Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2025/0761

 

2025       10         31                              128/ШШ2025/0761

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсролын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И******* ХХК-ийн төлөөлөгч Э.З******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: "И*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсролын сайд, Боловсролын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан "VI-XII ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх ******* дугаар тендерийг үнэлэх ажиллагааг дахин хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үнэлгээг дахин хийж, тендерийг үргэлжлүүлэхийг даалгах" шаардлагаа 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "VI-XII ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх ******* дугаар тендерт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах" гэж өөрчилсөн.

Манай компани VI-XII дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх тендерт 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын ерөнхий газартай гэрээ байгуулсан.

Иймд "VI-XII ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх ******* дугаар тендерт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах" шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно" гэж заасны дагуу татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И******* ХХК-аас Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан "VI-XII ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх ******* дугаар тендерт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч И******* ХХК-ийн төлөөлөгч Э.З******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​ Иймд нэхэмжлэгч И******* ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан И******* ХХК-аас Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан "VI-XII ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх ******* дугаар тендерт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Боловсролын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.