| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/0699/З |
| Дугаар | 128/ШШ2025/0691 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0691
2025 10 07 128/ШШ2025/0691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш******* ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******,
Хариуцагч: Халдварт өвчин судлалын үндэсний төв,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,
Хариуцагч тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ш
Гуравдагч этгээд: Г*******р ХХК
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: А.А нарын хоорондын тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У А.Ш, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******олортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад Г*******р ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, Г*******р ХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, мөн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах Х*******/20250102004 дугаартай тендерийн *******ХА/25/63 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Ш******* ХХК нь Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Х*******/20250102004 дугаартай Цэвэрлэгээний материал худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалт оролцож, хамгийн бага үнийн санал гаргасан боловч Үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаад нэг бүтээгдэхүүний дээжид 2 өөр шинжилгээний бичиг ирсэн байгаа учраас энэ асуудлаар тодруулга авъя гэж Ш******* ХХК руу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөрт албан бичгээр тодруулга авахаар шинжилгээний бичгийг эх хувиар нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэхийг албан бичгийг хүргүүлсэн. Ш******* ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бол 41 дугаартай албан бичиг ирсэн байгаа. Тус албан бичигт шинжилгээний бичгийг эх хувиар нь хүргүүлж байна гээд хавсралтаар шинжилгээний бичгээ канондоод ирүүлсэн. Өөрөөр хэлбэл эх хувиар нь хүргүүллээ гээд хавсралтыг харахаар канондсон хувь нь өнгөтөөр хүргүүлсэн гэх үндэслэлээр Ш******* ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаж, гомдол гаргах өнгөрсөн гэсэн үндэслэлээр гомдлыг хянаагүй тухай хариуг авч, шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиалагч оролцогчоос ирүүлсэн тендер шаардлагад нийцэх эсэхийг хянаж үзнэ, 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцэж нийцсэн тендер гэж үзнэ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д тус тус заасны дагуу тендерийн баримт бичгийг хянаж үзэх байсан боловч манай хүргүүлсэн материалыг дутуу хянаж үндэслэлгүйгээр татгалзсан байна гэж үзсэн,
Тендерийн үнэлгээний хорооноос хүнсний уут нь ямар төрлийн уут байх вэ гээд тодруулга авахад О******* ******* ХХК-ийн хүнсний уутны 2 төрлийн зургийг нь тавиад дүйцэхүйц уутных нь мэдээллийг илгээсэн. Манай компани санал болгосон уутыг нь О******* ******* ХХК-иас аваад санал болгосон уутны дээжийг нь хүргүүлсэн. Гэтэл үүнийг шаардлагад нийцээгүй гэж үзээд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна,
Мөн О******* ******* ХХК-ийн шинжилгээний бичгийг эх хувиар нь ирүүлээгүй гэсэн. Анхнаасаа тендерт оролцогч нар өгч байгаа бүх материал шинжилгээний бичгүүдийг /pdf/ хавсаргаж өгсөн. Манайхаас тодруулга авъя гээд 2025 оны 06 дугаар сард албан бичиг явуулаад хариуцагчаас ирсэн. Манайхаас О******* ******* ХХК-ийн шинжилгээний бичгийг аваачиж өгөхдөө манайхаас гарч байгаа албан бичиг учраас эх хувь нь манайд байх боломжгүй учраас О******* ******* ХХК-иас тодруулах боломжтой гэдгийг тайлбарлаад О******* ******* ХХК-иас манайд мэйлээр ирүүлсэн шинжилгээний бичгийг нь өгсөн,
Агуулахынхаа түрээсийн гэрээг холбогдох танилцуулга болон зургийг нь хамт хавсаргаж өгсөн. Гэтэл зураг ирүүлээгүй байна гэдэг үндэслэлээр зөрчил гаргасан байна гэж үзэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэдэг нь нотлогдож байна,
Манай компани оролцсон 4 компаниас хамгийн бага үнийн дүнг санал болгосон. Өөрөөр хэлбэл хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн. Тэгэхээр Үнэлгээний хорооны хурлын шийдвэр, оролцогч нарын материалыг маш дутуу дулимаг үнэлсэн байна. *******үрэн материалтай танилцаагүй байна. Ямар шалтгаанаар гэдгээ тодорхой дурдаагүй бүх шаардлагад нийцсэн компанийн тендерийг татгалзсанаараа манай компанийн эрхийг зөрчиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш******* ХХК-иас 2025 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зарласан цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж оролцсон. Тендер шалгаруулалттай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан үндэслэлээр манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан. Ингэхдээ Г*******р ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар бид нарт мэдэгдсэн. Үүнтэй холбоотой хуульд заасны дагуу хүлээж авснаасаа хойш ажлын 5 хоногийн дотор багтааж 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Ийнхүү гомдлын хариу ирэхгүй удаад байсан учраас энэ талаар тодруулахад Сангийн яамнаас гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байна гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэсэн хариу өгсөн. Тухайн үед 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсныг нь ажлын өдөрт тооцож Сангийн яамнаас хариу өгсөн байсан. Энэ талаар гомдол гаргах гэсэн боловч нэгэнт Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулаад тендертэй холбоотой гэрээ байгуулагдсан байна гэж бидэнд мэдэгдсэн учраас шүүхэд шууд хандсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиалагч оролцогчоос ирүүлсэн тендер шаардлагад нийцэх эсэхийг хянаж үзнэ, 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцэж нийцсэн тендер гэж үзнэ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д тус тус заасны дагуу тендерийн баримт бичгийг хянаж үзэх байсан боловч манай хүргүүлсэн материалыг дутуу хянаж үндэслэлгүйгээр татгалзсан байна гэж үзсэн. Тухайлбал мэдэгдэлд дурдсан тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1-д заасан эрх бүхий байгууллагаас нийлүүлэх барааны чанарыг тодорхойлсон шинжилгээний бичиг ирүүлэх гэдэг шаардлагыг зөрчсөн гэж үзэж байгаа. Ингэж бичихдээ уг зөрчлийг хажууд нь тайлбарлаж бичихдээ шинжилгээний бичигт ирүүлсэн бараа тус бүрд бараа тус бүрд шинжилгээний бичгийг ирүүлээгүй. Мөн О******* ******* ХХК-ийн 14688 гэдэг дугаартай дээжийн дугаарыг дахин дахин дурддаг. Манай тавьж байгаа шаардлага бол будгийн тогтворжилт нь тогтвортой байх ёстой. Гэтэл танайх тогтвортой байна гэсэн. Мөн энэ тогтворжилт нь хөлсний уусмалд тогтвортой байх ёстой гэсэн шаардлагатайгаас танай шинжилгээний дүн мөн тогтвортой байгаа нь өөрөө шаардлагад нийцэхгүй байна гэдэг ойлгомжгүй тайлбар өгдөг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасны дагуу хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзсэн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэж байна гэдэг нөхцөлүүдийг зааж өгсөн. Эдгээр нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр бид нар бүх санал болгосон бараа бүтээгдэхүүний шинжилгээний бичиг өгсөн. Энэ өөрөө цэвэрлэгээний материал нийлүүлэх тендер байсан. Тэгэхээр цэвэрлэгээний материалуудаасаа гадна уут нийлүүлэх шаардлага тавигдсан. Зөвхөн ууттай холбоотой шаардлага хангаагүй байна гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл ямар шаардлага хангаагүй гэхээр будгийн тогтворжилт, хүнсний тогтворжилт 2 нь тогтвортой байх ёстой. Гэтэл танайх тогтвортой байгаа нь хуурамч нотлох баримт бүрдүүлчихсэн, худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэж байгаа. Тэгээд яагаад гэдэг нь тодорхойгүй. Ингэж хариу ирүүлж байгаа нь эрх бүхий субъектийн гаргах шийдвэр биш гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 56.5.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан худал мэдээлэл хуурамч бичиг баримт гэдгийг Сангийн яамнаас томилогдсон шинжээч гаргах ёстой. Гэтэл Үнэлгээний хороонд ийм эрх мэдэл байхгүй. *******араанд бичиг ирүүлэх гэдэг бүх шаардлагыг хангасан. Үнэлгээний хороо анхнаасаа уут ирүүлэх шаардлагаа буруу дүгнэсэн байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 14688 дугаартай дээжийн шинжилгээ нь Өү пи пи гэдэг уутанд хамаардаг. Өү пи пи уут гэдэг нь тендерийнх нь баримт бичигт заасан хүнсний уут биш. Өү пи пи уут тунгалаг шаржигнасан материалтай уут байдаг. Гэтэл тендерийн баримт бичигт заагаад байгаа уут бол уг нь Эйч ти уут байдаг. Эйч ти уут гэдэг нь хүнсэнд хэрэглэгддэг шаардаад байгаа уут нь мөн. Гэтэл шинжилгээний дүгнэлтээр болохгүй байна гэж Өү пи пи уутны шинжилгээний хариуг гэж бичээд байгаа. Анхнаасаа шалгаруулалтаа явуулахдаа буруу шинжилгээнд үндэслэчихсэн байна гэж үзэж байна.
Анхнаасаа тендерт оролцогч нар өгч байгаа бүх материал шинжилгээний бичгүүдийг Пи ди эйфээр /pdf/ хавсаргаж өгсөн. Манайхаас тодруулга авъя гээд 2025 оны 06 дугаар сард албан бичиг явуулаад хариуцагчаас ирсэн. Манайхаас О******* ******* ХХК-ийн шинжилгээний бичгийг аваачиж өгөхдөө манайхаас гарч байгаа албан бичиг учраас эх хувь нь манайд байх боломжгүй учраас О******* ******* ХХК-иас тодруулах боломжтой гэдгийг тайлбарлаад О******* ******* ХХК-иас манайд мэйлээр ирүүлсэн шинжилгээний бичгийг нь өгсөн. *******усад оролцогч нар ч мөн ийм байдлаар өгсөн гэж үзэж байгаа. Хариуцагчаас ирүүлсэн материалуудыг харахад 4 компани тендерт оролцсон. Үүнээс 3 нь О******* ******* ХХК-ийн уутыг санал болгоод шинжилгээний бичгийг нь өгсөн. Нөгөө 2 компани шинжилгээний хариу нь тогтвортой байх шаардлага нь тогтворгүй байна гэдэг хариу гарчихсан. Манайх ганцхан тогтвортой байх шаардлага нь тогтвортой байна гээд гарчихсан. Гэтэл яагаад шаардлагад нь нийцэж байгаа компаниас тодруулга аваад манай компанийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Тендерийн баримт бичигт зааснаар тогтвортой байх шаардлагыг хангаж байгаа компани зөвхөн манайх байгаа. Нөгөө 2 компанийнх шаардлага нь хангахгүй гэдэг шинжилгээний хариу ирчхээд байхад тендер шалгаруулалтад зааснаар тэр 2 компани хасагдах ёстой байсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуурамч нотлох баримт, хуурамч баримт бичиг ирүүлсэн гэдэг үндэслэлээр манай тендерээс татгалзсан гэсэн тайлбар харагдаж байна. Хуурамч гэж байгаа нотлох баримт нь Стандарт хэмжил зүйн газрын 243004 гэсэн дугаартай О******* ******* ХХК-ийн шинжилгээний бичиг байгаа. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон материалуудтай танилцаад үзэхээр тогтвортой гэсэн шинжилгээний бичиг техникийн шаардлагын зөвлөмжид заасан шаардлага нь тогтвортой гэдэг агуулга юм шиг байгаа. Гэтэл 3 компаниас О******* ******* ХХК-ийн шинжилгээний бичиг ирсэн. Түүнээс зөвхөн тогтвортой гэдэг агуулгатай буюу техникийн шаардлагын зааварчилгаа нь хангагдсан хариу нь манай компаниас ирсэн байгаа. Г*******р ХХК болон Ф ХХК нь тогтворгүй гэсэн шинжилгээний бичиг ирүүлсэн байхад тогтвортой гэж ирүүлсэн Ш******* ХХК-ийн шинжилгээний бичгийг хуурамч гэж үзсэн бэ. Шинжилгээний 14688 дээжийн дугаар нь тухайн тендерт шаардаад байгаа хүнсний уут гэдэг агуулгад орохгүй гэдгийг О******* ******* ХХК-иас авсан. Энэ шинжилгээ хийлгэсэн компаниас дэлгэрэнгүй тайлбар бичгийг нь аваад нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Тендерийн тодруулга авахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудан эсвэл албан бичгээр авч болно гэж байгаа. Хэрэв үнэлгээний хороо манай бичгийг хуурамч байна уу, эсвэл бусад компаниудынх эргэлзээтэй гэж үзсэн бол энэ эргэлзээгээ холбогдох этгээдээс нь авах бүрэн боломжтой байсан. Манайх О******* ******* ХХК-ийн шинжилгээний бичгийг эх хувиар нь ирүүлэх эрх бүхий байгууллага биш. О******* ******* ХХК-иас тухайн шинжилгээний бичгээ албан ёсоор авдаг. Хэрэв эргэлзээ төрсөн бол тэндээс яагаад авалгүйгээр шууд хуурамч гэж үзэж шийдвэр гаргасан бэ. Тэгэхээр үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цэвэрлэгээний материал худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ тендер сонгон шалгаруулалтад Флэнт трейд ХХК, Ти Ти Жи ХХК, Г*******р ХХК, Ш******* ХХК гэж 4 компани санал ирсэн. Үүнээс Ш******* ХХК хамгийн бага буюу 135,902,400 төгрөгийн санал, материал ирүүлсэн байдаг. Үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаад нэг бүтээгдэхүүний дээжид 2 өөр шинжилгээний бичиг ирсэн байгаа учраас энэ асуудлаар тодруулга авъя гэж Үнэлгээний хороо шийдвэрлэсэн. Ийнхүү өөр бичиг ирсэн этгээд буюу Ш******* ХХК руу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөрт албан бичгээр тодруулга авах албан бичгийг хүргүүлсэн байдаг. Тухайн албан бичигт торны шинжилгээний бичгийг эх хувиар нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлнэ үү гэж Ш******* ХХК-д маргаад байгаа торны шинжилгээний бичгийг эх хувиар нь ирүүлээч гэдэг албан бичгийг хүргүүлсэн. Ш******* ХХК албан бичгийг хүлээж авсан эсэх дээр маргахгүй хүлээж авсан юм байна. Хүлээж аваад Ш******* ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бол 31 дугаартай албан бичиг ирсэн байгаа. Тус албан бичигт шинжилгээний бичгийг эх хувиар нь хүргүүлж байна гээд хавсралтаар шинжилгээний бичгээ канондоод ирүүлсэн. Өөрөөр хэлбэл эх хувиар нь хүргүүллээ гээд хавсралтыг харахаар канондсон хувь нь өнгөтөөр хүргүүлсэн асуудал болсон. Нэхэмжлэгчийн хариу тайлбарыг сонсохоор өөр зүйл яриад байна. *******ид нар энэ албан бичиг эх хувиараа байгаагүй. Эх хувь бүхий шинжилгээний бичгийг өөр эрх бүхий байгууллагаас шаардаж авахгүй яасан бэ гэдэг зүйл ярьж байна. Хэрэв үнэхээр тийм байсан бол 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай манайд ирүүлсэн тайлбартаа дурдах ёстой байсан. Гэтэл тухайн үедээ дурдаагүй эх хувиар нь гэж хуулбарыг нь өгчхөөд өнөөдөр болохоор тухайн албан бичиг бидэнд байгаагүй, эх хувиар нь өөр газраас авах байсан гэж ярьж байна. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой манайх тодруулга авахад огт ийм зүйл яригдаагүй. Хэрэв тухайн үед манайд эх хувь нь байхгүй О******* ******* ХХК-иас ав гэдэг хариу ирсэн бол манай үнэлгээний хороо арай өөр ажил хийх байсан байх. Гэтэл тухайн үед эх хувь гэж хэлээд хуулбар ирүүлчихсэн. Манайд эх хувь нь байхгүй гэдэг тайлбар ч ирүүлээгүй. Тийм учраас албан бичгийн тодруулгын хүрээнд үнэлгээний хороо шийдвэр гаргасан. Өгөгдлийн хүснэгтийн 20.1.7 дугаар зүйлд тусгай зориулалтын агуулахтай байх гээд түүнийг нотлох баримт, зураг, танилцуулгыг ирүүлэх гэсэн байгаа. Үүний хүрээнд Ш******* ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээ ирүүлсэн. Гол нь танилцуулга гэсэн зүйл байгаа. Өөрөөр хэлбэл өгөгдлийн хүснэгтэд тусгай зориулалтын агуулгатай гэдэг нь танилцуулгаар гарна. Ш******* ХХК-ийн ирүүлсэн түрээсийн гэрээнд тухайн агуулах нь ямар зориулалттай, ямар стандарт шаардлага хангасан талаар ямар ч мэдээлэл байхгүй павильон юм шиг түрээсийн гэрээнд нь тийм заалт байгаа. Павильон гэдэг агуулах мөн үү. Тэдгээр нөхцөл байдлыг танилцуулгаас харах ба энэ талаар материал нь ирээгүй учраас өгөгдлийн хүснэгтийн 20.1.7-д заасан материал ирүүлээгүй гэж үзэж Ш******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн саналаас татгалзсан байгаа. Үүнээс хойших цаг хугацаанд Г*******р ХХК-тай гэрээ байгуулж, нийтдээ 4 удаагийн худалдан авалт хийсэн. 4 удаагийн худалдан авалт хийхдээ 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 11,485,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 11,485,000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 11, 485,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 11,480,000 төгрөгийн бараа хүлээн авсан байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн санхүүгээс нийтдээ 22,970,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үлдэгдэл төлбөр буюу 22,970,000 төгрөгийн өглөгтэй гэж харагдаж байгаа. 4 удаагийн татан авалт хийчихсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч А.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 газрын шинжилгээний бичгийн талаар яригдаж байсан. О******* ******* ХХК-ийн 3 шинжилгээний бичгийн дээж хүргүүлсэн, хариу гарсан огноо, хариу хүргүүлсэн бүртгэлийн дугаар нь ижилхэн мөртөө нөгөө 2 компанийн заалт нь тогтворгүй гэж гарсан. Ш******* ХХК-ийн хариу нь ижилхэн дугаар, огноотой мөртөө тогтвортой байх ёстой заалт нь тогтвортой гээд өөрчилчихсөн юм шиг албан бичиг ирүүлсэн байсан учраас бид нар нэхэмжлэгчээс эх хувиар нь авахаар албан тодруулга хүргүүлсэн. Ш******* ХХК-иас ирсэн тодруулгын хариунд уут нь цулгуй уут байх ёстой гэдэг тодруулгыг оруулсан. Шалгарсан компани цулгуй ууш ирүүлсэн. Ш******* ХХК бичигтэй уут санал болгосон байсан. Түүнийг үнэлгээний хороо харгалзаж үзсэн. Хоол үйлдвэрлэлийн тасгаас хүнсний зориулалттай мах түүхий эд хадгалах зориулалттай учраас цулгуй гэдгийг сонгон шалгаруулсан байгаа гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О******* ******* ХХК-ийн хүнсний уут шаардчихсан байсан. Эмнэлгийн хар, шар уут гээд зарчихсан байсан. *******и сайт руу нь ороод бүх мэдээллийг нь шалгахад Өү пи пи гээд улбар шараар биччихсэн цагаан уут байсан. *******и устаар залгаад тодруулга авах гэхэд нэмж тодруулга авах гэж байгаа бол сайтаар дамжаад бичгээр лавлаарай гэдэг хариу хэлсэн. Тэгээд би бичиж асуух гээд ороход тодруулгын хариу ирчихсэн байсан. Тэгээд харахад Өү пи пи гэдэг улбар шар уутыг тавиад бичиггүй байх гээд биччихсэн байсан. Тэрийг тэрнээс би мэдээлэл аваад материалаа бэлдээд орсон. Хүнсний зориулалтай гээд биччихсэн байсан болохоор хар эрээн бичигтэй уут тохирохгүй гэдэг нь ойлгомжтой байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны А/73 дугаар тушаалаар байгуулагдсан тус төвийн Цэвэрлэгээний материал худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, тус тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, мөн өдөр тендер шалгаруулалтыг зарлаж, цахим системээр тендер хүлээн авах эцсийн хугацааг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээхээр шийдвэрлэсэн.
Улмаар тус Үнэлгээний хороо нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, 02 дугаар зөвлөмжөөр тус төвийн Цэвэрлэгээний материал худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хянан үзэж, Ш******* ХХК-аас тодруулга хүсэх албан бичгийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ тус тендерт материал ирүүлсэн 4 оролцогчийн материалыг хянан үзэхэд Ш******* ХХК, Грийн ХХК, Ф ХХК-иуд адилхан О******* *******ийн хүнсний уутыг санал болгож шинжилгээний бичгийг ирүүлсэн боловч Грийн ХХК, Ф ХХК-ний шинжилгээний хариу адилхан тогтворгүй байхад Ш******* ХХК-ийн шинжилгээний бичиг тогтвортой гэж нөгөө хоёр байгууллагаас зөрүүтэй байна гэж үзсэн тул тухайн нөхцөл байдлыг тодруулахаар 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4-1/941 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлж, тус шинжилгээний бичгийг эх хувиар нь хүргүүлж байна гэж 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 041 тоот албан бичгийг хүргүүлснийг Үнэлгээний хорооноос эх хувь биш дахин хуулбар хувийг ирүүлсэн гэжээ.
Мөн О******* ******* ХХК-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/56 дугаартай албан бичгээр хими хор судлалын лаборатори нь 14688 дээжтэй шинжилгээний хариуг тогтворгүй хэмээн гарсан, бид дахин шинжилгээнд хамруулж залруулга хийлгэн тогтвортой болохыг баталгаажуулсан гэсэн тодруулга ирүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд тус Үнэлгээний хорооноос тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийн нэг газраас авсан нэг огноо дугаартай ирүүлсэн шинжилгээний бичгийн үр дүн зөрүүтэй байсныг тодруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана, 25.5-д Тендерийн талаар тодруулга авах захиалагчийн хүсэлтэд заасан хугацааны дотор оролцогч хариу ирүүлээгүй нь хянан үзэх, үнэлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасныг зөрчөөгүй бөгөөд захиалагч зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах эрхтэй байна.
Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэрээр Ш******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан, ингэхдээ нэхэмжлэгч компанийн тендерээс ...О******* пласик ХХК-ийн дээжийн дугаар 14688 MNS5******* стандартын будгийн тогтвортой шаардлагатай байхаас шинжилгээний дүн тогтвортой гэсэн байгааг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдээлэл ирүүлсэн, ...агуулахын түрээсийн гэрээг ирүүлсэн боловч зураг, танилцуулга ирүүлээгүй, ... санал болгосон хүнсний уут шинжилгээний бичгээр шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзжээ.
Харин шаардлагад нийцсэн гэх үндэслэлээр Г*******р ХХК-ийн тендерийг үнэлэх ажиллагааг явуулж, гишүүдийн 100 хувийн саналаар тус тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулсан байна.
Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаар албан бичгээр Г*******р ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг; мөн өдрийн 4-1/964 дугаар албан бичгээр Ш******* ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ш******* ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч маргахдаа өөрийг нь тендерээс татгалзсан үндэслэлийн манай компанийн О******* ******* ХХК-аас авсан тогтвортой гэсэн шинжилгээний хариу нь үнэн бөгөөд гэрээлэх эрх авсан компанийн тогтворгүй гэсэн шинжилгээний хариу нь эцсийн хариу биш завсартай, алдаатай дүгнэлтийг хавсаргасан байна үүнийг О******* ******* ХХК-ийн албан бичгээс тодруулж болнотендерийн баримт бичигт агуулахын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга салбар хэсгүүдийн зураг мэдээллийг өгсөн энэ талаар баримт байсаар байхад зураг танилцуулга ирүүлээгүй гэсэн нь тендерийн баримт бичигтэй бүрэн танилцаагүй болох нь илэрхий байназахиалагчаас дөрвөн төрлийн уут болох эмнэлгийн хар, шар уут, хүнсний том, дунд хэмжээний тор худалдан авах санал гаргасан нь ТШЗ-д тусгагдсан ба бид хүнсний тор гэсэн хэсэгт тодруулга авахад захиалагчийн зүгээс холбогдох зургийг ирүүлсний дагуу хүнсний торыг санал болгосон гэх гомдлыг Сангийн яаманд гаргасан. Тус яамнаас гомдлыг шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул танай гомдлыг хүлээн авах боломжгүй. гэх агуулга бүхий хариуг өгсөн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид Тендерийн хууль гэх) 59 дүгээр зүйлийн 59.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна, 59.3-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна, 59.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ, 59.10-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана гэж заасан.
Сангийн яамнаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар нэхэмжлэгч компанийн гомдлыг хүлээн аваагүй нь нэхэмжлэгч компанийг урьдчилан шийдвэрлүүлэх хугацаагаа алдсан гэж үзэхээр байна.
Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна, 26 дугаар зүйлийн 26.4.1-д Энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 26 дугаар зүйлийн 26.10-т Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана, Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 4-д Эрх бүхий байгууллагаас нийлүүлэх барааны чанарыг тодорхойлсон шинжилгээний бичгийг ирүүлэх: Тийм ТШЗ 20.1-ийн 7-д Тусгай зориулалтын агуулахтай байх ба түүнийг нотлох баримт бичиг ирүүлэх/ зураг, танилцуулга/, 20.1-ийн 8-д тухайн багцын дээж ирүүлэх бөгөөд ирүүлсэн дээжийг техникийн тодорхойлолттой харьцуулан үнэлж, зураг дүрс бичлэгээр баталгаажуулж, үнэлгээ хийж, дээж ирүүлээгүй тохиолдолд ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ш******* ХХК тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ТШЗ Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 4-д заасан шаардлагыг хангасан гэж ирүүлсэн 14688 дээжийн будаг тогтворжилт тогтвортой гэх шинжилгээний бичиг Стандарт хэмжил зүйн газрыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторид хийгдсэн баталгаат шинжилгээний хариуг О******* ******* ХХК-ийн авч ирүүлсэн нь үнэн боловч бусад компаниудын ирүүлсэн шинжилгээний бичгээс зөрүүтэй байсныг дахин шинжилгээнд хамруулж залруулга хийгдэж тогтвортой болохыг баталгаажуулсан болохыг О******* ******* ХХК-ийн албан бичигт дурдсан байх Үнэлгээний хорооны хуралдаанаар дахин тодруулга авах ажиллагаа хийж, шинжилгээний эх хувийг шаардсаныг буруутгах боломжгүй байна.
Харин агуулахын түрээсийн гэрээг ирүүлсэн боловч зураг, танилцуулга ирүүлээгүй гэсэн нь тендерийн баримт бичгийн материалын агуулахын танилцуулга зургаар ирүүлсэн болох нь тогтоогдож байх тул зураг танилцуулга ирүүлээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлт буруу байна.
Нэхэмжлэгч компани хүнсний уутанд тавих шаардлагад тодруулга хүсэхэд захиалагч 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хүнсний том уут 40*60 хэмжээтэй- зузаан нь 0,036 мм-с багагүй цулгуй цагаан, Хүнсний дунд уут 20*11 хэмжээтэй байна- зузаан нь 0,036 мм-с багагүй цулгуй цагаан байна гээд хавсралтад дүйцэхүйц гээд зургийг нь оруулсны дагуу зурагтай хүнсний тор санал болгосныг шинжилгээний бичгээр шаардлага хангахгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байсан болох нь тогтоогдож байна.
Иймээс, Ш******* ХХК-ийн тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ТШЗ Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 4-д заасан шаардлагыг хангасан гэж ирүүлсэн 14688 дээжийн будаг тогтворжилт тогтвортой гэх шинжилгээний бичиг Стандарт хэмжил зүйн газрыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторид хийгдсэн баталгаат шинжилгээний хариуг О******* ******* ХХК-ийн авч ирүүлснийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй хэдий ч бусад компаниудын ирүүлсэн шинжилгээний бичгээс зөрүүтэй, дахин шинжилгээнд хамруулж залруулга хийгдсэн нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн, шаардлагыг нэгэнт хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн, Цэвэрлэгээний материал худалдан авах Х*******/20250102004 дугаартай тендерийн *******ХА/25/63 дугаартай 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээнд заасан хуваарийн дагуу гуравдагч этгээд Г*******р ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 27, 2025 оны 07 дугаар сарын 28, 2025 оны 08 дугаар сарын 11, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд бараа материал бэлтгэн нийлүүлж, захиалагч нэхэмжлэхийн дагуу 2 удаагийн гүйлгээгээр 22.970,000 төгрөг шилжсэн болох нь орлого, зарлагын падаанаар тогтоогдож байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргах бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Х*******/20250102004 дугаартай Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад Г*******р ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, Г*******р ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Г*******р ХХК-тай байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХАСҮТ 20250102004 дугаартай тендерийн *******ХА/25/63 дугаартай гэрээг тус тус хүчингүй хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй нөхцөл байдал бий болсон тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Х*******/20250102004 дугаартай Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагын тухайд:
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Х*******/20250102004 дугаартай Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад Г*******р ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, Г*******р ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Г*******р ХХК-тай байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХАСҮТ 20250102004 дугаартай тендерийн *******ХА/25/63 дугаартай гэрээ бүгд хэрэгжээд 3 удаагийн нийлүүлэлт хийгдсэн байх ба захиалагчийн тухайд өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг онцгой үйл ажиллагаа явуулдаг тул тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь эрүүл мэндийн салбарт өндөр эрсдэл үүсгэх эрсдэлтэй тул Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Х*******/20250102004 дугаартай Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг дахин үнэлэхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг мөн хангах боломжгүй байна.
Тендерийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: гээд 48.2.6-д худалдан авах гэрээ байгуулах, 49 дүгээр зүйлийн 49.4-т Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: гээд 49.4.2-т захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх гэж заасан.
Гуравдагч этгээд Г*******р ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, Г*******р ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдлийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Г*******р ХХК-тай байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХАСҮТ 20250102004 дугаартай тендерийн *******ХА/25/63 дугаартай гэрээ байгуулагдах үндэслэл болсон үйл баримт, үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзээгүй тул энэхүү гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах ХАСҮТ 20250102004 дугаартай тендерийн *******ХА/25/63 дугаартай гэрээ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд нэгэнт хэрэгжсэн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэхээргүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.10, 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон түүний Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарласан Цэвэрлэгээний материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтад Г*******р ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай шийдвэр, Г*******р ХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-1/961 дугаартай мэдэгдэл, мөн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цэвэрлэгээний материал худалдан авах Х*******/20250102004 дугаартай тендерийн *******ХА/25/63 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.