Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01424

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Н-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/01746 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Н-ийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201058632 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 26 гудамжны 10 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууцны ногдох хэсэгт 8 825 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А-, хариуцагч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2002 онд танилцаж, гэрлэлтээ 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн. Дундаасаа үр хүүхэдгүй. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас нэг жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй. 2016 оноос Эмээлтийн Шандад 0.07 га газарт блокоор 4 тал хашаа барьж, 6х4 хэмжээтэй байшинг 2.50-ын үүдний хэсгийн хамтаар манай хүргэн н.С-, хүү н.Т- нар барьсан. Бид хоёр 18 жил хамт амьдарсан ба гэрлэлтээ бүртгүүлсэн тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2201058632 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 26 гудамжны 10 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууцны үнэ болох 17 650 000 төгрөгөөс ногдох хэсэгт 8 825 000 төгрөгийг Б.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2002 оноос Н.Н-тэй амьдарсан. Н.Н- нь надтай танилцах үедээ Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас 2 охин, хүргэнээ дагаж Улаанбаатар хотод ирсэн. Тодорхой эрхэлсэн ажилгүй, хаяггүй байсан. Бид хоёр гэрлэлтээ 2014 онд батлуулсан. Миний бие 2008 онд Эмээлтэд газар авсан байсан бөгөөд уг газар дээр өөрийн цуглуулсан мөнгөөрөө байшин барьсан. Би энд тэнд түрээс төлж амьдардаг байсан ба ах дүү нараас мөнгө цуглуулж орох оронтой бол гэж 3 000 000 төгрөг, би давхар ажил хийж хадгалсан мөнгөө цуглуулж 4 000 000 орчим, нийт 7 000 000 гаруй төгрөг болсон. Би сургуульд манаач, хогны байцаагч гэх мэт ажлуудыг давхар хийж байсан. Байшин 7 000 000 төгрөг болсон ба өөрийн хэмжээнд банкны хуулга, өөрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар баталгаажуулсан. Уг байшинг барихад Н.Н-ийн хүргэн н.С-, хүү н.Т- нар тусалсан нь үнэн боловч би ажлын хөлсөнд бодож н.С-д 800 000 төгрөг, хүү н.Т-д 200 000 төгрөг бэлнээр, өөрсдийн амьдарч байсан 4 давхар бүрээстэй гэрээ өгсөн. Н.Н- нь архаг астамтай уушгины бронхиттой тул миний бие хөөцөлдөж байж бичиг баримттай, хотын хаягтай болгож, 3 дугаар эмнэлэгт 10 гаруй жил дагуулж явж эмчлүүлсэн. Жилд 2 удаа эмнэлэг, сувилалд хэвтэж эмчлүүлдэг. Үнэтэй эм тариа хэрэг болоход нь би хайж олж, эдгэрүүлэх гэж их хичээсэн. Би Н.Н-ийг хайр, халамжаар дутаагаагүй гэж бодож байна. Би зүрхний архаг дутагдалтай эмчийн байнгын хяналтад байдаг. Тэтгэврийн 400 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг эм тарианд зарцуулдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан И  овогт Н-ын Н /регистрийн дугаар: СЭ500/, Х-ын б овогт Б- Э /регистрийн дугаар: ШГ0000/ нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-гаас 3 530 000 төгрөгийг гаргуулан Н.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 295 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гаас 141 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А- давж заалдах гомдолдоо:

... Шүүхээс хамтран өмчлөх дундын хөрөнгийг тогтоохдоо Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 129.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо уг хөрөнгийг бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгаж шийдвэрлэж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Н-д хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн 20 хувь болох 3 530 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Н- нь архаг астамтай энэхүү өвчнөөр өвчлөөд 10 гаруй жил болж байгаа өвчин хүнд шатандаа байнгын эмнэлэгт эмчлүүлж эмчийн хяналтад байдаг эрүүл мэндийн хувьд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан шаардлагыг Б.Э-гийн адил хангаж байгаа.

Мөн Н.Н- нь 2002 оноос Б.Э-тай хамтран амьдарч, 2014 гэр бүлээ батлуулж нийт 19 жил гэр бүлийн амьдралаар хамтран амьдарсан бөгөөд энэхүү хугацаанд групп мөнгө, 2011 оноос хойш тэтгэврийн мөнгө сар болгон 350 000 төгрөгийг Б.Э-д сар болгон тогтмол өгч, гэр бүлийн санхүүд орлого оруулж байсан, мөн 2011 онд тэтгэвэрт суухаасаа өмнө 2002 оноос хойш группэд байхдаа 2-3 аж ахуйн нэгжид тогоочоор 9 жил ажиллаж байхдаа 300 000 төгрөгөөс дээш цалин тогтмол авч, мөн уг мөнгөө Б.Э-д өгч хамтын амьдралд дэмжлэг туслалцаатай амьдарч ирсэн. Уг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгоход өөрийн тэтгэврийн мөнгийг гаргасан ба байшин барих ажил гүйцэтгэхэд Н.Н-ийн хүү н.Улаанаа, хүргэн н.С- нар тус бүр нь 800 000 төгрөгийн хөлсөөр барьсан ба энэ нь зах зээлийн ханшнаас 2 дахин бага хөлсөөр ээждээ зориулж ажилласан. Хүү н.У-аад 200 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 600 000 төгрөгөнд Б.Э- өөрийн хуучин гэрийг өгсөн. Уг үл хөдлөх хөрөнгийн гадна хашаа болох блокон хашаа, нойлын нүх зэргийг мөн хүү н.Улаанаа, хүргэн н.С- нар үнэ төлбөргүй барьж өгсөн зэрэг нь энэхүү хөрөнгийг бий болоход Н.Н- өөрийн олон жил хөдөлмөрийн үр дүн, тэтгэврийн мөнгөөр, хүү, хүргэн нар нь зах зээлийн ханшнаас хямд үнээр барьж байгуулсан, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болоход 50 хувийн оролцоотойн хувьд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хариуцагчтай адил хэмжээнд хангаж байхад шүүхээс эрүүл мэндийн болон хөрөнгө бий болоход талуудын оруулсан хувь хэмжээг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Н.Н-д 20 хувийг оногдуулахаар тогтоосон нь шударга бус, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Н.Н- нь Б.Э-тай 19 жил хамтран амьдрахдаа 3 530 000 төгрөгөөр тогтохгүй ажилласан ажлын цалин хөлс /9 жил 250 000 нийт 27 000 000/, группын мөнгө /9 жил сард 108 000 нийт 11 664 000/, тэтгэврийн мөнгө /9 жил 300 000 нийт 32 400 000/ 19 жилээр бодоход дунджаар 71 064 000 төгрөгийг өөрийн хөдөлмөр, төрөөс олгогдсон мөнгөөр гэр бүлийн санхүүд оруулсан байтал хамтран өмчлөх дундын үл хөдлөх хөрөнгөөс 50 хувийг эзэмших эрхгүй байна гэдэгт гомдолтой байна.

Хамтран амьдрах хугацаанд Н.Н- нь эдийн засгийн болон бие махбодын гэр бүлийн хүчирхийлэлд байнга шахуу байсан бөгөөд удаа дараа толгой тархиндаа хөнгөн хэлбэрийн гэмтэл авч Б.Э-д зодуулж байсан талаар шүүхэд мэдүүлдэг. Н.Н-ийн ажилласан цалин, группын мөнгө, тэтгэврийн мөнгийг Б.Э- шууд захиран зарцуулдаг байсан ба Н.Н- өөрийн эзэмших мөнгөнөөс нэгж авах эрхгүй түүнээс гуйж ойрын хэрэглээний мөнгийг авдаг байсан. Иймд Н.Н- болон Б.Э- нарын хамтран өмчлөх дундын өмч болох хувийн сууц, хашааны зах зээлийн үнэ болох 17 650 000 төгрөгийн 50 хувь болох 8 825 000 төгрөгийг хариуцагч Б.Э-гаас гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201058632 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 26 гудамжны 10 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууцны үнээс өөрт ногдох хэсэг 8 825 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Н-, Б.Э- нар 2002 оноос хамтран амьдарч, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байх бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлаас сүүлийн нэг жил тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн аль нь тайлбарласан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Б.Э-гийн хүсэлтээр явуулсан боловч гэрлэгчид эвлэрэх талаар санаачилга гаргаагүй, уулзалтад ирээгүй байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Гэрлэгсэд хамтын амьдралын хугацаанд 35 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 онд барьсан, тус Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 26 гудамжны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201058632 дугаарт нөхөр Б.Э-гийн нэр дээр бүртгэсэн гэрчилгээ хэрэгт авагдсан байна. /хх 16/

Үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэснээс хойш бий болсон тул Б.Э-гийн нэр дээр бүртгэлтэй ч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар хувааж болно.

 

Нэхэмжлэгч Н.Н- нь сар бүр 350 000 төгрөгийн тэтгэвэр, жил бүр 200 000 төгрөгийн алдарт эхийн одонгийн тэтгэмж авдаг, хариуцагч Б.Э- нь сар бүр 416 000 төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Хариуцагч Б.Э- нь зүрхний дутагдал өвчтэй, эмчийн байнгын хяналтад байдаг болох нь эмнэлгийн магадлагаа баримтаар тогтоогдсон ба энэ талаар нэхэмжлэгч Н.Н- маргаагүй. Мөн Н.Н- нь гуурсан хоолойн багтраа өвчтэй, байнгын эмчилгээ сувилгаанд явдгийг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж буй хөрөнгийг шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2021/03579 дугаар захирамжаар томилогдсон шинжээч үнэлэхдээ 4*6 харьцаатай 30 м.кв хувийн сууц, 4 тал блокон хашаа болон өмчлөх эрх бүхий 700 м.кв газрын өнөөгийн зах зээлийн үнэлгээг нийтэд нь 17 650 000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж тодорхойлжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харьцуулан, гэр бүлийн гишүүн тус бүрийн эрүүл мэндийн байдал, өмчлөх эрх бүхий газрын үнэ цэнэ хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх байдал, үр хүүхдээрээ асран тэтгүүлэх боломж зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоосон нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасанд нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл болгож заасан Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсгийн заалт нь гэрлэгсэд буюу эхнэр нөхрөөс бусад гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохтой холбоотой зохицуулалт тул хамтран өмчлөх дундын хөрөнгийг бий болгоход оруулсан 50 хувийн хөдөлмөрийн оролцоог үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд уг хөрөнгийг бий болгоход 50 хувийн оролцоо байсныг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хувийн сууцны үнэлгээ болох 17 650 000 төгрөгөөс 20 хувь буюу 3 530 000 төгрөгийг хариуцагч Б.Э-гаас гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгож, 5 295 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/01746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ