| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00414/И |
| Дугаар | 312/шш2025/00920 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 312/шш2025/00920
2025 05 26 312/ШШ2025/00920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө В корпус ******* тоотод байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн ******* тоотод оршин суух ******* овгийн /регистрийн дугаар , утас: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 29 075 055 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг, ******* 2 дугаар хороолол, Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж 00 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батболд /цахимаар/
Хариуцагч Х.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Х.аас Зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 22 520 160 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсний алданги 1 819 957 төгрөг, зээлийн гэрээний дагуу бодогдсон хүү 4 734 938 төгрөг, нийт 29 075 055 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 326 төгрөгийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг оюут 2 хороолол Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж О тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах.
Нэхэмжпэлийн үндэслэл: Иргэн Х. болон ******* ******* ******* ХХК нар харилцан тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 24-1043 тоот Зээлийн тухай гэрээ, 24-1043 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан болно. Иргэн Х. нь зээл авахдаа Барьцааны гэрээ байгуулж Орхон аймаг Баян- Өндөр сум 2-р баг, ******* 2 хороолол Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж 0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдпөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж иргэн Х.т 30 000 000 төгрөгийн зээлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.ын Хаан банкны 512713*******8 тоот дансанд шилжүүлсэн болно. Гэтэл иргэн Х. нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж зээлээр авсан мөнгөнөөс 7,479,840 төгрөгийг төлж үлдэгдэл 22,520,160 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтэрсэн байдалтай байсаар байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүү тооцоход 4,734,938 төгрөгийн хүү, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцоход 1,819,957 төгрөгийн алданги тус тус тооцогдсон болно. Манай компаний зүгээс иргэн Х.ыг зээлийн үлдэгдэл төлбөр болон хүү алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа болно. Иймд иргэн Хандаа овогтой аас зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 22,520,160 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсний алданги 1,819,957 төгрөг, зээлийн хүү 4,734,938 төгрөг, нийт 29,075,055 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг, ******* 2 хороолол, Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж 0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Х. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.т холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
А. Үндсэн зээлийн тухайд: Тухайн компанид 2023.11.23-ны өдөр Орхон аймгийн салбарын даргаар ажилд орсон. 2024.02.06-ны өдөр тус компанийн ажилтан гэх утгаар ажилтны нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. 30 000 000 төгрөгийг барьцаатай зээлсэн нь үнэн болно. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу өөрийн цалингаас сар бүр суутгуулж байсан ба 2024.07.31-ний өдөр төв удирдлагаас Дархан болон Өвөрхангай аймгийн Салбарын даргаар ажиллах шаардлагатай байна гэсэн ба өнөөдрийн дотор салбарын ажлаа өг гэж гэнэт шаардсан. Шалтгааныг тодруулахад янз бүрийн шалтгаан байхгүй, таныг ажлаас халаагүй, тэгэх шаардлагатай байна гэсэн. Ингээд ажлаа өгөөд аль аймагт томилох гэж байгаа юм бол гээд хүлээсэн ба удахгүй шийднэ гэж байснаа таныг ажиллуулах боломжгүй боллоо гэж сар гарангийн дараа хэлсэн. Тэгвэл би ажлаас халагдсан гэсэн үг үү, халагдсан бол халах тушаал өг, ажилд томилох бол ажилд томилох тушаалын аль нэгийг өг гэтэл удахгүй шийдвэр гаргая гээд алга болсон. Сүүлдээ халах тушаал би шаардах болсон. Тушаал өнөөдрийг хүртэл өгөөгүй. Үүнээс болж маргаан үүсгэхээр хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад та тушаалаа шаардаж ав, халаагүй байж болно, таны ажиллаагүй хугацааг ээлжийн амралт байхыг үгүйсгэхгүй гэхээр мөн хүлээсэн. Тушаалаа аваад манайд ханд, хэрэв өгөхгүй бол шалтгааныг нь тодруул тэгээд ойлгомжтой өргөдлөө гарга гэсэн. 3 сарын ажилгүйдлийн тэтгэмж аваагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс өгөөгүй, тушаалаа авья гээд хүний нөөцтэй холбогдохоор даргыг шийдэхээр хэлнэ гэдэг. Ийм байдлаар үндсэн зээлийг төлж байгаа эсэх, цалин хөлс, ээлжийн амралт, ажилгүйдлийн тэтгэмжийг төлбөрт тооцож байгаа эсэх асуудлууд тодорхойгүй болж, өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Иймд бүх тооцоог хуулийн дагуу хийхийг хүсч байна. Ажлаас халагдсан эсхүл халагдаагүй алин ч бай, ажил хүлээлцэж, ээлжийн амралтын тооцоо, цалин хөлсний зөрүү, ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоо зэргийг заавал ажил олгогч хийх ёстой гэж бодож байна.
Б. Зээлийн хүүгийн тухайд: Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 3 294 000 төгрөгийн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Энэ хугацаанд үндсэн зээлийн хамт 1 927 377 төгрөгийн хүү төлсөн. Зээлийн хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд илүү хүү авна гэж тохиролцоогүй.
В. Алдангийн тухайд: Тооцоог дуусгаад хэлэлцэх боломжтой байна. Зээлийн гэрээнд дараах маргаан байна. Учир нь зээлийн гэрээний онцлог ажилтандаа уг зээлийг олгох байсан бөгөөд ажилтны цалин хөлсөөс суутгана гэж заасан. Мөн түүнчлэн уг зээлийн гэрээ хэрэгжих боломжгүй байдал нь ажилтан миний буруутай үйлдлээс болоогүй бөгөөд ямар ч шалтгаангүй, намайг ажил эрхлэхгүй болгож, түүнчлэн ажил өөрчилсөн эсхүл халсан тушаалыг даруй шийдэж, шийдвэр гаргаж чадахгүй байсантай холбоотойгоор өнөөдрийг хүрч байгаа нь миний буруутай үйлдэл биш юм. Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олгосон зээл атлаа ажилтны буруутай үйлдэл байхгүй байхад ажлыг нь дуртай этгээдэд өгч, шалтгаангүй ажилгүй сар гаран болсны дараа өөр ажлыг шийдвэрлэж чадахгүй боллоо, таныг ажлаас халсан тушаал гаргана гээд, ямар үндэслэлээр гэхээр одоо болтол гаргаж чадахгүй байгаа нь тухайн байгууллагын буруутай үйлдэл бөгөөд энэ цаг хугацаанд намайг ажилгүйдлийн тэтгэмж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, өөр ажилд ороход өмнө ажиллаж байсан байгууллагын халагдсан тушаал, шийдвэр шаардлагатай байгаа зэргээс үзүүлэх харуулах баримтгүй өдий болгосон атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Ажлаас халсан эсэх, эсхүл өөр ажилд шилжүүлсэн эсэх тушаалаа дахин шаардаж байна. Биечлэн өгөх боломжгүй бол цахим хаяг гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой талаар олон удаа хэлсэн, шаардсан байгаа болно... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: итгэмжлэл /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-8/, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-19/, зээлийн авлагын тооцоо /хх-20-24/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас: Х.ын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх Хаан банкны дансны хуулга /хх-69-82/ зэрэг баримтыг гарган өгсөн.
5. Шүүхээс: 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/11/27/170 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-49-54/, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/147 дугаартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай ******* ******* ******* ХХК-ийн захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-55-57/, хариуцагчийн цалингийн тооцоо /хх-68/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК Х.аас 29 075 055 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг, ******* 2 дугаар хороолол, Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж 00 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Х.т 30,0 сая төгрөгийн зээл олгож, Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг, ******* 2 хороолол Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж 0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90 мкв талбайтай авто зогсоолыг барьцаалсан.
Х. нь зээлээс 7 479 840 төгрөгийг төлж үлдэгдэл 22 520 160 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтэрсэн. Иймд хүү 4 734 938 төгрөг, алданги 1 819 957 төгрөг нийт 29 075 055 төгрөгийг гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлээс нийт 13 256 724 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзсан. Би цалингаа суутгаад явж байсан, ээлжийн амралтын мөнгө, томилолтын зардал авах ёстой... гэжээ.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Х. нь ******* ******* Групп ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* Групп ХХК-с 30,0 сая төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаанд цалингаасаа суутгуулан төлөхөөр тохиролцож зээлсэн болох нь зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь ******* ******* Групп ХХК мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байх ба, хариуцагч мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээжээ.
7. Зээлийн гэрээний 4.2.-т зээлийн хүү нэг сарын 1,5 хувь байна, 5.3.-т зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон зээлдүүлэгчид төлөхөөр талууд тохиролцсон байна.
8. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гаргаж өгсөн хариуцагчийн цалингийн тооцоонд цалинг 2 380 000 төгрөгөөр тооцож байсан, хөдөлмөрийн гэрээнд мөн 2 380 000 төгрөг гэж тусгасан байх ба Х. нь тус байгууллагад 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаад хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул энэ хүртлэх хугацааны цалин бодогдсон гэж үзэв.
9. Хариуцагч зээлийг цалингаасаа суутган төлж байсан гэдгийг талууд маргаагүй бөгөөд цалин олгож байсан Хаан банкны хариуцагчийн 512713*******8 дугаарын дансанд 2025 оны 02 дугаар сараас хойш цалин олгож байгаагүй байна.
10. Талууд нэг сард 1,5 хувиар хүүг тохирсон байх ба 30 000 000 төгрөгийн 6 сарын хүү 2 700 000 төгрөг болж байна. Хариуцагчийн нэг сарын цалин 2 380 000 төгрөг байх ба 6 сарын цалин нийт 14 280 000 төгрөг, үүн дээр ээлжийн амралтын цалинг 2 380 000 төгрөгөөр бодоход нийт 16 660 000 төгрөг олгох ёстой. Нийт зээл 30,0 сая төгрөгөөс 16 660 000 төгрөгийг хасахад 13 340 000 төгрөг үлдэх бөгөөд 6 сарын хүү 2 700 000 төгрөг, алданги 1 819 957 төгрөг нийт 17 859 957 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлээс 17 859 957 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 11 215 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтын хэмжээнд дүгнэлтийг хийв.
12. Хариуцагч зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг, ******* 2 дугаар хороолол, Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж 00 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байх ба барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байна.
13. Иймд хариуцагч төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 326 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжаар 247 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Групп ХХК-д олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.аас 17 859 957 төгрөг гаргуулан ******* ******* Групп ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 215 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар төлөхгүй бол Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг, ******* 2 дугаар хороолол, Дөлгөөн жогол ХХК-ийн урд гудамж 0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 90 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 326 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 247 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Групп ХХК-д олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА