| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2021/00227/И |
| Дугаар | 226/МА2021/00020 |
| Огноо | 2021-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 226/МА2021/00020
2021 оны 11 сарын 12-ны өдөр 226/МА2021/00020 Хэрлэн сум
Н-ийн нэхэмжлэлтэй,
О-т холбогдох
иргэний хэргийн талаар
226/2021/00020/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У- /цахимаар/, түүний өмгөөлөгч Н- /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2021/00340 дугаар шийдвэртэй Н-ийн нэхэмжлэлтэй О-т холбогдох “өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н-ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж тус тус заасан.
Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1814000145 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 59-р байрны 10 тоотод байрлах 26 м2 талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж-, түүний аав Н-, ээж Х-, эгч Б- нарыг 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон байна. Н-, Х-, Б-, Ж- нар уг орон сууцны хамран өмчлөгчөөр 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүртгүүлсэн боловч тухайн өдрөөс хойш өнөөдрийг бүртгэл уг орон сууцанд огт амьдарч байгаагүйн зэрэгцээ Ж- нь гэр бүлтэй болж 2001 оноос өрх тусгаарлан тусдаа амьдарсан байна.
Харин Ж-гийн аав Н- нь 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, ээж Х- нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус нас барсан. Тэгвэл өвлүүлэгч Н-, Х- нарыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй өвлөгч Ж- нь тийнхүү тухай бүр өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй байх тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
Гэтэл Хэнтий аймгийн тойргийн нотариатч /дугаар 39/ О-ээс Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж олгосон байна.
Иймд Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Дээрх орон сууцны хамтран өмчлөгч Ж- нь уг орон сууцыг эзэмшиж байгаа Н.Н- надад холбогдуулан “бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж- нь Хэнтий аймгийн тойргийн нотариатч О-ээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түүнд олгосон 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүд болон түүнтэй холбоотой бусад бичиг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар нотариатч О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гэхдээ шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу нотариатч О-т холбогдох асуудлыг Ж-гийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй тул нэхэмжлэгч Н- би түүнд холбогдуулан тусад нь энэхүү бие даасан нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн тойргийн нотариатч О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хэнтий аймгийн Бэрх хотын харьяат Ж-гийн хүсэлтээр аливаа улсын бүртгэл үнэн зөв байх үндэслэлийн дагуу улсын бүртгэлийн Ү-1814000145 дугаарт бүртгэгдсэн Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 59-р байрны 10 тоот орон сууцны өмчлөгч Н-, Х- нарт оногдох хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан.
Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон тодорхойлолтоор Н-ийг нас барах хүртэл түүний хамт Х-, Б-, Ж- нар амьдарч байсан нь нотлогдох ба өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй тул өв хүлээн авсанд тооцож 0001 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д “Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэж заасны дагуу Х-гийн нэг ам бүлд байсан өвлөгч Ү-н нэр зааж татгалзсан хүсэлтээр 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.
Түүнчлэн уг орон сууцны хамтран өмчлөгч Ж- нь “бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан зохигч болох хүн нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байдлыг харгалзан дээрх өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.
Мөн иргэн Н- нь нас барсан Н-, Х- нарын эрх залгамжлагч биш бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2021/00340 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар иргэн Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “1. Нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг тайлбарлавал иргэн Ж- нь маргаан бүхий Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 59-р байрны 10 тоотод байрлах 26 м2 талбай бүхий орон сууцыг одоо эзэмшиж байгаа буюу уг орон сууцанд амьдарч байгаа иргэн Н-т холбогдуулан “бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2106 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.
Тус иргэний хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У-аас нэхэмжлэгч Ж-д холбогдуулан “Ж- нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, мөн Н- нь маргаан бүхий орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч Ж- сөрөг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зориуд санаатайгаар маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Н-, Х- нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Хэнтий аймгийн тойргийн нотариатч О-т гаргаж, улмаар нотариатч мөн өдөрт нь Ж-д 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Улмаар Ж- нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө дээр дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох “бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх” шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй, “орон сууц өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, эзэнгүй орон сууцыг олж авсан этгээд нь уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх шийдвэрлээгүй байхад иргэн Ж-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч О-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх “гэм хор учруулах” гэсэн үндэслэлд хамаарна.
Нотариатчийн хууль бус үйлдэл нь иргэн Н-ийн өмчлөх эрх буюу эд хөрөнгөд гэм хор учруулж байгаа учраас анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх ба нэхэмжлэгч Н-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж заасан ба уг заалтад зохигч шүүхэд бодит байдалд нийцсэн тайлбар өгөхийн зэрэгцээ тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй болохыг тусгажээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ...эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байдаг. Энэ нь нэг талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан “шинэ нотлох баримт бүрдүүлэх” тухай хэргийн оролцогчийн гаргасан хүсэлттэй холбоотой байж болох ч, нөгөө талаар шүүх хуралдааны явцад зохигч талуудын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.
Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой ба хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг.
Н-ийн нэхэмжлэлтэй, нотариатч О-т холбогдох иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэн бөгөөд уг шүүх хуралдаанаас өмнө болон уг шүүх хуралдаан дээр зохигчид Ж-гийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох түдгэлзүүлсэн иргэний хэргээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй ч анхан шатны шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагын хүрээнд уг хэргээс шаардлагатай нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зайлшгүй шаардлагатай байсан гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа болно.
2. Шүүх “хариуцагч, нотариатч О- нь нотариатын үйлдэл хийхийг хойшлуулж, түдгэлзүүлж болох байсан байна” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа “нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэж буруу дүгнэжээ.
Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нотариатч О- нь иргэн Ж-д өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх шийдвэр гаргах ёстой атал уг шийдвэрийг гаргаагүй нь хууль бус санаатай эс үйлдэхүй бөгөөд уг эс үйлдэхүй нь дангаараа нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй. Харин энэ нь нотариатч О-ээс иргэн Ж-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль бус үйлдэл болохыг давхар нотолж буй нотолгооны нэг хэсэг нь юм.
3. Маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр иргэн Ж-, түүний аав Н-, ээж Х-, эгч Б- нарыг 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл иргэн Ж- болон бусад хамтран өмчлөгчид нь 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ж-гаас иргэн Н-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 19 жил 04 сар гаруй хугацаанд тухайн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдлого огт хийж байгаагүй, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.
Орон сууц хамтран өмчлөгч Н- 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, Х- 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус нас барсан бөгөөд Ж- нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамтран өмчлөгч Н-, Х- нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатч О-т гаргаж, улмаар нотариатч мөн өдөрт нь Ж-д 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж тус тус заасан.
Өвлөхөөс татгалзах, өв хүлээн авахаас татгалзах гэсэн ойлголтуудыг эрх зүйг хувьд ялгаж салгаж ойлгох шаардлагатай. “Өвлөхөөс татгалзах” гэдэг нь эрх зүйн хувьд нэг талын, өвлөх эрх зүйн харилцаанд оролцох хүсэлгүй байгаагаа бодитой илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгоно.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлөгч Ж- нь өвийг хүлээн авсан байлаа ч мөн зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар 3 сарын дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагад, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар хэрэв өвлөгч Ж- нь өвлүүлэгч Н-, Х- нарыг нас барах хүртэл тэднээс тусдаа амьдарч байсан бол мөн зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг мөн л өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
Тиймээс иргэн Ж- нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгийн алиных нь ч өвлөгч байсан мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан байхад нотариатч О-ээс түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.6-д заасан нотариатчийн нотариатын үйлдэл хийхээс татгалзах “хуульд заасан бусад” тохиолдолд хамаарна.
Тодруулбал нотариатч О- нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахв хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.6-д заасныг тус тус үндэслэн иргэн Ж-гаад өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой байтал уг заалтыг зөрчин түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Тиймээс Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэсэн заалтыг үндэслэн уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №3544 дугаартай Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүсэн лавлагаа нь эсэргээрээ өвлөгч Ж- нь өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй гэдгийг нотолж байна.
Мөн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойололтын нэгдсэн маягтад Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, Бэрх, 59-р байр, 10 тоотын өмчлөгчөөр Н-, Х-, Б-, Ж- нарыг бүртгэсэн байдаг. Гэвч өмчлөгч Ж- нь уг орон сууцанд одоо амьдарч байгаа Н-т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Н- нь уг орон сууцыг өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан тул уг орон сууцыг эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гарган маргаж байгаа ба Н-ийн нэхэмжлэлтэй, нотариатч О-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгааг дурдах нь зүйтэй юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.3 дахь заалтыг удирдлага болгон Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.6-д заасныг тус тус үндэслэн иргэн Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны дөөр 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Хэнтий аймгийн тойргийн нотариатчийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н- нь Хэнтий аймгийн тойргийн нотариатч О-т холбогдуулан “өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У- “тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс нотлох баримт гаргуулах” тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан байна /хх6/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ... өөрөө олж авах ....боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангах эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримт бүрдүүлж өгөх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2021/00340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Я.АЛТАННАВЧ