Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0689

 

2025 10 07 128/ШШ2025/0689

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц******* ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/369 тоот захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2021 онд газар эзэмших эрхийг цуцалсан гэх мэдээллийг 2023 онд мэдсэн тул түүнээс хойш холбогдох захиргааны байгууллагуудад гомдол гаргаж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Ц******* ХХК нь анх 2013 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/509 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, х******* нуур хэсэгт байрлах 10,000 м.кв бүхий газрыг Д******* гэх компаниас шилжүүлж авсан. 2014 онд тухайн газар дээрээ үе шаттайгаар хашаа барьж бүтээн байгуулалт хийгээд гүний худаг, бетонон хашааг, харуулын байр, очиж үзэхээр 4 ширхэг контейнер байгаа,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхээ сунгуулахаар Төрийн газар зохион байгуулалтын албанд хандсан. Газар зохион байгуулалтын алба хүлээж аваад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/569 тоот захирамжаар 94,650 м.кв талбай бүхий 15 жилийн хугацаанд газар эзэмших эрхийг нь сунгаж шийдвэрлэсэн байдаг. 2019 оны 05 дугаар сарын 14-ний буюу газар эзэмших эрх олгосноос 5 сарын дараа иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээг Газар зохион байгуулалтын албаны дарга, газар зохион байгуулагч нартай байгуулсан,

Газар эзэмших гэрээ байгуулагдсанаар газар эзэмших эрх үүсэж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ковид-19 тахлын улмаас хатуу Харилцаа холбооны зохицуулах хороо хорио тогтоож байсан. Үүнээс шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн. Тэгтэл Газар зохион байгуулалтын албанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж үзсэн,

Газрын төлбөртэй асуудлыг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр газрын төлбөрийг цуцалсан. Энэ бол үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д тухайн гэрээнд тусгайлсан заалтыг тодорхой оруулаад үүнийгээ удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд газар цуцлах үндэслэл байгаа. Гэтэл байгуулсан гэрээнд дуудлага худалдааны анхны үнэ төлөхгүй байгаа тохиолдолд төлөхтэй холбоотой харилцааг тогтоосон зүйл байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц******* ХХК нь анх 2013 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/509 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, х******* нуур хэсэгт байрлах 10,000 м.кв бүхий газрыг Д******* гэх компаниас шилжүүлж авсан. 2014 онд тухайн газар дээрээ үе шаттайгаар хашаа барьж бүтээн байгуулалт хийгээд гүний худаг, бетонон хашааг, харуулын байр, очиж үзэхээр 4 ширхэг контейнер байгаа. Тухайн газрыг аж ахуйн зориулалтаар авсан байдаг. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхээ сунгуулахаар Төрийн газар зохион байгуулалтын албанд хандсан. Газар зохион байгуулалтын алба хүлээж аваад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/569 тоот захирамжаар 94,650 м.кв талбай бүхий 15 жилийн хугацаанд газар эзэмших эрхийг нь сунгаж шийдвэрлэсэн байдаг. 2019 оны 05 дугаар сарын 14-ний буюу газар эзэмших эрх олгосноос 5 сарын дараа иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээг Газар зохион байгуулалтын албаны дарга, газар зохион байгуулагч нартай байгуулсан. Энэ нь хэрэгт авагдсан байгаа. Үүнээс хойш газрын төлбөрийг тухай бүрд төлж байсан. Жишээ нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,800,000, хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сард газрыг төлбөрийг төлсөн байдаг. Нийт 6 удаагийн гүйлгээ хийсэн байдаг. 2023 онд компани дээр татварын нэхэмжлэл үүсгэх тухай газрын албанд очоод газрын төлбөрөө төлөх гэсэн юм ямар асуудал гарсан тухай тодруулахад 2021 онд газар эзэмших эрхийг цуцалсан гэх мэдээллийг 2023 онд мэдсэн. Үүнээс хойш болбогдох эрх бүхий байгууллагуудад эрхээ сэргээлгэхээр хандсаар өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр буцаагдсан байдаг. 2025 оны 03 дугаар сард захиргааны хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Миний бие 2025 оны 05 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Ц******* ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлахдаа хэд хэдэн ноцтой зөрчлийг гаргасан байдаг. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулаагүй тухай мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ бүрэн биелүүлээгүй. Нийслэлийн Газар зохион байгуулалт болон дүүргийн Газар зохион байгуулалтын албад хандахад 2021 онд тухайн газрыг цуцлах гэж байгаа тухай мэдэгдсэн. Тухайн мэдэгдэлд газрын дуудлага худалдааны анхны үнэ буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл байдаг. Дүүргийн газрын алба 04 сар дотор дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй бол цуцална гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн гэдэг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтад хэзээ, яаж хүргүүлсэн тухай баримт авагдаагүй байдаг. Газраа цуцлуулсны дараа тухайн баримтын талаар мэдээд шүүхэд хандсан байгаа. Маргаан бүхий захиргааны акт буюу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/369 тоот захирамж гарсан. Захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5, 40.1.6-д үндэслэсэн байдаг. Гэтэл тухайн газар эзэмших эрх нь 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр үүссэн гэж үзэхээр байгаа. Нэгдүгээрт газар эзэмших гэрээ байгуулагдсанаар газар эзэмших эрх үүсэж байгаа. Хоёрдугаарт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ковид-19 тахлын улмаас хатуу Харилцаа холбооны зохицуулах хороо хорио тогтоож байсан. Үүнээс шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн. Тэгтэл Газар зохион байгуулалтын албанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж үзсэн байдаг. Мөн хээрийн судалгаа хийгээгүй байдаг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Танайх яагаад газар эзэмшигч болж байгаа юм бэ гэдэг. Танайх 08 жил 3 сар газраа ашиглаагүй гэдэг боловч 3 жил 3 сарын хугацаанд газраа ашиглаагүй байдаг. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Үзлэг хийсэн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Уг баримтад хашаа барьсан, худаг ухсан гэх зэрэг бүтээн байгуулалтыг дурдсан байдаг. Мөн газрын төлбөртэй асуудлыг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр газрын төлбөрийг цуцалсан. Энэ бол үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д тухайн гэрээнд тусгайлсан заалтыг тодорхой оруулаад үүнийгээ удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд газар цуцлах үндэслэл байгаа. Гэтэл байгуулсан гэрээнд дуудлага худалдааны анхны үнэ төлөхгүй байгаа тохиолдолд төлөхтэй холбоотой харилцааг тогтоосон зүйл байхгүй. Үндэслэлгүй хуулийн заалтыг үндэслээд буруугаа тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүй зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, мөн оны Нийслэлийн Засаг даргын А/915 дугаар захирамжуудаар дуудлага худалдааны албан мөнгийг хэрхэн төлөх тухай зохицуулалт хийсэн байдаг. А/915 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.4-дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн эрхийг буюу газар эзэмших, ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнийг төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж, гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө нь өгсөн хугацаатай адил дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй. Тэгтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй, актыг мэдэгдээгүй, Засаг даргын 2013 оны А/915 дугаар захирамжийн зүйл заалтыг нэгтгэж ажиллаагүй гэх зөрчил гаргасан тул захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/569 тоот захирамжаар 11 дүгээр хороо, х******* нуур хэсэгт байрлах нэгж талбарын 1333106412 дугаартай 10,000 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл 2018-2021 оныг хүртэл 3 жил 3 сарын хугацаанд тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, дуудлага худалдаа төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13/517 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д аймаг, сум, нийслэлийн дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтад заасан нөхцөл бүрдсэн тул дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дугаартай захирамжаар газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн тус компанийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасан хэсгийг зөрчиж байгаа тул Газрын тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15/1739 тоот албан бичиг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06/830 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж зөрчлөө арилгаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц******* ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 000050939 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авч, захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B*******-г томилсныг бүртгэж, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Li J*******-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/369 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэх үндэслэлээр хавсралтад заасан 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Ц******* ХХК багтсаныг эс зөвшөөрч ...манай компанийн газар эзэмших эрхийг цуцлахдаа урьдчилан мэдэгдээгүй, 250 орчим сая төгрөгийн зарцуулж хөрөнгө оруулалт хийснийг огт шалган тогтоолгүй сүүлийн хоёр жил газраа ашиглаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж, хариуцагч ...газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн... гэж тайлбарлан маргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/569 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Х******* нуур хэсэгт байрлах нэгж талбарын 1333106412 дугаартай 100000 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц******* ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо, Х*******т байрлах нэгж талбарын 1333106412 дугаар бүхий 94650.0 м.кв газар эзэмших эрх олгож, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000001816 дугаартай гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2018/20944 дугаартай гэрээг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулахдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно 31 дүгээр зүйлийн 31.1-т Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 38 дугаар зүйлийн 38.1-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Учир нь дээрх хуулийн заалтуудаар гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх болон шилжүүлэхийг хориглосон байх бөгөөд нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн тухайд улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар үүсгэн байгуулагч нь Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн B******* байх бөгөөд өнөөдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх удирдлага нь Li J******* байгаагаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан анхнаасаа тус компанид газрын эрх шилжүүлэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.

 

Мөн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ц******* ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, ... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж хуульчилсан, маргаан бүхий энэ тохиолдолд ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаарх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч захиргааны байгууллага нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна, 38.3.1-т энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх 38.3.3-д эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэснээр эдгээр асуудлыг тодруулахаар байна.

 

Тэгвэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана 38.2.1-т нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт гэж заасан.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, хугацаа болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно, 44.8-д газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална,Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж газар ашиглах эрхтэй байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл гэхээс илүүтэйгээр нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн буюу сэргээгдэх эрхийн тухай асуудлыг авч үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/369 тоот захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.