| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01299/И |
| Дугаар | 312/шш2025/00925 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 312/шш2025/00925
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 312/ШШ2025/00925 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* /регистрийн дугаар:, утас:/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум , овогт /регистрийн дугаар:/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “30,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
Хариуцагч Ө.т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2024 оны 06 дугаар сарын 09-нд Ө., А. нартай уулзаж 15х30 харьцаатай сэндвичин барилга 35,000,000 төгрөгөөр барихаар тохирсон. Улмаар суурийг хийх явцад 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А. нь өөрийн данснаас барилга урьдчилгаа 20 хувь гэж 7,100,000 төгрөг хийсэн. Үүнээс хойш мөнгө өгсөнгүй. Барилгын ажил 90 хувь болсон. Одоо 2-3 хоногийн ажил үлдсэн болно. Энэ хүртэл хийсэн ажлын мөнгийг авах хүсэлтэй байна. Дээрх хугацаанд ажилчдын цалин хөлсийг бусдаас хүүтэй мөнгө зээлж өгсөн. Мөн улирлын чанартай ажлын үед бүтэн 10-15 хоног зогсоосон зэрэг хохирлыг төлүүлж өгнө үү. Ажил гүйцэтгэлийн 70 хувийн төлбөр 24,500,000 төгрөг, зээлсэн мөнгөний хүү 1,000,000 төгрөг, ажил зогсоосны сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг дээрх этгээдүүдээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч Ө. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”…Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч бидэнд холбогдуулан 30,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү тайлбарыг гаргаж байна.
Бидний зүгээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн 15-1500а тоотод худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулах объектыг өөр бригадаар захиалан бариулахаар барилгын ажлыг эхлээд суурийн ажил 50 хувьдаа орсон явж байсан. Гэтэл Г.******* гэх хүн манай барилгын ажил дээр ирээд “одоо хийж байгаа хүмүүс чинь муу буруу хийгээд байна, би зөв сайн барилга бариад өгье, үнэ хөлсийг нь арай хямдаар” барьж өгөх саналыг өөрөө тавьсан. Үүний дагуу бид зөвшилцөж суурийн ажил 50 хувьтай явж байсан барилгын суурин дээр 15:30 харьцаатай сэндвичин барилгыг 35,000,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон. Мөн объектыг богино хугацаанд буюу 14 хоногийн дотор ашиглалтад оруулж, хүлээж авахаар тохирсон бөгөөд төлбөрийг 3 хувааж буюу суурь, шалны ажлыг бүрэн хийж дууссаны дараа үндсэн төлбөрийн 20% , төмөр арам буюу карказ боссоны дараа үндсэн төлбөрийн 30%, барилга бүрэн дууссаны дараа үлдэгдэл болох үндсэн төлбөрийн 50% -ийг өгөхөөр тохирч, ажил эхлэсэн. Ингээд тохирсны дагуу суурьны ажил дууссаны дараа үндсэн төлбөрийн 20% болох 7,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.
Биднийг эхний төлбөрөө шилжүүлсний дараагаар гүйцэтгэгч тал нь ажлаа цалгардуулж, архи уугаад ажлын талбарт ирэхгүй 4 хоносон бөгөөд энэ хугацаанд бетон зуурмагийн үйлдвэрээс шалны бетоноо авахыг шаардсан. Ингээд энэ талаар богино хугацаанд ажил гүйцэтгэх шаардлагатай байна, бетон нийлүүлэх газраас яаравчлуулаад байна, мөн бид дээрх объектыг богино хугацаанд хүлээж авч, ашиглалтад оруулах шаардлага байсан тул заасан ажлаа яаралтай хийж өгөөч гэж нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Ингээд мэдэгдээд ажлаа гүйцэтгэхгүй, Г.- бригад ажлын талбарт байхгүй, ирэхгүй байсан учир өөр хүмүүсээр уг шалны цутгалтийн ажлыг хийлгэсэн. Ингэхдээ тэдгээр хүмүүст төлбөрт 4,500,000 төгрөгийг өгсөн. Хэрвээ Г.- барилгын бригад энэ ажлаа цаг хугацаанд өөрсдөө хийсэн бол бидэнд ийм илүү зардал гарахгүй байсан. Ингээд шалны цутгалтын ажлыг өөр этгээдээр хийлгэсэн учир энэ төлбөрийг ажил гүйцэтгэх төлбөрөөс хасах талаар бид мэдэгдэхэд нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй тул бид үүнээс улбаадан маргаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйгээс болж бидний хооронд маргаан гарсан.
Ингээд мөнгөө өгөхгүй бол ажлаа хийхгүй гээд ажлыг үргэлжүүлж хийгээгүй. Бидний зүгээс анх тохирсны даруу барилгын ажлыг гүйцэтгэж, бодит үр дүн гарч барилгыг барьсны дараа мөнгөө бүрэн өгч дуусгана, гэрээт ажлыг дуусгаад өгөөч, төлбөрийг төлнө гэж олон удаа мэдэгдэж шаардлага тавьж, мөн гуйж ч үзсэн боловч мөнгө өгөхгүй бол ажил хийхгүй гэж хэлээд түүнээс огт ажил гүйцэтгээгүй. Г.- хойш гаргасан нэхэмжлэлд дурьдсан барилгын ажлын гүйцэтгэл 90 хувийг хийж гүйцэтгэсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, түүний хийсэн ажлын тухайд буюу барилгын суурийн ажлыг хийхдээ далий хийсэн. Чанарын шаардлага хангахгүй буюу далий хийсэн учраас бид үүнийг нь засварлуулахаар нэмж зардал гаргахаар болсон. Мөн гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг удаашруулснаас болоод бидний хураасан барилгын материал буюу сэндвичин хавтангуудын чанарт муугаар нөлөөлж, зарим хавтангуудын цавуу нь салж ашиглах боломжгүй болсон. Үүгээр ч зогсохгүй ажлаа үргэлжлүүлэн хийхгүй удааширснаас болоод барилгын карказ зэвэрч, сэндвичин хавтангийн чанар алдагдаж байсан тул богино хугацаанд барилгын ажлыг үргэлжүүлэн, дуусгахын тулд арга буюу өөр этгээдүүдээр ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд барилгын ажлыг 10 хоногийн дотор бүрэн дуусгаж, хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас хамаарч далий хийсэн суурийн ажлыг дахин засварлуулах болон зарим барилгын материалын чанар муудсаны улмаас шинээр авах солих, суурийг хийхэд шаардагдах барилгын материал болоод гүйцэтгэх ажлын хөлс, мөн уг хугацаанд барилгын даруй хүлээн авч, худалдааны үйл ажиллагаа явуулах боломжтой байсан зэргээс хамаарч олох ёстой байсан орлого зэрэг бидэнд учирсан хохирол зардлыг бид нэхэмжлээгүй болно. Бидний өмнө өгсөн 7,100,000 төгрөг нь нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн дутуу буюу бүрэн бус, буруу далий хийсэн ажлын гүйцэтгэлд тохирсон гэж үзэж байна. Харин манай талд маш их хохирсон тул бид нэмж өгөхгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
3. Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: ”...Нэхэмжлэгч Г.******* болон хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. бид дараах байдлаар эвлэрч байна.
Хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлагаас 11,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх төлбөрийг 2025.06.15-ны өдөр 5,500,000 төгрөгөөр, 2025.07.05-ны өдөр 5.500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
Нэхэмжлэгч Г.******* миний бие шүүхэд гаргасан 30,500,000 төгрөгөө 19,500,000 төгрөгөөр бууруулж 11,000,000 төгрөг болгож хариуцагч нартай эвлэрч байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.....” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Ө., Г., А. нарт холбогдуулан 30 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 11 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.06.15-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 5 500 000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн дүн 30 500 000 төгрөгний 19 500 000 төгрөгөөс татгалзаж хариуцагчийн төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 0000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ө., Г., А. нарт холбогдох “30 500 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт, Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 11 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.06.15-ны өдөр 5 500 000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 5 500 000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн дүн 30 500 000 төгрөгний 19 500 000 төгрөгөөс татгалзаж хариуцагчийн төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
ШҮҮГЧИД -