| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0040/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Далай овогт Баасанжавын Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1829000530029 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь “Таван толгой шин” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 47-65 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 05-15 ГЧ дугаартай чиргүүлийн 12 ширхэг дугуй, 4 ширхэг ачааны падаан завшиж бусдад 9,549,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-р хуудас/
Хохирогч Э.Энхманлайгийн өгсөн:”...Нордбенз маркийн 47-65 ӨМҮ улсын дугаартай автомашин болон 05-15 ГЧ дугаартай авточиргүүл нь манай “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшилд компанийн нэр дээр байдаг өмч хөрөнгө юм. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын нутаг Ганц модны боомт дээр манай компанийн Хятад талыг хариуцан ажилладаг W.Junshen гэх хүнээс Өвөр Монгол хөтчөөр хэлмэрчлүүлэн жолооч Б.Б нь Тавантолгой Цагаанхадны чиглэлд нүүрс тээвэрлэлт хийхээр хилээр орж ирсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “машиныг Таван толгойн уурхайн амны орчимд орхисон” гэж W.Junshen-рүү мессеж явуулсан байсан учир бид нар машиныг хайхад Таван толгой уурхайн амны очерт чиргүүлийн 12 ширхэг дугуйг сольж өөр хуучин дугуй тавьсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Мөн Б.Б нь W.Junshen-ээс тээврийн тооцоо хийх 4 ширхэг ачааны падаан авч явснаа хүнд зарж мөнгийг нь авсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/
Гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай компанийн 47-65 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн автомашин “Таван толгой” уурхайн аман дээр чиргүүлийн 12 ширхэг дугуй, стачер, кабин халаагч зэрэг эд анги солигдсон /тоногдсон / байдалтай байсан “гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/
Гэрч W.Junshen-ий өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б гэх жолоочид тухайн 47-65 ӨМҮ автомашиныг өгч явуулсан. Тухайн жолоочийг буцаад ирэхдээ 4 падааны тооцоог хийгээд ир гэж хэлээд өгөөд явуулсан чинь ...машины эд зүйлийг солиод оронд нь ажиллагаагүй муу сэлбэг тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/
Гэрч О.Нямдоржийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Таван толгойн уурхайн аман дээр зүс танихгүй нэг залуу тээврийн хөлс хийх гэсэн юм, яаж хэнтэй хийх вэ гээд явж байхаар нь уулзаад тооцооны 4 ширхэг падаан байсныг үзээд тээврийн хөлс болох 16,800 юаныг бэлнээр нь өгч падааныг авсан. Тэгээд тэр падааныг цааш нь “Барлингтон” гэдэг компанийн хөтөч Өвөр Монгол иргэнд өгч мөнгөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №Ц18-9 дугаартай дүгнэлт/хх-ийн 36-44-р хуудас/
Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн:”...Би 2017 оны 05 дугаар сараас эхлэн БНХАУ-ын нутаг Ганц модны боомт дээр “Таван толгой шин ” ХХК-ийн эзэмшлийн 47-65 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг W.Junshen гэх Хятад хүнтэй хөлс мөнгийг нь ярьж тохироод тээвэрт явах болсон. Түүнээс хойш хэрэг болох хүртэл уг машинаараа “Таван толгой” уурхайгаас Ганц модны боомт болон Цагаанхад хүртэл нүүрс тээвэрт явж, нэг удаагийн тээвэрт явсны хөлсөнд 1,200-1,300 юань буюу 430,000-470,000 төгрөг авдаг байсан. ... 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Таван толгой” уурхайгаас нүүрс ачихаар ирээд очерт зогсож байтал машины динам эвдэрч, аккумулятор суугаад халаагч нь ажиллахаа больчихсон, цагаан сар дөхөөд мөнгөний хэрэгцээ ихтэй байсан учир машины эд зүйлийг зарахаар шийдээд очерт байсан танихгүй жолооч нартай уулзаж ... 12 ширхэг дугуйг нь тайлж өгөөд хуучин 12 ширхэг дугуйг нь өөрийн жолоодож байсан 47-65 ӨМҮ улсын дугаартай автомашинд тавиад 1,800,000 төгрөг бэлнээр авсан. Мөн 4 ширхэг ачааны тооцооны падааныг О.Нямдорж гэх хүнд өгч 16,300 юань буюу 5,949,000 төгрөгөөр бэлнээр нь авч өөрийн 5050111794 тоот дансанд хийгээд ... хот ороод тэндээсээ гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51-р хуудас/
Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 357 дугаартай тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, /хх-ийн 55-58-р хуудас/
Шүүгдэгч Б.Бын гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 60-61-р хуудас/
Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 67-73-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.Б нь “Таван толгой шин” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 47-65 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 05-15 ГЧ дугаартай чиргүүлийн 12 ширхэг дугуй, 4 ширхэг ачааны падаан завшиж бусдад 9,549,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-р хуудас/, хохирогч Э.Энхманлайгийн өгсөн:”... жолооч Б.Б нь Тавантолгой Цагаанхадны чиглэлд нүүрс тээвэрлэлт хийхээр хилээр орж ирсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “машиныг Таван толгойн уурхайн амны орчимд орхисон” гэж W.Junshen-рүү мессеж явуулсан байсан учир бид нар машиныг хайхад Таван толгой уурхайн амны очерт чиргүүлийн 12 ширхэг дугуйг сольж өөр хуучин дугуй тавьсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Мөн Б.Б нь W.Junshen-ээс тээврийн тооцоо хийх 4 ширхэг ачааны падаан авч явснаа хүнд зарж мөнгийг нь авсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/, гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай компанийн 47-65 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн автомашин “Таван толгой” уурхайн аман дээр чиргүүлийн 12 ширхэг дугуй, стачер, кабин халаагч зэрэг эд анги солигдсон /тоногдсон / байдалтай байсан “гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, гэрч W.Junshen-ий өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б гэх жолоочид тухайн 47-65 ӨМҮ автомашиныг өгч явуулсан. Тухайн жолоочийг буцаад ирэхдээ 4 падааны тооцоог хийгээд ир гэж хэлээд өгөөд явуулсан чинь ...машины эд зүйлийг солиод оронд нь ажиллагаагүй муу сэлбэг тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/, гэрч О.Нямдоржийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Таван толгойн уурхайн аман дээр зүс танихгүй нэг залуу тээврийн хөлс хийх гэсэн юм, яаж хэнтэй хийх вэ гээд явж байхаар нь уулзаад тооцооны 4 ширхэг падаан байсныг үзээд тээврийн хөлс болох 16,800 юаныг бэлнээр нь өгч падааныг авсан. Тэгээд тэр падааныг цааш нь “Барлингтон” гэдэг компанийн хөтөч Өвөр Монгол иргэнд өгч мөнгөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн:”...Би 2017 оны 05 дугаар сараас эхлэн БНХАУ-ын нутаг Ганц модны боомт дээр “...12 ширхэг дугуйг нь тайлж өгөөд хуучин 12 ширхэг дугуйг нь өөрийн жолоодож байсан 47-65 ӨМҮ улсын дугаартай автомашинд тавиад 1,800,000 төгрөг бэлнээр авсан. Мөн 4 ширхэг ачааны тооцооны падааныг О.Нямдорж гэх хүнд өгч 16,300 юань буюу 5,949,000 төгрөгөөр бэлнээр нь авч өөрийн 5050111794 тоот дансанд хийгээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51-р хуудас зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн харицлагыг ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Энхманлай нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Далай овогт Баасанжавын Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 2,700 /хоёр мянга долоон зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 / нэг / сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бын авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА