| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0035/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Хохирогч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн харъяат, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р багт оршин суух, Дорноговь аймгийн Сайншанд сум, Замын 4 дүгээр ангид ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Д.Б холбогдох эрүүгийн 1820.00005.0018 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд авагдсанаар /
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой Замын-Үүд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дугаар заалтуудыг зөрчин 95-58 ДГА улсын дугаартай Тоёота Сиэнта маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад яваад зам тээврийн осол гаргаж өөрийн нөхөр болох Б.Г-г мөргөж биед нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “2017 оны 12 сарын 26-ны орой манай нөхөр Г-н ажлынх нь шинэ жил болсон юм. Тэгээд би нөхрөө баяр дээрээс нь очиж аваад бид Хөвсгөл зочид буудлын караокед орсон. Тэндээ байж байгаад 21 цагийн үед тэндээс гарч би 95-58 ДГА улсын дугаартай машинаа жолоодоод гэр рүүгээ явж байтал манай нөхөр Г бие засмаар байна гэхээр нь машинаа зогсоогоод буулгасан, тэгээд буцаж суухдаа машины баруун талын хамарын хажууд зогсоод би машинаа баръя гэхээр нь жолооч талын хаалга онгойлгоод гарах гэтэл араагаа салгаагүй байж байгаад тормос дээрээс хөлөө авахад машин чигээрээ ухас гээд Г-г мөргөж газар унасан, би сандарсандаа болоод тормос гишгих гээд хааз гээд гишгихэд машин хөдөлж Г-н дээгүүр гарчихсан. Ингээд би машинд байсан 2 хүнийг сэрээж машин данхараадаж Г-г гаргасан. Эмнэлэг цагдаа дуудсан байсан. Тухайн үед жаахан архи уусан байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж байсан, гайгүй байх гэж бодоод л машинаа барьсан. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Г-н эмчилгээний бүхий л зардлыг гаргасан, бид 2 одоо хамт амьдарч байгаа, надад оногдуулах ялыг тэнсэж өгөөч...9558 ДГА улсын дугаартай машин нь миний эзэмшлийн машин бөгөөд би И ХХК барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд барьцаалсан байсан, одоо зээлээс чөлөөлсөн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Энэ болсон явдалд миний буруутай үйлдэл байгаа, бидний хэн, хэн маань жаахан архи уучихсан байсан, эхнэр маань машин жаахан эвгүй бариад байх шиг санагдсан, тэгээд л өөрөө барих санаатай байсан юм. Ийм зүйл болсонд харамсаж байгаа, гайгүй байх гэж л бодсон. Миний биед олон тооны гэмтэл учирсан ч 2017 оны 12 сарын 27-ноос эхлээд 2018 оны 02 сарын 10 хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж биеийн байдал сайжирсан. Одоо ажилдаа орсон, ажил хийхэд эрүүл мэнд талаас шалтгаалах зүйлгүй гэсэн. Б-н талаас бүх л эмчилгээний зардлыг гаргаж эмчлүүлсэн. Бид хамт амьдраад 4 жил болж байна, гэрлэлтээ батлуулаагүй байгаа юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, ханьд минь хүлээлгэх хариуцлагыг багасгаж өгөөч гэж гуйж байна” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 4-6/
Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 12-р сарын 26-ны өдөр манай ажлын шинэ жил Соёлын төвд 15-18 цагийн хооронд болж өнгөрсөн юм тэнд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэлгүйгээр гарч яваад 19 цагийн орчим Хөвсгөл буудлын караокед 2 цаг үйлчлүүлж байхдаа 4-5 удаа архины 50 гр-ын рүнкээр уугаад, дахин 2 лааз пиво уугаад 21 цаг өнгөрч байхад гараад эхнэр Б, хамт ажилладаг Н, Э нарын хамт 4-үүлээ гэрлүүгээ 95-58ДГА улсын дугаартай Тоёота Сиэнта маркийн машинаар манай эхнэр Б машин бариад хөдөлсөн. Замын-Үүд сумын 2-р баг замын 2-ын баруун үзүүрт шороон зам дээр би эхнэр Б-г зогсож бай, биеэ засах хэрэгтэй байна гээд зогсоогоод буусан. Бие засаад эргэж ирээд эхнэр машин бага зэрэг эвгүү бариад байх шиг санагдаад машин бариулахгүй би баръя гээд машины хамар дээр гараараа тулж зогсоход машин гэнэт хөдлөөд намайг мөргөх шиг болсон би ухаан алдаад унасан цаашаа юу болсоныг нь мэдэхгүй байгаа. Бид 2 саяханаас гэр бүл болоод 4 жил болж амьдарч байна. Гэрлэлтийн баталгаа хийлгэж амжаагүй хамт амьдардаг. Энэ хугацаанд хэрүүл маргаан хийж байгаагүй юм. Манай эхнэр машин би баръяа, архи бага уусан учир хань нь машин барьчихаж чадна гээд байсан юм. Энэ 4 жил бид 2 бие биендээ тус дэм болж амьдарч ирсэн. Намайг манай эхнэр санаандгүйгээр мөргөж ийм үйлдэл боллоо” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өчигдөр 15 цагт Соёлын төв өргөөнд ажлынхаа шинэ жилд оролцсон, 18 цагт шинэ жилийн арга хэмжээ дуусч Хөвсгөл зочид буудлын караокед үйлчлүүлсэн. Тэнд байхдаа 2 удаа 100 гр архи уусан, өөр нэмж уугаагүй байж байгаад 21 цаг өнгөрч байхад караокегоос Э ах, Б эгч, Г ахын хамт Нартын хошууруу явахаар машинд сууж Б эгч согтуу машин барьсан, бид хэдийг бодвол арай гайгүй согтолттой байх шиг байсан. Би машинд суугаад унтсан, нэг сэрсэн Б эгч нөхрийгөө дайрчихлаа эгч нь гээд орилоод байсан. Тэгээд Э ахыг сэрээгээд буугаад машины багажнаас данхраад аваад Г ахыг машины доороос гаргаад хажууд байсан хүмүүсээс цагдаа, эмнэлэг дуудсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өчигдөр 15 цагт Соёлын төв өргөөнд ажлынхаа шинэ жилд оролцсон, 18 цагт шинэ жилийн арга хэмжээ дуусч Хөвсгөл зочид буудлын караокед үйлчлүүлсэн. Тэнд байхдаа 50 гр архи, 1 лааз пиво уусан, өөр нэмж уугаагүй байж байгаад 21 цаг өнгөрч байхад караокегоос Г, Б, Н нарын хамт Нартын хошууруу явахаар машинд сууж Б согтуу машин барьсан, бид хэдийг бодвол арай гайгүй согтолттой байх шиг байсан. Н бид 2 машинд суугаад унтаад өгсөн, нэг сэрсэн Б нөхөрийгөө дайрчихлаа гээд орилоод байсан. Тэгээд Н-н хамт машинаас буухад Г машин доор байсан, машины багажнаас данхраад аваад Г-г машины доороос гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн “ 1. Б.Г-н биед хавсарсан хам хүнд гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, цээжний зөөлөн эдийн няцралт, олон хавирганы хугарал, уушги шалчийлт, цээжний хөндий шингэн хуралт, зүүн талын эгэм далны хугарал гэмтлүүд тогтоогдлоо
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно.
4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн шинжээчийн 04/020 тоот дүгнэлт /хх-ийн 17/
2018 оны 01 сарын 30-ны өдрийн “1. Тоёота Сиэнта маркийн 95-58 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ Тээврийн хэрэгсэл жолоодох мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна. Асуулт тавьж байгаа бусад шалтгаан нөхцөлүүд зам тээврийн ослын газрын схем зураглалд тодорхой тусгагдсан байна.
2. Тухайн зам тээврийн осолын үед тоормосны мөр үүсээгүй нь үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдаагүй байх тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв.
3. Жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна.
4. Тухайн зам тээврийн осол болсон зам нь нийтийн хэрэгцээний замд хамаарагдах тухайн замд МУ-ын ЗХД-ийн 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км гэсэн заалтаар оролцох боломжтой.
5. Тухайн зам тээврийн осолд хохирогчийг аюул саадад тооцох үндэслэлгүй байх тул тухайн асуултад хариулах боломжгүй.
6. Асуулт 6 бүрэн хариулагдсан.
7. Шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн шинжээч О.Ө-н 01 тоот дүгнэлт /хх-ийн 63-64/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74/
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 5/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 76/
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шалгах хуудас” /хх-ийн 81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед согтуурсан үедээ 9558 ДГА улсын дугаартай Тоёото Сиэнта маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-т заасан “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 9.2-т заасан “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг, замын 2-ын баруун үзүүрт зогсох үйлдэл хийхдээ араагаа салгалгүй тормоз гишгих үйлдэл хийж, улмаар тээврийн хэрэгслийн баруун урд талд байсан хохирогч Б.Г-н мөргөж унагаж, бие махбодид нь хавсарсан хам хүнд гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, цээжний зөөлөн эдийн няцралт, олон хавирганы хугарал, уушги шалчийлт, цээжний хөндий шингэн хуралт, зүүн талын эгэм далны хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-н дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Ц.Н, Ц.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 4-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 73-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 04/020 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, 2018 оны 01 сарын 30-ны өдрийн шинжээч О.Ө-н 01 тоот дүгнэлт /хх-ийн 63-64/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-н согтуурлын зэргийг гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шалгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч түүнийг согтууруулах ундааны зүйл буюу архи хэрэглэсэн байсан талаар гэрч Ц.Н, Ц.Э, хохирогч Б.Г нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг болно. Иймд түүнийг тухайн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй юм.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон байна гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Б.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй болохоо илэрхийлсэн хүсэлт зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч Б.Г-т төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн энэ хэрэгт 9558 ДГА улсын дугаартай Тоёото Сиэнта маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээх үндэслэл байхгүй байгаа тул битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д буцаан олгох нь зүйтэй байна. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь И ХХК болохыг тодорхойлсон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хх-ийн 83 дугаар авагдсан боловч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт И ХХК барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд барьцаалсан байсан, одоо зээлээс чөлөөлсөн болохоо шүүх хуралдаанд тайлбарладаг болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-г тодорхой үйл ажиллагаа явуулах буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 5/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 9558 ДГА улсын дугаартай Тоёото Сиэнта маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Б-д буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц