Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01507

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/02183 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Д-гийн хариуцагч П ХХК-д холбогдуулан гаргасан 26 764 816 төгрөг, худгийн паспорт, зөвшөөрөл, баталгааны хуудас болон холбогдох бусад бичиг баримтыг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ч.Д- нь П ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр амины орон сууцыг зургын дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нь түлхүүр гардан авах нөхцөлийг харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үнэ 40 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээний 9.4-т зааснаар мөнгийг бүрэн шилжүүлсэн бөгөөд хуанлийн 24 хоногийн хугацаанд хариуцагч орон сууц барих үүрэг хүлээсэн, энэ хугацаанд барилга байгууламжийг дуусгаж өгөөгүй, гэрээнд заасны дагуу үе шаттай ажлыг захиалагчид акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй, 3 удаа шаардлага хүргүүлсэн байдаг. Мөн гэрээнд алдангийн талаар тусгасан талаар мэдэгдэл хүргүүлэн 6, 7 сард бороотой байгаад дээврээс дусаал гойжсон, албан мэдэгдэлд хариу өгөөгүй, барилгын түлхүүрийг хажуу айлд хүлээлгэн өгсөн байсан, бүх зүйл эвдрэл гэмтэлтэй болсон байсан тул өөр барилгын ажил гүйцэтгэгчийг сонгож засвар хийлгэсэн. Хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул П ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, нэхэмжлэгчид учирсан хохиролд 26 764 816 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохиролд барилгын компаниар ажил гүйцэтгүүлэхээр тохирч ажил хийлгэсэн ажлын зардал 26 764 816 төгрөгт дээврийг буулгахад гарсан зардал 3 785 443 төгрөг, шинээр дээвэр хийлгэсэн зардал 12 691 961 төгрөг, дусаал гоожсоноор обой, шал, таазыг шинээр хийсэн зардалд 7 535 129 төгрөг, барилгын хогийг ачуулсан 7 086 төгрөг, ажиллах хүчний зардалд дээвэр буулгахад 2 116 646 төгрөг, шинээр дээвэр хийлгэсэн ажлын хөлс 2 544 078 төгрөг, дотоод заслын ажил шинээр хийлгэсэн ажлын хөлс 1 607 824 төгрөг, дээврийн ажил шинээр хийлгэсэн 12 691 961 төгрөгийн зардалд ажиллах хүч, засвар, материал, техник, дотор талд шинээр хийсэн ажилд, материал, ажиллах хүч, мехиниз, тээвэр ороод 7 535 129 төгрөг, хог хаягдлын 7 086 төгрөг, 300 000 төгрөг нь ажил гүйцэтгэх компанийн захиалагчийн хяналтын инженерт төлсөн төлбөр нийт 26 764 816 төгрөг болж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Ч.Д-тэй 2020 оны 4 дүгээр сард барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хавсралтад материал, хэмжээг заасан байгаа. Захиалагчийн захиалсан материалын дагуу хүлээлгэж өгөх зорилготой ажиллаж, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр жижиг хэдэн ажил байгааг хэлэхэд Ч.Д- зусландаа гармаар байна хашаанд байгаа гэр болон бусад зүйлсээ аваад гар гэсэн шаардлага тавьсан. Иймд нэлээн шахаж ажилласан, гарнез өнцөг, гадна ханын өнгөлгөөний эмжээр гээд бага зэрэг засвар үлдээсэн талаар хэлж зусландаа гарах талаар нь болон жижиг засвар гарсан тохиолдолд засварыг өөрийн хөрөнгөөр янзлах мөн баталгаат хугацааг нэмж өгсөн. Ингээд ажилчдын гэрийг буулгаж, бүх хогийг цэгцэлж, хог ачилт хуваарьтай байсан тул ирэх үед нь ачуулахаар хөрш нь гэх н.Н-той тохиролцож, түлхүүр үлдээсэн байдаг. Таазнаас ус алдсан зэрэг зүйлсийг өөрийн хөрөнгөөр засварлах талаар мэдэгдсэн. 40 000 000 төгрөгөөр байшин барьсан байхад 26 000 000 төгрөгийн засварын зардал нэхэмжилсэн, мөн биднийг ажиллах боломжоор хангаагүй. Манай компани ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлэх боломжийг нэхэмжлэгч олгоогүй. Анхны тохирсон гэрээний хавсралтад байгаа материал, цахилгааны кабел тохирсон боловч засвар хийлгэхдээ дээврийн бүтээц өөрчилж тэгш налуу байсныг гурвалжин дээвэртэй болгож, дотор заслын материалыг өөрчилсөн. Иймээс төсөв зардал нь өөр гарах нь тодорхой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин худгийн паспорт, зөвшөөрөл зэрэг баримтыг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 26 764 816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК нь худгийн паспорт түүнтэй холбоотой зөвшөөрөл, баталгааны хуудас баримтыг Ч.Д-д хүлээлгэн өгөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 362 074 төгрөгийн 361 974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч П ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжэгч Ч.Д-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул давж заалдах гомдол гаргасан. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэдэгт талууд маргадаггүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ёстой. Гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас барилгын ажилд зөрчил, дутагдал гарсан. Улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гээд хажуу айлд түлхүүр хүлээлгэж өгсний дараа барилга байшинд эвдрэл гэмтэл гарсан. Өөрөөр хэлбэл, шинээр баригдсан барилгын дээврээс борооны дусаал дусаж, хана, тааз, шаланд эвдрэл гэмтэл гарч, хүн амьдрах аргагүй нөхцөл байдал үүссэн. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний 12.1.9-д заасны дагуу 3 удаа албан мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч талаас нэг ч удаа хариу ирүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд тус, тус заасны дагуу доголдлыг арилгуулахын тулд өөр байгууллагад хандсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар үйцэтгэсэн ажил доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн санаар эсхүл түүний зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрхийг захиалагч эдлэхээр заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Анх итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилогдож байшинд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан. Дараа нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй бөгөөд гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасан. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан үргэлжилж, талуудаас хүсэлт байна уу гэхэд талууд дээрх захирамжтай танилцах хүсэлт гаргасан. Улмаар шүүгч шүүх хуралдааныг 10 минут завсарлуулж, санд мэнд захирамжаа гаргаж, хэргийн материалд хавсаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, талуудын захирамжтай танилцах, санал, гомдлоо гаргах эрхийг нь зөрчсөн бөгөөд улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан тул шүүх хуралдаан завсарлахаас өмнө өмгөөлөгч өмгөөллийн үгээ хэлэхээс татгалзаж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн. Түүнчлэн, хариуцагч тал хуульд зааснаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ ноцтой зөрчиж байна. Мэдэгдэл хүлээж авчихаад, мөнгө авчихаад аваагүй мэтээр тайлбарлаж байна. Шүүхээс дуудахад оргон зайлж, ирэхгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад мөн адил хүлээж авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 26 764 816 төгрөг, худгийн паспорт, зөвшөөрөл, баталгааны хуудас болон холбогдох бусад бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь буюу бичиг баримт гаргуулах шаардлагыг зөвшөөрч, харин доголдлыг өөрсдөө арилгах боломж олгоогүй тул мөнгө шаардсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх 1-3, 202/

 

Талууд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 20/04/001 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр П ХХК нь өөрийн материалаар нэхэмжлэгч Ч.Д-гийн газар дээр 35 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай блокон барилгыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь барилгын ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 7-13/

 

Дээрх гэрээний ажлын үр дүн дутуу, гарсан доголдлыг арилгах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэх агуулга бүхий хариуцагчийн гаргасан тайлбараас үзвэл, талууд тухайн ажил доголдолтой байсан эсэхэд маргаагүй, харин ажлын доголдлыг арилгахад гарсан зардал, хохирлын хэмжээний талаар маргасан байна.

 

Ажил гүйцэтгэгч талд доголдлыг арилгах талаар мэдэгдсэн боловч арилгаагүй тул өөр этгээдээр ажил гүйцэтгүүлж зардал гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцэж, доголдлын талаар мэдэгдээгүй гэж маргасан. Доголдлын талаарх мэдэгдлийг цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн тул цахим шуудангийн хаягт үзлэг хийлгэх тухай хүсэлт нэхэмжлэгч гаргажээ.

 

Иймд доголдлын талаарх мэдэгдлийг ажил гүйцэтгэгчид хүргүүлсэн эсэхийг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Иймээс хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах буюу маргааны үйл баримттай холбоотой нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийх эрх хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/02183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 сарын 30-ны өдөр төлсөн 291,775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ