2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06141

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, Бор овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин байрлах, *******д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин олговортой тэнцэх 58,200,230 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн8 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны 130 дугаар магадлалаар намайг Хөвгүүд бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2 сарын олговорт 871,130 төгрөгийг гаргуулж надад олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвгүүд бүрэн дунд сургуульд даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Хөвгүүд бүрэн дунд сургуулиас надад ажилгүй байсан хугацааны 2 сарын олговорыг олгосон. Харин ажилд эгүүлэн тогтоогоогүй, шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан боловч шийдвэр гүйцэтгэгч надад мэдэгдэлгүйгээр ажиллагааг дуусгавар болгосон байсан. Энэ талаар би 2022 онд мэдээд шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагааг сэргээх тухай гомдол гаргасан боловч тус газраас 2023.02.02-ны өдрийн 4-163/143 дугаартай албан бичгээр хариу ирсэн. Энэ албан бичигээс үзэхэд намайг ажилд эгүүлэн тогтоосон гэдэг Хөвгүүд бүрэн дунд сургуулийн захирлын тушаал гарсан тухай энд дурдсан байсан. Би 2016 оны 05 дугаар сард БНСУ-руу зорчиж, 3 сарын хугацаанд ажил хийгээд 7 дугаар сард ирсэн. Энэ хугацаанд намайг ажил эгүүлэн авсан тушаал гаргаж, Монгол улсад байхгүй гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Надад ажилд эгүүдэн тогтоосон тушаалыг заавал гардуулж, ажил хүлээлцүүлэх ёстой. Ингээд би өнөөдрийг хүртэл тушаалаа гардаж аваагүй, хараагүй ажилд ороогүй байсан учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод тушаалтайгаа танилцах гэтэл баримт дотор нь хавсарагасан хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй энэ өдрөөр огноолсон тушаал байсан. Энэ тушаалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага надад гардуулаагүй мөн Хөвгүүд бүрэн дунд сургууль ч гэсэн гардуулж өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Нэгэнт шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимын дагуу шүүхийн шийдвэрт тогтоосон ажилдаа би орох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ажилгүй байсан, ажилдаа орж чадаагүй.

Иймд шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртлэх хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх цалин олговрыг сарын 529,093 төгрөгөөс тооцож, нийт 110 сарын цалин болох 58,200,230 төгрөгийг Хөвгүүд бүрэн дунд сургуулиас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, Г.*******ийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон ч нэхэмжлэгч нь огт ажилдаа ирж байгаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус сургууль руу мэдэгдэл ирүүлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудаст дурдсаны дагуу шийдвэр гүйцэтгэх эжиллагаа явагдаж эхэлсэн. Шүүхийн шийдвэрт дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, Г.*******ийг ажилд нь эгүүлэн томилсон тушаалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж, Г.*******ийг ажилд нь эгүүлэн томилох ажиллагааг гүйцэтгэх гэсэн боловч нэхэмжлэгч нь Монгол улсад байхгүй, гадаад улс руу явсан байсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 684 дүгээр тогтоол гарсан байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 4-163/143 хариу мэдэгдэх хуудаст ...төлбөр төлөгч-хуулийн этгээдээс ажилд эгүүлэн томилох тухай тушаалын дагуу танд ажил хүлээлцүүлэхээр хандсан боловч гадаад улсад зорчсон тухай баримт хувийн хэрэгт авагдсан байх бөгөөд дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгааг үүгээр мэдэгдье гэх хариуг Г.*******т өгсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч нь гэнэт 2016 оны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016.05.25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг би мэдээгүй хэмээн 2023, 2025 онд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь илт үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Мөн манай сургууль түүнийг ажилд эгүүлэн авахаар тушаал гаргаж, ажилд томилох гэсэн боловч гадаад улс руу гарсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн8 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаар магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/976 тоот болон 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-163/143 тоот хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/721 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2023/09722 дугаар захирамж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/13645 дугаар захирамж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/17877 дугаар захирамж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2023/24367 дугаар захирамж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2023/29885 дугаар захирамж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/00585 дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарынэ 22-ны өдрийн 101/ШЗ2024/29495 дугаар захирамж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШТ2024/00513 дугаар тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016.04.13, 2016.05.23-ны өдрүүдэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, Хөвгүүд бүрэн дунд сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ажилд эгүүлэн томилох тухай тушаал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримт, гурван талт үндэсний хорооны тогтоол, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Хөвгүүд сургуулиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт, Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичиг, Г.*******ээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговортой тэнцэх 58,200,230 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр намайг Хөвгүүд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлж, намайг ажилд эгүүлэн томилоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, намайг ажил эгүүлэн томилсон тушаал гаргасан байсан талаар надад мэдэгдээгүй. Энэ хугацаанд би ажилдаа орохыг хүлээж, байнга очиж уулздаг байсан. Хөвгүүд сургууль шүүхийн шийдвэр биелүүлж намайг нягтлан бодогчийн ажилд томилоогүй тул магадлал гарсан 2016 оны 01 сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл 110 хоногийн цалинг сарын 529,093 төгрөгөөр тооцож, нийт 58,200,230 төгрөгийг гаргуулна гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Г.*******ийг ажилд нь эгүүлэн томилж тушаал гаргасан. Ингээд түүний ажлын хүлээлцүүлэх гэхэд тэрээр гадаад улс руу явсан байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон талаар тухайн үед мэдсэн. Ажилдаа буцаж орох сонирхолгүй, гадаад улс руу явсан байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар тухайн үедээ мэдсэн атлаа гомдол, нэхэмжлэл гаргахгүй явсаар 2023 онд гэнэт ажилгүй байсан хугацааны цалин шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн8 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаартай магадлалаар Г.*******ийг Хөвгүүд бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөвгүүд бүрэн дунд сургуулиас түүний ажилгүй байсан хугацааны 2 сарын олговорт 871,130 төгрөгийг гаргуулж Г.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 435,565 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г.*******т олгох олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Хөвгүүд бүрэн дунд сургуульд үүрэг болгож, мөн Хөвгүүд бүрэн дунд сургуулиас 1,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 3,236,858 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2016/15030 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн8 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаартай магадлалыг тус тус албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгажээ.

Дээрх шүүгчийн захирамж, шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хөвгүүд сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот тушаалаар Г.*******ийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус сургуулийн нягтлангаар авч ажилуулж, өмнө авч байсан цалинг бууруулахгүйгээр цалинжуулахыг ня-бо *******д зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 684 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцож, хувийн хэргийг хаасан байна.

Төлбөр авагч Г.*******ээс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ...шүүхээс гарсан шийдвэр бүрэн гүйцэт хийлгүй ганцхан зээлийн төлбөрийг барагдуулсан бөгөөд бусад ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийх зэргийг орхигуулж иргэн надад огт мэдэгдээгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоол 2016.05.25-нд гаргасан байгаа тул энэ тогтоол, хэргийн материал дахин нягтлан шалгаж үзээд сэргээж өгнө үү гэх гомдлыг гаргажээ.

Уг гомдлын хариуд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-163/143 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч-хуулийн этгээдэд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэхэд Хөвгүүд бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 дугаар тушаалаар Г.*******ийг тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон байна. Төлбөр төлөгч-хуулийн этгээдээс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан таны хүсэлтийг үндэслэн тус сургуульд төлөх 1,983,290 төгрөгийг хасч, үлдэгдэл 657,246 төгрөгийг тус газрын дансанд төлсөн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу таны бусдад төлөх төлбөрт 190,000 төгрөгийг суутган тооцож, 467,246 төгрөгийг төлбөр авагч таны Хаан банк дахь ******* тоот харилцах дансанд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар дуусгавар болгосон байна. Төлбөр төлөгч-хуулийн этгээдээс ажилд эгүүлэн томилох тухай тушаалын дагуу танд ажил хүлээлцүүлэхээр хандсан боловч гадаад улсад зорчсон тухай баримт хувийн хэрэгт авагдсан байх бөгөөд дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгааг үүгээр мэдэгдье гэжээ.

Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрийн лавлагаагаар ...Г.******* рд:******* нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна. Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санд шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор дээрх мэдээлэл нь бүрэн эсэхийг шалгах боломжгүй байна гэх хариу шүүхэд ирсэн.

Нэхэмжлэгч Г.*******ээс шүүх хуралдаанд ...миний бие 2016 оны 05 дугаар сард БНСУ-руу зорчиж, 3 сарын хугацаанд ажил хийж байгаад 2016 оны 07 дугаар сард Монголд буцаж ирсэн гэж тайлбарласан.

 

4. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар Г.*******ийг Хөвгүүд бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, олгох олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хөвгүүд сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот тушаалаар Г.*******ийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус сургуулийн нягтлангаар авч ажилуулахаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Г.*******ээс уг тушаалыг надад танилцуулаагүй, би шийдвэр гүйцэтгэгчид ажилдаа буцаж орох талаар байнга хүсэлтээ гаргаж байсан, шийдвэр гүйцэтгэх материалд дээрх тушаал байгаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Г.*******ээс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...Хөвгүүд сургуулиас 2,687,218 төгрөг авахаас 1,983,000 төгрөгийг үлдээж хасаж тооцоод үлдэгдэл 704,218 төгрөгийг миний Хаан банкны ******* дансанд шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Уг хүсэлтийн агуулгаас үзэхэд тэрээр ажилдаа эгүүлэн томилогдох талаар хүсэлтээ гаргаагүй, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар хандсан байна. Уг хүсэлтийг гаргах цаг хугацаанд түүнийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан байжээ.

Мөн шийдвэр гүйцэтгэгчээс дээрх тушаал гарсан болохыг надад мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн материалд уг тушаал байдаггүй гэж нэхэмжлэгч маргасан боловч хэргийн 83 дугаар талд авагдсан Хөвгүүд бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот тушаалыг нэхэмжлэгч өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас хуулбарлаж хэрэгт цуглуулж гаргасан. Уг тушаал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас хуулбарлагдсан болох нь тус газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байдлаар тогтоогдсон.

Шийдвэр гүйцэтгэгчээс Хөвгүүд бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот тушаалыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчээс Г.*******ийг нягтлан бодогчийн ажилд нь томилох ажиллагаа явуулах үед тэрээр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гадаад улс руу зорчсон байжээ. Үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба үүнд хариуцагч Хөвгүүд сургуулийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч Хөвгүүд сургууль нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр Г.*******ийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон байх боловч тэрээр өөрөө гадаад улс руу явсантай холбоотойгоор түүнийг ажилуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Нэхэмжлэгч Г.******* нь 2016 оны 07 дугаар сард гадаад улсаас буцаж ирсэн талаараа тайлбарласан. Тэрээр уг цаг хугацаанаас хойш Хөвгүүд бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/04 тоот тушаал болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 684 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг гарсан болохыг мэдээгүй явсаар анх 2022 онд энэ талаар мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох төлбөр авагчийн тухайд холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, тайлбар гаргах; шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах замаар эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гүйцэтгэгч дуудсан эсэхээс үл хамааран ажиллагаатай танилцах бүрэн боломжтой. Нэхэмжлэгч Г.******* нь 2016-2022 он хүртэл шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай танилцаагүй, мэдээгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч 2022 онд түүнийг ажил эгүүлэн томилсон шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон талаар мэдсэн гэж үзвэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа энэ тухай мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор эрх бүхий байгууллагад гаргана.

Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2023/09722 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч *******д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин олговортой тэнцэх 58,200,230 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин олговортой тэнцэх 58,200,230 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ