| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0029/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.2., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: А.Амгалан,
Иргэдийн төлөөлөгч: С.Өнөрчимэг,
Шүүгдэгч: Э.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М холбогдох 1829000230019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1994 оны 11-р сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 24 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчны мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймгийн Манлай суманд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Харчин овогт Энхбатын М РД/КЕ94110731/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн нутаг дэвсгэрт буюу Жаргалант хорооллын 5-3 тоотод иргэн Ц.Сүхбатыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ:” Мөнхманлай өдөр манайд ирсэн. Бид 2 хамт усанд яваад усан сан дээр очиход хаалттай байсан. Мөнхманлай намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгээд Мөнхманлай, Нансалмаа, Даваасүрэн 3 ирээд намайг авч хөдөө гараад архи ууж байсан чинь Сүхбат дуудахаар нь очиж аваад тэгээд бүгд хөдөө гараад архиа ууж дууссан. Мөнхманлай дэлгүүр явж дахин архи авч ирсэн. Тэгээд манайд очиж уугаад Даваасүрэн, Мөнхманлай, Нансалмаа 3 явж, гэрт Сүхбат бид 2 үлдсэн. Даваасүрэн, Мөнхманлай, Нансалмаа 3 эргэж ирэхдээ архитай ирсэн. Тэгээд хөзөр тоглонгоо архиа тойруулж уусан. Тоглож байхад Даваасүрэн Баяраатай уулзаад машинд нь гар утсаа үлдээсэн байна гээд Баярааг дуудсан. Мөнхманлай, Даваасүрэн, Нансалмаа 3 хамт гараад 1 шил архи, 1 пиво авч ирээд гэрт уусан түүнээс хойш би сайн мэдэхгүй байна” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 4-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р хуудас/
Эд баримтаар “...футболик 1 ширхэг, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн ажлын өмд 1 ширхэг, хутга 1 ширхэг, Улаанбаатар, Ерөөл, Тайга нэртэй архины шил, нийслэл нэртэй пивоны сав 1 ширхэг..” /хх-ийн 11-р хуудас/
Хохирогч Ц.Сүхбатын өгсөн:”...Мөнхманлай гэр дээр гараад тооноор Мд үүдээ нээ хөгшөөн гээд хэлээд байсан. Тэгж байсан чинь удалгүй гэр дотроос М гэрийнхээ хаалгыг дотор талаас нь тийрч гарч ирээд над руу гүйгээд ирсэн би хоёр гараараа Мгийн цээж рүү нь тулсан намайг цохих гэж байна гэж бодсон тэгээд Мөнхманлай гэр дээрээс бууж ирээд Мг надаас салгаад цааш нь түлхээд зогсож байсан. Тэгсэн чинь М намайг аль хэдийн хутгалчихсан байсан. Миний зүүн талын суганы доор хэсэгт хий гараад хатгуулаад өвдөөд эхэлсэн тэгээд би доошоо суугаад наадах чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд тэр хооронд ухаан санаа балмагдаад нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн орон дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Д.Мөнхманлайгийн өгсөн:”...Сүхбат намайг дуудаж сэрээгээд М Нансалмаа хоёр гэрт байгаа М хутга бариад байх шиг байна. Чи тооноор нь ороод хутгыг нь аваатах гэж хэлсэн тэгэхээр нь би Сүхбатыг чи тооноор нь ороод түгжээг нь тайл гэж хэлсэн чинь Сүхбат би согтуу байна. Чи намайг бодвол эрүүл байна. Ороод хутгыг нь аваатах гэж хэлсэн. Тэгээд би гэр дээр гараад тооноор орох гэж байсан чинь М гэрийнхээ үүд рүү гүйж очоод хаалга түчигнээл гарсан гэрт харанхуй байсан болохоор яаж гарсныг хараагүй. Тэгээд би тооноор орох ч биш байх ч байж байсан чинь Сүхбат Мөнхманлай найз нь хутгалуулчихлаа Мг аваарай гэж хашхирсан. Би гэр дээрээс буугаад Сүхбат дээр очсон Сүхбат гэрийн зүүн талд мотоцикль, хашаа хоёрын голд тонгойчихсон нэг гараараа цээж орчимдоо гараа дарчихсан “Мд хутга байгаа аваарай гэж хэлээд зогсож байсан. М бид хоёроос урд талд Сүхбат руу чиглээд ирж байхаар нь би Мг барьж аваад боль гэж хэлсэн чинь холд, холдохгүй бол чамайг ч бас ална шүү гэж хэлэхээр нь би Мг тэр тор нь тонгорч унагаагаад дээр нь дарж хэвтэж байгаад баруун гарыг нь мушгисан чинь М гарт байсан нэг зүйлээ нэг тийш нь шидсэн. Тэгсэн чинь хашааны модонд ойгоод гарт байсан зүйл нь газарт унасан. Харанхуйд юу байсныг хараагүй. Сүхбат дээр ирсэн чинь Сүхбат гэрийн үүдэнд дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би Сүхбатын цамцыг нь сөхөөд үзсэн чинь Сүхбатын зүүн талын хавирга орчимд хутгалуулчихсан цус гарчихсан байсан. Тэгээд би Сүхбатын цээжнээс нь тэврээд Даваасүрэнгээр Сүхбатын хоёр хөлнөөс нь өргүүлээд дамжилж гэрт оруулаад гэрийн баруун талд газар тавьсан. Тэгээд эмчид хэлсэн”...“гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р дугаар хуудас/,
Гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн:”...М хаалгаа өөрөө дотор талаас нь нээгээд хөлөөрөө тийрч гарч ирээд М Сүхбатыг чи яагаад томроод байгаа юм гээд нэг нэгнийгээ түлхэлцээд гэрийн хажууд байсан мотоциклийн урд талаар нэгнийгээ түлхээд явж байсан би гэрт орж Нансалмааг авах гээд орсон чинь Нансалмаа гэрийн хойд талын авдрын урд талд газар хэвтэж байсан. Тэгээд би гутал, гадуур хувцсыг нь өмсгөөд аваад гарах гэж байсан чинь гаднаас М орж ирсэн. Нансалмаа гэрээс гараад явсан тэгэхээр нь би Мд чи яагаад байгаа юм бэ? уусан идсэнээ шингээж чадахгүй яаж гээд байгаа юм гэсэн чинь М би Сүхбатыг хутгалчихлаа, намайг хайрлах хүн байхгүй, би шоронд явмаар байна. Би үхмээр байна гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ чамайг хайрлах хүн байгаа шүү дээ яадаж аав, ээж хоёр чинь байгаа шүү дээ гэж хэлчхээд, худлаа яриад байгаарай хутгалаагүй биз дээ гээд зогсож байсан чинь гаднаас Мөнхманлай, Нансалмаа хоёр Сүхбатыг оруулаад ирсэн тэгэхээр нь би Сүхбатын цамцыг нь дээш нь сөхчихсөн байсан би очоод Сүхбатын цээж орчимд нь гар хүрсэн чинь миний гарын хуруунууд цус болчихсон байсан. Тэгээд Сүхбатыг гэрийн баруун талд газар хэвтүүлчихсэн байх үед нь харсан цээжний хажуу талд хутгалсан газраас нь гэдэс дотор нь төмбийгээд гараад ирчихсэн харагдсан харагдсан. Тэгээд Мөнхманлай эмнэлэг рүү машинтайгаа яваад сувилагч дуудаж ирсэн. Тэгээд удаагүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р дугаар хуудас/,
Гэрч Э.Нансалмаагийн өгсөн:”...Сүхбат, Даваасүрэн бид гурав хожигдоод архи авч өгсөн. Энэ архийг 17 цагийн үед Даваасүрэн гэрээсээ дүүгээ аваад дараа нь эгчийнд нь хүргэж өгчхөөд замдаа Насан-Өлзий эгчийн дэлгүүрээс Мөнхманлай орж 1 шил Тайга нэртэй архи авсан. Би эхлээд орсон чинь зарахгүй гээд өгөөгүй. Тэр авсан Тайга нэртэй архи Мгийн гэрт нь очиж хөзөр тоглонгоо хувааж уусан. Бид нар орой харанхуй болтол тоглосон. Түүнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна. Би согтчихсон байсан. ...М Сүхбатыг хутгалсан. Намайг гэрт байхад гаднаас М орж ирээд Сүхбатыг хутгалчихлаа гэж хэлээд орж ирсэн. Би тухайн үед их айсан болохоор эгчийнх рүүгээ гүйсэн. Тэгээд буцаад эмнэлэг рүү ирсэн... “гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Б.Энхбаярын өгсөн:”...Мөнхманлай, Нансалмаа хоёр миний машинд суух гээд архи авах гээд Тулга дэлгүүр рүү очсон. Дэлгүүрт Нансалмаа орж 1 шил Улаанбаатар архи, нийслэл нэртэй пиво ундаа аваад гараад ирсэн. Энэ үед цаг 24 цаг өнгөрч байсан. Тэгээд авсан архи пивоо аваад Мгийн гэрт нь очсон. Намайг уухгүй ч гэсэн юм ярьж сууж байгаад яваач гээд гуйгаад байсан. Тэгээд хамт Мгийн гэрт нь очсон. Мгийн гэрт нь Сүхбат, Даваасүрэн, гурав сууж байсан. Тэгээд тэр хэд архи пиво ууцгаасан би маргааш аймаг явж шинжилгээ өгнө уухгүй гээд өгсөн архи пивыг амсаад өгөөд байсан. Тэгээд би маргааш аймаг явна ажилтай гээд 01 цаг өнгөрөөгөөд тэндээс яваад, гэртээ ирж утнсан. Намайг явахад Тулга дэлгүүрээс авсан архи пиво уугаад дуусч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Ц.Баярбатын өгсөн:”...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад 14 цагийн үед Мгийн гэрт нь ганцаараа очсон. Намайг очиход М, Мөнхманлай хоёр усанд яваад ирсэн. Тэр хоёр буцаад гараад явсан. Би Мгийн гэрт нь ганцаараа унтаад үлдсэн байсан. Дараа нь М, Мөнхманлай, Сүхбат, Даваасүрэн, Нансалмаа, Маргад-Эрдэнэ нар ирээд хөзөр тоглож байх зуураа 0,75 шилтэй Ерөөл архи уусан бид хамт уусан. Орой 22 цагийн үед Мөнхманлайгаар гэр рүүгээ хүргүүлсэн. Би гэртээ унтсан... ”гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч Н.Сарангэрэлийн өгсөн:”...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дэлгүүртээ бүтэн суугаагүй. Өөртөө тариа хийлгэх гээд гарч ороод байсан. Өглөөгүүр би өөрөө байсан.17 цагийн үед манай охин Оюунбаяр сууж байсан. Зарим үед хамт байсан. 17 цаг өнгөрөөгөөд 18 цаг болох гэж байсан. Би явж тариа хийлгэх гээд явах гэж байсан чинь М, Маргад-Эрдэнэ хоёр гаднаас орж ирээд архи зарчих гээд нэхээд байсан. Тэгээд Оюунбаяр цүнхнийхээ юмыг өглөө шүү гээд 0,75 Ерөөл архи ундаатай хамт өгсөн нийлээд 15,000 төгрөг болсон. Мөнгөө өгөөд аваад гарсан. М манай дэлгүүрээс архи авах үед эрүүл орж ирээд архи худалдаж аваад гарсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч Т.Маргад-Эрдэнийн өгсөн: “ ...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед М “юу хийж байна. Би гэртээ юм угааж байна. Ирж буулах гүй юм уу гэж пэсбүкэр мэссэж бичсэн байсан. Тэгээд би 15 цаг 30 минутын үед Мгийн гэрт нь ганцаараа очсон чинь гэрт нь Баярбат ганцаараа хэвтэж байсан. Бид хөзөр тоглохдоо архины мөрийтэй тоглосон. Авсан архиа хөзөр тоголж байхдаа ууж дуусгаад дараа нь Баярбат Мд 15,000 төгрөг өгөөд М бид хоёр Нэмэх эгчийн дэлгүүрээс 0,75 шилтэй Ерөөл архи авсан. М бид хоёрын авч ирсэн архийг М, Сүхбат, Баярбат бид 4 хувааж уусан. Мөнхманлай, Нансалмаа, Даваасүрэн нар цэцэрлэгээс хүүхэд авна, хүүхэд хүргэж өгнө гэж хэлээд явчихсан байсан. Тэгээд ирэхдээ хөзөр тоглоод хожигдсон нь архи авч өгөн гэж байсан. Мөрийний архи болох Тайга нэртэй архи аваад ирсэн. Түүнийг бүгдээрээ хувааж ууж дуусгаад Мөнхманлайгаар гэр рүүгээ хүргүүлсэн. Намайг гэрт ирэхэд 22 цаг 30 минут болж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Г.Насанжаргалын өгсөн: “ ...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед Мөнхманлай ганцаараа орж ирээд 0,75 Ерөөл архи ундаа хоёр худалдаж аваад явсан. Дараа нь 18 цагийн үед Нансалмаа гэж хүн орж ирээд архи өгчих гэхээр нь өгөөгүй. Тэгээд зөрөөд Мөнхманлай орж ирээд би хоёр найз охинтойгоо ууж байгаа янз бүрийн асуудал байхгүй гэж хэлээд Тайга гэж нэртэй архи ундаа хоёр худалдаж аваад явсан. Өөр архи согтууруулах ундаа зараагүй орой 21 цаг 40 минутанд дэлгүүрээ хаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
Гэрч Д.Ихбаярын өгсөн: “ ...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой гэртээ 20 цагт ирсэн. Манай хашаанд нөхөр Нарангэрэлийн дүү Мөнхтүвшингийн гэр бариатай байдаг юм. Тэр гэрт М хөдөөнөөс ирэхээрээ тэнд ирж байдаг. Би 17-ны орой гэртээ унтаж байсан чинь 23 цаг өнгөрч байсан чинь М утсаар залгаад хоол байна уу өлсөж үхлээ гэж ярихаар нь би олигтой хоол хийгээгүй хэдэн яс чанасан гэж хэлсэн чинь хамаагүй өгөөд явуулчих би Сүхбатыг явуулчихлаа гэсэн. Тэгээд Сүхбат манай гэрт орж ирээд чанасан мах аваад гарсан. Унтаж байсан чинь шөнө хүн миний нэрийг дуудаад хашгирахаар нь сэрээд яадаг юм бол гээд хувцсаа өмсөөд гараад зүүн гэрт орсон чинь Даваасүрэн, Нансалмаа хоёр уйлчихсан Сүхбат нь гэрийн баруун талд газар дээш хараад хэвтчихсэн. Дээгүүр өмссөн цамц нь сөхөгдчихсөн гэдэсний зүүн талд нь гэдэс дотор нь юм уу мэдэхгүй нэг зүйл төмбийгөөд гараад ирчихсэн янцаглаад хэвтэж байсан. Намайг гэрээс гарч байхад Мөнхманлай хашаанаас машинаа асаагаад гарч байсан. Тэгээд сувилагч Мөнхчимэгийг дагуулаад орж ирсэн. Дараа нь эмч Бурмаа Шинэсар нар ирсэн. Мөн цагдаа төлөөлөгч нар ирсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Гэрч Д.Мөнхчимэгийн өгсөн: “ ...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө эмнэлэг дээр ээлжийн ажлаа хийгээд байж байсан чинь 01 цаг 25 минутанд миний төрсөн дүү Мөнхманлай нь гаднаас гүйж ирээд их айсан цочирдсон байдалтай орж ирээд Нарангэрэлийн хашаанд хүн муу байна гэж хэлчихээд буцаад гараад явчихсан би Мөнхманлайгаас юу болсон, яасан гэж асууж амжаагүй тэгээд би чи хүн зодсон юм уу гэж асуусан чинь Мөнхманлай үгүй гэж хэлчихээд буцаад гарсан. Энэ хооронд би гэрийн дуудлагын эмч Бурмаа эмч рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би их эмч Шинэсар эмч рүү залгаж яаралтай дуудлага ирлээ гэж хэлээд Бурмаа эмч рүү дахиж залгаад утсаа авахаар нь яаралтай дуудлага ирлээ гэж хэлсэн. Энэ хооронд Мөнхманлай, Ихбаяр хоёр эмнэлэг дээр ирсэн. Тэгээд тэр хоёр М Сүхбатыг хутгалчихлаа гэж хэлсэн. Би яаралтай тусламжийн цүнхээ аваад Мөнхманлайгийн машинд суугаад явж байх замдаа цагдаад дуудлага утсаар өгсөн. Тэгээд дуудлага өгсөн газарт хамгийн түрүүнд би очсон. Намайг очиход Нарангэрэлийн хашаанд байдаг дүү Мөнхтүвшингийн гэрт ороход гэрийн баруун талд газар Сүхбат нь дээшээ хараад хэвтчихсэн дээгүүр өмссөн цамцыг нь дээш нь сөхчихсөн, хутгалуулсан хэсгээр нь дотор гэдэс нь цүлхийгээд гараад ирчихсэн бага зэргийн ухаантай царай нь цонхигор асуусан асуултанд хариулж байсан. Би Сүхбатаас өвдөж байна уу, яаж байна гэх зэргийн асуулт асуухад дохиогоор хариу өгч байсан. Намайг ороход М Сүхбатын хажууд захиалаад суучихсан энэ хүний амь нас аврагдах болов уу гэж надаас асууж байсан. Тэгээд удалгүй ардаас Бурмаа эмч, Шинэсэр эмч хоёр цуварч ирсэн. Тэгээд Сүхбатад анхны тусламж үзүүлэн нацилкаар эмнэлэг рүү тээвэрлэсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Т.Бурмаагийн өгсөн: “ ...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан. Тухайн өдөр гэрийн дуудлагын ээлжтэй байсан. Тэгээд шөнө 01 цаг 30 минутын үед ээлжийн сувилагч Мөнхчимэг утсаар залгаад Нарангэрлийн хашаанд хүн болохоо байчиж гэнээ хурдлаарай гэж хэлсэн. Тухайн үед ийм тийм болчихсон гэж тодорхой юм яриагүй, хурдлаарай Шинэсар эмчид хэлчихсэн гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би цагдаа Мөнхмандах руу залгасан чинь утсаа авахгүй. Би гэрээс машинтайгаа гараад явж байх замдаа Мөнхчимэг рүү залгасан чинь би айлд цүнхээ аваад ирчихсэн байна гэсэн. Тэгээд би Нарангэрлийн хашаанд машинтайгаа очсон. Ингээд гэр ороход Сүхбат гэрийн баруун талд дээш харсан байдалтай амьсгаатай хэвтэж байсан. Асуулт асуухад хариулахгүй байсан. Сүхбатын зүүн талын сүвээн хавирган завсраар бүдүүн гэдэс гарч ирж түмбийсэн байдалтай байсан. Энэ үед их эмч Шинэсар ирсэн Сүхбатад анхны тусламж үзүүлэн нацилкаар эмнэлэг рүү тээвэрлэн авч ирсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн “...
Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 46-58-р хуудас/,
Шүүгдэгч Э.Мгийн хувийн байдлыг нотлох:
Шүүгдэгч Э.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-р хуудас/,
Шүүгдэгч Э.Мгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 73-р хуудас/,
Өмнөговь аймгийн Манлай сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74-р хуудас/
Хохирогч Ц.Сүхбатын : “Цогтбаатар овогтой Сүхбат миний бие 2018.01.17-ноос 18-нд шилжих шөнө Энхбат овогтой Мд хутгалуулан гэмтэл авч аймгаас мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн ирж хагалгаа хийж гэмтэл бэртлийг тодорхойлж миний бие 11 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Энэ бүх хугацаанд хэвтэж эмчлүүлсэн төлбөрийг төлсөн. Миний хохирлыг барагдуулж нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг өгсөн. Одоо би Мг уучилж гомдолгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ хүний ялыг хөнгөрүүлж өгнө үү? ” гэсэн өргөдөл /хх-ийн 94-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн нутаг дэвсгэрт буюу Жаргалант хорооллын 5-3 тоотод иргэн Ц.Сүхбатыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Сүхбатын өгсөн “...би хоёр гараараа Мгийн цээж рүү нь тулсан намайг цохих гэж байна гэж бодсон тэгээд Мөнхманлай гэр дээрээс бууж ирээд Мг надаас салгаад цааш нь түлхээд зогсож байсан. Тэгсэн чинь М намайг аль хэдийн хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Д.Мөнхманлайгийн өгсөн “...Ороод хутгыг нь аваатах гэж хэлсэн. Тэгээд би гэр дээр гараад тооноор орох гэж байсан чинь М гэрийнхээ үүд рүү гүйж очоод хаалга түчигнээл гарсан гэрт харанхуй байсан болохоор яаж гарсныг хараагүй. Тэгээд би тооноор орох ч биш байх ч байж байсан чинь Сүхбат Мөнхманлай найз нь хутгалуулчихлаа Мг аваарай гэж хашхирсан. Би гэр дээрээс буугаад Сүхбат дээр очсон Сүхбат гэрийн зүүн талд мотоцикль, хашаа хоёрын голд тонгойчихсон нэг гараараа цээж орчимдоо гараа дарчихсан “Мд хутга байгаа аваарай гэж хэлээд зогсож байсан. М бид хоёроос урд талд Сүхбат руу чиглээд ирж байхаар нь би Мг барьж аваад боль гэж хэлсэн чинь холд, холдохгүй бол чамайг ч бас ална шүү гэж хэлэхээр нь би Мг тэр тор нь тонгорч унагаагаад дээр нь дарж хэвтэж байгаад баруун гарыг нь мушгисан чинь М гарт байсан нэг зүйлээ нэг тийш нь шидсэн. Тэгсэн чинь хашааны модонд ойгоод гарт байсан зүйл нь газарт унасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р дугаар хуудас/, гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн “...М би Сүхбатыг хутгалчихлаа, намайг хайрлах хүн байхгүй, би шоронд явмаар байна. Би үхмээр байна гэж хэлэхээр...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р дугаар хуудас/, гэрч Э.Нансалмаагийн өгсөн ”... Намайг гэрт байхад гаднаас М орж ирээд Сүхбатыг хутгалчихлаа гэж хэлээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, гэрч Б.Энхбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Д.Ихбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, гэрч Д.Мөнхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, гэрч Т.Бурмаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/, зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар Э.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн боловч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, шүүгдэгч Э.Мг хутга барьсан байхыг харсан гэрчлэх Мөнхманлай, хохирогч Сүхбат нарын мэдүүлгээр няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын нэг дүгээр прокурорын газраас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч Э.Мг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.М нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт өгсөн, хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Э.Мд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Энхбатын Мг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Мг 3 /гурав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 3 /гурав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Э.Мгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн футболик 1 ширхэг, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн ажлын өмд 1 ширхэг, хутга 1 ширхэг, Улаанбаатар, Ерөөл, Тайга нэртэй архины шил, нийслэл нэртэй пивоны сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д АРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА
ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН
ШҮҮГЧ Ц.УРАНГУА