| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2439000000022 |
| Дугаар | 2024/ДШМ/26 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/26
2024 05 01 2024/ДШМ/26
Г.Алтантуулд холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Г.Анхбаяр,
Яллагдагч Г.Алтантуул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/147 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр яллагдагч Г.Алтантуулд холбогдох эрүүгийн 2439000000022 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.
Яллагдагч Г.Алтантуул нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнжийн 04-00 тоотод байрлах Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч хүний, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан гэрт байсан эд зүйлийг ухаж, нэгжиж, унагааж эвдлэн дураараа авирласан,
- 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч орохдоо гэрт байсан хувцасны өлгүүр, гэрийн бүслүүр зэрэг эд зүйлийг хууль бусаар устгаж, дахин ашиглах боломжгүй болгон хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас яллагдагч Г.Алтантуулын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Алтантуулд холбогдох 2439000000022 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол шүүгдэгч Г.Алтантуулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан.
1 дэх заалтын хүрээнд: Хувцас өлгөх зориулалтай өлгүүр байсан бөгөөд нэршил нь буруу байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь хувцасны шүүгээ болон өлгүүр нь өөр өөр загвар хийцтэй гардаг бөгөөд өлгүүр, шүүгээ гэх ойлголтыг нэг мөр ойлгож хэрэглэх боломжтой байна.
Мөн шүүхээс тухайн эд хөрөнгийг өлгүүр гэж бичсэн нь хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
2 дугаар заалтын хүрээнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь хүний хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” гэмт хэргүүдээс "Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт Эрүүгийн хуульд заасан "орон байр" гэж хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор заасан.
Тухайн гэмт хэргийн хувьд объектив талын шинж нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан идэвхтэй үйлдэл байх бөгөөд орон байранд нэвтрэн орсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон гэж иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг ойлгоно.
Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж "иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчдын зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулах, эд хөрөнгийг нь ашиглах, тухайн байранд тодорхой хугацаагаар амьдрах” зэргийг ойлгоно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж,
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т "Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-т "Орон байр халдашгүй байна", 2-т "Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна" гэж тус тус заасан.
Яллагдагч Г.Алтантуул нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнжийн 04-00 тоотод байрлах Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон. Г.Алтантуул нь хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг.
Иймд шүүгдэгч Г.Алтантуулын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан" гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамж учир дутагдалтай байна.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан, ямар учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "... эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ" гэж хуульчилсны дагуу шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулж, хэргийн бодит байдлыг тогтоох байдлаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.
Яллагдагч Г.Алтантуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлгүүр нь эвдэрсэн гэж байгаа боловч одоо хүртэл хэрэглэж байгаа. Намайг хоёр зүйл ангид яллагдагчаар татаад шалгаж байгаад нь гомдолтой байна. Энэ хүнээс болж манай гэр бүл салж байгаа. Би таван нялх хүүхэдтэй. Би прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Намайг гэрийн тооноор орохыг харсаар байж намайг гэмт хэрэгтэн болгосон. Би шкафыг нь түлхсэн нь үнэн. Гэхдээ 540.000 төгрөгийг нь төлсөн. Би гэр бүлээ бүтэн байлгахын төлөө энэ үйлдлийг хийсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би энэ хоёр зүйл ангийг хоёуланг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч Г.Алтантуулд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас яллагдагч Г.Алтантуулын 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнжийн 04-00 тоотод байрлах Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан гэрт байсан эд зүйлийг ухаж, нэгжиж, унагааж эвдлэн дураараа авирласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч орохдоо гэрт байсан хувцасны өлгүүр, гэрийн бүслүүр зэрэг эд зүйлийг хууль бусаар устгаж, дахин ашиглах боломжгүй болгон хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/147 дугаартай шүүгчийн захирамжаар:
- Шүүгдэгчийн устгасан гэх эд зүйлийг яллах дүгнэлтэд тусгахдаа “хувцасны өлгүүр” гэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй, хувцасны шүүгээг устгасан эсэх нь эргэлзээтэй, ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “....ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй талаар дурдаагүй, тусгайлан үзлэг хийхэд “ар хэсэг нь залгаасаараа салсан, арын болон голын хавтан хугарсан, доод талын тавиур салсан, холбоос боолтууд нь салсан” байсан болох нь тогтоогдсон,
- Хохирогчийн гэрт түүнийг эзгүй байхад нь орсон гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээ болон биелүүлэх хугацаанд өөрчлөлт орох бөгөөд энэ нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлүүдээр яллагдагч Г.Алтантуулд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Шүүгчийн захирамжид тусгасан нэгдүгээр үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх “шүүгдэгчийн устгасан гэх эд зүйлийг яллах дүгнэлтэд тусгахдаа “хувцасны өлгүүр” гэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан яллагдагчийн устгасан гэх эд хөрөнгийн нэршлийн зөрүүг шүүхийн шатанд арилгуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хоёрдугаар үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Шүүхээс “…хохирогчийн гэрт түүнийг эзгүй байхад нь орсон гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээ болон биелүүлэх хугацаанд өөрчлөлт орох...” гэх мэтээр урьдчилсан дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулж дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэх,
- мөн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "... эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/147 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Г.Алтантуулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА