Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/459

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гомбодоржийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Д-д холбогдох 2311 01518 0051 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ын Д, 1990 оны ... дугаар сарын ...-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1093 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялыг биелүүлсэн;

Д.Д нь фэйсбүүк цахим сүлжээнд “Газар зарна” гэх зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Б.Ц-д Чингэлтэй дүүрэг дэх ... дүгээр хороо, ... тоот газрыг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тавьж зээл аваад, зээлээ төлөөгүйн улмаас газраа хураалгасан гэдгээ нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “миний нэр дээр байгаа” гэж итгүүлэн хуурч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх үед нь өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5555555555 дугаарын дансаараа дамжуулан авч, бусдад нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овгийн Д-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Д нь хохирогчид 4.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 4.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-аас гаргуулан хохирогч Б.Ц-д олгохоор, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д-ийн хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. Учир нь шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлын үлдэгдэл 4.000.000 төгрөг байгааг дурдаж шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогч Б.Ц-д хохирлыг төлөөд байна. Шүүгдэгч нь өөрийн холбогдсон хэргийн талаар ар гэрийнхэндээ, эхнэрээсээ бусад хүмүүст хэлээгүй байсан бөгөөд ах, эгч нар нь түүний холбогдсон хэргийн талаар мэдэж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах болсныг дурдах нь зүйтэй байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс гэрээ байгуулагдсан даруйд хохирогч Б.Ц-тай холбогдож уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хохирол төлөх асуудыг хамгийн түрүүнд шийдвэрлэж, Д.Д-ийн хохирол болох 4.000.0000 төгрөгийг төлж, улмаар хохирогч Б.Ц-ын зүгээс “хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Д.Д-ийн хүлээх хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй байна” гэх rap бичмэлийг хийж өгснийг энэхүү гомдолд хавсаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалттай нийцэхээр байна. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага болох 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус харин түүнийг аль болох хөнгөрүүлэх, хуульд зааснаар хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх буюу тэнсэн хянан харгалзах шийтгэл ногдуулах боломжтойг анхаарч үзэхийг хүсч байна. Мөн эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхийг хориглосон, хязгаарласан зүйл байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 7 сарын хугацааны хорих шийтгэлийг тэнсэж харгалзахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн цаг хугацаа, ажил төрлийг нь алдагдуулсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өөрийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...Эхний 4 сая төгрөгийг ар гэрээс өгсөн болохоор хугацаагаа сайн санахгүй байна. ...” гэв.

Хохирогч  Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг барагдуулсан тул гомдол, саналгүй. ...” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруу дээр  маргахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тухайн залилах гэмт хэрэгтэй холбоотой хангалттай үнэлэлт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага үндэслэлтэй, зөв болсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлын 50 хувийг төлсөн байсан. Энэ талаар шийтгэх тогтоолд дурдсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Д нь цахим сүлжээнд “Газар зарна” гэх зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Б.Ц-д Чингэлтэй дүүрэг дэх ... дүгээр хороо, ... тоот газрыг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тавьж зээл аваад, зээлээ төлөөгүйн улмаас газраа хураалгасан гэдгээ нуун Б.Ц-ыг төөрөгдөлд оруулж, “Миний нэр дээр байгаа” гэж итгүүлэн хуурч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 02 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5555555555 дугаарын дансаараа шилжүүлэн авч, Б.Ц-д нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч Б.Ц-ын: “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүкээс зар харж байхад “Хашаа зарна” гэсэн зар байсан. ...Хашааг нь үзээд авахаар шийдсэн. ...Тэр залуугийн хэлснээр урьдчилгаанд 5 сая төгрөг өгсөн байсан. Хэд хоногийн дараа 3 сая төгрөг шилжүүлэн өгсөн. Нийтдээ 8 сая төгрөг өгсөн байсан. ...Хавар 5 сард ямаагаа самнаж байгаад үлдэгдэл 4,5 сая төгрөгөө өгнө гэж хэлсэн байсан. ...Д.Д-ийн гар утас нь холбогдохгүй байсан тул бид нар хашаанд очиж үзтэл хүнгүй, гэр нь цоожтой байсан. ...Дараагаар нь Д.Д “Би хашаагаа зарахгүй ээ, чи өөрөө мөнгөө өгөхгүй удаалаа, өөр хүнд зарчихсан, ингэж олон хуваадаг наймаа байдаг юм уу, чамд лав зарахгүй” гэж хэлээд загнаад байсан. Тэгэж байгаад дахин алга болчихсон байсан. ...” /хх 41/,
  • хохирогч Б.Ц нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 08-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг “хашаа” гэсэн утгаар Хаан банк дахь шүүгдэгч Д.Д-ийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн талаарх лавлагаа /хх 73-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Д-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Д-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “7 сарын хорих ялыг тэнссэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянан түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Хохирогч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлыг бүрэн барагдуулсан, гомдолгүй болсон талаар тайлбарласан, шүүгдэгч нь анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх боловч шүүгдэгч Д.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан талаарх хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй дүгнэлээ.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гомбодоржийн “Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гомбодоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ