| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334000000297 |
| Дугаар | 2024/ДШМ/37 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/37
2024 4 25 2024/ДШМ/37
М.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Наранхүү,
Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд, түүний өмгөөлөгч Д.Гансүх,
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оөмгөөлөгч Д.Гансүхийн давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Ат холбогдох эрүүгийн 2334000000297 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М.А, 1986 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Баруун-Туруу суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
- Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 5 сарын 11-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн,
- мөн шүүхийн 2009 оны 02 сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хорих ял оногдуулсан,
- мөн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар:ОА.............
2. Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хүүхдийн овоо" гэх газарт байрлах өөрийнхөө гэрийн гадна амь хохирогч Д.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар цээжин тус газарт 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 12 см хүрэн өнгийн бариултай 12 см ажлын хэсэгтэй нийт 24 см урт хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди /CD/-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Ааас нийт 111.723.850 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч HT.............. Б.Оолгож,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ошаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй оршуулгын зардал сэтгэл санааны хохирол, малчны зээлийн төлбөр нийт 33.567.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гадагш гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “өмгөөлөгч Д.Гансүх би дор дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүхийн тогтоолд заасан ...шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ...ял оногдуулахад нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд: Шүүх шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ "... шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв" гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, түүний гэм буруу, хувийн байдал, түүнд оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ, хорих ялын дэглэмд огт тохироогүй үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь:
а/ хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд авч үзэхэд М.А нь тухайн гэмт хэрг үйлдэхдээ архи хэрэглэсэн согтуу байсан, хохирогчийг зүй бусаар авирласан мэтээр М.А мэдүүлдэг боловч энэ нь огт тогтоогдоогүй, амь хохирогчийн зүрхэн тус газар нь хутгалсан, гэмтэл авсан хугацаанд саахалт нутаглах амь хохирогчийн эхнэр, аав, ээж, ар гэрт нь мэдэгдээгүй, уулзах боломж олгоогүй, эмнэлгийн дуудлагыг аавыгаа үзүүлнэ гэх нэрийдлээр хуурамчаар өгсөн нь тусламж үзүүлэх, ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломжид сөргөөр нөлөөлсөн, мөн өдөр архи хамт уугаад муудалцаж салахдаа А нь "хотыг чинь харлуулна харж байгаарай, голомтыг чинь самарна" гэх зэргээр амь хохирогчийг заналхийлсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхад түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн ялыг оногдуулав гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй.
б/ Шүүгдэгч М.А нь хувийн байдлын хувьд 2004, 2009, 2011, 2016 онуудад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, мөн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт дөрвөн удаа шүүхээр ял шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил огт олоогүй дахин хүнд /хуучнаар онц хүнд/ хэрэг үйлдсэн байхад түүний ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
в/ Гэм буруугаа огт ухамсарлаагүй, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн ар гэрт учирсан сэтгэцийн гэм хорын хохирол болон оршуулгын зардлаас огт төлөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлнө гэх үндэслэлээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гарган цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлсэн нь амь хохирогчийн алтан амь, түүний ар гэрт учирсан хагацал, өнчрөл, гашуун зовлонг огт тооцоогүй, гэм буруугаа хүлээн гэмших нь байтугай шүүхийн байгууллагыг хүртэл мэхэлсэн шинжтэй үйлдэл гаргасанд гомдолтой.
Шүүхийн тогтоол дахь эрүүгийн хариуцлагын дүгнэлт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан "шударга ёсны зарчим"-д огт нийцээгүй гэж үзэж байна.
2. Амь хохирогч Д.Дар гэрийнхний сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх тооцохдоо Төв аймгийн нутагт амьдардаг эрэгтэйчүүдийн дундаж наснаас тооцохыг хүсэж холбогдох материалыг хүргүүлсэн байхад улсын дундаж наснаас тооцож, түүний нэр дээр авсан банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг хохиролд оруулан тооцолгүй нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хорогдуулсанд гомдолтой. Оршуулгын зардлын хэмжээ, шаардлагын талаар шүүгдэгч тал огт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байхад шүүх санаачилагаараа зардлыг хасаж тооцсонд гомдолтой байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Аын гэм буруу, хувийн байдалд ял шийтгэлийг зөв тохируулан оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүхийн шатанд нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хань ижлээсээ салаад, хоёр өнчин хүүхэдтэй үлдлээ. Энэ хүн хохирлоо төлөөгүй, уучлалт ч гуйгаагүйд маш их гомдолтой байна” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин дахин уучлал хүсье. Одоо гаргаад өгөх мөнгө байхгүй. Хэдэн малаа зараад мөнгө болгосон байсан боловч эхнэр маань хүнд зээлүүлээд авч чадахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 07-ний өдөр Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүүхдийн овоо” гэх газарт байрлах өөрийнхөө гэрийн гадна амь хохирогч Д.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар цээжин тус газарт 1 удаа хутгалж “цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд 1.9 литр шингэн агууламж, баруун мөр, хөх, өвдөг, зүүн гуя, зүүн бугалгад цус хуралт, дух, баруун дээд зовхи, баруун даланд зулгаралт” бүхий гэмтэл учруулж алсан хэргийн үйл баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О: “Манай нөхөр ...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ 11 цагийн орчимд адуундаа явлаа морио солино гээд гарсан. Мөн хадам аав засаатай үрээгээ олж ирж засна гэж хэлсэн гэж хэлж байсан. Ингээд ирээгүй, өнөө өглөө цагдаа нар нас барсан талаар нь хэлж ирсэн. Би энэ талаар мэдэхгүй. ...Би маш их гомдолтой байна. Нялх хоёр хүүхэдтэйгээ өнчин үлдлээ. Хохирлоо барагдуулж байж санаа амарна. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Манай нөхөр хүнтэй мууддаг хүн биш хүн хөдлөхөөр дараа нь хөдөлдөг хүнийг зодож цохиж байгаагүй...” /хх-ийн 32/ гэх,
гэрч Б.Үүрцайхын: “...Ингээд бид гурав архиа ууж дуусаад сууж байгаад Д нь Ат хандаж “чи манайхыг яаж баяжсан гэж хүнд хэлсэн юм бэ” гэхэд А хариуд нь “би хэнд юу гэж хэлсэн юм бэ” гээд тэр хоёр хэрэлдээд, Д эхлээд Аыг цамцнаас нь заамдаж бариад “миний малыг харж нүдэлж явдаг чи хэн юм бэ, миний мал яаж өсөх нь чамд ямар хамаатай юм бэ” гээд суугаагаараа нэгнийгээ барилцаад босоод ирсэн. Би голоор нь ороод боль гээд салгаад, миний хоёр талаас өөд өөдөөсөө өшиглөлцөөд, гараараа цохилцоод нэгэндээ хүрч чадахгүй дайралцаад байсан. Ингээд би больцгоо, одоо харь гэж хэлээд салгаад А мотоциклоо унаад түрүүлээд явахдаа Дад хандаж “хотыг чинь харлуулна харж байгаарай, голомтыг чинь самарна” гэх зэргээр хэлээд давхиад явчихсан. Ингээд би Дыг жаахан байлгаж байгаад одоо гэртээ хариарай гэж хэлээд хөлийн ороолтоо янзалж ороогоод би гэр рүүгээ Д гэр рүүгээ хоёр тийшээ салсан, дахиж уулзаагүй...” /хх-ийн 37-39/ гэх,
гэрч Б.Буянхишигийн: “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд Д манайд 1 шил архитай бэлэгний адуугаа авна гэж ирээд бид хоёр манай гэрт архиа хувааж уугаад, морьтой, мотоциклтой адуундаа мордоод адуугаа Үүрцайхын хашаанд хашиж зааж өгөөд барих гэтэл тор задраад барьж чадахгүй адуугаа алдаад, сумын төвийн хашаанд хашиж 1 морь бариад хөтөлж явсан моринд нь холбож өгөөд адуугаа хөөгөөд гэртээ хариад эргээд гараад иртэл манай гэрийн урд талын овгор шороон дээр Д, Үүрцайх хоёр намайг дуудаад хүрээд очтол 1 шил архи задлаад хамт ууж байгаад би согтоод Үүрцайх намайг мотоциклоор гэрт хүргэж өгөөд Д миний морийг гэрт хүргэж өгөөд явсан. Бид гурвыг сууж байхад Галаа ирээд удалгүй явсан. Мөн намайг гэр рүүгээ явах үед А надтай зөрж ирээд намайг явахаас өмнө 2 аяга архи уусан, ингээд би гэртээ ирээд дахин тэд нартай уулзаагүй...” /хх-ийн 41-42/ гэх,
гэрч Ц.Галхүүгийн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим хөдөө гарах гээд явж байхад сумын төвийн урд талд хүмүүс байхаар нь хүрээд очиход Буянхишиг, Үүрцайх, Д, А нар архи уугаад сууж байсан. Би ууж байсан шилтэй архийг нь хамт ууж дуусгаад гэр рүүгээ явсан тэд бүгд үлдсэн...” /хх-ийн 44/ гэх,
гэрч Б.Саранцэцэгийн: “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 02 минутад жижүүрийн сувилагч над руу залгаад ...дуудлага ирлээ та яваарай гэж мэдэгдсэний дагуу би эмнэлэг дээр ирж цүнхээ аваад жолоочтойгоо бензин аваад гарах гэж байтал жижүүр сувилагч Ариунжаргал жолооч руу залгаад дуудлага цуцлагдлаа өөрсдөө ирнэ гэнээ гэж хэлсэн. Ингээд жолооч намайг гэрт хүргэж өгөөд би гэртээ ирэхээр нь хэлэх байх гэж бодоод хүлээгээд байтал дуудахгүй байхаар нь жижүүр сувилагч руу залгаад нөгөө хүмүүс чинь яасан бэ ирсэн юм уу гэж лавлахад нөгөө машин нь шаварт орчихсон гэнээ, буцаад дуудлага өгсөн чи ир гээд би жолоочтойгоо хамт 3 дугаар багийн "Хүүхдийн овоо" гэх газар руу 23 цаг 59 минутад сумын төвөөс гараад явсан. Ингээд дуудлагадаа 00 цаг 30-40 минутын хооронд очоод гэрийн гадаа буухад гэрийн гадаа А зогсож байсан. Нөгөө залуу араас гэрт орж ирээд баруун орон дээр хэвтэж байсан хүн рүү заагаад энэ хүн манайд согтуу ирсэн юм аа. Бид хэд голын урд архи уусан. Бид хоёр малаас болж хоорондоо маргалдсан юм. Би гэр рүүгээ түрүүлээд харьсан. Араас хөтөлгөө морьтой талийгаач цус болчихсон ирсэн гэж хэлсэн. Намайг эмнэлэг дуудах гэхээр хэрэггүй гээд байсан. Ингээд хэвтлээ гээд хэвтэхээр нь би хэсэг хугацааны дараа биен дээр нь дарахад хүйтэн байхаар нь хөнжил тавиад дахиад дуудлага өгсөн юм гэж хэлсэн. Ингээд би амин үзүүлэлтийг нь шалгахад бүгд 00 байсан, захын судасны өргөсөл мэдрэгдэхгүй хөшингө үүссэн нас барсан байсан. Ингээд хөнжлийг сөхөөд харахад зүүн хөхний доор 5-6 дугаар хавирганы орчимд 2-3 см зүсэгдсэн шарх байхаар нь би жолоочдоо хэлээд цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 50-51/ гэх,
Шинжээч Л.Бямбатуяагийн: “...2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр талийгаач Д.Дад задлан шинжилгээ хийсэн. Амь хохирогч Д.Днь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээжний зүүн хөндийд цочмогоор цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаач Д.Дцогцост учирсан дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй хүнд амь насанд аюултай гэмтэл юм...” /хх-ийн 173/ гэх мэдүүлгүүд,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаар шинжээчийн “...Амь хохирогч Д.Дцогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд 1,9 литр шингэн агууламж, баруун мөр, хөх, өвдөг, зүүн гуя, зүүн бугалгад цус хуралт, дух, баруун дээд зовхи, баруун даланд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун мөр, хөх, өвдөг, зүүн гуя, зүүн бугалгад цус хуралт, дух, баруун дээд зовхи, баруун даланд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч Д.Днь 0 (1) нэгдүгээр бүлгийн цусны харьяалалтай байна. Амь хохирогч Д.Дцусанд 2.3%, ходоодны шингэнд 3.1% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолт болно.
Амь хохирогч Д.Днь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээжний зүүн хөндийд цочмогоор цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ...” /хх-ийн 96-100/ гэх,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн “...М.А нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй гэж үзлээ. М.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. М.А нь хэрэг хариуцах чадвартай болно...” /хх-ийн 115-116/ гэх дүгнэлтүүд,
Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг "Хүүхдийн овоо" гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-16/,
цогцост үзлэг хийсэн “...баруун даланд 3.5х1.5 см, 1.5х0.5 см, 0.5х0.3 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай, цээжний зүүн хэсэгт зүүн хөхний доор аюулхай уулзварт 6,7 дугаар хавирга орчмын харалдаа ар тал 7 цаг, мөр тал 1 цагийн түвшинд байрлалтай 3 см урттай, 2 см өргөнтэй, ангайсан шархтай, шархны зах ирмэг тэгш, эдийн дутагдалгүй, шархаар өөхөн эд улаан ягаан өнгийн шингэн зүйл урсан гарна. Задалж үзэхэд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн 15- 16 орчим см гүнтэй байна....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-92/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинж нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан байдаг ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулах бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай үйлдэгддэг тул прокуророос шүүгдэгч М.Ат зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
4. Шүүгдэгч М.Ат холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Ат хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн гэм буруугийн болон хууль ёсны зарчимд нийцүүлж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О өмгөөлөгч Д.Гансүх “Шүүгдэгч М.Ат оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх тооцохдоо Төв аймгийн нутагт амьдардаг эрэгтэйчүүдийн дундаж наснаас тооцоогүй, амь хохирогчийн нэр дээр авсан банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг хохиролд оруулан тооцолгүй нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хорогдуулсан, оршуулгын зардлын хэмжээ, шаардлагын талаар шүүгдэгч тал огт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байхад шүүх санаачлагаараа зардлыг хасаж тооцсонд гомдолтой” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
8. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах боломжгүй байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох эрх хэмжээтэй.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасны дагуу амь хохирогч Д.Днасны болон Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын хүн амын эрэгтэй хүний дундаж наслалтын зөрүү /38 нас/-г Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн болох /550,000х5=2,750,000/ 2,750,000 төгрөгөөр үржүүлэн /2,750,000х38=104,500,000/ 104,500,000 төгрөгөөр тогтоосон анхан шатны шүүхийн тооцоолол зөв байна.
10. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оршуулгын зардал 16.763.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс анхан шатны шүүх нийт 7.223.850 төгрөгийг хангаж, үлдэх 9.539.970 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн атлаа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар амь хохирогч Д.Д“ХААН Банк” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авсан 20,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 16,600,000 нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй тул анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх малчны зээлийн төлбөрийг хасаж тооцсон нь үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хэмжээг зөв тогтоосон эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүхийн шатанд нөхөн төлүүлэх хууль зүйн боломж хязгаарлагдмал юм.
12. Мөн шүүгдэгч М.А нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “ ...шийтгэх тогтоолд цагдан хоригдсон 61 хоногийг 59 хоног гэж 2 хоног дутуу тусгасныг өөрчилж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 129 дугаар захирамжаар “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...59... “ гэснийг “...61...” гэж өөрчлөлт оруулжээ.
Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болох бөгөөд шүүхийн шийдвэрийг залруулсан шийдвэрийг тухайн шийдвэрийг гаргасан шүүх бүрэлдэхүүн гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд хуульчилсан. Өөрөөр хэлбэл М.Ат холбогдох хэргийг шүүгч дангаар биш гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн тул Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 129 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг залруулсан гэж үзэхгүй.
13. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оөмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
14. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оөмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.Аын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Аын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хасгууд овгийн Мягмарын Аын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж,
6 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Ааас нийт 111.723.850 /зуун арван нэгэн сая долоон зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НТ97012908 дугаарын регистртэй, Б.Оолгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол, малчны зээлийн төлбөр нийт 33.567.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Ааас нийт 111,723,850 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НТ97012908 дугаарын регистртэй, Б.Оолгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол, малчны зээлийн төлбөр нийт 24,025,000 /хорин дөрвөн сая хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардалтай холбоотой 9,539,970 /есөн сая таван зуун гучин есөн мянга есөн зуун дал/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оөмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Аын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ