Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/477

 

 

 

 

 

 

   2024            04            23                                        2024/ДШМ/477

 

 

Д.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга, 

хохирогч С.О , түүний өмгөөлөгч Ц.Оргил,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Г.Нацагдорж,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Г.Нацагдоржоос гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн     дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б, .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../.

Д.Б  нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ... тоотод зүс таних С.О тай үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5259 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 56-57/, шинжээч эмч Б.Цолмонгийн "бусад хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтэд заасан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна” гэжээ. Гэвч дээрх дүгнэлтэд “...С.О ын биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн байна. Дээрх гэмтлүүд нь харилцан зууралдах явцдаа хэн алиндаа учруулсан байх бөгөөд Д.Б гийн идэвхтэй буюу шууд санаатай гэмт үйлдлийн улмаас учирсан гэмтэл хэмээн үзэх боломжгүй, харин нохойд хазуулсан өвдөлтийн улмаас зууралдах явцдаа учруулсан гэдэг нь илэрхий байсан. Түүнчлэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэж заасныг зөрчсөн дүгнэлтийг үнэлсэн байна. Учир нь уг гэмтлээс шалтгаалан С.О ын хөдөлмөрийн чадвар алдалт хэрхэн алдагдсан талаарх ямар ч баримт хэрэг дотор байхгүйгээс гадна гэмтлийн хэмжээ нь түүний биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байна. Харин Д.Б гийн биед учирсан гэмтлийн хэмжээний талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5260 дугаартай дүгнэлт /хх-37/-т “6,0x3,0, 3,0x2,0, 11,5x16,0, 1,0x0,6, 1,2x0,6, 2,0x0,8” гэх мэтээр бичсэн байх бөгөөд энэ хэмжээ яахаараа биеийн 1 хувьд хүрэхгүй гэж үзээд байгаагаа гэрч /шинжээч эмч/ тайлбарлаж чадахгүй байхад дээрхтэй харьцуулшгүй бага хэмжээтэйг 1 хувиас илүү хэмээн үзэж, гэмтэл тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй болно. Шийтгэх тогтоолд “...Шүүгдэгчээс хавтас хэргийн 113 дахь талд 240.000, 114 дэх талд 800.000 төгрөг, 115 дахь талд 516.000, 116 дахь талд 240.000 нийт 1.556.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна” гэжээ. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Лазер мед эмнэлэгт үзүүлсэн байхад /хх-108, 109/ “СТМ мед” ХХК-д ямар зорилгоор төлсөн нь тодорхойгүй 240.000 төгрөгийн баримтыг үнэлсэн, хэн, юунд зориулж 800.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-нд төлсөн нь тодорхойгүй байхад уг баримт /114 дүгээр талд байгаа/-ыг энэ хэрэгт хамааралтай хэмээн үнэлсэн, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1,-т “гэмтэл, ...хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан" хэмээн заасан байхад 2022 оны 4 дүгээр сарын 01-ний гэмтэлд бие махбодыг эрүүл байлгах үйлчилгээнд төлсөн 2022 оны 5 дугаар 12-ны өдөр хэн төлсөн нь тодорхойгүй 516.000 төгрөгийн /хх-115/ баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй юм. Д.Б гэмтэл учруулсан үйлдэлдээ С.О  хуулийн хариуцлага хүлээх ёстой ба энэ талаар нийслэлийн прокурорын газраас 2023 оны 3 дугаар сарын 17-ны 79 дүгээр тогтоолд “Д.Б гийн цээж, баруун шуу, баруун бугалга, зүүн ядам хуруу, зүүн өвдгөнд үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь хэний ямар үйлдлээс үүссэн болохыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байх тул” гэсэн байгааг огт анхаараагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч С.О ын өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Г.Нацагдорж 3 үндэслэлээр гомдол гаргасан байна. Өмгөөлөгч Г.Нацагдоржийн зүгээс гэмтлийн зэрэг их, бага хэмжээтэй, хохирогч, шүүгдэгч нарын гэмтэл адил байхад шүүх өөрөөр шийдэж байна гэж тайлбарлаж байна. С.О д учирсан гэмтэл түүний гоо сайхантай холбоотой. Тус гэмтлийн сорви цаашид арилах уу, үгүй юу гэдэг тодорхойгүй. Үүнийг эдгэрэлт, хөдөлмөрийн чадвартай холбоотой гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. “СТМ мед” ХХК, “Лазер мед” эмнэлгийн асуудал байгаа. Хохирогч өөрөө аль эмнэлэгт үзүүлсэн тухай тайлбарлах байх. Гэм буруугийн хувьд хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Эдгээр нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдсон, шинжээч эмчээс удаа дараа мэдүүлэг авсан...” гэв.

 

Хохирогч С.О  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Г.Нацагдорж намайг хөдөлмөрийн чадвараа алдаагүй гэж тайлбарлаж байна. Миний бие тухайн үед Ремакс гэх компанид агентын ажил хийдэг байсан. Д.Б гийн үйлдлээс болж миний нүүр хавдаж, 20-иод хоног нүүрний хавдар буугаагүй. Тухайн үед би 20-иод тэрбум төгрөгийн үнэтэй листүүд авчихсан байсан. Өөрийн энэ байдлаас болж би ажлаасаа гарсан. Одоог хүртэл Д.Б гийн маажсан сорви арилгахгүй байна. Энэ сорвийг арилгуулахын тулд лазер эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн. Иймээс “Лазер мед” гэдэг эмнэлэгт сорви арилгах тарилга хийлгэж байсан. Мөн миний нүүр зөөлөн эдийн гэмтэлтэй байсан учир нүүрэндээ ч мөн шимэгдүүлэх тарилга хийлгэсэн. Д.Б учирсан хохирол нохой хазсанаас шалтгаалсан. Д.Б  намайг хөдөлгөөнгүй барьж байгаад нохойдоо хазуулсан гэж худлаа ярьж байна. Мөн Д.Б  нөхрийгөө гаднаас чирч оруулсан үйл баримт худлаа гэж тогтоогдсон. Д.Б гийн нөхөр том, өндөр биетэй, манай нөхрийн боож унагаагаад дээр нь гараад суучихсан. Манай нөхрийн хоолой улаан эрээн болсон байсан. Гомдол гаргах гэсэн боловч мэдэхгүй явж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэг хаагдсан байсан...” гэв.

 

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдолд 3 зүйл тусгагдсан байна. Нэгдүгээрт, гэмтлийн зэрэг тогтоох ажиллагаатай холбогдуулж гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдааны үед ч мөн энэ зүйлийг хэлж байсан. Анхан шатны шүүх хуралдааны үед шинжээч Б.Цолмонг шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүгдэгч болон хохирогчийн биед учирсан гэмтлүүд Шүүх шинжилгээний тухай хуулиар гэмтлийн зэрэгт хамаарах эсэх нь анхан шатны шүүх хуралдааны явцад хангалттай тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цолмон гэх шинжээчээс 3 удаа мэдүүлэг авахад шүүгдэгч Д.Б гийн зүүн өвдөгний ард учирсан гэмтэл нохойд хазуулсны улмаас болж үүссэн, гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна, шинжээчийн дүгнэлтэд дурдсан бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсэн. Иймд Д.Б учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь С.О ын хашаанд байсан нохойд хазуулсны улмаас үүссэн байна. С.О  зохих хариуцлагаа Зөрчлийн тухай хуулийн дагуу хүлээсэн. Энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан. Прокурорын зүгээс Д.Б холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа түүнд учирсан бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарах уу, үгүй юу гэдэг тухай дүгнэлт гаргасан. Тус гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзэж С.О д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, хохирлын хэмжээний хувьд “Лазер мед” болон бусад эмчилгээний зардлуудыг шүүх хуралдааны зүгээс шинжлэн судалсан. Тус баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан тул анхан шатны шүүхээс үнэлж шүүгдэгч Д.Б гаас С.О ын эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Цаашид хийгдэх ажиллагаанууд шаардлагатай учир энэ талаарх баримтаа гаргаж өгсөн гэж хохирогч мэдүүлж байна. Энэ нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзсэн. Хэрэгт С.О д үүссэн сорви, шархны зураг байдаг. Энэ шархнуудаа эмчлүүлэхийн тулд дээрх баримтуудыг гаргаж өгсөн. Үүнийг шүүх үнэлж шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, гэм буруугийн асуудалд шүүгдэгчийн зүгээс маргасан. Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор хэргийг татаж хянасан. Энэ тогтоолтой зэрэгцэж дээд шатны прокурорын “хохирогч С.О ын гэмтлийн шалтгаан нөхцөлийг шалга” гэсэн даалгавар гарсан. Уг даалгаврын хүрээнд С.О ын тухайн үеийн маршрутыг тогтоосон. Мөн тус гэмтлүүд хэзээ учирсан тухай шинжээчээс тодруулсан. Шинжээчийн зүгээс тухайн нөхцөл байдалд уг гэмтлүүд учирсан байх магадлалтай гэдэг хариултыг өгсөн. Дээд шатны прокуророос өгсөн даалгаврыг биелүүлж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр хүргүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар тус хэргийг дахин хэлэлцэж шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5260 дугаартай “...Д.Б гийн биед зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх, цээж, баруун шуу, зүүн өвдөгний ар хэсэгт зулгаралт, баруун бугалга, зүүн ядам хурууны 2-р үений доор, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь 2022.4.01-ний өдөр үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 178/,

 

          2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0319883 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр С.О ыг торгож шийдвэрлэсэн /1хх-188/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5254 дугаартай “...С.О ын биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 56-57/,

 

       Шинжээч эмч Б.Цолмонгийн “...Д.Б гийн биед зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна тус тусдаа бол гэмтлийн зэрэг хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн ба нохойд хазуулсны улмаас үүссэн байх боломжтой. Хүний шүд болон нохойн шүд, хумс нь мохоо гадаргуутай зүйлд хамаарна...” гэх мэдүүлэг /1хх 161-162/,

 

      Шинжээч эмч Б.Цолмонгийн “...Дээрх гэмтлүүдийн хэлбэр шархны ором зэргийг үзэхэд хүний гараас гэхээс илүү нохойны хазаж маажих үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх 249/,

 

      Шинжээч эмч Б.Цолмонгийн “...Д.Б гийн биед учирсан зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх зулгаралтууд нь нохой хазсаны улмаас нохойны хазах үед үүссэн байх боломжтой. Мөн өвдөгний цус хуралт нь нохойны хазах үед үүссэн байх боломжтой. Дээрх шарх, цус хуралт, зулгаралтууд нь нохойны хазах үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх хэсэг гэмтлүүд нь нэг хэсэг газар үүссэн тул ингэж үзэж байна. Бусад хэсгийн буюу цээж, шуу, бугалга, баруун бугалга, зүүн ядам хурууны 2-р үений зулгаралтууд нь цус хуралтууд нь хүний гараар үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн өвдөгний шарх, зулгаралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /2хх 13-14/,

 

        Хохирогч С.О ын “...Намайг 102-т дуудлага өгсний дараа О эхнэр шууд ирээд миний биеийн нүүр хэсэгт гараараа олон удаагийн давтамжтай цохиж, гар, нүүр зэргийг минь маажсан...” гэх мэдүүлэг /1хх 15/,

 

Д.Б гийн яллагдагчаар өгсөн “...О нь миний толгойтой үснээс нэг гараараа шууд үсдээд авсан. Тэгэхээр нь би О-ыг зөрүүлээд толгойтой үснээс нь гараа бариад авсан. Тэгсэн чинь О-ын нохой нь миний зүүн хөлийн ар хэсгээс зуугаад татаад байсан. ...би нүд толгой хэсэг рүү нь цохисон байх тэр эмэгтэй намайг цохиод байхаар нь би зөрүүлээд цохиод байсан...” мэдүүлэг /1хх 95-96/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

Д.Б  нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ... тоотод зүс таних С.О тай үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Д.Б гийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэндэд учирсан хохирлын шалтгаан”, “гэм буруугийн хэлбэр”-ийн талаарх асуудлаар маргасан хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт тус тус үндэслэл бүхий няцаалт хийжээ.

 

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

 

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

          Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Б.Цолмонгийн мэдүүлгүүдийг  харьцуулахад шүүгдэгч Д.Б гийн биед учирсан зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх зулгаралтууд нь нохой хазах үед үүссэн байх ба тэрээр нохойд хазуулах үедээ хохирогч С.О ын биед хохирол учруулсан гэх хэдий ч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...намайг 102-т дуудлага өгсний дараа О-ийн эхнэр шууд ирээд миний биеийн нүүр хэсэгт гараараа олон удаагийн давтамжтай цохиж, гар, нүүр зэргийг минь маажсан...” гэж тогтвортой мэдүүлдэг мөн хохирогчийн “...баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны чигчий, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт зэргийг анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

 

          Өөрөөр хэлбэл, хохирогч С.О ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Б гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд нохойд хазуулсан үйлдлийн улмаас хохирогчийн биед шууд бус санаатайгаар хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

 

Анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан торгох ял нь шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

 

Мөн Д.Б г нохой хазаж гэмтэл учруулсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0319883 дугаартай шийтгэлийн хуудсаар С.О ыг 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүхээс хохирогчийн MRI харуулсан 620.000 төгрөг, лазер медийн эмчилгээний 240.000 төгрөг, 1.316.000 төгрөгийн сорвины тарилга хийлгэсэн талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн хэдий ч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь хохирогчид нийт 1.556.000 төгрөгийг төлсөн гэж хэрэгт хамааралгүй дүгнэлт хийснийг буруутгаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гэм буруугийн талаарх маргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Г.Нацагдоржоос гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН