Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01483

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01483

 

А.Х-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/02141 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Х-ы хариуцагч ЖДҮГ-, ХХААХҮЯ-анд тус тус холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Х-, түүний өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтнээр 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өр барагдуулах гэрээт ажилтнаар ажилласан. Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, өр авлагыг ЖДҮГ-т шилжүүлсэн. Тус Засгийн газрын тогтоолын 4.1-т Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт ЖДҮГ-т шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг заасан. Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нийт ажилчдад бичгээр болон амаар мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргатай уулзахад чиний мэргэжил таарахгүй байна, 2020 оныг дуустал гэрээт ажилтан болгоё, энэ хугацаанд заавал эргүүлэн ажилд чинь томилж үндсэн ажилтан болгоно. Хөлсөөр ажиллах гэрээнд цалингийн чинь хэмжээг бууруулахгүй. Заавал ажилд авах шаардлагатай хүн чиний ажлын байранд авсан гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд оролцож байхад яаралтай ир гэж дуудан 2020-10 дугаар сарын 01-ний өдрийн огноогоор гарын үсэг зуруулсан. Хууран мэхэлж, хүчээр хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зуруулсныг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэл өгөхөд мэдсэн. Иймд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ХАГ/001 дугаар хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ХХААХҮЯ- жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 8 064 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хөлсөөр ажиллах гэрээг байгуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан хэдий ч 12 сард намайг хуурч мэхэлнэ гэж бодоогүй учир тухайн үед хуульд заасан хугацаанд гомдлыг гаргаагүй гэжээ.

 

Хариуцагч ЖДҮГ- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ- төрийн захиргааны байгууллага/-ыг байгуулахаар шийдвэр гарсны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасан бөгөөд үйл ажиллагааны зардал, цалингийн санг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-т шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх тухай Б/57 дугаар тушаалаар А.Х-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж, ахуйн нэгж татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж, тус шийдвэр гаргахаас өмнө 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдлийн хугацаа дуусгавар болсноор Жижиг, дунд үйлдвэрийн газрын хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод А.Х-ы эзэмшсэн мэргэжил, туршлага тохирохгүй байгаа талаар 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэхэд ажлын байрны тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлтийг хангаж, үндсэн орон тоо гартал хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж ЖДҮГ-т хүсэлт гаргасны дагуу 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн. Уг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болж, ажлаас чөлөөлсөн тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй болно. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал нь А.Х-тай Б/54 дугаар гэрээ байгуулж байгаагүй тул Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/54 дугаар гэрээг цуцлуулах 2 дугаар нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй тодорхой бус, хууль зүйн үндэслэлгүй. А.Х-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эргүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үүнийг дагаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх боломжгүй байна. А.Х-д Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь төрийн захиргааны байгууллага биш, ЖДҮГ-т шилжин ажиллах нь Төрийн албаны тухай хуульд заасан дараах шаардлагыг хангах Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс сонгох, 27.1.4. нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, 33 дугаар зүйлд зааснаар Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгсөн байна. Төрийн албаны шалгалт нь ерөнхий, тусгай Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай /дэс түшмэл, ТЗ-6/ шаардлагатай бөгөөд тус шаардлагыг хангаагүй байсан тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулах хүсэлт өгч хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХААХҮЯ- шүүхэд гаргасан тайлбартаа:

ЖДҮГ- нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд төрийн захиргааны байгууллагын хувьд Засгийн газрын тогтоолоор баталсан бүтэц орон тооны хязгаарт багтаан хуульд заасан үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм. Төрийн захиргааны байгууллагад ажиллах албан хаагчдын хувьд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу батлагдсан ажлын байранд, тодорхой шалгуур, шаардлага хангасан мэргэшсэн албан хаагч ажиллахыг шаардсан байдаг. А.Х-ы гаргасан нэхэмжлэлд Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хууль зүйн үндэслэл бүхий татгалзал, хэрэгт цугласан нотлох баримтуудыг дэмжиж оролцож байна. Иймд иргэн А.Х-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖДҮГ- болон ХХААХҮЯ-анд холбогдох хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай А.Х-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

А.Х- нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус санд ажиллажээ. Нэхэмжлэгч нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 тоот тушаалаар ажлаас чөлөөлөөд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байгаад гэрээ цуцалсан нь үндэслэлгүй гэсэн агуулгатай нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Гэтэл шүүх хөлсөөр ажиллах гэрээ цуцалсан, хөдөлмөрийн гэрээ цуцалсан хоёрыг ялгалгүйгээр ...хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй гэж үзвэл хийгдсэн өдрөөс хуульд зааснаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан хэдий ч хуульд заасан хугацаанд гомдлыг гаргаагүй байна... гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй гэж үзвэл байгуулагдсан өдрөөс нь хуульд заасан хугацаанд гомдол гаргах тухай хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр 30-ны өдрийн Б/57 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзвэл тус хуулийн 129 дүгээр зүйлд заасныг баримтлах байсан. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-ийн аль заалтыг баримталж байгааг зааж өгөөгүй нь үндэслэлгүй байна. Уг Б/57 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ...аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээр хийнэ гэснийг зөрчсөн бөгөөд А.Х-ыг Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байгаад үндсэн ажилд нь томилно гэж худлаа хэлж эрх зүйн байдлыг нь дордуулж, улмаар гэрээг цуцалсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч А.Х- нь ЖДҮГ- болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сан татан буугдаж, ажилтнуудыг Жижиг дунд үйлдвэрийн газарт төрийн захиргааны албан хаагчаар шилжүүлэн ажиллуулахад мэргэжил, мэргэшил нь ажлын байранд тавигдах болзол, шалгуурыг хангаагүй тул А.Х-тай өөрийнх нь зөвшөөрснөөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

А.Х- нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албаны хууль, тусгай активын хэлтэст өр барагдуулах мэргэжилтнээр 2019 оны 4 дүгээр сараас ажилласан ба тус санг татан буулгасантай холбоотойгоор сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн хавсралтад дурдсан ажилтнуудтай байгуулсан Хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсний дотор А.Х- багтсан байна.

 

Сангийн нийт ажилтнуудад Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн, уг ажлыг зохион байгуулах комиссыг ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар тушаалаар байгуулсан тухай мэдээллийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хийсэн, ажилтнууд гарын үсэг зурсны дотор А.Х- багтжээ. /хх-41, 42/

 

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажилтан А.Х- мөн оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цаашид үргэлжлүүлэн ажиллах, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлтийг хангах, үндсэн орон тоо гартал гэрээ байгуулан ажиллах хүсэлтээ бичгээр гаргасан, хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаатай байгуулсан нь хэрэгт авагдсан байна. /хх-43, 44, 7,8/

 

Ажил олгогчоос хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон нэгжийн удирдлагад ажлаа хүлээлгэн өгөхийг А.Х-д мэдэгдсэнээр /хх-9/ ажилтан хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр эсэхээр марган шүүхэд хандсан, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах 1 сарын хугацаа хамаарахгүй.

 

А.Х- нь бичгээр гаргасан хүсэлтдээ үндсэн орон тоо гартал гэрээ байгуулан ажиллах гэж тодруулсан болон Жижиг дунд үйлдвэрийн газрын даргатай уулзахад чиний мэргэжил таарахгүй байна. 2020 оныг дуустал гэрээт ажилтан болгоё, энэ хугацаанд заавал эргүүлэн ажилд чинь томилж үндсэн ажилтан болгоно, цалин хөлсийг бууруулахгүй, чиний ажлын байранд заавал ажилд авах шаардлагатай хүнийг авсан юм гэж хэлсэн гэх тайлбар, сан татан буугдахад өр барагдуулах ажлын байр хасагдаагүй, уг ажлын байранд өөр хүн авсныг хариуцагч үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлаас үзвэл ажил олгогч гэрээгээр түр ажиллуулж, цаашид ажлын байранд нь жинхлэх итгэлийг ажилтан А.Х-д төрүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан атлаа хугацаа дууссан үндэслэлээр цаашид ажиллуулахгүйгээр шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Өр барагдуулах ажлын байранд А.Х- нь 2019 оны 4 дүгээр сараас хойш ажилласан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан татан буугдахад түүний ажлын байр хасагдаагүй, уг ажлын байранд өөр хүн авсан нөхцөл байдлуудаас үзвэл өр барагдуулах ажлын байрыг байнгын гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглох бөгөөд ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.

 

Мөн ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстойг хуульчилсан.

 

Иймд А.Х-ыг байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй, Засгийн газрын шийдвэрээр сан татан буугдахад ажил албан тушаал нь хэвээр хадгалагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцэхгүйгээс гадна, хөлсөөр ажиллах гэрээг хугацаатай байгуулсан нь хуулийн дээр дурдсан заалтуудад нийцэхгүй.

 

Түүнчлэн, дээрх байдлыг Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллах хүсэлт гаргасан албан хаагчдыг мэргэжил, ажлын туршлага, бусад шаардлага хангасан албан тушаалд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн цалин, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байдлаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нийцүүлэн, хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллах тухай Жижиг дунд үйлдвэрийн сангийн захирлын Б/57 дугаар тушаалын 4 дэх заалтыг анхаарч үзээгүй, ажилтны эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газар нь өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг А.Х-ы мэргэжил хангаагүй гэж тайлбарласан ч хэрэгт А.Х-ы Шихихутаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн магистрын диплом авагдсан, мөн Удирдлагын академийн төрийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, Төрийн удирдлагын мэргэшлийн диплом тус тус авагджээ. /хх-97-102/

 

Түүнээс гадна ажлын байрны тодорхойлолтыг А.Х-д танилцуулж, мэргэжил, мэргэшлийн хувьд тусгай шаардлагыг хангасан байдлын талаарх тайлбар, нотлох баримтыг гаргах нөхцлийг олгосон баримтгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Жижиг дунд үйлдвэрийн газарт төрийн захиргааны албан хаагчаар шилжүүлэн ажиллуулахад мэргэжил, мэргэшил нь ажлын байранд тавигдах болзол, шалгуурыг хангаагүй тул А.Х-тай өөрийнх нь зөвшөөрснөөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул А.Х-ыг Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн, ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилгүй байсан хугацааны олговрыг урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Олговрын хэмжээг 2020 оны 7, 8, 9 дүгээр сард авсан дундаж цалин хөлснөөс тооцоход нэг сарын дундаж нь 1 172 593 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 54 539 төгрөг байх ба ажилгүй байсан 9 сарын хугацаагаар тооцвол нэхэмжлэгчийн тооцож нэхэмжилсэн 8 064 000 төгрөгөөс давж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд уг шаардлагыг хангах нь талуудын зарчим буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах заалтад нийцнэ гэж үзэв.

 

Харин хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах гэсэн нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул бие даасан шаардлага гэж шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Түүнчлэн, хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг нэхэмжлэлийг хангасан агуулгаар өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/02141 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, А.Х-ыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны олговорт 8 064 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЖДҮГ-т тус тус даалгасугай. гэж өөрчлөн найруулж

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...болгосугай. гэснийг ...болгож, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газраас 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ