Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Г.Ч,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Арцхүүд холбогдох 1729000760055 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь шунахай зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт байрлаж байсан “Их хүрэн хар” ХХк-ийн эзэмшлийн 62-97 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, 2 ширхэг домократ, тээврийн хэрэгслийн ком дорцов, 1 ширхэг олгой, 1 ширхэг аккумуляторын холбогч зэрэг эд зүйлсийг өөрийн эзэмшлийн 17-78 ӨВО улсын дугаартай Хюэндай Старэкс /HYUNDA STAREX/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлан, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ: “...Би Цагаан хад гэх газар нүүрс тээвэрт явж байгаад 2017 оны 12 дугаар сарын 25-аас Цагаанхаданд Хядад руу хүн тээвэрлэнэ гэж 17-78 ӨВО улсын дугаартай Хюэндай Старэкс /HYUNDA STAREX/ маркийн машин авсан. Сүүлийн үед хил дээр оочер ихтэй, хүн багатай, цагаан сар ойртсон байсан учир урагшаа оруулахгүй  байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хашааны гадаа байсан 62-97 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаж нь онгорхой байсан учраас 2 ширхэг запас дугуй, багаж болон 2 ширхэг аккумулятор, 2 ширхэг демократ, ком дорцовыг хулгайлж аваад өөрийн машинаараа гэртээ аваачиж  орхисон.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-13 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбатын: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай компанийн хашааны гадаа байсан “Их хүрэн хар” ХХК-ийн 62-97 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг запас дугуй, багаж болон аккумуляторын цоожийг нь эвдээд 2 ширхэг аккумулятор, 2 ширхэг демократ, ком дорцовыг хулгайлсан талаар жолооч Амгалан надад мэдэгдсэн. ...тухайн үед жолооч Т.Амгалан машинаа ачилт буулгалтын талбайн гадаа орхичхоод Ганц мод руу явж сэлбаг аваад маргааш нь иртэл дээр дурдсан зүйлүүд алдагдсан байсан гэсэн. ...манай компани алдагдсан зүйлээ буцааж авсан учир надад болон компанид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн: “...хоёр удаагийн рейсны орлого 2,000,000 төгрөг, мөн хоёр удаа машин хөлсөлж ирсний төлбөр болох 80,000 төгрөг гээд нийтдээ хулгай хийсэн хүнээс 2,080,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...миний машинаас алдагдсан зүйлс мөн байсан би бүрэн хүлээж авсан. ...Г.Ч нь 1,700,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан болно.” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30, 86 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Амгалангийн: “...миний машины 2 ширхэг хийтэй запас дугуй, дугуйн элэгдэл нь 50-60 хувьтай, 2 ширхэг шинэ аккумулятор, 50 тонны шинэ домократ, 18 тонны шинэ домократ, нөхөөстэй 1 ширхэг хуучин олгой алга болсон байсан.” гэсэн мэдүүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/,

 

 “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 15/01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

 

Г.Чгийн яллагдагчаар өгсөн: “...”Монпорд” ХХК-ийн нүүрсний хашааны баруун талд очиж Ганбатаас 20 литр түлш аваад эргээд гэр рүүгээ явж байтал мөн хашааны гадна цагаан толгой, цэнхэр чиргүүлтэй Норд бенз маркийн машин зогсож байсан. Машины ойр хавьд хүн харагдахгүй байхаар нь би машинаа холхон зогсоогоод нүүрсний машин руу алхаж очоод чиргүүлийн доор нь зүүсэн хоёр ширхэг запас дугуй, хоёр ширхэг аккумулятор, багажны хайрцагнаас нь хоёр ширхэг домократ, ком дорцов, нэг олгой, аккумуляторын холбогч утас зэргийг хулгайлж ачаад гэртээ очсон. ...ажил олдохгүй , мөн банкны зээл төлөх хугацаа дөхчихсөн мөнгө олох гэж хулгай хийсэн. Намайг хулгай хийхэд хамт оролцсон хэн нэгэн хүн байгаагүй, ганцаараа энэ хэргийг хийсэн. ...би Т.Амгалангийн нэхэмжилж байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48,49 дүгээр хуудас/,

 

Г.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 53 дугаар хуудас/,

 

Г.Чгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 57-60 дугаар хуудас/,

Г.Чгийн гурван талаас харуулсан зураг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

Авто тээрийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас/,

Г.Чгийн арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хавтаст хэргийн 64-68 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн гараар бичсэн тайлбар /хх-н 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлээр илрэн гардаг.

Шүүдэгч Г.Ч нь шунахай зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт байрлаж байсан “Их хүрэн хар” ХХК-ийн эзэмшлийн 62-97 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 2 ширхэг демократ, тээврийн хэрэгслийн ком дорцов, 1 ширхэг олгой, 1 ширхэг аккумляторын холбогч зэрэг эд зүйлсийг өөрийн эзэмшлийн 17-78 ӨВО улсын дугаартай Хюэндай Старэкс /HYUNDA STAREX/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-13 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбатын: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай компанийн хашааны гадаа байсан “Их хүрэн хар” ХХК-ийн 62-97 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг запас дугуй, багаж болон аккумуляторын цоожийг нь эвдээд 2 ширхэг аккумулятор, 2 ширхэг демократ, ком дорцовыг хулгайлсан талаар жолооч Амгалан надад мэдэгдсэн. ...тухайн үед жолооч Т.Амгалан машинаа ачилт буулгалтын талбайн гадаа орхичхоод Ганц мод руу явж сэлбэг аваад маргааш нь иртэл дээр дурдсан зүйлүүд алдагдсан байсан гэсэн.” мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

- Гэрч Т.Амгалангийн: “...миний машины 2 ширхэг хийтэй запас дугуй, дугуйн элэгдэл нь 50-60 хувьтай 2 ширхэг шинэ аккумулятор, 50 тонны шинэ домократ, 18 тонны шинэ домократ, нөхөөстэй 1 ширхэг хуучин олгой алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/,болон шүүгдэгч Г.Чгийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. юм. 

Иймд шүүгдэгч Г.Чгийн үйлдэл нь хохирол учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 17-78 ӨВО улсын дугаартай Хюэндэй Старэкс /HYUNDA STAREX/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хулгайд авсан эд зүйлийг уг тээврийн хэрэгсэлд ачиж, зөөвөрлөсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар хуудас/-ээр тус тус нотлогдож байна.  

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Г.Ч нь хохирлыг төлсөн, хохирогч “Их хүрэн хар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбатын: “...манай компани алдагдсан зүйлээ буцааж авсан учир надад болон компанид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн: “...Г.Ч нь 1,700,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан болно.” /хх-н 29-30, 86 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.Чд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/-н хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил /нэг жил/-н хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Чимэдсэрчийнгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбат, иргэний нэхэмжлэгч Т.Амгалан нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, 17-78 ӨВО улсын дугаартай Хюэндэй Старэкс /HYUNDA STAREX/ маркийн тээврийн хэрэгслийг Г.Чд буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Чг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Гантулгын Чд 1 жил /нэг жил/-н хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд оногдуулсан 1 жил /нэг жил/-н хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, 17-78 ӨВО улсын дугаартай Хюэндай Старэкс /HYUNDA STAREX/ маркийн тээврийн хэрэгслийг Г.Чд буцаан олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Чгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбат, иргэний нэхэмжлэгч Т.Амгалан нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Г.Чд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН