Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0080

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0080

Улаанбаатар хот

 

 

 

 

Ж.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Л.Б нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар шийдвэртэй, Ж.Д-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.3.1, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зуйлийн 100.1-д заасныг баримтлан Ж.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг,  үржлийн тасгийн дарга,  малын эрүүл мэнд,  хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох”-ыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас хохирол 548784,5 /таван зуун дөчин найман мянга долоон зуун наян дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутган тооцож гаргуулж нэхэмжлэгч  Ж.Д-т олгож, нзхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Б давж заалдах гомдолдоо: “ ... Анх Ж.Д нь С.Э-ийг тэтгэвэрт гарсны дараа ажилдаа орохоор тохиролцсон болох нь мал эмнэлэг, үржлийн тасгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл буюу хүмүүсийн тайлбараар нотлогдож байх ба Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/27 дугаар тушаалаар С.Э-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн орон тоо суларсан, тохиролцсон ёсоор С.Э ажлаас чөлөөлөгдсөн зэрэг нөхцөл байдлууд бүрдсээр байтал Ж.Д-ыг мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн улсын байцаагчийн ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байх тул гэжээ.

Энэ нь С.Э нь мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр тухайн үед ажиллаж байгаагүй бөгөөд өөрийн мэргэжлийн хувьд мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр томилогдон ажиллаж байсан. Энэ албан тушаалд Ж.Дын мэргэжил тохирохгүй болно.

Энэ хугацаанд Ж.Д-ын нэхэмжлэлтэй Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэг шийдвэрлэгдээгүй шүүхийн шатанд явсан. Энэ талаар шүүхийн шийдвэрт туссан байна. Иймд Ж.Д-ыг томилох боломжгүй байсан. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, аймгийн удирдлагаас малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн улсын байцаагчийг даруй томилохыг үүрэг болгосон албан бичиг удаа дараа ирж байсан. Энэ тухай хэргийн материалд байгаа.

Иймээс Ж.Д-ыг ажилд авах боломжгүй байсан учир уг албан тушаалд төрийн албаны шалгалт өгч тангараг өргөсөн З.Н-ийг томилон ажиллуулж байна.

Ж.Д-т Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/44 дүгээр тушаалаар 2 191 594 төгрөгийг бүтцийн өөрчлөлтөд орсон шалтгаанаар тэтгэмж олгож, түүнийг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж авсан нь бүтцийн өөрчлөлтөд орсон болохыг нотолж байна. Энэ талаарх баримтууд хэргийн материалд байгаа болно.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, миний гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... С.Э тухайн үед Ж.Д-ын ажиллаж байсан албан тушаалд ажиллаж байгаагүй, өөрийн мэргэжлийн дагуу Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, энэ албан тушаалд Ж.Д-ын мэргэжил тохирохгүй ... Ж.Д-ыг ажилд томилох боломжгүй..., түүний ажиллаж байсан албан тушаалд тангараг өргөсөн З.Н-ийг томилон ажиллуулж байна ...” гэжээ.

Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1, 80.2, 35.1.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг үндэслэн Ж.Д-ыг өөрийнх нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх, эмчлүүлж, сувилуулах” хүсэлтийн дагуу 1 жил 6 сар хүртэл хугацаагаар түр чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон бол захиргааны санаачилгаар түр чөлөөлнө” гэж, 23.5-д “23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ... төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмнэлгийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж тус тус заажээ.

Ж.Д нь төрийн жинхэнэ албан хаагч тул төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 23.3.1-д зааснаар түр чөлөөлөгдсөн учраас тухайн үеэс мөн хуулийн 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно.

 Харин төрийн жинхэнэ албан хаагч нь 1 жилээс бага хугацаагаар түр чөлөөлөгдсөн бол энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу албан тушаалыг хэвээр хадгалагдана гэж ойлгох бөгөөд Ж.Д нь 1 жилээс дээш хугацаагаар чөлөөлөгдсөн тул хариуцагч сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь түүний ажил, албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэх үед Ж.Д-ын эрхэлж байсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн “Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн /улсын байцаагч/”-ийн орон тоо хэвээр үлдсэн[1] нь тус захирамж болон ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт[2] зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн “... бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөж тэтгэлэг авсан тул буцааж ажилд авах боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Харин дээрх бүтцийн өөрчлөлтийн үед тус тасгийн С.Э-ийн ажиллаж байсан “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн”, З.Н-ийн ажиллаж байсан “Бэлчээр, газар тариалан, ЖДҮ, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалын чиг үүрэг нэгтгэгдэн “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” гэх 1 албан тушаал болж, уг тасгийн 3 мэргэжилтний орон тоо 2 болжээ.

Тухайн үед хариуцагч нь тушаал гаргалгүйгээр уг шинээр бий болсон албан тушаалд З.Н-ийг, Ж.Д-ын ажиллаж байсан “Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн”-ий албан тушаалд С.Э-ийг тус тус ажиллуулж байгаад З.Н нь шинээр бий болсон албан тушаалд тавигдах шаардлага хангахгүйгээс хариуцагч Тамгын газрын дарга нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[3] Ж.Д-ын ажиллаж байсан Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоонд З.Н-ийг, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд С.Э-ийг тус тус жинхлэн томилсон болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, тус тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Үүнээс үзвэл хариуцагч нь Ж.Д-ын чөлөөний 1 жил 6 сарын хугацаа /2015 оны 12 дугаар сарын 14-өөс 2017 оны 05 дугаар сарын 14-нд/ дуусахаас өмнө 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ж.Д-ын ажиллаж байсан албан тушаалд З.Н нь томилогдон ажилласан байхад анхан шатны шүүх “Ж.Д-ын чөлөөний хугацаа дуусах үед орон тоо суларсан байсан, хариуцагч тохиролцсон ёсоор С.Э ажлаас чөлөөлөгдсөн байхад томилоогүй...” гэж хэрэгт авагдсан дээрх баримтыг үнэлээгүйгээс хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй байна.

С.Э нь тэтгэвэрт гарсан боловч түүний ажиллаж байсан “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд тавигдах шаардлагыг Ж.Д нь хангахгүй байсан учраас төрийн албаны зөвлөлөөс өөр этгээдийн нэрийг дэвшүүлж томилсон, харин Ж.Д-ын ажиллаж байсан албан тушаалд З.Н томилогдон ажиллаж байх тул тэднийг хууль бусаар чөлөөлж, Ж.Д-ыг томилох боломжгүй юм.

Түүнчлэн Ж.Д нь Төрийн албаны тухай хуулийн 23.5-д зааснаар нэгэнт эрүүл мэндийн шалтгаанаар 1 жил 6 сарын хугацаагаар чөлөөлөгдөж, төрийн албаны нөөцөд орсон байх тул түүнийг уг хугацааг дуусмагц шууд урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллах хууль ёсны эрхтэй гэж үзэхгүй бөгөөд хариуцагч Тамгын газрын дарга нь албан тушаалыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Мөн Ж.Д-ын хувьд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлд заасны дагуу зохих журмын дагуу ерөнхий болон тусгай шаардлагыг хангах албан тушаалын орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээдийн санал болгосноор төрийн албаны нөөцөөс томилогдон ажиллах эрх нь нээлттэй байхад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн “төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс миний өргөдлийг шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан намайг ажилд эгүүлэн тогтоохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах” шаардлага бүхий Ж.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.3-д заасныг баримтлан Ж.Д-ын нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 


[1] 112-113 дахь тал

[2] 90-94 дэх тал

[3] 95 дахь тал