Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Н.Д, Д.О нарыг  оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Утаа овогт Нямдарийн Д, Тугчин овогт Дэгдбалын О нарт холбогдох эрүүгийн 1829000470031 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д, Д.О нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 230 кг ямааны махыг 97-51 УБЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 64-75 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зуун хувь хүлээж байгаа. Байцаагчид болсон явдлын талаар бүгдийг ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “...Миний хувьд мөн адил санал нэг байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/25 дугаар албан бичиг, үзлэг хийсэн тухай акт, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, гэрэл зургийн  үзүүлэлт  /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

Мал эмнэлгийн улсын байцаагчийн тодорхойлолт /хх-н 14 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-16 дугаар хуудас/,

Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /хх-н 20 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бат-Өлзийгийн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд хяналт шалгалтаар ажиллаж байхад Норд бенз маркийн 97-51 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 64-75 ГЧ чиргүүлийн тэвшинд 230 кг ямааны мах ачсан байсныг нь илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Манай байгууллагаас намайг томилсон. ...Н.Д нь ямааны махыг ачиж гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн. ...малын мах улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараанд орно. ....надад нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Одонгийн: “...би БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Гранд Феликс” ХХК-нд тээвэр зохицуулагчаар ажилладаг. ...тухайн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс нь манай компанийн ажилчин биш, жолооч Н.Дд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшдэг хятад хүн хүлээлгэн өгсөн байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын төрөл тодорхойлох тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар  хуудас/,

“Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 42/01 дугаартай  дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Дгийн яллагдагчаар өгсөн: “...би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Гранд Феликс” ХХК-ийн Норд бенз маркийн 97-51 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 64-75 ГЧ чиргүүлд 10 уут ямааны махыг нууж БНХАУ руу оруулах гэж яваад Гашуун сухайт хилийн боомт дээр баригдсан. Ямааны махыг миний танил Д.О хүнээр өгч явуулсан. ...би мах авчирч өгсөн хүмүүсийг өөрсдөө машинд ачаарай гэж хэлээд тэдгээр хүмүүс тэвшинд ачсан. ...өмнө нь ийм зүйл хийж байгаагүй, анх удаа хийгээд баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас /,

Шүүгдэгч Д.Оийн яллагдагчаар өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Хэнтий аймгаас ирж Ганц мод, Гашуун сухайт боомтод эгчийнхээ гуанзанд туслахаар ажиллах болсон. ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цагаан хаданд мах зарж байсан хүнээс арван гулууз ямааны махыг нэг килограммыг нь 5,000 төгрөгөөр бодож 230 кг мах худалдаж авсан. ...би ямааны махыг ачаад оруулах жолооч хайж байгаад зүс таних Д ах руу утсаар холбогдож гуйсан. Тэрээр дургүйцэж байгаад намайг гуйгаад байхаар зөвшөөрсөн. Түүнээс хойш хоёроос гурав хоногийн дараа санагдаж байна Дамдин ах над руу яриад “ах нь Монголын гааль дээр баригдчихлаа, махны эзнийг дуудаж байна гэхээр нь би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр очсон. ...мах гаргаад ашиг олдог гэж хүмүүсээс сонсоод өөрөө хийж үзье гэж яваад ийм асуудалд орсон. ...Н.Д ахыг махыг БНХАУ руу оруулчихвал 500 юань өгнө гэж дотроо бодож байсан. “ гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Н.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56 дугаар хуудас/,

Н.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55, 57-62 дугаар хуудас/,

Д.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 67 дугаар хуудас/,

Д.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-66, 68-70 дугаар хуудас/,

Н.Д, Д.О нарын арилжааны банкнууд дахь дансны хуулгууд /хх-н 74-94 дүгээр хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 96 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлж буй үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Н.Д, Д.О нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 230 кг ямааны махыг 97-51 УБЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 64-75 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/25

дугаар албан бичиг, үзлэг хийсэн тухай акт, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, гэрэл зургийн  үзүүлэлт  /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

- Мал эмнэлгийн улсын байцаагчийн тодорхойлолт /хх-н 14 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-16 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бат-Өлзийгийн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд хяналт шалгалтаар ажиллаж байхад Норд бенз маркийн 97-51 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 64-75 ГЧ чиргүүлийн тэвшинд 230 кг ямааны мах ачсан байсныг нь илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Манай байгууллагаас намайг томилсон. ...Н.Д нь ямааны махыг ачиж гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн. ...малын мах улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараанд орно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Д, Д.О нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Н.Д, Д.О нараас хохиролд нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бат-Өлзийгийн “...надад нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Н.Д, Д.О нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч тус бүрд 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон дуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 230 кг ямааны махыг Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/49 дугаартай шүүгчийн захирамж /хх-н 20 дугаар хуудас/-аар устгасан, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Д, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Утаа овогт Нямдарийн Д, Тугчин овогт Дэгдбалын О нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Д.О нарыг тус бүр 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон дуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Д.О нарт тус бүрд нь оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон дуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Д, Д.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Д, Д.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бат-Өлзий нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Н.Д, Д.О нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Д, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН