Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Э.Б, У.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчин овогт Энхбатын Б, Боржигон овогт Улаандайн И нарт холбогдох 1729000390026 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б, У.И нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн хойно тавиастай байсан “Дорнын өртөө” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн 61-23 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 350 литрийн дизель түлш, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, стермень, куртик, өмдийг хууль бусаар нууцаар авч бусдад 872,050 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б: ”...Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.И: ”...Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-12 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлүүд, холбогдох баримтууд /хх-н 13-18 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатарын: ”...2018 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Жавхлан багийн ойролцоо эвдэрсэн байсан “Дорнын-Өртөө” ХХК-ийн 61-23 ӨМҮ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн банканд байсан дизель түлш, машин дотор байсан бичиг баримт нь алдагдсан талаар жолооч нь компани руу мэдэгдсэн байсан. Компанийн жолооч Ц.Мөнхжаргал Цагаан хаданд байдаг шатахуун түгээх станцаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 335 литр түлш авсан бүртгэл байгаа. Манай компанид 872,050 төгрөгийн хохирол учирсан. Энэ асуудал дээр манай компаниас санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын: “...би “Дорнын-Өртөө” ХХК-иас түрээсээр эзэмшдэг 50-20 БЧ дугаарын чиргүүл бүхий 61-23 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн машинаа Жавхлант багийн хойно эвдрээд зогсоход нь ойрхон айлд очиж хоночхоод эргээд иртэл банкнаас түлш, кабинаас хувцас, бичиг баримт хулгайд алдагдсан байсан. Алдсан хувцас, бичиг баримтаа бүрэн хүлээн авсан. Өнөөдөр хэргийн оролцогч Э.Б, У.И нар миний алдсан түлшний мөнгийг надад төлж хохиролгүй болгосон. Иймд надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28 дугаар хуудас/,

Гэрч Ц.Мөнхжаргалын: ”...миний машины чиргүүлийн тэнхлэг эвдрээд Ганц модонд явж байсан дүү рүүгээ ярьж сэлбэг захиад 01 дүгээр сарын 28-ны орой машины кабин халаагч нь ажиллахгүй болохоор нь Жавхлант баг орж Доголоо гэдэг таньдаг эгчийнд хоносон. Тэгээд маргааш өглөө нь машин дээрээ очиход машины банканд байсан түлш алдагдаж, кабин онгойлгоод хувцасны цүнхэнд байсан машины бичиг баримт, хувцастай цүнх алга болсон байсны дагуу цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 “Хөрөнгө-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/01 шинжээчийн: “...61-23 ӨМҮ улсын дугаартай авто машины сэлбэг, эд зүйлийн зах зээлийн үнэлгээгээр 872,050 төгрөгөөр үнэлэгдлээ” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Бгийн яллагдагчаар өгсөн: ”...би найз Иийн хамт 43-78 ӨМА улсын дугаартай нүүрс тээврийн машинаар нүүрс тээвэрт явж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой уурхай руу явж нүүрс ачуулчихаад 01 дүгээр сарын 28-ны орой урагшаа Жавхлант баг дөхөж явтал машины түлш дуусаад зогссон. Зогссон газраас хойхно хойшоо явж байгаа чиргүүлийн дугуй нь эвдрээд зогссон машин байсан. Тэр машины ойр хавьд хүн харагдахгүй болохоор нь И бид хоёр алхаж очоод би түлшний банк руу нь өшиглөхөд дотроо түлштэй бололтой дуу гарч байсан. Бид хоёр тэр машин руу анх очихдоо 20 литрийн канестр мөн газов /боолт тайлах багаж/ барьж очсон юм. Би газовоороо банкны хүйсний боолтыг тайлж нүхээр нь түлшийг гоожуулж савандаа хийж аваад буцаагаад хүйсний боолтыг боосон. Ийм байдлаар савандаа 3 удаа түлш хийж авсан. Хамгийн сүүлд савандаа түлш хийж байхад И тэр машины буруу талын хаалгаар кабин руу орж цүнхтэй хувцсыг авсан. ...тэгээд хоёулаа машин дээрээ очоод түлшээ хийчхээд явах гэтэл машин асаагүй. Тэгээд тэндээ хоноод өглөө машинаа асаах гээд байж байтал цагдаа нар ирж биднийг саатуулсан. Би буруу зүйл хийсэндээ харамсаж, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч У.Иийн яллагдагчаар өгсөн: “...Жавхлант баг руу дөхөж явтал машины түлш дуусаад унтарсан. Тэгээд түлш олохоор ярилцаж байгаад биднээс хойно барагцаагаар 800-900 метр хойшоо явж байгаад эвдрээд зогссон нүүрсний машинд алхаж очсон. Тэгээд Б банкны доогуур ороод хүйсний боолтыг тайлж түлш авч буцааж боох байдлаар бид хоёр дөрвөн удаа саваар түлш зөөсөн. ...Бгийн хувцас түлш болчхоор нь би машины буруу талын хаалгыг таттал цоожгүй байсан. Кабинд ороод орон дээр байсан цүнхтэй хувцас мөн стермень байсныг авсан. ...би хулгай хийсэндээ маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51 дүгээр хуудас/,

Э.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 52 дугаар хуудас/,

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 53 дугаар хуудас/,

Э.Бгийн гурван талаас харуулсан зураг /хх-н 55-56 дугаар хуудас/,

Э.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 57 дугаар хуудас/,

У.Иийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 58 дугаар хуудас/,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 59 дүгээр хуудас/,

У.Иийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 60 дугаар хуудас/,

У.Иийн гурван талаас харуулсан зураг /хх-н 61-62 дугаар хуудас/,

Э.Б, У.И нарын харилцах банк дахь дансны хуулга, лавлагаа /хх-ийн 66-87 дугаар хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 98 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Э.Б, У.И нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн хойно тавиастай байсан “Дорнын өртөө” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн 61-23 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 350 литрийн дизель түлш, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, стермень, куртик, өмдийг хууль бусаар нууцаар авч бусдад 872,050 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн хойно тавиастай байсан “Дорнын өртөө” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн 61-23 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 350 литрийн дизель түлш, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, стермень, куртик, өмдийг бүлэглэн хулгайлах үйлдлийг шүүгдэгч нар нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Э.Б, У.И нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Э.Б, У.И нар хохирлыг төлсөн, хохирогч “Дорнын-Өртөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатарын ”...манай компаниас санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй.”, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын “...би алдсан хувцас, бичиг баримтаа бүрэн хүлээн авсан. Өнөөдөр хэргийн оролцогч Э.Б, У.И нар миний алдсан түлшний мөнгийг надад төлж хохиролгүй болгосон. Иймд надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүд байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Б, У.И нарт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/-н сарын хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Э.Б, У.И нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б, У.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаагчин овогт Энхбатын Б, Боржигон овогт Улаандайн И нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан

- шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/-н сарын хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх,

- шүүгдэгч У.Иөд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/-н сарын хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Б, У.И нар нь тэнсэгдсэн 6 /зургаан/-н сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай. 

4. Шүүгдэгч Э.Б, У.И нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Дорны-Өртөө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатар, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Б, У.И нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Б, У.И нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б, У.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН