцөд бүртгэгдээгүйн дээр Ж.Нямсүрэн нь хууль бусаар Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын ажилд томилогдон ажиллаж байсан тул Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Засагдаргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83, б/84 дүгээр захирамжуудыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.Амартүвшин нь Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар томилогдон ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн б/59 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг хэрэг маргаан захиргааны хэргийн шүүхэд шалгагдаж явж байх үед нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн тул 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн б/59 тоот захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гарсан байхад эргээгээд ажлаас нь чөлөөлж байгаа. Шүүхийн шийдвэрийг ийм байдлаар хэрэгжүүлж болохгүй. Засаг даргын захирамж гарахад И.Амартүвшин аймгийн төвд байгаагүй. 
Сонгуулийн ажилтай хөдөө явж байсан. Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллах хүсэлтийг гуравдагч этгээдийн зүгээс аймгийн Засаг даргын б/53 дугаар захирамж нь өөрөө хууль бус байна гэж үзээд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр энэ захирамж хууль бус байна гэдэг үүднээс дахин аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Тэгтэл 08 сарын 05-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу өгсөн байдаг. 
Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр б/53 тоот захирамж гарахдаа Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байгаа. Хоёрдугаарт шүүхийн шийдвэр өнөөдөр биелэгдээгүй. Шийдвэрийг биелүүлсэн мэт дүр үзүүлээд эргээд ажилд нь томилж байгаа нь нэг асуудал. И.Амартүвшин даргыг сонгон шалгаруулалт өгөөгүй ажилд томилогдсон гэж яриад байна. И.Амартүвшин гэх хүнийг Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар томилогдох үед ямар эрх зүйн акт үйлчилж байсан гэхээр Гэгээрлийн сайдын 1999 оны 243 дүгээр тушаалын хавсралт “Төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм үйлчилж ирсэн. Энэхүү дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-д орон нутгийн театр, чуулганы дарга нарыг Засаг дарга Соёлын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагатай зөвшилцөж томилно гэсэн заалт бий. Үүнд сонгон шалгаруулалт зарлана гэсэн заалт огт байхгүй. 
Үүний дагуу томилсон. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамж хуульд нийцэж гарсан шийдвэр гэж үзсэн.  2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн б/59 дүгээр захирамжаар И.Амартүвшин гэх хүн даргын ажлаас чөлөөлөгдөхөд тухайн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан хүн нь Ж.Нямсүрэн. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн б/54 дүгээр захирамжаар Ж.Нямсүрэнг Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар шууд томилсон. Даргын ажилд томилоход Соёлын тухай хууль болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны дүрэм, журмыг баримталдаг. 
Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/495 дугаар тушаалын Мэргэжлийн урлагын байгууллагын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т Орон нутгийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, захирлын Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан нь сонгон шалгаруулалт зарлах ёстой. Энэхүү дүрэм нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрддөг. Үүнийг дагаж мөрдөн хэрэгжүүлээгүй байдаг. 
Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль нь төрийн албанд үйлчилнэ. Энэ шаардлагыг мөн хангаагүй. Ж.Нямсүрэн нь би жирэмсэн байсан намайг ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөөгүй гэж яриад байна. Тэгтэл томилгоо нь өөрөө хууль ёсны дагуу тавигдаагүй, сонгон шалгаруулалт авагдаагүй, ашиг сонирхлын мэдүүлэг хянагдаагүй. Зөвшилцөх гэдгийг Ерөнхийлөгчийн тухай хуульд бичгээр санал хүргүүлсэн түүнд зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй хариу гэж үзнэ гэж заасан.
 Хууль ёсны ашиг сонирхол гэдэг нь хуулийн дагуу тухайн ажилд томилогдсон байхыг ойлгоно. Шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  
    Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ нь:

Уг маргаан гарах болсон үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Ж.Нямсүрэнг ажилд тоимлох тухай” б/54 дүгээр захирамжаар тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд Ж.Нямсүрэнг томилжээ. 

Улмаар тус аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Нямсүрэнг ажилд томилох тухай 2016 оны б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” б/84 дүгээр захирамж гарснаар уг маргаан үүсжээ. / х.х- 2-3 /
 
1. Маргаан бүхий захиргааны актыг / б/84 дүгээр захирамж/ хянаж үзэхэд: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Нямсүрэнг ажилд томилох тухай 2016 оны б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” б/84 дүгээр захирамж нь Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна. 

Учир нь: тухайн аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн захирамжаа өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.

Архангай аймгийн хөгжимт драмын театрын даргаар Ж.Нямсүрэнг томилохдоо аймгийн Боловрол, соёлын байгууллагын даргатай зөвшилцөх, удирдах ажилтны ажлын байрны сул орон тоог зарлаж сонгон шалгаруулалт явуулах, хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг авах үүргээ биелүүлээгүй  байна. 

Дээрхи үндэслэлүүдийг дүгнэхэд:  а. Тухайн албан тушаалтан /Засаг дарга/ тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай /Боловсрол, соёлын даргатай/ тухайн байгууллагын албан тушаалтныг /аймгийн хөгжимт драмын театрын даргыг/ томилохдоо өөрийн саналаа бичгээр мэдэгдэж, томилох ёстой байжээ. /х.х- 172/

б. Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаал нь сул орон тоо гарсан гэж үзвэл удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлах бөгөөд уг албан тушаалд сул орон тоо гарсан өдрөөс хойш ажлын байрны захиалгад албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, ажлын байрны тоо, хариуцах асуудал, тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлагууд болон УИХ-ын 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” 1.1, 1.2, 1.3, 8.2 дахь хэсгийг үндэслэн томилох эрх бүхий этгээд /Засаг дарга/ аймгийн Боловролын газраас нэр дэвшүүлсэн иргэнийг тухай албан тушаалд /аймгийн Хөгжимт драмын театрын даргад/ томилсон шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тус аймгийн хөгжимт драмын театрын даргаар томилохдоо удирдах ажилтны ажлын байрны сул орон тоог зарлаж, сонгон шалгаруулалт явуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. /х.х-166-167/

в. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн албан тушаалд томилогдсон /аймгийн Хөгжимт драмын театрын дарга/ этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэгээ 30 хоногийн дотор /нэхэмжлэгч 2016 оны 06 сарын 23-наас/ томилогдсоноос хойш уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д зааснаар түүнийг томилсон эрх бүхийн албан тушаалтанд /Засаг даргад/ өгөх үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбаруудаар тогтоогдлоо./х.х-187-189, 194/  

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Ж.Нямсүрэнг ажилд томилох тухай” б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгосон тус аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэгчийн 1 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий захиргааны актыг / б/83 дүгээр захирамж/ хянаж үзэхэд: Архангай аймгийн Засаг дарга нь аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинд ажил хүлээлцэх захирамжаа гаргахдаа Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна./х.х- 58/
 
Уг захиргааны актын үндэслэл нь аймгийн хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамж нь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээснийг баталсан шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй, зарим хуулийн зохицуулалтыг зөрчиж гаргасан байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл: Архангай аймгийн хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшин нь тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х -151-159/

Уг шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлийг гаргасан гуравдагч этгээд болох И.Амартүвшинд 2016 оны 6 дугаар сарын 21-ний дотор Хөгжимт драмын театрын даргын ажлыг хүлээлгэн өгөхөөр Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн б/50 дугаар захирамж гаргажээ./х.х-126/

Улмаар Архангай аймгийн хөгжимт драмын театрын даргын ажил, албан тушаалаа авч албан үүрэг, эрхээ эдлээгүй байхад дахин 2 хоногийн дараа 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамжаар И.Амартүвшинг ажлаас нь чөлөөлсөн захиргааны актыг гаргасан байна. /х.х -127/

Дээрхи үндэслэлээр гуравдагч этгээдийг эрх, хуулийн ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж Архангай аймгийн хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг томилсон 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Нямсүрэн, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэл болох шүүх хуралдаанд ...  “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг зөрчиж ажлаас халсан нь хууль бус” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
 
Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд гэдэг нь тухайн байгууллагын нь орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон тохиолдолд ажилтныг ажлаас халахыг хориглосон хуулийн заалтууд бөгөөд уг хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт хамааралгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Нямсүрэнг ажлаас халсан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй  байна. 

Маргаан бүхий захиргааны актууд / б/83, б/84 дүгээр захирамжууд/ болон  хэргийн оролцогч нарын нэхэмжлэл, тайлбаруудыг нэгтгэн дүгнэхэд: Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд И.Амартүвшин нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед тус аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.Нямсүрэнг нь Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна.

Улмаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж тус захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар шүүгчийн захирамж гарснаар гуравдагч этгээд И.Амартүвшин нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д зааснаар ажилд эгүүлэн томилогдсон байна. 

Дээрхи нөхцөл байдлаар гуравдагч этгээд И.Амартүвшинг дахин чөлөөлөгдсний дараа нь нэхэмжлэгч Ж.Нямсүрэнг тухай ажил, албан тушаалд жинхэлж томилсон захиргааны акт гаргасан нь хууль бус юм.

Нэхэмжлэгч Ж.Нямсүрэнг өмнө ажиллаж байсан Хөгжимт драмын теартын уран сайхны удирдаачийн ажилд нь 2016 оны 08 дугаар сарын 01-нд томилжээ. /х.х-61/ Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.7-д заасан үндэслэл, шалтгаан арилсан ба нэхэмжлэгчийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан гэж үзлээ.
Тухайн албан тушаалд сул орон тоо гарсан гэдэг нь  албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ. 

Мөн УИХ-ын 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албан удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.1, 1.4.2 дахь заалт;
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны а/495 дугаар тушаалын хавсралтын Төрийн өмчийн мэргэжлийн урлагын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.3-т зааснаар тухайн албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд ажлын байрны тордорхойлолтод заасан шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх бөгөөд хууль, журмын дагуу Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажил, албан тушаалт сонгон шалгарлуулж, томилогдох хуулийн заалттай байна. 

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар сонгон шалгаруулалт зарлаагүй, сонгон шалгаруулалт өгөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сул орон тоо гараагүй байна гэж шүүх дүгнэв. 

Иймд нэхэмжлэгч Н.Нямсүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Нямсүрэнг ажилд томилох тухай 2016 оны б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай”  б/84 дүгээр захирамж, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлин 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ОДОНТУЯА