Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

Н.*******ид холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                     Ц.*******э /цахимаар/

          Шүүгдэгч                                                                     Н.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.*******

          Хохирогчийн хууль ёсны

          төлөөлөгчийн өмгөөлөгч                                         Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор Н.*******ид холбогдох 2323000610011 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* ******* задгайд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД: /

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн ЗАВ улсын дугаартай хар өнгийн Toyota prius20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр “ ам” гэх газарт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Х.ын амь нас хохирсон, Я.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ид холбогдох 2323000610011 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгчид 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнийг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч Я. шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.т 7.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: .*******ид холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр эрх ашгийг нь хамгаалж оролцсон. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, өөрчлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх явцад анхан шатны шүүхээс хохирогч тал хохирлын баримтаа хууль ёсны шаардлагын дагуу бүрдүүлээгүй байна гэж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Н.*******ийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийн материалтай танилцаад, хохирогч талаас зээлийн гэрээгээ нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй ч гэсэн зээл аваад, зээлийн эргэн төлөлт нь дөхөж байх үед тухайн хүн осолд ороод нас барсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчээс завсарлага авч байгаад 7,000,000 (долоон сая) төгрөгийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар шүүгдэгчийн зүгээс хохирогчийн ар гэрт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлсөн. Н.*******ийн хувийн байдлын тухайд архи дарс хэрэглэдэггүй. Тухайн осол болох үед 4 хүн нийлж байгаад ямаа самнахаар явсан. Буцах замдаа цаг агаарын нөхцөл байдал, шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж осол гарсан. Н.*******ийн тухайд гэр бүлээсээ ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Эхнэр нь сахарын өвчтэй. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэх байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ын зүгээс шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй тухайлан гаргах саналгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч талаас баримтуудаа хангалттай бүрдүүлж өгч чадаагүй боловч шүүгдэгч талаас хохиролд  7,000,000 (долоо сая) төгрөгийг санаачилгаараа төлсөн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохиролд 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлсөн. Манай талаас маргах зүйл байхгүй. Сайн дураараа хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэж ойлгож байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд тусгайлан гаргах санал байхгүй гэв.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг яллагдагчаар татах, шүүхэд шилжүүлэх хүртэл Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийг журамлаад, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н.*******ид 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах гомдолтой холбогдуулан тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн ЗАВ улсын дугаартай хар өнгийн Toyota prius20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр “ ам” гэх газарт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Х.ын амь нас хохирсон, Я.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

хохирогч Я.гийн: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны ...орой ... Бид нарыг Улиастай сум руу гарах үед цас ороод тэнгэр муудаж байсан. Бид 4 замдаа Идэр сум руу салдаг уулзвар дээр нэг машин замын хажуу руу гулгаад орчихсон байхаар нь гаргаж өгсөн. ... Загастайн даваан дээр гарах үед цас орсон байдалтай зам гулгаа үүссэн байдалтай байсан. ...Бид нарыг Загастайн даваанаас хөдлөх үед нар жаргачихсан бүрэнхий болж байсан. Загастайн даваанаас уруудаад Х. бид хоёр мөр мөрөө дэрлээд унтчихсан. Нэг мэдэхэд Н.******* орилоод машин онхолдох үед сэрсэн. Тэгтэл машин замын хажуу руу унаад түн тас хийх чимээ гарсан.... Дараа нь бид нар болон замын машинаас бууж ирсэн хүмүүсийн хамт ын машинд дарагдсан хөлийг татаж гаргасан ба тэр үед нас барчихсан байсан. Амь хохирогчийг татаж гаргаж ирэх үед миний цээж өвдөөд байсан өөр миний биед ямар нэгэн гэмтэлгүй байсан. Урд суудал дээр үү, жолоочийн ар талын хойд суудалд би миний хажууд талийгаач сууж явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг Н.******* өөрөө жолоодож явсан. Тухайн үед бид нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бүгд эрүүл явж байсан. Надад учирсан хохирлын талаар ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ын: “...2023 оны 04 дүгээр сарын 24-ний ... 09 цаг өнгөрч байх үед гэдэг манай нагац ах залгаад аав чинь машинтай явж байгаад осолдсон байна гэж хэлсэн. Тэгээд би Улиастай сумд ирээд ажил явдлыг нь дуусгаад буцаад Улаанбаатар хот явсан. Аавыг хэн хэнтэй явж байсныг би сайн мэдэхгүй байна. Нөмрөг сум орж ямаа самначхаад буцаад 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой машинд суугаад Улиастай сум руу явж байх үедээ Загастайн даваа уруудаж яваад осолд орж нас барсан байсан. ... Би аавын банкнаас зээлсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл болох 6,460,909 төгрөгийг мөн аавын гэдэг хүнээс хувиараа зээлсэн 5,000,000 төгрөг, оршуулгын зардал 15,000,000 төгрөг, нийт 26.460.909 төгрөгийн хохирлыг буруутай хүнээр бүрэн дүүрэн төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн,

Гэрч Д.үүгийн “....2023 оны 04 дүгээр сарын 23-ны ... орой ... Улиастай сум руу гарсан. Бид нарыг Улиастай сум руу гарах үед цас ороод тэнгэр муудаж байсан. Тэгээд явсаар байгаад гадаа харанхуй болчихсон байхад Загастайн даваан дээр гарсан. Тэр үед зам цастай болчихсон байсан. Загастайн даваанаас Улиастай сум руу хөдлөх үед ойролцоогоор 22 цаг орчим болж байсан байх гэж бодож байна сайн мэдэхгүй байна. Загастайн даваанаас уруудаад явж байх үед би унтчихсан байсан. Тэгтэл нэг мэдэхэд машин замын хажуу тал руу уначихсан би машинаас гарчихсан явж байсан. Би тухайн үед машинаас яаж гарсан, машин яаж замын хажуу руу унасан талаар юу ч мэдээгүй. Машиныг харахад дугуй нь дээшээ харсан байдалтай далан руу уначихсан байсан. ...Ослын улмаас Х. нас барсан. ...Би урд суудал дээр, жолоочийн ар талын хойд суудалд талийгаач Х. болон Я. нар сууж явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг Н.******* өөрөө жолоодож явсан...” гэсэн,

Шүүгдэгч Н.*******ийн “...бид 4 Улиастай сум руу гарсан. Бид нарыг гарах үед цаг агаар цас орж эхэлсэн. ... би өөрөө машинаа жолоодоод явсан. Тэгээд бид нар явсаар байгаад Загастайн даваан дээр гарч ирэхэд цас ороод гулгаа үүсчихсэн байсан. Даваанаас уруудаад явах үед урд нэг ачааны машин урд орчихсон яваад байсан. Тэгэхээр нь хойноос дагаж явж байгаад тэр машиныг гүйцэж түрүүлээд 3-4 км орчим явж байтал машин гэнэт гулгаад өндөр далан руу унах гээд байхаар нь тормос гишгээд жолоогоо жаахан эргүүлэхэд тэр чигээрээ шарваад эсрэг урсгал руу орж далан руу унасан. Машин унах үед 4 дугуй нь дээшээ харсан байрлалтай унасан ба өнхөрч эргээгүй. Машин унасны дараа би суудлын бүсээ тайлаад хаалгаа онгойлгоод машинаас гарч ирсэн. Тэгээд орилоод нөгөө хэдийгээ яаж байна гэхэд миний араас хаалгаар гарах гэхээр нь би татаж гаргатал үү өөрөө машинаас гараад ирчихсэн байсан. Тэгээд машины хойгуур тойроод харахад амь хохирогч ын нэг талын хөл нь машинд дарагдчихсан нүүр нь цус болчихсон ямар ч мэдээгүй ухаан алдчихсан байх шиг байхаар нь бид нар дарагдсан хөлийг сугалж гаргасан. Тэгээд хөдөлгөж болохгүй байх гэж бодоод хөнжлөөр бүтээчхээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн” гэсэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,

Дээрх зам тээврийн ослын улмаас Я.гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 000000172 дугаартай ”... 1. Я.гийн биед өвчүү ясны хугарал, өвчүүний хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно, 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой, 4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, 5. Я.гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн,

Х.ын амь нас хохирсон нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 000000021 дугаартай “ ...1. Амь хохирогч Х.ын цогцост гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын 1-7 хавирга, баруун талын 1-6 хавирга хугарал, зүүн эрүү ясны хугарал. Зүүн эгмийн хугарал, гавлын орой хэсэгт хуйханд, баруун эгмийн доод хэсэгт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, духны дунд хэсэгт, зүүн чамархайн хэсэгт, зүүн хацрын хэсэгт, зүүн эгмийн хэсэгт, бүсэлхийн нугалмын зүүн хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, цээжний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх учирсан гэмтлүүд нь амь хохирогчийг нас барах үед буюу машин онхолдох үед үүссэн гэмтлүүд, 3. Амь хохирогч Х.ын цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 4. Амь хохирогч Х.ын цогцост шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, 5. Амь хохирогч Х.ын нь гавал тархины гэмтэл буюу гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт, мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатны шүүх Н.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс түүнд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн ял оногдуулжээ.

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын зүгээс гомдол, саналгүй, шүүгдэгчийн тодорхой хугацаанд цагдан хоригдсон зэрэг  нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар түүнийг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэж байх үүрэг болгож, мөн зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн заасан журмаар, эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн

3 дахь заалтыг шүүгдэгч Н.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

4 дэх заалтыг  шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь зааснаар шүүгдэгч Н.*******ид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, эрх бүхий байгууллага болох Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байлгасугай” гэж,

5 дахь заалтыг  “шүүгдэгч Н.*******ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгож, сулласугай” гэж, шүүгдэгч Н.******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 52 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэж,

6 дахь заалтыг шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг, 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ дууссан үеэс эхлэн тоолсугай гэж,

7 дахь заалтыг шүүгдэгч Н.******* нь хохирогчийн хууль төлөөлөгч Х.т 8.500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэж,

8 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөн, тогтоолын 8, 9 дахь заалтыг 9, 10 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн 9,10 дахь заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.НАМХАЙДОРЖ