Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  Хан хөхий  овгийн Гүндсамбуугийн Дд холбогдох 1829000030025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр  сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ямаан хүрэнгийн 5-3 тоотод эхнэр Б.Нарантунгалагтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д: 2017 оны 12 сарын 18-ны шөнө би хотоос ирсэн тэгэхэд эхнэр маань гэртээ ирж хоноогүй.  Маргааш нь

цэцэрлэгээс хүүхэд аваад ирэхэд нь идэж байсан алимаараа цохисон байгаа. Найз Отгонцэцэгтэйгаа хамт орж ирсэн ийм л зүйл болсон гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Нарантунгалагийн  өгсөн: “...Би 2017 оны 10 сард Манай нөхөр намайг “машин унаж яваад гадуур явлаа, өөр хүнтэй уулзсан” гэж хардахаар нь “би оёсон бүтээлгүүдээ машинд ачиж өгчөөд ирлээ” гэтэл Д нүүр гар угааж байсан усаа надруу цацаад гэрт байсан 7 настай охиноо гэрээс хөөж гаргачихаад намайг хөөж үсдэж зодоод байхаар нь би зугтаж гарах гэтэл намайг барьж байгаад гэрийн хойморьт үсдэж аваачаад 30см уртай төмөр иштэй хутга миний хоолойн тус газарт тулгаж “чамайг ална энүүгээр бүлнэ” гэх зэрэг үг хэлж байсан. 2017 оны 12дугаар сарын 12-ны 02 цагийн үед би ажил ихтэй оёдлоо хийгээд сууж байтал хаалга онгойлго, би ажил дээр байна гэтэл намайг хардаж хаагуур хонож яваад байгаан гэж яриад утсаа тасалсан. Удалгүй ажил дээрээс гараад гэрт яваад очтол Д нь дугарахгүй байж байгаад би хүүхдүүддээ ор засаад байж байтал гэнэт хар өнгийн урдаа төмөр аралтай суран тэлээ гаргаж ирээд миний толгой, бие, хоёр гарын бугалга хэсэг рүү маш олон удаа цохиж надад гэмтэл учруулсан ба тухайн үед гэрт 3 хүүхэд байсан. Харин хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед 2 цэцэрлэгийн хүүхдийн шинэ жил тэмдэглэчихээд гэртээ иртэл Г.Д нь “чи ямар удаан явж ирдэг юм” гэхээр нь хүүхдийн шинэ жилд оролцчихоод ирлээ гэтэл хүүхдийн бэлгээр намайг удаа дараа цохиж түрэмгий зан гаргаад байхаар нь би гэрээс зугтаасан. Мөн би Г.Дг хаана ямар ажил хийдэг, хэдэн төгрөгний цалин авдагийг нь мэддэггүй ба цалин мөнгө буухаар гэр орондоо зарцуулдаггүй, гэр бүлийн харилцаанд мөнгөн дэмжлэг үзүүлдэггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, хуудас/

            Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн №20 дугаартай шинжээчийн:

  1. Б.Нарантунгалагийг биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу, 2 нүдний зовхи, 2 хацар, дээд уруул, цээж, баруун шуу, гуя, шилбэ,зүүн өгзөг, гуя, шилбэ, зүүн өгзөг, гуя, өвдөгний цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

- Шүүгдэгч Г.Дгийн арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 47-49-р хуудас/

- Шүүгдэгч Г.Дгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 45-р хуудас/

- шүүгдэгч Г.Дгийнял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/

- Хохирогч Б.Нарантунгалагийн хүсэлт /хх-ийн 5-6р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Иймд Прокуророос шүүгдэгч Г.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг гаргав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Хан хөхий овогт Гүндсамбуугийн Д нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Уурхайчны 5-116 тоотод эхнэр Б.Нарантунгалагийн эрүүл мэндэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Нарантунгалагийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25 ны өдөр 2 хүүхдийн цэцэрлэгийн шинэ жил тэмдэглэчээд гэртээ  иртэл Г.Д нь “чи ямар удаан явж ирдэг юм” гэхээр нь хүүхдийн шинэ жил оролцчоод ирлээ гэтэл хүүхдийн бэлгээр намайг удаа дараа цохиж түрэмгий зан гаргаад байхаар нь би гэрээс зугтаасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,  

- Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны  12 дугаар сарын 25-ний өдрийн №20 дугаартай шинжээчийн “Б.Нарантунгалагийн биед тархины доргилт,хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу, 2 нүдний зовхи, 2 хацар, дээд уруул, цээж, баруун шуу, гуя, шилбэ,зүүн өгзөг, гуя, шилбэ, зүүн өгзөг, гуя, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогч Б.Нарантунгалаг  нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 49-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Г.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон 900 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял түүнд тохирч байна гэж дүгнэлээ.

Харин Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Нарантунгалаг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан хөхий овогт Гүндсамбуугийн Дг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг  900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 900 /есөн зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900, 000 /есөн зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА