Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/38    

 

 

 

 

2024           4              25                                                2024/ДШМ/38                                                 

 

                                         Э.Тхолбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Л.Наранхүү,

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Т.Балжинням,

Нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Тхолбогдох эрүүгийн 2334004770492 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э.Т,1992 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Sky Star” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................., улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ................

 

2. Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай "өвс" гэх нэршилтэй, нийт 5031,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тус бодисыг Төв аймгийн Жаргалант сум Буянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл "Хонда си ар ви" /Honda CR-V/ маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас Э.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Тт холбогдох эрүүгийн 2334004770492
дугаартай хэргээс "хадгалсан" гэх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр
хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн
20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хориглосон мансууруулах
эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр
хууль бусаар бэлтгэсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5031.8гр делта-9 тетрагидроканнабинолыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,  

Эрүүгийн 2334004770492 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,   

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “миний бие 2023 оны 9 дүгээр сарын 11-нд 2334004770492 дугаар эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар шалгагдаж 2024 оны 01 дүгээр сарын 16-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэх шийтгэл авсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байна. Миний бие Налайх дүүрэгт түрээсийн байр жирэмсэн эхнэрийн болон Улсын нэгдсэн 2 дугаар эмнэлэгт мэдрэлийн тасагт хяналтад байдаг өндөр настай ээжийгээ харж, халамжилдаг. Эмнэлгийн зардал болон амьжиргаагаа миний бие ажил хийж залгуулдаг. Миний бие өөрийн ухамсаргүй үйлдлээсээ болж ийм хэрэг хийсэндээ гэм буруугаа хүлээж, маш их гэмшиж байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүн болон эрхэм прокурор, гэр бүл, найз нөхдөөсөө чинь сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би өөрийн гэм буруугаа анхнаасаа ухамсарлаж мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруу дээр маргаагүй. Өөрийн ухамсаргүй үйлдлээс болж өндөр настай өвчтэй ээж, жирэмсэн эхнэрээ зовоосондоо үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхаа эрхэм шүүх бүрэлдэхүүн болон эрхэм прокурор та бүхэндээ амлаж байна. Надад ажлаа хийж жирэмсэн эхнэр болон өндөр настай ээжийнхээ эмчилгээний зардлыг олох боломж олгож,  нэг жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.   

 

6. Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Э.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Э.Тын үйлдсэн гэмт хэрэг, хэргийн зүйлчлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн дагуу шалгаж тогтоогдсон байдал зэрэгт маргах зүйлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэж байна. Э.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тогтвортой үнэн зөв мэдүүлдэг. Э.Т нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ойлгон ухаарч, чин санаасаа гэмшиж байгаа. Э.Т нь "Скай Стар" ХХК-нд ковшийн оператор ажилтай, эхнэр болон өндөр насны тэтгэвэрт гарсан эхийгээ харж хандаж, тэжээн тэтгэдэг ба урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүйн дээр шүүхээс хяналт тогтоосон хэмжээгээр холбогдох байгууллагын хяналтад байж хорт зуршлаас хол байж, нийгэмших бүрэн боломжтой юм. Э.Т нь 101 хоног цагдан хоригдсон энэ хугацаанд их зүйлийг ойлгож ухаарсан байх гэж бодож байна. Иймд түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 болон 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү..” гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 5031.8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт нь

Иргэний нэхэмжлэгч Ц.Алтан-Өлзийгийн: “...Би 2019 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Цагаан-Өвгөний Энхболд гэдэг хүнд 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 4 сая төгрөг, 25 эм хониор зарсан. Би тухайн тээврийн хэрэгслээ зээлээр 2016 оны хавьцаа худалдаж авч байсан. Би нэрээ шилжүүлэх гэсэн боловч Энхболд гэдэг хүн нь Говьсүмбэр аймаг руу шилжсэн байсан. Тэгээд огт холбогдож чадаагүйн улмаас шилжүүлэг хийгдээгүй байсан. Одоо энэ машин надад ямар ч хамаарал байхгүй. Би тийм нэртэй хүн огт танихгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 31-32/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Ц.Б: “...25-63 ХЭҮ улсын дугаартай Honda CR-V маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж авах гэсэн боловч торгуулийн хэмжээг төлөх боломжгүй учраас нэр шилжүүлж авч чадаагүй...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 35/ гэх,

Гэрч Б.Б-ын: “...2023 оны 9 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед нөхөр Батжаргал нөхрийн найз Түвшинбаяр, хүүгийн хамт 25-63 ХЭҮ улсын дугаартай CR-V маркийн тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу явсан. Тэгээд тухайн үед манай нөхөр жолоодох эрхээ хасуулсан байсан учраас найз Түвшинбаярыг машин бариад яваад өгөөч гэж гуйгаад явсан. Тэгээд 9 дүгээр сарын 10-ны өглөө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд очсон. Тэндээ ажил төрлөө амжуулаад ...21 цагийн үед ... Улаанбаатар хот руу гарсан. ...Тэгээд Жаргалант сум руу салдаг уулзвар дээр явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд цагдаа машин шалгаж эхэлсэн. Тэгээд машины урд талын хоёр суудал доороос хар ууттай ногоон ургамал гарч ирсэн, тэрийг хурааж авсан. ...Цагдаа нар зогсооход машин дотор мансууруулах төрлийн ургамал байгааг мэдсэн. ...Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орох хүртэл тэгээд тэнд очоод айлуудаар ороход Батжаргал надаас огт салаагүй хамт байсан. Тэгэхээр тэр өвсийг түүсэн байх хугацаа, боломж Батжаргалд гараагүй гэсэн үг. Яг тухайн үед Батжаргал би өөрөө түүсэн юмаа гэж хэлээгүй, замаас Түвшинбаярыг түүсэн юм байна гэж хэлсэн. Түвшинбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд очоод Батжаргал бид хоёртой цуг айлуудаар ороогүй гадаа машинд байсан...” /хх-ийн 37, 39/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №4284 дугаартай шинжээчийн ”...Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б  ........2023 оны 9 дүгээр сарын 11 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 59-60/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №4283 дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Э.Т ............ 2023 оны 9 дүгээр сарын 11 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 64-65/ гэх,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №4295 дугаартай шинжээчийн ”...Шинжилгээнд “1-7” хүртэл дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц-ийн хоёр дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 69-71/ гэх,

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07/377 дугаартай ... Honda CR-V маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 2.271.750 /хоёр сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөг болно...” /хх-ийн 85-96/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11, 21-23/, биологийн дээж, авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

3. Прокуророос шүүгдэгч Э.Тхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 5031.8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тус бодисыг Төв аймгийн Жаргалант сум Буянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл “Хонда си ар ви” /Honda CR-V/ маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс “хадгалсан” гэх үйлдлийг нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар тээврийн хэрэгсэлд авч явах үедээ цагдаагийн алба хаагчийн шалгалтаар илэрч саатуулагдсан болох нь гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 37, 39/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11, 21-23/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

Харин сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг  тодорхой цаг хугацаанд ямар нэг байдлаар аливаа нэг объект болон орон байр, бусад агуулах саванд байлгаж хадгалсан үйлдэл тогтоогдохгүй байх тул “хадгалсан” гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталж 1976 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байдаг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул прокуророос шүүгдэгч Э.Тзүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5. Шүүгдэгч Э.Тхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

7. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Тгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

8. Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Т.Балжинням нар нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн болон ар гэрийн байдал зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

9. Шүүгдэгч Э.Тыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 5031.8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэх боловч прокуророос Э.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 5031.8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,  улмаар тус бодисыг Төв аймгийн Жаргалант сум Буянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл “Хонда си ар ви” /Honda CR-V/ маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2334004770492 дугаартай тогтоол үйлдэж улмаар 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 459 дугаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэл болов байна.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Э.Тын “Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 5031.8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн” гэх гэмт хэрэг нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн боловч “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэх сүүлийн үйлдэл нь Төв аймгийн Жаргалант сум Буянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж буруутган прокурор яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

10. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын тус тус  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

11. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Э.Тын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Тын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

                            ШҮҮГЧИД                                       З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ