Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/461

 

О.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

яллагдагч О.Т-ийн өмгөөлөгч Л.Буманзаяа, Б.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/613 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Билгүүний бичсэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар эсэргүүцэлд үндэслэн О.Т-т холбогдох эрүүгийн 2309 00000 0610 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн О-ын Т, 1993 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн нөхөн сэргээгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, ..., ...-ийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

О.Т нь 2023 оны 3 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их сургуулийн 5 дугаар байрны хажууд үйл ажиллагаа явуулах “В” нэртэй караокены гадна иргэн Э.Б-ыг “Агсам согтуу тавьсан, хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар түүний нүүр болон толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохисны улмаас амь хохирогч Э.Б-ын биед хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд хохирол учруулсны улмаас амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээс “...шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг шалгуулах...” хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр “...талийгаачийн биед ...цээж, хэвлийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд ...зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. Талийгаачийн “...биеийн дээрх хэсэгт цохиж байсан...” талаар мэдүүлсэн нэр бүхий гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Хэрэг гарах үеийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан байх ч уг бичлэгийн нягтрал муу, бүдэг байна.

Иймд дээрх бичлэгийн чанар, нягтралыг сайжруулж, нэгтгэх талаар боломжтой бүх арга хэмжээг авах нь зүйтэй. Ингэснээр дээрх нөхцөл байдлыг тогтоох, үүнтэй холбоотой холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах эсэх нь тодорхой болохоор байна. ...” гэж дүгнэж, О.Т-т холбогдох эрүүгийн 2309 00000 0610 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй.

1. Яллагдагч О.Т нь Э.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас Э.Бат-Оргилд “хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт" гэмтэл учирч, 10 секундэд газар унаж, хохирогч газар дээрээ нас барсан болох нь хэрэгт авагдсан "... идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй, шууд үхэлд хүргэх гэмтэл...” болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдсон.

Гэтэл шүүх захирамждаа “...шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг шалгуулах...” хэсгийг хүлээн авах нь зүйтэй. ...Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр “...талийгаачийн биед ...цээж, хэвлийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд ...зааснаар хөнгөн зэрэгт хамаарна..." гэжээ. Талийгаачийн “...биеийн дээрх хэсэгт цохиж байсан...” талаар мэдүүлсэн нэр бүхий гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэргийг прокурорт буцааснаар ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан амь хохирогч Э.Б-ын цээж, хэвлий хэсэгт учирсан цус хуралт бүхий хөнгөн хохирлыг хэн, хэрхэн яаж учруулсан болохыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх гэмтлийг хэн нэгэн санаатай буюу цохиж, зодох үйлдлийн улмаас учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл амь хохирогч Э.Б-ын хэвлийн хэсэгт учирсан цус хуралт бүхий хөнгөн хохирол нь О.Т-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, мөн талийгаачийг амь нас хохирсны дараа анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үед үүссэн эсэх, эсвэл хэн нэгний хууль бус санаатай үйлдлийн улмаас үүссэн эсэх нь тус тус хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

2. Мөн шүүгчийн захирамжид “хэрэг гарах үеийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан байх ч уг бичлэгийн нягтрал муу, бүдэг байна. Иймд дээрх бичлэгийн чанар, нягтралыг сайжруулж, нэгтгэх талаар боломжтой бүх арга хэмжээг авах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэгт хэн, хэзээ, хаана, ямар үйлдэл гаргасан болон тухайн орчны нөхцөл байдал зэрэг нь тод харагддаг. Иймд бичлэгийн нягтаршлыг сайжруулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд яллагдагч О.Т-т холбогдох хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлалгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон яллагдагч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан үндэслэлгүй гомдол, тайлбарт хөтлөгдөн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байх төдийгүй, шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч О.Т-ийн өмгөөлөгч Л.Буманзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний 718 дугаартай О.Т-т холбогдох хэргийн прокурорын яллах дүгнэлтийн товч агуулга дээр “... иргэн Б-ыг агсам согтуу тавьсан. Хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар түүний нүүр болон толгой тус газар цохиж, улмаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн” гэж дурдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг уншиж судалж байхад хөлөөрөө өшиглөсөн гэх нотлох баримт байхгүй. Камерын бичлэгийн асуудлыг ярьж байна. 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Т-ийн зүгээс /хавтаст хэрэгт 70 дугаар хуудас/ “камерын бичлэг муу байна. Би хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн асуудал байхгүй. Тэгэхээр тусгай мэдлэгтэй мэргэжлийн хүмүүсээр дүрсийг нягтаршуулж шалгаж өгнө үү” гэх саналыг гаргасан. Прокурор уг саналыг хүлээж авсан. Харамсалтай нь мөрдөн байцаагч энэ асуудал дээр ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Анхан шатны шүүх үүн дээр зөв зүйтэй захирамж гаргасан гэж миний зүгээс үзэж байна. Учир нь, хөлөөрөө өшиглөсөн гэдэг асуудал тогтоогдоогүй байхад камерын бичлэгээс харагддаг гэж прокурор яриад байдаг. ...Энэ бол бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байдаг. Прокуророос үүнийг тогтоогдохгүй байна гэж үздэг. Хавтаст хэргийн 11, 12 дугаар хуудаст байх гэрэл зураг дээр шатны хажуу талд сууж байгаа Б нь амь хохирогчийг шатаар өгсөөд гараад ирмэгц харж байгаад шууд баруун гараараа Бат-Оргилын нүүрэн тус газар цохиж байгаа, мөн гэрэл зургийн 13 дугаар хуудсанд Б, Б нар зууралдаад Б нь баруун талын өвдгөөрөө Б-ын хэвлий хэсэг рүү нэг удаа өвдөглөж байгаа харагдана. Хавтаст хэргийн 13-15 дугаар хуудсанд саарал өнгийн футболктой, саарал өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн гуталтай эрэгтэй бетонон хашлагаар орж ирээд Б-ын нуруу хэсэгт нь дээрээс нь дэвсэн жийж байгаа. Мөн хар өнгийн куртиктэй, цайвар ягаан өнгийн цамц хар хөх өнгийн жинсэн өмдтэй, цагаан саарал өнгийн гуталтай эрэгтэй Б-ын ар дагз руу нэг удаа цохих үйлдэл хийж байгаа нь харагдаж байна. Б нь шатны зүүн тал руу хашлага даван шороо хэсэг рүү давж унаж байна гээд. Ингээд тогтоогдоод байхад яагаад энэ гэмт хэргийг шалгахгүй байгаа юм бэ. Зүгээр нэг айлын гадаа ч юм уу, эсхүл хээр талд үйлдэгдээгүй. Олон нийтийн газар, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад үйл ажиллагаа явуулсан. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Үүнийг хүлээж аваагүй. Хөнгөн зэргийн гэмтлийг огт шалгаагүй байж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.Т-ийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй. Энэ гэмт хэрэгт оролцсон зарим нэг хүмүүсийн үйлдэл оролцоог тогтоогоогүй гэсэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг зарласан. Яагаад шалгуулах гээд байна вэ гэвэл хавтаст хэргийн 51-55 дугаар хуудсанд талийгаач Б нь Б-тай маргалдаад Б нь амь хохирогчийг дэвсэж, жийгээд, Б нь ар дагз хэсэгт нь нэг удаа цохих үйлдэл гаргасан. Камерын бичлэгээр маш тодорхой харагддаг. Эдгээр хүмүүс буюу Б, Б, Б нарын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд огт шалгаагүй. Үхэлд хүргэх цохилтыг эдгээр хүмүүс үйлдсэн үү. Хугацаа нь 10 минутын дотор л болсон байдаг. Талийгаач Б-ыг караокеноос гараад ирэхэд Баянжаргал шууд цохисон, Б нь дагз руу нь нэг удаа цохиод, Б нуруу руу нь дэвссэн, талийгаач хашлага даваад унасан. Энэ хүмүүсийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл харагддаг. Хавтаст хэрэгт камерын бичлэг байгаад байхад прокурор яагаад тогтоогдохгүй байна гээд шалгахгүй байна вэ. Туяа шинжээчээс цээж, хэвлий хэсэгт олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох гэмтлүүд үүссэн гэсэн. О.Т-ийн хувьд нэг л удаа өшиглөсөн. Олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоох шаардлагатай. Мөн шинжээчийн дүгнэлт дээр эргэлзээтэй байдал харагддаг. 901 дугаартай дүгнэлтэд “олон удаагийн үйлчлэлээр учирсан байна. Хөдөлгөөн хийх боломжтой, боломжгүй” гэж дурдсан. Дахин хүсэлт гаргаад 581 дугаартай дүгнэлт бүрэлдэхүүнтэй гарсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр өмгөөлөгчийн зүгээс юу тогтоолгох гээд байна гэхээр энэ хүн гэмтэл авчихаад хөдөлгөөн хийх боломжтой юу, хэр хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой юм, өөрийгөө бүрэн хянах боломжтой юу гэдэг талаар тогтоолгосон. Гэтэл бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд хөдөлгөөн хийж болно” гээд эргэлзээтэй дүгнэлт гаргасан. Үүний эргэлзээг гаргах хэрэгтэй. Камерын бичлэгээр Б, Б, Б нарын үйлдэл маш тодорхой харагддаг. Гэтэл О.Т-ийн үйлдэл хананы цаана дүрсний нягтаршил муутай байдлаар харагддаг буюу хэн цохиод байгаа нь харагддаггүй. Тусгай мэдлэг, мэргэшилтэй хүнээр дүрсийг тодруулж үйлдэл хөдөлгөөнийг шалгах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар О.Т-т холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос О.Т-ийг “2023 оны 3 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” нэртэй караокены гадна Э.Б-ыг нүүр болон толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохиж биед нь амь нас аврагдах боломжгүй хүнд хохирол учруулан алсан” гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Хэрэг гарах үеийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан байх ч уг бичлэгийн нягтрал муу, бүдэг байна. Иймд дээрх бичлэгийн чанар, нягтралыг сайжруулж, нэгтгэх талаар боломжтой бүх арга хэмжээг авах нь зүйтэй. …” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий байх, биелэгдэх боломжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэг гарах үед тухайн караокены хаалганы гадна хэсэг болон гадна талбайг харуулсан камерын бичлэгүүдийг хуулбарласан CD-ийг судлахад тус бичлэгт хэн, хаана, ямар үйлдэл хийсэн болох нь он сар, цаг хугацаатай бичигдсэн байх ба тухайн орчны нөхцөл байдлыг шинжлэн судалж болохуйц, бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, энэ талаар бичсэн прокурор Э.Билгүүний эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Харин Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 718А дугаар яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг “...нүүр болон толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохисны улмаас...” хэмээн ойлгомжгүй бичигдсэн, гараараа хохирогчийн биеийн аль хэсэгт, хэдэн удаа цохисон, мөн хөлөөрөө хохирогчийн биеийн аль хэсэгт, хэдэн удаа өшиглөсөн болох талаар тодорхой бус байдлаар бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтэд тавигдах хэлбэр, бүтцийн шаардлагуудыг заасан бөгөөд 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгахаар заасан.

Яллаж байгаа гэмт хэргийн агуулгыг хуульд нийцүүлэн зөвтгөн өөрчлөх нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хэрэгжилтэд үр нөлөөтэй гэж үзэв.

Иймд хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/613 дугаар захирамжид заасан ажиллагаанаас өөр үндэслэлээр хэргийг прокурорт буцаан, тус захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор Э.Билгүүний 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/613 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Билгүүний бичсэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ