Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/467

 

 

 

 

  2024             4            23                                         2024/ДШМ/467

            

    Б.О-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Баяр-Эрдэнэ,

хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, хохирогч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О-т холбогдох эрүүгийн 2304000900120 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн .....-ний О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ................... төрсөн, .. настай, э..эгтэй, ....... боловсролтой, ............ мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ..... боловч ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:  ..................../.

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын баруун талын засмал зам дээр “Тоёота Рав-4” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчин иргэн Б.О-гийн жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан ..-.. .... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг эсрэг урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Огиин эрүүл мэндэд “баруун дунд чөмөг ясны доод булууны бяцарсан үе рүү орсон зөрүүтэй ил хугарал, тойгны мултрал, баруун гуяны булчингийн няцрал, холбоосны урагдал, язрал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн өсгий ясны хугарал, цээж, зүүн хөх, бугалгад цус хуралт” бүхий хүнд хохирол, мөн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч О.Ж-ын эрүүл мэндэд “бүсэлхийн нугалмын хугарал, баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн талын өвдөгний хэсэгт язарсан шарх, баруун гарын сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Б.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.О-т тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч О.Ж нь энэ хэрэгт холбогдуулан гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, хохирогч Б.О-гийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 19.433.803 төгрөгийг хангаж, шүүгдэгч Б.О-ын хохирогч Б.О-д төлсөн 9.400.000 төгрөгийг хасаж, үлдэх 10.033.803 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.О-аас 5.016.901, иргэний хариуцагч Б.О-аас 5.016.901 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.О-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О-гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацаанд авах ёстой цалин, хөлсний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч “Б Ф” ББСБ-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.519.004 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Х-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүгдэгч Б.О-аас 7.631.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, цус мэт зүйлээр бохирлогдсон марль 1 ширхэг, худалдан авалтын баримт 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй дотроо шингэн зүйлтэй сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хуульчилжээ. Гэтэл дагаж мөрдөж эхлээгүй 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх ёстой энэ хуулийн заалтыг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн миний үйлдсэн хэрэгт буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт надаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 9.900.000 төгрөгийг гаргуулахдаа Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолыг үндэслэж гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн тогтоолд дагаж мөрдөх хугацааг тусгаж өгөөгүй байдаг. Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-268, А-275 тоот “Журам батлах тухай” хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг дагаж мөрдөх хугацааг мөн тодорхой зааж өгөөгүй байна.

Иймд Багануур дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Б.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Б.О-ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон/ бусдад учруулсан хор уршигтай харьцуулахад түүнд оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна.

Шүүх хохирогч надад учирсан хохирол, хор уршгийг зөв тодорхойлж 19.433.803 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй. Мөн миний сэтгэцэд учирсан хор уршгийг зөв тоггоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгөөр тооцож олгосон нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх хугацааг тодорхой зааж өгөөгүй учраас хэрэглэх боломжтой. Иймд миний сэтгэл санааны хохирлыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолд тусгасан байдлаар хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.О-гийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч Б.О хууль буцаан хэрэглэсэн, миний эрх зүйн байдлыг дордуулсан, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай хуулийн хэрэгжилтийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахтай холбоотойгоор Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялд хүндэтгэлтэй хандаж байгаа. Б.О нь давж заалдах гомдолдоо өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн учраас гомдлыг дэмжиж байна. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуульд өөрчлөлт орсон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн ямар зүйл ангид сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр гаргуулах тухай, 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот “Журам батлах тухай” хамтарсан тушаалаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал болон жагсаалтыг баталсан. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн. Тэгэхээр ерөнхий хуулиа баримтлан шүүн таслах ажиллагаа болон хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах ёстой гэж үзэж байсан. Гэтэл 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ гэж Шүүх шинжилгээний тухай хуульд заасан байхад энэ хуулийн заалтыг 4 дүгээр сарын 15-ны өдрийн үйл баримтад хамруулан сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш автомашин хохирол болох 10.385.000 төгрөгөөс 5.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн төлбөрийг удахгүй төлнө гэсэн бодолтой байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэхээр 9.900.000 төгрөг шүүгдэгч Б.О-аас гаргуулж, хохирогч Б.О-д гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор дахин шинжилгээ хийлгэж, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 179 дүгээр дүгнэлтээр хохирогч Б.О-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлд хамаарч байна гэсэн дүгнэлт гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан. Мөн хохирогч Б.Огээс шүүгдэгч Б.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Б.О-т хөнгөдсөн гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Б.О нь хохирогчид учирсан хор уршиг, эмчилгээний зардалтай холбоотой 9.400.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Тухайн гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа зорилго нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, түүний хувийн байдал, өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол зэргийг харгалзан үзэж шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Б.О, хохирогч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Багануур дүүргийн прокурорын газраас Б.О-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын баруун талын засмал зам дээр “Тоёота Рав-4” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчин иргэн Б.О-гийн жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан ..-... ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг эсрэг урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.О-гиин эрүүл мэндэд “баруун дунд чөмөг ясны доод булууны бяцарсан үе рүү орсон зөрүүтэй ил хугарал, тойгны мултрал, баруун гуяны булчингийн няцрал, холбоосны урагдал, язрал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн өсгий ясны хугарал, цээж, зүүн хөх, бугалгад цус хуралт” бүхий хүнд хохирол, мөн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч О.Ж-ын эрүүл мэндэд “бүсэлхийн нугалмын хугарал, баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн талын өвдөгний хэсэгт язарсан шарх, баруун гарын сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд “шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирогчийн зөрчигдсөн эрхэд тус тус тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Б.О-т оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг харгалзан ...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрж хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд “баруун дунд чөмөг ясны доод булууны бяцарсан үе рүү орсон зөрүүтэй ил хугарал, тойгны мултрал, баруун гуяны булчингийн няцрал, холбоосны урагдал, язрал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн өсгий ясны хугарал, цээж, зүүн хөх, бугалгад цус хуралт” бүхий хүнд хохирол, мөн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч О.Ж-ын эрүүл мэндэд “бүсэлхийн нугалмын хугарал, баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн талын өвдөгний хэсэгт язарсан шарх, баруун гарын сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчид учирсан хохирол одоог хүртэл арилаагүй байхад түүнд тухайн зүйлд заасан зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.

Шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн үндсэн зорилго нь хохирогчид учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд болон сэтгэл санааны байдлыг хэвийн байдалд оруулах, боломжгүй бол боломжт нөхцөл байдлаар хангах юм.

Тодруулбал, хавтас хэрэгт авагдсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт болон хохирогч Б.О-гийн эрүүл мэнд мэндийн байдал нь бүрэн гүйцэд арилаагүй, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, гомдолтой байгаа талаарх гомдол, тайлбараа гаргасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлон “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг харгалзан ...” Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид хохирол төлбөр шилжүүлсэн баримт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэрэг зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн шүүгдэгчид тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогч Б.О-гийн гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

   2. Шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР