Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01440

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01440

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01483 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Г.О-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 29 дүгээр байр 126 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.О- нь манай компанийн эзэмшлийн орон сууцанд 2019 оны 4 дүгээр сараас хойш хууль бусаар өөр хүний нэр дээр байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж амьдарч байна. Компанийн зүгээс гэрээ шинэчлэх, өөрийн нэр дээр хийх талаар санал тавьсан боловч шийдэлд хүрээгүй бөгөөд байрыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Компанийн ажилтан Ч.Б-д байр түрээслэх гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгож, уг итгэмжлэлийг үндэслэн Ч.Б- Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 29 дүгээр байр 126 тоот орон сууцыг Эрдэнээгийн Солонготой 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг хийсэн болно. Компани орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах баримтыг худалдан авагчид бүрдүүлж өгдөг. Уг 255 айлын орон сууцыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний эзэмшлийн газар дээр манай компани хөрөнгө оруулалтаар барьсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар холбогдох орон сууцуудаа авсан, үлдэх орон сууц нь компанийн өмчлөлийн орон сууц болно. Иймд хариуцагч Г.О-ын хууль бус эзэмшлээс гаргаж, дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Б-, Э.С- нартай танил хүний тусламжаар дамжуулан санал тавьсны үндсэн дээр Туул ван хотхонд Монгол Ардын намын журмаар хөнгөлөлттэй нөхцөлөөр одоогийн ханшаас доогуур буюу 65 м.кв орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авах санал тавьсан. Урьдчилгаа төлбөр болох 25 000 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ж.Б-ад Туул ван хотхоны гадаа бэлнээр өгсөн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 126 тоотын түлхүүр гардан авсан. Үлдэгдэл төлбөр болох 35 000 000 төгрөгийг 3 сарын дараа бэлэн болгоод байрны гэрчилгээ гарна гэсэн боловч өдийг хүртэл шийдэж өгөөгүй. Ж.Б-, Э.С- нарыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлмэгц Туул ван С ХХК-аас мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүний дагуу С ХХК-тай уулзахад түрээсийн гэрээ Э.С-, Ж.Б-, С ХХК-ийн менежер н.Болормаа нар Туул ван хотхонд 33 айлыг хууль бусаар залилж маш олон иргэдийг хохироосон нь тодорхой болсон. 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгсөн уг хэрэг эрүүгийн хэрэг болон шалгагдаж Г.О- миний бие хохирогчоор татагдаж, иргэн Ж.Б-, Э.С- нар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Нэхэмжлэгч уг орон сууцны өмчлөгч болох нь нотлох баримтаар тогтоогддоггүй бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний эзэмшлийн газар дээр нэхэмжлэгч компани хөрөнгө оруулалт хийж орон сууц барьсантай маргахгүй, гагцхүү уг орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц гэх жагсаалтыг улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн албанаас олгодог. Гэтэл уг жагсаалт ч байхгүй, хөрөнгө оруулалт хийсэн нь орон сууцны өмчлөгч гэж шууд үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.О-д холбогдох Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 29 дүгээр байр 126 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 223 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой үнэлж дүгнэлгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэний эзэмшил өмч мөн эсэхийг эд хөрөнгийн лавлагаа авсны дараа эцэслэн шийдвэрлэх байсан. Хариуцагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн үед өмчлөгч мөн эсэх дээр маргахгүй гэсээр байхад тус орон сууцын жинхэнэ өмчлөгч нь хэн гэдгийг тогтоолгүй шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г.О-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 29 дүгээр байр 126 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус 126 тоот 65 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар Э.С-той тохиролцож амьдарч байгаа гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгаар, тус байгууллагын эзэмшлийн Хан-Уул дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1180 м.кв газар дээр үйлчилгээ, автомашины дулаан зогсоол бүхий орон сууцны барилга байгууламжийг барьсан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын өмчлөлийнхөөс бусад орон сууц нь манай өмч гэж тайлбарласан ч хууль ёсны өмчлөгч болохоо баримтаар нотлоогүй байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл нь улсын бүртгэлийн нэг гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлд дурдсан 255 айлын 16 давхар орон сууцны барилга болон хариуцагч Г.О-ын эзэмшил ашиглалтад байгаа 29 дүгээр байрны 126 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэрлэн зааж буй барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын 2014 оны 2014/461 дугаар акт нь /хх-15,16/ барилга байгууламж нь зураг төсвийн дагуу норм дүрэм, стандартын дагуу баригдсан эсэх, цаашид зориулалтаар нь ашиглах боломжтой эсэхийг мэргэжлийн багийн бүрэлдэхүүнээр хянаж хүлээн авсан акт бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан баримт биш юм.

 

Түүнчлэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь өөрийн эзэмшлийн газарт С ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 255 айлын 16 давхар орон сууцыг бариулсан болохыг тус газрын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3020 дугаар албан тоотоор Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт тодорхойлсон ч /хх-12/ улсын бүртгэлээр баталгаажуулсан баримтгүй байна.

 

Маргаан бүхий орон сууц нь 2014 онд ашиглалтад орсон, эрх бүхий байгууллагад хандаж, өмчлөх эрхээ баталгаажуулах боломжит цаг хугацаа өнгөрсөн байх бөгөөд нэхэмжлэгч С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, хуулиар тогтоосон журам, шаардлагын дагуу өмчлөх эрх нь үүсээгүй байна.

 

Иймд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардах, шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч гэдгээ нотолсон байх урьдчилсан нөхцөл бүрдээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ