Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 580

 

М.Н -д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 808 дугаар магадлалтай, М.Н ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, М овогт М-н Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Н ыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаатай хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н аас нийт 61,799,480 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Н  гаргасан гомдолдоо “...Яллах дүгнэлтэд нийт 62,199,480 төгрөгийн хохирол гэж тогтоосон боловч нийт хохирогч нарын мөнгөн дүнгээс 49,700 төгрөгийн зөрүү гардаг. Хохирлын тооцоог буруу тооцож гаргасанд гомдолтой байна.

...Ц.О-н  “I phone-5” загварын гар утсыг буцааж өгсөн байхад хохирол гэж нэхэмжилсэн байгааг шалгуулах талаар гаргасан хүсэлтийг мөрдөгч, прокурор авч хэлэлцээгүй. Хохирогч Х, А нарын хохирлыг барагдуулсан талаар хавтаст хэрэгт байхгүй байсан тул мэдүүлэг авахуулахаар прокурор, мөрдөгчид хэлсэн боловч огт авч хэлэлцээгүй.

Хохирол зөрүүтэй тул бодит хохирлыг тогтоож хохирол төлөх боломжийг олгож өгнө үү. ...Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах, Ц.Гансүлд нар Л.Мажигсүрэн прокурортой утсаар холбогдож хэрэг нэгтгүүлэх саналтай байгаагаа хэлэхэд Л.Мажигсүрэн прокурор уурлаж утсаа тасалсан. Хэргүүдийг нэгтгэлгүйгээр тус тусад нь шийдвэрлэх гэж байгаад гомдолтой байна. Миний бие найз Б-н хамт хохирогч Б-с 10,000,000 төгрөг авсан. Тухайн үед Буянбатын хамт байцаагч Энхтөр дээр очсон боловч “Өглөө ир” гээд явуулсан. Үүнээс хойш Буянбат зугтаагаад ирэхгүй байгаа.

Иймд миний эрх зүйн байдлыг дордуулсан тул хэргүүдийг нэгтгүүлж, хохирлыг бүрэн тогтоож, хохирлыг төлөх боломж олгож өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...1. Яллах дүгнэлтэд бичсэн хохирлын тооцоо зөрүүтэй байдаг. Зарим хохирогчийн төлбөрийг төлж барагдуулсан, хохирол барагдуулах хэлцэл хийгдэж, түүний дагуу зарим нэг төлбөр хийгдсэн боловч тэр талаар нь хохирогч нараас мэдүүлэг аваагүй зэрэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

2. М.Н ад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дараа түүний үйлдсэн хэрэг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтад байхад хэргийг буцаалгүйгээр хянан хэлэлцсэн.

3. Хохирлын тооцоо гэх баримтыг яллах дүгнэлтийн хавсралт болгож өгөөгүй бөгөөд уг баримтаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн. Гэм буруугийн талаар маргаагүй. Хохирлын зөрүүтэй байдал, хэргээ нэгтгэж шалгуулах асуудлаар гомдол гаргасан.

4. М.Н ад холбогдох өөр бусад хэргийн хохирогч нарын гомдолтой холбогдуулан М.Н  тайлбар, мэдүүлэг өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас албан тоот ирүүлсэн байхад хэргийг буцаалгүй шийдвэрлэсэн тул дээрх байдлыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...М.Н ад холбогдох хэргийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг 61,799,480 төгрөгөөр тогтоосон. Хохирол тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар М.Н ад өөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл байхгүй.

Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан асуудал байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээнэ үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн М.Н ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.Н  нь 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртлэх хугацаанд Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүрэг, Төв, Увс, Орхон аймгуудын нутаг дэвсгэрт зар мэдээ, цахим сүлжээг ашиглан нийт 49 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авч, бусдад нийт 61,799,480 төгрөгийн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүхүүд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Н ын гэм бурууг хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, уг зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, М.Н ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн М.Н ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцсэн, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, арга хэрэгсэл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нар нь “...Хохирогч Х, А нарын хохирлыг төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт байхгүй. ...Мөн энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгтэй нэгтгүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгчийн талаас хохирогч нарт хохирол төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн М.Н ыг энэхүү гэмт хэргийн үйлдлүүдээс гадна өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан нотлох баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй байна.

М.Н  энэ гэмт хэрээс гадна өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх бүрэн боломжтой.

Мөн энэ хэргийн зүйлчлэл хөнгөрөх, хүндрэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой зохицуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 808 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н , түүний  өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН