| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01151/И |
| Дугаар | 312/шш2025/01080 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 312/шш2025/01080
2025 06 09 312/ШШ2025/01080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдэлд 1981-1983 он хүртэл мужаанчин, гагнуурчин, 1988-1990 он хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.*******
Гэрч Н.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 1981 оноос 1983 он хүртэл Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдэлд үйлдвэр бригадад мужаан, гагнуурчин хийж байсан. 1988 оноос 1990 он хүртэл Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд үйлдвэр бригадад барилгын туслахын ажил хийж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа, баримт олдохгүй ажилласан жилд тооцох боложгүй байгаа тул 1981-1983 он хүртэл мужаан, гагнуурчин, 1988-1990 он хүртэл барилгын туслах ажилчнаар Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдэлд тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2/94 дугаартай тодорхойлолт /хх-4/, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/, гэрчийн мэдүүлэг /хх-7-8/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Д.******* нь хүсэлтийн үндэслэлээ: 1981-1983 он хүртэл Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдлийн үйлдвэр бригадад мужаан, гагнуурчинаар, 1988-1990 он хүртэл Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд үйлдвэр бригадад барилгын туслах ажилтнаар ажиллаж байснаа тогтоолгоно гэсэн бөгөөд шүүх хуралдаанд хүсэлтээ тодруулж, цэрэгт явтлаа тус нэгдэлд ажиллаж байгаад 1987 оны 09 дүгээр сард цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ ажилд орсон тул энэ хугацааг тогтоолгоно гэсэн.
2. Хүсэлт гаргагч Д.*******д Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдлээс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр олгосон байх ба тус дэвтэрт: 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлдвэр бригадад ажилтнаар авч ажиллуулахаар, 35 жил нэгдлийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 02 дугаар тушаал гэж нэгдлийн тамгаар баталгаажуулан бичсэн, мөн 1981 оны 01 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсийг 1983 оныг дуустал тэмдэглэсэн, 1984 оны 06 дугаар сард цэргийн албанд гэж бичсэн, 1987 оны 09 дүгээр сард цэргээс ирсэн гэж тэмдэглээд түүнээс хойш 1990 оныг дуустал цалин хөлс авч байсныг баталгаажуулан бичсэн байна.
2.1. Мөн Говь-Алтай аймгийн засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 348 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1567 дугаартай архивын лавлагаанд: ...1984-1989 онуудад цалин авч байсан цалингийн түүврийг тус тус ирүүлжээ.
2.2. Гэрч Н.*******: ...би Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдэлд 1981 оноос 2000 он хүртэл ажиллаж байсан. Д.******* нь 1981 онд тус нэгдэлд ороод туслах ажилтнаар ажиллаж байгаад цэрэгт явсан, цэргээс ирээд мөн нэгдэлдээ ороод ажиллаж байсан... гэсэн мэдүүлгээр түүний дээрх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдэлд ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
3. Иймд Д.*******г Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдэлд 1981 оноос 1984 оны 06 дугаар сар хүртэл мужаан, гагнуурчин, 1987 оны 9 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд барилгын туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох үнлдэслэлтэй гэж үзэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г г Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 35 жил нэгдэлд 1981 оноос 1984 оны 06 дугаар сар хүртэл мужаан, гагнуурчин, 1987 оны 9 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд барилгын туслах ажилтнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА