| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01064/И |
| Дугаар | 312/шш2025/01078 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 312/шш2025/01078
| 2025 ******* 09 | 312/ШШ2025/01078 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 20 дугаар хороо ХЦХ-ны ******* тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн хугацаа сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний ээж ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болно. Бидний ах дүү долоон хүүхэд нь өвлөх хугацааг сайн мэдэхгүй байсны улмаас энэ өдрийг хүртэл өвлөх талаар хөөцөлдөөгүй байсан болно. Ингээд уг газар үл хөдлөх хөрөнгийг өвлүүлэх талаар хөөцөлдсөн боловч өвлөх хугацаа хэтэрсэн байгаа тул сунгаж өгнө үү. миний ээжийн амьдран суудаг байсан нэг хүний өмч Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн 38 дугаар гудамж ******* тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 590 мкв газар. дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх хугацаа хэтэрсэн байгааг сэргээж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, төрөл садангийн лавлагаа /хх-4/ эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2101012459 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/, Д.*******гийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /хх-8/, П.Н. Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн онош, эмчийн дүгнэлт, эмчилгээний заавар /хх-9-13/ зэрэг баримтуудыг өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц.******* нь өөрийн эх Д.*******гийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг 38 дугаар гудамжны ******* тоот 66.0 м.кв талбай бүхий хувийн сууц, 590 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Өв хүлээн авах хугацааг сэргээлгэх-ээр хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ц.******* хүсэлтийн үндэслэлээ: Миний ээж ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болно. Бидний ах дүү долоон хүүхэдтэй. Би уг хашаа байшинг өөрөө аав, ээждээ барьж өгч байсан, манайхан ярилцаад намагй ав гэсэн. Миний хувьд зүрхний хагалгаанд орж, эмнэлгээр явж байгаад өв хүлээн авах хугацаагаа өнгөрүүлсэн байна. Иймд уг газар үл хөдлөх хөрөнгийг өвлүүлэх талаар хөөцөлдсөн боловч өвлөх хугацаа хэтэрсэн байгаа тул сунгаж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2.-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ, 528.4.-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж заасан бөгөөд Ц.******* шаардах эрхтэй байна.
4. Ц.*******ийн эх Далайн ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.
5. Хүсэлт гаргагч Ц.******* нь зүрхний шигдээс өвчний улмаас зүрхэндээ хагалгаа хийлгэж, энэ хугацаанд эх Далайн *******гийн нэр дээрх Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг, 38 дугаар гудамжны ******* тоот 66.0 м.кв талбай бүхий хувийн сууц, 590 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг өнгөрүүлсэн болох нь түүний өвчний түүх, амбулаторийн карт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
6. Иймд хүсэлт гаргагч Ц.*******, эх Д.*******гийн нэр дээрх Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг, 38 дугаар гудамжны ******* тоот 66.0 м.кв талбай бүхий хувийн сууц, 590 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул сэргээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4.-д заасныг баримтлан Ц.*******ийг эх Д.*******гийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг, 38 дугаар гудамжны ******* тоот 66.0 м.кв талбай бүхий хувийн сууц, 590 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Өв хүлээн авах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА