| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2019/00199/И |
| Дугаар | 312/шш2025/00813 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2025/00813
2025 05 13 142/ШШ2023/00813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Тамирын гурван чулуу байрны ард байрлах, Орхон аймгийн ******* ******* холбогдох, /утас: /
"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 412 398 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ******* цэцэрлэгийн 2019.01.07-ны өдрийн 06 тоот тушаалыг хүчингүй болгуулж, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, С.Болортуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн ******* цэцэрлэгийн ахлах тогтоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу нэг сарын цалин 412 398 төгрөгийг гаргуулах тухай.
Миний бие Ж.******* нь 2007 оноос Орхон аймгийн 22-р ******* тогтоочоор ажиллаж байгаад 2015 онд ******* цэцэрлэг үүсгэн байгуулагдаж ажилчдыг сонгон шалгаруулалтаар авах үед ахлах тогтоочийн ажилд тэнцэн орж, тус ******* ажиллаж эхэлсэн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө эрхлэгч өрөөндөө намайг дуудан өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтийг бичиж өг гэсэн. Яагаад ажлаас халах гэж байгаа юм бэ, би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй гэхэд оронд чинь энэ хүн ажилд орно, шинэ ажилтан авах болсон гээд гэх хүнийг танилцуулсан. Тухайн хүн нь эрүүл мэндийн болон бусад шинжилгээнд бүрэн хамрагдсан гэх бичгээ мөн танилцуулсан. Ингээд би гэнэтийн ийм асуудалд хямарч биеийн байдал муудаж, даралт ихсэж зүрхний пульс 110-т хүрч шоконд орж өрхийн эмнэлэгт очиж үзүүлж, зүрх, даралтын болон тайвшруулах эм ууж тариа хийлгээд бага зэрэг сэхэж, дахин ажил дээрээ очсон. Гэтэл надад шалтгаан нь ч огт тодорхойгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж, ёс зүйн зөрчил гаргасан гэх тушаалыг гардуулан өгсөн. Яагаад ийм тушаал гаргаж байгаа юм гэхэд та өөрийн хүсэлтээр гарахгүй гэсэн шүү дээ, манай байгууллага шинэ ажилтныг ажиллуулах хүсэлтэй байна гэсэн хариуг хэлсэн. Үнэхээр гомдолтой байна. Иймд Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот тушаал хууль бус гэж үзэж байх тул Орхон аймгийн ******* цэцэрлэгийн ахлах тогтоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 1 сарын цалин 412 398 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Орхон аймгийн ******* цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Тус ******* ахлах тогоочоор ажиллаж байсан Ж.*******ын Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг баримт нотолгоотойгоор хүргэж байна. Миний бие Б. нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* ******* 2015 оны 11 сарын 25-наас эхлэн одоог хүртэл эрхлэгчээр ажиллаж байна. Тус цэцэрлэг нь 11 бүлэгт 275 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 40 багш ажиллагсадтай. Тогооч Ж.******* нь өмнө нь Орхон аймгийн Шанд багийн 22-р ******* тогоочоор ажиллаж байгаад 2015 оны 11 сард тус цэцэрлэг ашиглалтад ороход гэрийн ойр байршлыг харгалзан шилжин ирж ажилд орсон байсан. Анх цэцэрлэг ашиглалтанд ороход нэхэмжлэлд дурдагдсан шиг тогоочийн ажлын байрны сонгон шалгаруулалт явагдаагүй бөгөөд Ж.******* тогоочийг өмнө нь 22-р ******* 8 жил ажилласан туршлагыг нь харгалзан 2 тогооч, 1 туслах ажилтнаа ахлан ажиллана уу хэмээн цэцэрлэгийн гал тогоог ахлуулан ажиллуулсан. Албан тушаалын ангилалд ахлах тогооч гэдэг нэршил байдаггүй. 2016-2018 онд тус цэцэрлэгийн багш ажиллагсад, эцэг, эхчүүдээс хүүхдийн хоолны амт чанар муу, хоол махгүй, шөл амтгүй, хоолны нэр төрөл цөөн байна гэсэн шүүмжийг байнга дагуулж тэр болгонд цэцэрлэгийн захиргааны зүгээс болон эрхлэгчийн зүгээс биечлэн тусалж, хяналт шалгалт хийн, заавар зөвлөгөө өгч ажил сайжруулан засахын төлөө эмч, тогооч, нярав нартай тулж ажилладаг байсан. ******* тогоочийн хувьд ахлах тогооч нэрийн дор цэвэрлэгээ үйлчилгээ, мах, ногоо бэлтгэх зэрэг ажилд тоотойхон оролцож, бэлтгэсэн материалаар хоол үйлдвэрлэх, баримт бичиг хөтлөх ажлыг хийж байна хэмээн тогооч нараас нь 2 удаа гомдол санал гарч байсан. Мөн голдуу нярав, нягтлангийн өрөөнд сууж байдаг ба тэр бүрийд зохих шаардлагыг тавихад би энэ хоол өдрийг чинь тулгаж байна, өр ширгүй байлгахын тулд зөвлөж, цэгцэлж явна хэмээн тайлбар тавьдаг байсан. Наад ажил чинь няравын хийх ёстой ажил шүү дээ, та яагаад дандаа энд сууж байдаг юм, ажлын байрандаа очиж ажлаа хийгээч, баримт бичиг, дэвтэр номоо цэгцэлж, бусад тогооч нартаа зааж сургаад, шинэ хоолны нэр төрөл зохиож сайн ажиллаач хэмээх шаардлагыг удаа дараа тавихад хардлаа сэрдлээ хэмээн дургүйцлээ илэрхийлж бухимдаж байсан. 2019 оны 01 дүгээр сард Ж.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд гаргасан зөрчил дутагдлыг баримт нотолгоонд тулгуурлан, тодорхой хугацаанд өөрөө биечлэн хянаж тодруулан, уг асуудал хөндөгдсөнөөс хойш 3 сар, ажилтан өргөдөл ирүүлснээс хойш 1 сарын дотор өргөдлийн хариуг ажилтанд өгч, асуудалд холбогдсон Ж.******* тогоочид өөрт нь уг асуудлыг биечлэн танилцуулж, асуудлыг шийдвэрлэх хурлыг 2 удаа хийж, 2 хурлын явцыг хурлын комисс цаасаар бичиж баримтжуулан, 1-р хурлын явцыг гар утасны дуу хураагуурт бичиж авсан 57 минутын бичлэгтэй хуурцаг 2% байгаа.
Нэг. 2018 оны 09 сарын 13-нд иргэн Б.Болормааг хүүхэд асрах чөлөөтэй байгаа нярав А.Оюунбилэгийн оронд түр орон тоон дээр тус цэцэрлэгийн няраваар ажилд авсан. Нярав Б.Болормаа нь 2018 оны 10 дугаар сарын эхээс авахуулаад ахлах тогооч Ж.******* нь өдөр бүр хоол тулгаж данс тооцоог нийлүүлж байна, тэгэхдээ зарим нэг хоол хүнсний материалыг илүү, дутуу бичиж байна. Надад хоол хүнсний материал түүвэрлэн данс нийлэхэд илүүдэл гараад байна. Энэ ямар учиртай юм, мөн энэ талаар нь хэлэхэд дургүйцлээ илэрхийлэн балай авгай, эргүү авгай гэх зэргээр намайг хэл амаар доромжилж, бүдүүлэг үг хэрэглэж, ёс зүйгүй байдал гаргаж байна, мөн бид 2-ын дунд байнга үл ойлголцол гарч, гал тогоонд уур амьсгал хэцүү байна, нөгөө 2 тогооч, туслах ажилтан нь юу ч мэдэхгүй, юу ч хэлэхгүй ганц ахлах тогоочийн заавраар л хөдлөх юм, амыг нь харах юм байна, танай байгууллага дээр ахлах тогооч давуу эрх эдэлж няравын ажлыг хийж байна. Энд нэг зөрчил байна та энийг зогсоож арга хэмжээ авч өгөөч хэмээн өрөөнд орж ирж удаа дараа хэлж байсан. Ингээд 10 сард за та гүйлгээ хийхдээ сайн анзаарч харж байгаарай. Нягтлан бодогч, тогооч 2 намайг шахаж байгаад 9 сард илүүчлэн гаргасан 30 кг мах, 10 сард илүүчлэн гаргасан 34,9 кг, нийт 64,9 кг махыг мах нийлүүлдэг харилцагч байгууллагаар хөндий баримт бичүүлж орж ирнэ шүү. Энэ хүмүүс ийм зөрчил гаргаж, хүүхдийн хоол хүнсний материалаас хулгайлдаг, дансны далд аргаар мөнгө авч хэрэглэдэг дутагдал байна шүү гэж сануулж хэлсэн. Тэгэхээр нь арай ч ийм зүйл байхгүй байлгүй дээ, ийм байдал гаргаж болохгүй гэдгийг наад хүмүүс чинь ухамсарлана, хүүхдийн хоолноос хулгайлдаг ийм увайгүй үйлдэл гэж юу байдаг юм, 1 хүүхдийн 1650 төгрөгний төсөвтэй хоолноос юуг нь хулгайлдаг юм, чи үнэн яриад байна уу худлаа яриад, арай дэндүүлээд хар санаад байна уу, наана чинь бид дотоод хяналт хийдэг, би өөрөө хянаж шалгаж үздэг, нярав солигдоход би биечлэн ажлыг нь хүлээлцүүлж, үлдэгдэл хүнсний материалыг нь тооцоо хийж хянаж авдаг, манай харилцагч байгууллагууд хариуцлагатай, ийм муухай зүйл арай ч байхгүй дээ гэж хэлсэн. Гэтэл нярав, за та сайн анзаарч байгаарай дансны аргаар далд хийж байна, танд мэдэгдэхгүй шүү дээ, өмнө нь ажиллаж байсан нярав залуу эмэгтэйчүүдийг юм мэдэхгүйгээр нь зааж өгч байна гэх нэрийдлээр хоол өдрийн баримтыг нь тулган бараг өөрөө хэлж өгч бичүүлэн баримт бүрдүүлж далд луйвар хийж байна гэсэн. Гэхдээ би өмнө нь 2016 онд гадны хүнээс ийм мэдээлэл авч байсан мөн зайлшгүй хэлэх шаардлага гарч, нягтлан бодогч Э.д ажлаа сайн хийгээрэй, хяналтаа сайн тавиарай, данс тооцоогоо сайн нийлээрэй, элдэв зөрчил гаргав, хариуцлагатай, хяналт сайн байхгүй бол өөрөө болон бусад ажилчдаа алдаа гаргахад хүргэнэ шүү, ажлаа сайн хийхгүй бол хүмүүсээс ямар ч үйлдэл гарч мэднэ шүү, цаагуур чинь ийм яриа сонсогдож байна шүү, өөр цэцэрлэгийн эрхлэгч надад анхааруулж хэлсэн гэж анхааруулж хэлж байсан. Энэ яриаг Ж.******* тогооч сонссон байсан бөгөөд 2017 оны хавар энэ талаар хэлж надтай марган ёс зүйгүй аашилж байсан тул няравын яриад байгаа үнэн байж магадгүй хэмээн хяналтыг сайжруулсан. Гэтэл нягтлан бодогч гүйлгээ хийхээр байгууллагуудын баримт бичгүүд авч орж ирэхдээ Сайн амгалан ХХК-аас 10 дугаар сард авсан 178 кг үхрийн махан дээр 64,9 кг махыг нэмж, үнийг 5,500 төгрөгөөр бичүүлж нийт 242,9 кг мах болгон бичүүлэн авсан баримт баталгаажуулахаар авч орж ирсэн. Би энэ яагаад 178 кг үхрийн мах авчихаад 242,9 кг байгаа юм бэ гэтэл хаврын махны үлдэгдэл юмаа мөнгийг нь одоо шилжүүлж байгаа юм гэхээр нь би тэмдэглэж аваад, гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн. Тэгээд энэ яригдаад байгаа 64,9 кг мах ямар учиртай ингэж орж байна. 2018 оны 05 сарын 31-нд би, нярав О.Сайнжаргалаас ажлыг нь хянан, складны үлдэгдэл тулгаж авахад ийм зүйл байгаагүй, мөн 2018 оны хагас жилийн санхүүгийн тайланд тусгагдаагүй, 2018 онд манай байгууллага харилцагч байгууллагуудад өргүй гарсан даа хэмээн асуудлыг нарийвчлан шалгасан. Мөн нярав Б. тусад нь бичүүлсэн 64,9 кг үхрийн махны баримтыг эхээр нь хурааж авсан. Тогооч Т.Баасанжаргал, Л.Пүрэвдулам нараас асуухад хавар ирсэн 3 хонины мах юмаа тэр байхаа гэсэн, Ж.******* тогооч, нягтлан бодогч Э. хоёроос асуухад мөн тэгж хэлсэн. Яагаад хонины мах юм бол үхрийн махаар баримт бичүүлдэг юм гэтэл мэдэхгүй ээ тэр үнэ хөлс, данс тооцоог чинь хийсэн хүмүүс мэднэ биз гэсэн. Энэ ийм учиртай юм байна хэмээн нярав Б.Болормаад хэлтэл тийм юм байхгүй ээ, надад ажил хүлээлгэж өгсөн нярав О.Сайнжаргал манай байгууллагад ийм үлдэгдэл, өр байгаа гэж данс тооцоо нийлж, хэлж ярьж хүлээлгэж өгөөгүй, энэ хүмүүс худлаа ярьж байна, далд аргаар хулгай хийж байна, ингэж хулгай хийж хууран мэхэлж мөнгө төгрөг гаргаж авдаг гэдгийг 2017 оны 05 сараас 2018 оны 01 сарын 10 хүртэл няраваар ажиллаж байсан А.Оюунбилэг гэрчилж, баримт нотолгоотой юм ярьж байна. Намайг тогооч Ж.******* хэл амаар доромжлон, элдэв янзаар хэлж үзэхгүй байна, мөн нягтлан бодогчтой нэг өрөөнд суухад хэцүү байна, байнга Ж.******* тогооч орж ирээд дарамт үзүүлээд байна, өрөө сольж өөр өрөөнд суулгаж өгөөч. Та энэ хэргийг шалгаж өгөөч, яагаад ийм муухай зүйл хийгээд байгаа юм энэ ажилчид чинь, та өөрөө мэддэг юмуу, бараг л холбоотой юмуу, та шийдвэрлэхгүй бол би хэлдэг газар нь хэлж, шалгуулна гэсэн. Тэгэхээр нь би, чи яагаад дандаа ингээд яриад байгаа юм, хов ч юм шиг, хэрүүл ч юм шиг юм яриад байх юм үнэхээр зөрчил дутагдал илрүүлсэн юм бол баримт нотолгоотой нь албан журмаар нь өргөдөл гомдлоо гаргаач дээ, би хүний амаар ажилчдаа гүтгэж, ёс зүйгүй байдал гаргаж, баримт нотолгоогүй зүйлээр хардаж болохгүй хэмээн шаардлага тавихад нэлээн удаж байж 2018 оны 11 сарын 28-нд цэцэрлэгийн захиргаанд өргөдөл өгсөн. Энэ хооронд ажлын өрөөг нь өөр өрөөнд тусад нь шилжүүлсэн.
Хоёр. ******* цэцэрлэгийн нярав Б. ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн тодруулга, хяналтууд:
1. Цэцэрлэгийн захиргаанд нярав Б. ирсэн өргөдлийн дагуу өмнө нь 2018 оны 01 сарын 10-наас 09 сарын 12 хүртэл няраваар ажиллаж байсан О.Сайнжаргалыг Шуурхай цонх ХХК-д нягтлангаар ажиллаж байхад нь 2018 оны 12 сарын эхээр ажил дээр нь өөрийн биеэр очиж тодруулга хийн асуухад О.Сайнжаргал Тийм үлдэгдэл дансны тооцоо байхгүй ээ. Би данс тооцоо нийлээд тайлан дуусгаад, танд складны үлдэгдлээ тулгаад өгсөн. Би шудрага ажилласан. Асуувал харилцагч байгууллагууд нотолно. Хоол өдрийн хувьд Ж.******* тогооч бид 2 данс тооцоо тулгаж, надад дандаа зааварлаж тусалж цуг хийдэг байсан. Би сайн мэддэггүй тогооч л тусалдаг байсан. Та надад итгээрэй хэмээх хариултыг өгсөн. 2018 оны 11 сарын 12-нд тогооч Л.Пүрэвдулам гэрийн ойр байршлыг харгалзан Цагаанчулуут багийн 26-р цэцэрлэг рүү шилжлээ хэмээн өргөдлөө бичиж өгөөд тушаалаа аваад явахад нь дахин лавлан асуухад Сайн мэдэхгүй байна, хавар яах аргагүй 3 хонины мах ирсэн тэр л байх гэсэн хариулт өгсөн. Мөн тогооч Т.Баасанжаргалаас дахин асуухад Нэг 3 хонины жижгэвтэр мах ирсэн Пүрэвдулам бид 2 шулж янзалсан, тэр байхаа сайн мэдэхгүй байна, мөнгө төгрөгийг нь төлсөн, төлөөгүй гэх мэт өөр янз бүрийн юм мэдэхгүй гэсэн хариулт өгсөн. Нягтлан бодогч Э.гаас асуухад Хавар 2 өдрийн хоолны мах дутчихлаа гэхээр нь нэмж 3 хонины мах авсан, тэр тооцоог сая шилжүүлсэн гэсэн. Яагаад тэгвэл хонины махыг үхрийн махны үнээр шилжүүлээд байгаа юм гэхэд тодорхой хариулт хэлээгүй. Сайн-Амгалан ХХК-ийн нягтлан Алтанзагасаас асуухад Яаж мэддэг юм бичээд өг гэхээр нь бичээд өгсөн, өөрсдөө дотроо шийдэхгүй юу, ядаргаатай юм гээд хариулт өгөөгүй. 2017.05.01-нээс 2018.01.10 хүртэл няраваар ажилласан, үндсэн орон тооны, одоо гэртээ хүүхдээ асрах түр чөлөөтэй байгаа нярав А.Оюунбилэгээс тодруулан асуухад Энэ яриад байгаа зүйл бүгд үнэн. Тогооч Ж.******* нь хүүхдийн хоолны махыг өдөр, өдөрт илүүчилж гаргаад хоол өдрийн баримтан дээр нэмж бичүүлэн, тэр мөнгийг нь бэлнээр нь гаргаж авдаг нь үнэн. Хэд хэдэн удаа ийм үйлдэл гаргаж нягтлан бодогч, бид 2-т мөнгө өгч энэ ажилдаа татан оролцуулсан. 1 удаа 200 кг мах ДИНМБ ХХК-аар 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж 10%-ийг нь суутгуулаад 900,000 /есөн зуу мянга/ төгрөгийг бид гурав, 300,000 /гурван зуун мянга/ -аар нь тус тусдаа хувааж авсан. Наад асуудал чинь яг л тэр аргаараа дахин мөнгө завшиж, хулгай хийж байгаа үйлдэл мөн байна. Би энэ үйлдэлд нь оролцоод ямар аймаар юм бэ болж байгаа юмуу гэхэд зүгээр зүгээр эгч нь зохицуулчихсан айх хэрэггүй гээд байсан. Ер нь Ж.******* тогооч аймаар хүн бас аягүй шуналтай. Мах нийлүүлдэг ДИНМБ ХХК-ийн менежер Бямбацогт ах бас мэднэ. Энэ талаар бүр тодорхой гэрчилнэ. Би ийм муухай зүйлд орооцолдож, ийм үйлдэл хийсэндээ харамсаж ичиж байна. Таныг надад тэгж итгэж, зааж сургаж, асууж байхад итгэлийг тань эвдсэндээ уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Би дахин танай байгууллагад орж ажиллахгүй ээ. Буруугаа хүлээж байна гэсэн. Мөн шүүхэд гэрчээр оролцож баримт нотолгоог үнэн мөнөөр нь хэлж танилцуулахад татгалзах зүйлгүй гэж утсаар хариулт өгсөн. Шүүх хуралд гэрчээр орж бүгдийг ярина, цаасаар тайлбар бичиж өгөхгүй гэсэн. ДИНМБ-ХХК-ийн менежер Бямбацогттой утсаар холбогдож ярилцахад нярав А.Оюунбилэгийн ярьсан зүйлийг мөн ярьж Тэрнээс ч их юм бий. Хонь, үхрийн махыг дандаа илүү бичүүлж авч завшдаг, дээр нь наад залуу ажилтнуудыг чинь элэг барьж няравын ажлыг хийж данс тооцооны аргаар мөнгөө гаргаж авдаг мөн хонь, үхрийн махыг хэдэн удаа яаж авдагийг нь би бүр баримттай, хэмжээтэй нь хэлж мэднэ шүү. Энэ тухай өөрийн байгууллагын гүйцэтгэх захирал Баярмаад хэлж загнуулан байж мөнгий нь гаргаж өгч байсан. Манай захирал мөн энэ талаар мэднэ. Би шаардлагатай мэдээллийг өгч, гэрчилнэ. Ямар нэг байдлаар нууж хаах, худлаа ярих зүйл байхгүй ээ. Танай наад тогооч, нягтлан бодогч нар их айхтар хүмүүс шүү. Тэр 1,0 сая төгрөгийг 10%-ийг нь суутгуулаад 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг нягтлан бодогч Э.г Тайхар эмнэлэгт хэвтэж байхад нь би очиж гадаа нь тогооч Ж.*******, нярав А.Оюунбилэг 2-т мөнгийг нь өгч, тэгээд тэр 3 гурвуулаа 300, 300-гаар нь хувааж авсан, би өөрөө мөнгийг бэлэн өгсөн гэж нотолсон.
Тогооч Ж.*******т Нярав Б. өөрийн чинь нэр дээр өргөдөл ирсэн, ийм ийм асуудал гэж цухас танилцуулаад махны тухай асуухад хавар авсан 3 хонины мах гэж өөрөө хэлсэн. Та яагаад үхрээр бичүүл гээд бичүүлсэн юм гэхэд хэн мэддэг юм наад баримтыг чинь би бичүүлдэг юмуу. Наад нягтлан бодогч, няраваасаа асуугаач гэсэн. Би энэ талаар тодруулж шалгаж байгаа тэгээд хуралдаж, албан ёсоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ 12 дугаар сард өөрт нь хэлсэн, мөн багш ажиллагсдад шуурхай хурал дээр ийм өргөдөл ирсэн хяналтын шатанд явж байгаа гэдгээ танилцуулж хэлж байсан. Энэ талаар өөрөө маш сайн мэдэж байсан. Мөн энэ асуудалтай холбоотой худал яриаг ажилчдын дунд гаргаж, нярав Б.Болормаатай муудалцаж маргалддаг байсан. 2018 оны 12 сарын 26-нд Цэцэрлэгийн захиргааг төлөөлж эрхлэгч миний бие Б., цэцэрлэгийн Дотоод хяналт, шалгалтын комиссыг төлөөлж, тогоочийг хариуцан ажилладаг, нэгжийн ахлагч, эмч Б.Энхтүвшин, цэцэрлэгийн ҮЭХ-ны дарга багш Э.Буяндэлгэр гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс, өргөдөл гаргасан ажилтан Б.Болормаа, уг өргөдөлд нэр дурдагдсан тогооч Ж.******* нарыг байлцуулан удирдлагын зөвлөлийн хурал хийсэн. Уг хурлаар тогооч Ж.*******ын нэр дээр ирсэн өргөдөл гомдлыг бүрэн эхээр нь уншиж танилцуулан, өргөдлийн дагуу гарч ирсэн мэдээлэл, нотолгоо шинээр гарч ирсэн зөрчлийн баримтуудыг танилцуулсан. Хуралд ДИНМБ ХХК-ийн менежер Д.Бямбацогтыг ирж оролцооч гэтэл Жилийн эцэс тайлан тооцоо гээд би маш их ажилтай явна, яг хуралд чинь оролцож амжихгүй, заваараа очоод өөртэй чинь уулзаад цаасан дээр баримт нотолгоо бичээд өгье гээд ирж өөрийн биеэр тайлбар бичиж өгөн гарын үсэг зураад би наад асуудлыг чинь дэлгэнэ, гэрчилнэ, уул нь би гүйцэтгэх захиралдаа хэлээд өөрт тань хэлэх гэсэн танай нягтлан бодогч захирлаар дамжуулан гуйлгаад хэлүүлээгүй юм. Харин одоо би бүгдийг дэлгэж хэлэхэд татгалзах зүйлгүй гээд 15 цагийн үед ирээд баримтыг бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний бие өөрт нь хэлж байгаад зургийг нь авсан. Буруугаа хүлээхгүй худлаа хэлээд байвал би хаана ч гэсэн очоод гэрчилнэ. Мөн манай байгууллагын гүйцэтгэх захирал, Ачлалт нар эмнэлгийн эмч Баярмаа, түүний гэр бүлийн хүн МХГ-ын улсын байцаагч Лхагважав нар ч мэднэ, хэлнэ гэж хэлсэн. Баримтыг эхээр нь хавсаргав. Хурал 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 15 цаг 35 минутанд эхлэн, хурлын явцыг эмч Б.Энхтүвшин тэмдэглэж, өөрийн гар утасны дуу хураагуур дээр хүмүүст хэлж байгаад бичлэг хийсэн. Мөн няраваар ажиллаж байсан А.Оюунбилэг, ДИНМБ ХХК-ийн менежер Бямбацогт нартай утсаар холбогдож чанга яригч дээр нь тавьж өөрт нь сонсгоход ч бас Би мөнгө аваагүй, тэр мах хаврын хонины мах гэсээр байсан. Уг хурал орой 16 цагийн үед хийгдсэн цаг орой болсон нэлээн сунжрах, асуудал шийдэгдэхгүй, өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, нягтлан бодогч дуудаж оруулан, худлаа ярьж мэлзээд байсан учир дахин тодруулаад хэд хоногийн дараа он гарахаас өмнө хуралдаж шийдээ гаргая хэмээн хурал өндөрлөсөн. Энэ хугацаанд цэцэрлэгийн захиргааны зүгээс 64,9 кг махыг хаврын махны үлдэгдэл, төлбөр нь хийгдээгүй байсан эсэх дээр дахин тодруулж Сайн-амгалан ХХК-ийн нягтлан бодогч Алтанзагасаас асуухад Мэдэхгүй би баримт бичээд өгсөн гэсэн. Чи ямар хариуцлагагүй юм, мах өгөөгүй байж яахаараа хий орлого авч, илүү мөнгө аваад байгаа юм, мөнгийг нь яасан гэхэд, ядаргаатай юм, өөрсдөө учраа олооч, дотроо шийдээч гээд хэлээгүй. Эмч Б.Энхтүвшин, нярав Б.Болормаа нар мөн данс тооцоогоо шалгаж энэ бол худал, гуйвар бид нар өөрсдийн хийсэн ажлаа мэдэхгүй яахав. Энэ бол хавар 3 хонины мах нэмж авсан ч 2018 оны 05 сарын эцсээр төлбөрийг шилжүүлсэн, өр үүсээгүй, үлдэгдэлгүй гарсан, бид ажлаа мэдэж хариуцаж чадна хэмээн дахин шалган нотолж хянуулсан.
2018 оны 12 сарын 31-нд 1-р хуралд оролцсон 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаж асуудлыг шийдвэрлэсэн. Хурлын тэмдэглэлүүд бүрэн эхээрээ байгаа. Энэ хурлаар ямар нэгэн бичлэг хийгээгүй. Уг хурлаар нярав Б. өргөдөлд дурдагдсан зөрчлийг хянаж тодруулж байтал дахин илүү ноцтой зөрчлүүд илэрч, баримт нотолгоотой, гэрчтэйгээр батлагдсан, бүлэглэн хийсэн гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл тул хатуу хариуцлага тооцохыг хэлж, мөн тэтгэвэрээ хөөцөлдөөд тэтгэвэрт гарах боломжтой бол тэр болтол нь түр ажлуулья хэмээн үйлчлэгч Ж.Баасанжаргалын оронд 2019 оны 08 сар болтол албан тушаал бууруулан ажлуулах саналыг хэлэхэд би энэ онд тэтгэвэрээ хөөцөлдөнө, тэр болтол гал тогоонд ажиллуулж өгөөч гэсэн. Миний хувьд Би төрийн албан хаагч, үйлчилгээний байгууллагын ажилтан, боловсролын тэр дундаа хүүхдийн байгууллагын удирдах ажилтан, багш хүний хувьд ийм ноцтой гэмт хэрэг хийсэн, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн хүнийг дахин гал тогоонд ажиллуулахгүй ээ. Тэгээд ч гал тогооны туслах ажилтан чинь тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа. Тэр хүний ажлыг би хууль зөрчин хөдөлгөж чадахгүй. Би ажлаас болж гарсан алдаа дутагдлыг 2-3 удаа уучилж харж үзэн, засан залруулж, зөвлөж сургаж чадна. Ийм санаатайгаар бусдыг уруу татан, албан тушаалаа урвуулан ашиглан, ийм муухай гэмт хэрэг хийсэн хүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй ээ. Ямар муухай юм бэ, яасан ичдэггүй, ямар ухамсар, сэтгэлгүй хүн бэ та чинь яахав би таны нас намба, амьдрал, хань ижил, үр хүүхдийг чинь бодоод зөөлөн хандаж үйлчлэгчээр түр ажиллуулах саналыг гаргаж байна. Та санал нийлэхгүй бол би таны хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүй, таны зөрчилтэй энэ үйлдлийг хуулийн байгууллагаар нарийн шалгуулна. Ийм хэрэг хийсэн хүнийг ажиллуулах ямар ч үндэслэл байхгүй. Та гомдол саналаа зохих байгууллагад гаргаж болно гэдгийг хэлсэн. Мөн цэцэрлэгийн эмч Б.Энхтүвшин Яаж ажиллуулах юм бэ, ийм муухай хэрэг хийсэн хүнийг, та тэтгэвэрээ хөөцөлдөөд тэр болтол үйлчлэгчээр ажиллавал ажилла, дахин энэ хүнийг гал тогоонд битгий хэл ******* ч ажиллуулах эрх байхгүй шүү дээ гэсэн. Мөн миний зүгээс Энэ хэрэгт цуг хамтарч оролцсон нярав А.Оюунбилэг, нягтлан бодогч Э. нарт ч хатуу хариуцлага тооцно гэдгээ хэлсэн. Тогооч Ж.******* Би үйлчлэгчээр ажиллахыг зөвшөөрч байна хэмээн өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрсөн энэ тухай хурлын тэмдэглэлд тодорхой байгаа. Хурлын шийдвэр гарч хурал өндөрлөсөн.
Гурав. Хурлын шийдвэр гарснаас хойш: Тогооч Т.Баасанжаргал 2018 оны 12 сарын 31-нээс 2019 оны 01 сарын 07 хүртэл Улаанбаатар хотод биеэ үзүүлэхээр захиргааны чөлөө авсан учир гал тогоонд хүн дутагдалтай байна тэр болтол та ажиллаж бай. Т.Баасанжаргалыг ажилдаа ирэхээр та үйлчлэгчээр ажиллана гэж хэлсэн. Хурлын шийдвэрийг зөвшөөрсөн өөрөө ч мэдэж байсан. Энэ хооронд үйлчлэгчээр түр ажиллаж байсан ажилтны гэрээ 12 сарын 31-нд дууссан. 2018 оны 10 сард захиргааны чөлөө авсан үйлчлэгч чөлөөгөө 2019 оны 08 сар хүртэл үргэлжлүүлэн сунгасан. Тийм учраас хурлаар ийм шийдвэр гарч тогоочийг өөрийн нь зөвшөөрлийн дагуу ажиллуулахаар орон тоог 2019 оны 01 сарын 08 хүртэл сул байлгасан. 2019.01.03-нд Ж.******* нь Би үйлчлэгч хийхгүй, намайг гал тогооны туслахаар ажиллуулж өгөөч, би тэр хооронд тэтгэвэрээ хөөцөлдөөд тэтгэвэрт гарна гэж хэлээд мөн нярав Б.Болормаа, ҮЭХ-ны дарга, багш Э.Буяндэлгэр нараар хэлүүлээд гуйлгаад байсан. Тэгээд өргөдөл бичээд өг та нар. Тэгэхдээ би энэ асуудлыг зөвшөөрөхгүй. Гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байгаа Г.Лхамжав 2019 оны 03 дугаар сарын 01 хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа. Гэрээний хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй хүнийг би ажлыг нь өөрчлөх, хөдөлгөх эрх байхгүй ээ. Яагаад гаргасан шийдвэр, илрүүлсэн зөрчил дутагдалтайгаа эвлэрээд, эргэж буцаад, ажил цалгардуулаад байгаа юм гэсэн. Ж.******* мөн хүсэлт бичиж өгсөн. Эдгээр 3 ажилтны хүсэлт эхээрээ байгаа. 2019 оны 01 сарын 07-нд тогооч Т.Баасанжаргал ажилдаа ороход би гал тогоонд очиж Ж.*******т өнөөдрөөс та энд ажиллахгүй ээ, үйлчлэгчээр ажиллана ажлаа хүлээж ав, энэ ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгсэн миний тушаап гарсан юмуу гэсэн би гаргачихсан, хэвлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй гадуур хувцсаа өмсчихсөн Надад өнөөдрийн чөлөө өгөөч, үзүүлээд ирье гээд нэг өдрийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн, би та түрүүн зүгээр л сууж байсан үзүүлчихээд ирээрэй, би танд чөлөө өгөхгүй шүү гэсэн за гээд гараад явсан. Тэгээд тэр өдөртөө ажилдаа ирээгүй. Ж.******* тогоочийн оронд өмнө нь ******* ажиллаж байсан иргэн Г.г БСУГ-аас ажиллаж байсан туршлагатай тогоочоор ажиллах бүртгэлтэй хүн байна уу, хэмээн асууж, судалж байгаад ажилд авсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-нд үүдэнд хүлээгээд сууж байсан Г.г Ж.*******т шинээр ажиллах хүн энэ ирсэн байна. Та энэ хүнд ажлаа хүлээлгэж өгнө гэж танилцуулсан. 01 дүгээр сарын 07-нд Ж.******* гараад явчихсан учраас Г.г 01 дүгээр сарын 08-нд маргааш ирнэ үү хэмээн буцаасан. 2019.01.07-нд энэ хэрэгт холбогдоод байгаа нягтлан бодогч Э.г дуудаж ярилцахад А.Оюунбилэг, Д.Бямбацогт нарын гэрчлээд байгаа 200 кг махыг Ж.******* тогооч эгч нь зохицуулчихсан одоо мөнгий нь гаргаж авья гээд 1,0 сая төгрөг гаргуулж 10%-ийг нь суутгуулаад 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг бид гурав 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хувааж авсан нь үнэн. Ж.******* тогооч ч авсан. Би өмгөөлөөд танд өгөөгүй гээд хэлчихье гээд худлаа хэлсэн юм. Тийм үйлдэл хийсэн миний буруу. Би энэ байдлыг ойлгож байна. Би 2017, 2018 оны ажлаа СХАА, Төрийн аудитад шалгуулчихаад өөрөө хүсэлтээрээ ажлаасаа гарья. Та намайг битгий халаарай, бас би залуу хүн цаашид ажиллах, бас гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө ичиж байна гээд баримт нотолгоог бичиж өгч гарын үсэг зурсан. Баримтыг хавсаргав.
2019.01.08-нд өглөө Ж.******* тогооч ажлаа ав, би тэр үйлчлэгчийг чинь хийж чадахгүй, халагдъя, тушаалаа өг гэсээр орж ирсэн. Би нярав, шинэ ажилтан нарыг дагуулан дөрвүүлээ цуг явж ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх явцад нярав Б.Болормааг элдвээр хэлж, чанга чангаар ярьж уурлан бухимдаж, шинэ ажилтны болон бидний дэргэд бүдүүлэг зан гаргаж байсан. Ажлаа хүлээлгэж өгчихөөд өрөөнд цуг орж ирэн, тушаалаа өг гэсэн би та үйлчлэгчээр ажиллахгүй юу, тэтгэвэрээ яах юм гэтэл би үйлчлэгч хийхгүй ээ, тушаалаа өг гэсэн, та дахин энд тэнд ажиллавал бас тэгээд нэрэнд чинь ч муухай ш дээ өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү гэтэл би ямар саналаараа гарч байгаа юмуу, би дахиж ажил хийхгүй, та намайг халж байгаа биз дээ тэр тушаалаа өг гэсэн. Би та өөрөө мэд, 2 янзаар тушаалыг чинь гаргасан байсан өөрөө ингэж шийдэж байгаа бол би тушаалыг чинь өгье гээд тушаалыг нь харуулаад хэвлэж, нэг хувь хуулбарыг өгсөн. Дэвтэр дээр бич гээд НДД-ээ бичүүлээд гарсан. Тушаал өгөхөд тус цэцэрлэгийн арга зүйч Б.Дэлгэрзаяаг цуг тэмдэглэл хөтөл хэмээн байлцуулсан. Арга зүйч Б.Дэлгэрзаяа нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2019.01.02-нд ажилдаа орсон учраас энэ талаар сайн мэдээлэлгүй байсан тул тэмдэглэл бичиж чадаагүй. Гэхдээ энэ өдрийн болсон үйл явдлыг гэрчилнэ. 2019.01.08-нд нягтлан бодогч Э.гийн тайлбарыг үзүүлэхэд нэх тоохгүй байхаар нь би уншиж танилцуулсан, юм хэлээгүй. Нягтлан бодогч ч өөрт нь би бүх үнэнээ хэлчихсэн гэж хэлсэн гэсэн. Ж.******* нь 2019.01.07-нд ажилдаа буцаж ирээгүй тул 2019.01.08-нд би тушаалыг 01 дүгээр сарын 07-ны өдрөөр бичиж баталгаажуулан, 2019.01.08-ны өдөр гаргаж өөрт нь хэвлэсэн эхийн 1% хуулбарыг өгсөн. Шинэ ажилтан Г.г мөн 2019.01.08-ны өдрөөс эхлэн тогоочийн албан тушаалд байнгын орон тоонд 3 сарын туршилтын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллууж байна. Ж.******* 2019.01.09-нд над руу утасдан миний НДД наана чинь байна уу, орхиж уу гэсэн би байхгүй ээ та аваад гарсан гэсэн, арга зүйч мөн аваад гарсан ш дээ гэсэн, тэгсэн би дэвтрээ хаана хаячихваа гээд утсаа тасалсан. 2019.01.11-нд Ж.******* утасдан би НДД-ээ олчихсон, би нягтлан бодогчтой ярьсан та миний тушаалыг өөрчлөөд өг, би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гээд өөрчлөөд өг, хаана тогоочийн орон тоо байна гэсэн бэ та яриад өгөөч гэсэн. Тэгээд үдээс хойш нь хүрч ирээд голоор нь нугалсан тушаалын хуулбар өгсөн, би тушаалын хувийг аваад, би баримт бичиг засаж янзалж гаргасан тушаалаа өөрчлөхгүй ээ, танд хэлсэн та зөвшөөрөөгүй, би ийм байдалтай эвлэрч чадахгүй гээд тушаал, НДД-ийн бичилтийг засаж янзлаагүй. Гэхдээ Дэгдээхэй цэцэрлэг тогооч авна гэсэн сураг гарсан асуугаад өгье гээд эрхлэгчээс нь асуусан манай тогооч нар бүгд хэвийн ажиллаж байгаа, тийм яриа хаанаас сонсоо вэ гэсэн. Мөн Гоё гээд хувийн ******* 40 хүүхдийн хоол хийх тогооч хэрэгтэй гээд эмч Б.Энхтүвшин ярьж байсан. Та тийшээ очиж уулз гэсэн зөвлөгөөг өгсөн.
Багш ажиллагсдад байгууллагын шуурхай цуглаан дээр энэ явдлыг товч тайлбарлан хэлж, энэ хэрэгт холбогдсон нягтлан бодогч Э.гийн ажлыг СХАА, Төрийн аудитаар хянуулан ажлыг нь дуусгаад зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэдгээ танилцуулсан. Ж.*******ын 4 настай зээ хүү нь тус цэцэрлэгийн ахлах Б бүлэгт суралцдаг бөгөөд зээгээ хүргэж ирэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 20-диор өрөөнд орж ирж 64,9 кг махны үнэ 2018 оны 05 сард шилжиж үү үгүй юу гэж асуусан, тэгэхэд нь би шилжсээн нябо, нярав 2-той таны дэвтрийг барьж байгаад бид 3 дахин тулгасан. Угаасаа мөнгө төгрөг нь шилжсэн зүйлийг танд юу гэж худлаа хэлэх вэ. Та нар л 3 хонь гээд яриад байгаа болохоос гэсэн. 2 хоногийн дараа дахин орж ирж би цуг тулгаж үзье гээд 4-үүлээ бүх баримтуудаа гаргаж тулгаж үзсэн. Яг л өмнөх шиг таарсан. Тэгсэн нярав Б.Болормаа тэр 2 үхрийн мах гэж яриад нөхөөд тулгачихсан гээд 3 хонины мах нь үхэр болоод яриад гараад явсан. Ажлаас гарснаас хойш байнга ажил дээр ирж хүмүүстэй янз бүрийн юм яриад, уулзаад явдаг. Мөн хүнээр яриулаад 1-р хурлын утасны бичлэгийг аваад өг гээд хэлүүлсэн байсан. Тэр үед Б.Энхтүвшин устгачихсан гэж хэлсэн байсан. Дараа нь 2019.01.24-нд ирж надад цалингийн тодорхойлолт өгөөч, шүүхэд хэрэг болдог юм байна, бид нар чинь юмаа мэддэггүй юм байна гэж хэлээд тодорхойлолт аваад явсан.
Дөрөв. Ж.*******ын нэхэмжлэлийн дагуу дахин тодруулсан баримт: 2019.02.15-наас хойш нягтлан бодогч Э., нярав Б.Болормаа нарыг Сайн амгалан ХХК-ийн нягтлан бодогч Алтанзагастай очиж уулзья 64,9 махны мөнгийг хэнд өгсөн болохыг тодруулья гэж удаа дараа /5 удаа/ хэлсэн боловч за гэсээр байгаад хамт явалгүй 2019.02.25-нд очиж уулзан нягтлан бодогч Э. авсан болохыг тодруулж, өөрөөр бичүүлж баримтжуулж авсан. Баримтыг цуг хавсаргав.
2019.02.26-нд нягтлан бодогч Э.г өрөөндөө дуудан асууж ярилцахад Үнэнээ хэлье. Энэ махны мөнгийг 2018 оны хавар тогооч Ж.******* эгчид нь мөнгө хэрэг болоод байна зохицуулчихсан гаргаад өгөөч гэсэн тэгэхээр нь авч өгсөн. Би өөрөө хэрэглээгүй. Тэгээд энэ мөнгийг шилжүүлээгүй байж байгаад намар 10 сард шилжүүлсэн юм. Ер нь бүх зүйлийг Ж.******* тогооч эхлүүлж, ийм байдалд хүргэсэн. Би одоо гэмшиж байна. Худлаа хэлэхгүй, хүн гүтгэхгүй, энэ ярьснаасаа буцахгүй, шүүх дээр очоод гэрчилнэ. Харин та бид 2 ярьсан би аудитын шалгалтын хариугаа гарахаар нь, мөн хөрөнгийн үнэлгээ, тендерийн ажлаа дуустал ажиллаад өөрөө саналаараа ажлаасаа гарья гэв. Тэгээд энэ бүхнийг өөрөөр нь бичүүлж баримтжуулан авсан бөгөөд баримтыг хавсаргав. Дүгнэх нь: Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгч Б. миний бие нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлд дурдсан шиг баримт нотолгоо, үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халаагүй болох, тус байгууллага дээр гарсан зөрчил, болсон бүх байдлыг дэлгэрүүлж тодруулан, баримт нотолгоотойгоор, дэлгэрэнгүй тайлбарлан бичиж бүх баримт нотолгооны гар бичмэлийг эх хувиар нь хавсаргаж өөрийн тайлбарыг хүргэж байгаа тул уг нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ уламжилж байна. Ж.******* нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан үндсэн зорилтоо биелүүлээгүй хариуцлагагүй хандсан.
Орхон аймгийн ******* ******* тогоочоор ажиллаж байсан Ж.******* нь доорх хууль дүрэм, журмуудыг ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй тул гэрээг цуцалж ажлаас халсан болно.Үүнд:
А/ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана.
Б/ БСШУС-ын сайдын 2018 оны А/243 тоот тушаал ЕБС, Цэцэрлэг, албан бус, НТБТ-ийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм: Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах 2.1.6. Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх
4.1.3. Байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх
4.1.5. Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
4.2.2. Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй, адил тэгш, хүндэтгэлтэй хандах, хамт олны эв нэгдлийг дээдлэх
4.3.1. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх
4.3.2. Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт, чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
4.3.7. Боловсролын баримт бичиг, /гэрчилгээ, үнэмлэх/, сургалтын баримт бичиг /сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/, хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, баримт бичиг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх
5.1 Дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ЁЗЗ-ийн шийдвэрийг биелүүлээгүй боловсролын салбарын ажилтнуудад эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ВI Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам
13.1.1. ХДЖ-зөрчигчдийг хөдөлмөрийн сахилга бат зөрчсөнд тооцож, зөрчлийн шинж байдал, ******* учруулсан хор хохирлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг эрхлэгчийн тушаалаар оногдуулна.
13.1.2. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой тооцохоор нэрлэж, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан эсвэл, эсвэл сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана.
13.2.3 Өмч хамгааллын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
Г/ Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ:
3.2.3. Хөдөлмөрийн тухай хууль, Дотоод журам, Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, ажил үүргийн дагуу өгөгдсөн үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх.
3.2.4. В/ Өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан нь тогтоогдсон, хариуцсан өмч хөрөнгөө үрэгдүүлсэн, эвдсэн
Д/ Хүүхдийн цэцэрлэгийн тогоочийн ажлын байрны тодорхойлолт:
а/ Ажлын байрны үндсэн зорилтуудыг зөрчсөн.
Е1 Эдгээр баримт нотолгоонуудыг хангалтгүй гэж үзвэл 2018 оны 12 сарын 26-ны өдөр уг асуудлыг авч хэлэлцсэн хурлын бичлэг хуурцган дээр буулгасан эх хувь байгаа... гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-2/, ******* цэцэрлэгийн цалингийн тодорхойлолт /1хх-3/, Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /1хх-5/, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-6-9/, 0167712 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-10-12/, эрүүл мэндийн үзлэгийн карт /1хх-13-14/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоол /2хх-126-136/, Орхон аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан тоот, Үндэсний аудитын газрын гомдол буцаах тухай албан бичиг /3хх-26-46/, 35120 дугаар дансны материалын дэлгэрэнгүй тайлан /3хх-49-63/ зэрэг баримтуудыг гарган өгсөн.
4. Хариуцагч талаас: Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-31-34/, Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар /1хх-35/, ЕБС, Цэцэрлэг, Албан бус, НТБ-ын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм А/243 /1хх-36-37/, Орхон аймгийн ******* цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журам /1хх-39-51/, Орхон аймгийн ******* цэцэрлэгийн нярав Б. тогооч Ж.*******тай холбогдуулан гаргасан өргөдөл эх хувиараа /1хх-52-53/, Нярав Б. тогооч Ж.*******т холбогдуулан гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх-54-62/, ДИНМБ ХХК-ийн менежер Д.Бямбацогтын Ж.*******ын гаргасан үйлдлийг тодорхойлж бичсэн тайлбар нотлох баримт /гар бичмэл/ эх хувиараа /1хх-63-75/, ******* ******* Санхүүгийн хяналт шалгалт хийх тухай ажлын удирдамж /1хх-225-226/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/298 дугаартай шийтгэх тогтоол /1хх-231-2хх-22/ зэрэг баримтуудыг гарган өгсөн.
5. Шүүхээс: Орхон аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 192500273 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-216-218/, 1925002730052 дугаартай хэргийн Э., Д.Бямбацогт нарын мэдүүлэг /2хх-91-124/, Тольдох оюуны өгөөж ХХК шинжээчийн дүгнэлт /2хх-207-228/, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 357 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /3хх-19-22/ зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ын Орхон аймгийн ******* ******* холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 412 398 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би 2007 оноос Орхон аймгийн 22-р ******* тогтоочоор ажиллаж байгаад 2015 онд ******* цэцэрлэг үүсгэн байгуулагдаж ажилчдыг сонгон шалгаруулалтаар авах үед ахлах тогтоочийн ажилд тэнцэн орж, тус ******* ажиллаж эхэлсэн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө эрхлэгч өрөөндөө намайг дуудан өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтийг бичиж өг гэсэн. Яагаад ажлаас халах гэж байгаа юм бэ, би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй гэхэд оронд чинь энэ хүн ажилд орно, шинэ ажилтан авах болсон гээд гэх хүнийг танилцуулсан. Гэтэл надад шалтгаан нь ч огт тодорхойгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж, ёс зүйн зөрчил гаргасан гэх тушаалыг гардуулан өгсөн. Яагаад ийм тушаал гаргаж байгаа юм гэхэд та өөрийн хүсэлтээр гарахгүй гэсэн шүү дээ, манай байгууллага шинэ ажилтныг ажиллуулах хүсэлтэй байна гэсэн хариуг хэлсэн. Иймд Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот тушаал хууль бус гэж үзэж байх тул Орхон аймгийн ******* цэцэрлэгийн ахлах тогтоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ж.******* нь 2015 оноос ******* ******* ахлах тогоочоор ажиллаж байгаад Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот тушаалаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1., Боловсрол шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 тоот ЕБС, цэцэрлэг, АБНТБТ-ын багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.6, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5, 4.2.2, 4.3.1, 4.3.2, 4.3.7, 5 дугаар зүйлийн 5.1., Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.13, 13.2.3 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3, 2.2.4-ийн В, Д хэсэг, ажилтны хувийн өргөдлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болох нь нотлогдож байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална, 38.1.2.-д ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 43 дугаар зүйлийн 43.1.-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэжээ.
6. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/298 дугаар тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Э., тогооч Ж.*******, нярав А.Оюунбилэг нар нь бүлэглэн 2017 оны 9 сард 200 кг үхрийн мах нийлүүлсэн мэтээр баримт бүрдүүлэн ДИНМБ ХХК-ийн данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэсэн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан, тогооч Ж.*******, нягтлан Э. нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард 64.5 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн Сайн Амгалан ХХК-ийн данс руу Төрийн банкаар гүйлгээ хийлгэн 359 950 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан, тогооч Ж.******* ганцаараа ******* ******* нийлүүлэгдэх хүүхдийн хоолны махнаас 2017 оны 11 сарын сүүлээр ДИНМБ ХХК-ийн махны дэлгүүрт үхрийн 35 кг орчим жинтэй 1 ширхэг гуя, хонины 25 кг орчим жинтэй 1 ширхэг бүтэн махыг хувьдаа завшиж 369 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож нэхэмжлэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
7. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/03 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн,
8. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 192 дугаар тогтоолоор Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Ж.******* нь ганцаараа болон бусадтай бүлэглэн ******* цэцэрлэгийн хүүхдийн хоолны махнаас завшсан нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож байна.
Иймд Ж.*******ын эрүүгийн хэрэгт хамааралтай асуудлыг шүүх дахин нотлохгүй.
10. Нэхэмжлэгч Ж.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4-д Дараах тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасанд тооцон гэрээг цуцална: В-д Өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан нь тогтоогдсон хариуцсан өмч хөрөнгөө үрэгдүүлсэн, эвдсэн, Д-д албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх ба энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.
11. Нэхэмжлэгч Ж.*******ын гаргасан зөрчил буюу гэмт хэрэг үйлдэж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдсон байх ба түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 412 398 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Анх гомдол мэдээллийг нярав Б.Болормаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цэцэрлэгийн захиргаанд гаргасан, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа Ж.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх ба зөрчлийг илрүүлсэн нь хамт олны хурлаар хэлэлцсэн үеэс тоолох үндэслэлтэй байна.
Тодруулбал, гомдол мэдээлэл ирснээр ажилтныг шууд ажлаас халах нь өрөөсгөл бөгөөд түүнийг шалган хэлэлцсэний үндсэн дээр тушаал гарсан байна гэж дүгнэлээ.
Иймд зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах хугацааг өнгөрүүлээгүй гэж үзэв.
13.Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримтлан Орхон аймгийн ******* ******* холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 412 398 төгрөг гаргуулах Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч ******* цэцэрлэгийн 2018 оны 1-5, 9-12 дугаар сарын хоолны тайлан, 2018 оны 1-12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл, шилэн данс, нэмэлт дансны тайлан, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох урагш нэг шат бүртгэлийн дэвтэр, /долоон дэвтэр/ баримтуудыг нэхэмжлэгчид буцаан хүргүүлсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА