| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0044/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/44 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч О.Базарсад нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Базарсадад холбогдох эрүүгийн 18360000000038 дугаартай, 178/2018/0044/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гэр ахуйн цахилгаанчин мэргэжилтэй, Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПИ91011714 тоот регистрийн дугаартай, Хорж овогт Отгонхалтарын Базарсад
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.Базарсад нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Н.Барстай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Базарсад нь О.Базарсад нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Н.Барстай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Базарсад нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Барсын мэдүүлэг /хх 10-11-р хуудас/, гэрч Ц.Баярхишигийн мэдүүлэг /хх-18-19-р хуудас/, гэрч Ж.Отгонхалтарын мэдүүлэг /хх 16 дугаар хуудас/, гэрч Ш.Пүрэвхүүгийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 94 тоот дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн Прокурорын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс шүүгдэгч О.Базарсадыг 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Н.Барстай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч О.Базарсад нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Н.Барстай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Барсын: 2018 оны 02 сарын 13-ны өдөр машинтайгаа 10 мянгатад хүмүүс буулгаад явж байтал зам дээр морьтой залуу машины урдуур хөндөлдөөд байхаар нь чагнаалдсан чинь миний өмнөөс салаавч гаргаад чи морьтой хүнд зам тавьж өгсөнгүй гээд тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад байж байтал цаанаас нэг залуу ирээд салагасан. Би сургууль дээрээ очоод Баярхишиг гэдэг залууг дагуулаад дахиад нөгөө айлд буцаж очоод ганаа гэдэг залууг дуудахад Ганаа гарч ирсэн. Тэгээд би ганаад чи яагаад хүн доромжлоод байгаа юм гэсэн чинь намайг морьтой явж байхад чи зам тавьж өгсөнгүй гээд бид хоёр маргалдаж байхад Баярхишиг бид хоёрыг салгасан. Маргалдаад зогсож байхад миний араас Базарсад гэдэг залуу өшиглөсөн. Би эргэж хараад цааш түлхэхэд Базарсад миний хажуу талаас нүүр лүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх 10-11-р хуудас/
Гэрч Ц.Баярхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 02 сарын 13-ны өдөр сургууль дээр хичээл орж байсан ба цаг 14 цаг 50 минут болж байсан. Манай ангид Барсаа орж ирээд хоёр залуутай маргалдлаа хоёулаа хамт очъё гэхээр нь тэгье гээд 10 мянгатад нэг айлын гадаа очсон. Хашаанд 3 айлд байсан ба голын айлаас нь хүмүүс дуудахад 3 залуу гарч ирсэн. Нэг согтуу хоёр эрүүл залуу байсан. Тэр хүмүүс хоорондоо маргалдаад хашааны үүдэнд байсан ба нэг залуу нь ташуураа бариад дайраад байхаар нь би хазаарын амгайнаас нь бариад зогсож байтал Барсааг цохисон яг хэн цохисон нь мэдэхгүй тэгтэл Барсаа хамраа бариад зогсож байсан тэгтэл хэн цохив гэхэд морьтой залуу яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-18-19-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 94 тоот дүгнэлтээр 1.Н.Барсын биед гэмтэл учирсан байна. 2.Н.Барсын биед хамар ясны хугарал, хамар хэсгийн гадаргууд зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. 3.Н.Барсын биед мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 4.Н.Барсын биед үүссэн гэмтлүүд нь Хуульзүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Н.Барсын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Базарсадыг 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Н.Барстай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Базарсад нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Базарсадын хувийн байдлын талаар гэрч Ж.Отгонхалтарын : Миний хүү Базарсад нь 2007 онд 3 дугаар сургуулийг төгссөн. Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн радио , зурагт засварын ангид сураад тусгай дунд боловсрол эзэмшсэн. Миний хүү бөагадаа их өвддөг байсан ба дураараа өссөн. Хүнд их тусархуу, найзаа өмөөрч ийм хэрэгт холбогдсон байна. Н.Барсаагийн эмчилгээний зардлыг бол төлнө гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч Ш.Пүрэвхүүгийн: Базарсад нь Буянт сумын Наранхайрхан багт эцэ, эх, эгч нарынхаа хамт амьдардаг байсан ба эх нь нас бараад 5 жил болж байна. Эгч нь хүнтэй суугаад тусдаа гарсан одоо эцэгтэйгээ хамт амьдардаг. Базарсад нь хүнд их тусархуу ажилсаг хүүхэд байгаа юм. Эмнэг хангал сургах авьяастай хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч О.Базарсад нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-45 дугаар хуудас/ нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч О.Базарсад нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Базарсад нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн буруу гуяндаа хөхүүр тамгатай 10 настай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 5/31 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хорж овогт Отгонхалтарын Базарсадыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонхалтарын Базарсадыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Базарсад нь 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгний торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Шүүгдэгч О.Базарсадад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.Базарсадын эзэмшлийн буруу гуяндаа хөхүүр тамгатай 10 настай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 5/31 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.Базарсадад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС