Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2025/00814

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 312/ШШ2025/00814

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг, ******* банк ХК-ийн Орхон пирамид тооцооны төв /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Баян-Өндөр хотхон 13-47 тоотод оршин суух Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 16 471 103 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Ш.Болортуяа

Хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Р.Болор-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тавхайшарав овогтой ******* нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр ЗГ4015107205 тоот зээлийн гэрээ байгуулан 13,800,000.0 /арван гурван сая найман зуун мянган төгрөг/ төгрөг, 60 /жар/ сарын хугацаатай, сарын 1,4% /нэг аравны дөрөв/ хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. Зээлдэгч Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2024 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар 1241 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 9,800,773.54 /есөн сая найман зуун мянга долоон зуун далан гурван төгрөг тавин дөрвөн мөнгө/-н төгрөг, зээлийн хүү 6,221,559.8 /зургаан сая хоёр зуун хорин нэгэн мянга таван зуун тавин есөн төгрөг наян мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,769.73 /дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун жаран есөн төгрөг далан гурван мөнгө/, нийт 16,471,103.07 /арван зургааи сая дөрвөн зуун далаи нэгэн мянга нэг зуун гурван төгрөг долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Тавхайшарав овогтой *******-г Орхон Баян-Өндөр сум ******* баг Баян-Өндөр хотхон 13-р байр, 47 тоот хаягаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр гаргуулахаар 2023 оны 10 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч дээрх дурьдсан хаягт Т.******* нь бүртгэлгүй оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолтонд үндэслэн 2023 оны 11 сарын 22-ний өдрийн 142/Ш32023/06382 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд Т.*******ыг эрэн сурвалжлуулахаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 2024 оны 04 сарын 16-ний өдрийн 142/ШШ2024/00612 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.*******ыг эрэн сурвалжилж, оршин сууж буй хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан.

Орхон аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж Т.******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Баян-Өндөр хотхон 13-р байр 47 тоот хаягт оршин сууж байгааг тогтоож албан тоот ирүүлсэн болно. Иймд Тавхайшарав овогтой *******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ4015107205 тоот гэрээний төлбөрт 16,471,103.07 рван зургаан сая дөрвөн зуун далан нэгэн мянга нэг зуун гурван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн Тавхайшарав овогтой *******аас гаргуулан ******* банкинд олгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан нь үнэн. Тухайн үед эмнэлэгт өвчтэй байхад нь банкнаас маш олон удаа залгаж байсан. Мөн даатгалын компаниас залгаж байсан, би материалыг нь аваачиж өгч байсан, ямар даатгалын компани гэдгийг нь мэдэхгүй. 2021 оны 05 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрсэн байна. Анхнаасаа хууль, дүрмийнхээ дагуу явсан бол ийм их хэмжээний хүү, алданги бодогдохгүй байсан. Энэ хүнд найз нөхөд нь туслаад явж байгаа... гэсэн.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ /хх-5-9/, зээлийн дансны хуулга /хх-11-15/, зээл төлөх тухай мэдэгдэл /хх-16-17/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 42/04-5071 дугаартай албан бичиг /хх-21/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-23/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Тавхайшарав овогтой ******* нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр ЗГ4015107205 тоот зээлийн гэрээ байгуулан 13,800,000.0 /арван гурван сая найман зуун мянган төгрөг/ төгрөг, 60 /жар/ сарын хугацаатай, сарын 1,4% /нэг аравны дөрөв/ хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. Зээлдэгч Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2024 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар 1241 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 9,800,773.54 /есөн сая найман зуун мянга долоон зуун далан гурван төгрөг тавин дөрвөн мөнгө/-н төгрөг, зээлийн хүү 6,221,559.8 /зургаан сая хоёр зуун хорин нэгэн мянга таван зуун тавин есөн төгрөг наян мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,769.73 /дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун жаран есөн төгрөг далан гурван мөнгө/, нийт 16,471,103.07 /арван зургааи сая дөрвөн зуун далаи нэгэн мянга нэг зуун гурван төгрөг долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Тавхайшарав овогтой *******аас 16,471,103.07 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Т.******* нь 2020 онд орцондоо унаад бэртэл авсан. Үүнээс болж дух нь цөмөрсөн, тархиндаа хагалгаа хийлгэсэн. Түүнээс хойш баруун хөл, гар саажилттай, ярих, ойлгохын хэлгүйдэл гэсэн оноштой, толгой нь маш их өвддөг. Бидний хэдэн найзууд илүүчлээд болгож байдаг. Харж хандах өөр хүн байхгүй. Зээл авсан нь үнэн. 2021 оны 05 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрсэн байна. Анхнаасаа хууль, дүрмийнхээ дагуу явсан бол ийм их хэмжээний хүү, алданги бодогдохгүй байсан гэж бодож байна... гэсэн тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч Т.******* нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* банкны Орхон салбар Пирамид төвөөс ЗГ4015107205 тоот зээлийн гэрээ байгуулан 13 800 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй ,цалин барьцаалсан зээлсэн авсан байна.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.

  5. Нэхэмжлэгч ******* банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сараас хэтэрч эхэлсэн, хотод эмчилгээтэй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаагүй харж байсан гэж тайлбарладаг бөгөөд хамгийн сүүлд хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 50 000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв.

 

7. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6.-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагчийг зээлээ төлж чадахгүй өвчтэй болсон гэдгийг нэхэмжлэгч ******* банк мэдэж байсан мөртлөө шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй зээлийн хүүг зориудаар нэмэгдэхэд хүргэсэн байна.

7.1 Одоогоор хариуцагч Т.******* нь хөдөлмөрийн чадвар алдалт 70% хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон нь мэдрэлийн эмч С.Баянбатын тодорхойлолт /хх37/, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

8. Иймд 2021 оны 05 дугаар сарын байдлаар буюу эрх зөрчигдөж эхэлсэн үед зээлийн үлдэгдэл төлбөр 10 559 462,74 төгрөг байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 5 911 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжаар 183 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 208 дугаар зүйлийн 208.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.*******аас 10 559 462,74 төгрөг гаргуулан ******* банкны Орхон салбар Пирамид тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 911 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 306 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжаар 183 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Орхон пирамид тооцооны төвд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА