| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/0851/З |
| Дугаар | 128/ШШ2025/0730 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0730
2025 10 21 128/ШШ2025/0730
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А******* дүгнэлттэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч Р.С*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Р.С*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1050003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч Р.С******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.А******* 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 267 тоот дүгнэлттэй танилцан Булган СӨХ-тэй холбоотой 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1050003 тоот шийтгэврийн хуудсаар 250.000 төгрөгийн шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Булган СӨХ нь дундын өмчлөлийн иргэний хуулийн зохицуулалттай, хуулийн этгээд болоогүй тул зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.А*******гаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч Р.С*******д холбогдуулан 2025 оны 09 дугаар сарын 29-ний өдөр 267 дугаартай дүгнэлт гаргасныг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэе.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А*******гаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч Р.С*******д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Р.С*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1050003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.