| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/06160/И |
| Дугаар | 191/ШШ2025/01169 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Х******* овогт Б******* У******* /регистрийн дугаар: ОВЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүргийн **** тоот хаягт оршин суух, Д******* овогт С*******ын М/регистрийн дугаар:СА/-д холбогдох,
262,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...охин У.Б 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн С.Мгийн ажиллуулдаг гэх Ц цэцэрлэгт сарын 350,000 төгрөгийн төлбөртэйгээр суралцуулахаар 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр уулзаж, амаар хэлэлцэн тохиролцож, С.Мгийн эзэмшдэг банк дахь тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөгийг шилжүүлж, тухайн өдрөөс эхлэн охиноо дасгах зорилгоор 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 5 хоног өглөө 08:30 цагаас өдөр 14:00 цаг эсхүл 15 цаг хүртэл хугацаанд цэцэрлэгт явуулсан. 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эмчид үзүүлэхэд хоолой нь идээлж, дунд чихний үрэвсэл болсон ханиад хүрсэн онош тавьж, үргэлжлүүлэн цэцэрлэгт явуулахгүйгээр гэртээ харах шаарлдагатай, хүндрэх эрсдэлтэй гэж зөвлөсөн.
Цэцэрлэгт явуулахгүйгээр шийдэж, гэрээг цуцлах талаар мэдэгдэж 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зурвас илгээхэд хариу ирээгүй тул 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр уулзахаар очиход хариуцагч байгаагүй тул зурвасаар харилцсан. Ингэхдээ хүүхдээ эдгэхээр явуулаарай, төлбөрийн үлдэгдлийг буцаан олгохгүй гэх хариу ирсэн. Би зөвшөөрөхгүй гэсэн. 7 сарын эхээр буцаалт хийнэ гэсэн боловч өгөөгүй тул цэцэрлэгийн үлдэгдэл төлбөр 262,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. ... гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 5 сарын 30-ы өдөр гэж хэлсэн байна. Хүүхдээ ой хүрээгүй байхад нь ганц бие эмэгтэй, хүүхдээ өгөхгүй бол ажлаа хийж чадахгүй байна, ээж харах боломжгүй гэсэн гээд би ой хүрээгүй хүүхдийг авахгүй гэхэд өөрөө хүсэлт тавьж манайхыг сонгож ирсэн. Би адилхан эмэгтэй хүн учраас авсан, авснаас хойш ээж нь гээд 50-иад насны бүсгүй хүүхдийг ирж авсан. Тэр хүн нялх хүүхэд манайд өгч байгаа гэхээр үнэхээр сөрөг. Хүүхдийн тоо 20-25 гэж байна. Манайх зуны цэцэрлэг учраас хүүхдээ бүрдүүлж эхэлж байсан, 7-8 хүүхэдтэй байсан. Манай м.квын хувьд 124 м.кв 4 өрөө объект, орон сууц нар нь дээд давхартаа байдаг. Нэг давхарт нь манайх бүтнээрээ үйл ажиллагаа явуулдаг. Аливаа хүний мууг харъя, өөг харъя гэвэл саяны бүсгүй шиг гоё үлгэр шиг бичиж чаддаг юм байна. Нялх хүүхдийн баас, шүүсийг цэвэрлээд бүтэн өдөр хоолтой, тэр хүүхдийн ариун цэврийг нь хангаад ийм хөөрхөн нялх үрээ надад хариуцуулж өгсөн. Би мэргэжлийн удирдлагын академи төгссөн хүн. Ийм нялх үрээ шүүхийн танхимд нэрээ хэлүүлээд зогсож байгаа. Одоо үеийн эцэг эхчүүд яачихсан юм бэ, би хүүхдийнхээ эсрэг нэг ч юм хийгээгүй. Тэр хүүхдийг аваад ой хүртэл нь дасгаад хүүхэд хоног хоногоор өсдөг юм даа гээд хичээгээд аваад эхэлж байсан. Гэтэл хүүхэдтэйгээ харьцах боломжийг өгөхгүйгээр мөнгө төлсөн гэдгээрээ л давуу байдал үүсгээд эцэс сүүлд нь намайг шүүхийн танхимд ирүүлж байна. Мөнгө буцаана гэхэд надад хүнд, ирсэн хүүхэд болгоноо авч хайрлаж байсан. Орж ирсэн төлбөр болгон тэр өдрөө зарлага гарчихдаг. 7 сарын 1-ний өдөр мөнгө шилжүүлнэ гэж хэлээгүй. Нэхэмжлэгч орж ирээд би хуульч хүн, би таныг шүүхэд өгнө гэсэн, тэгээд би нялх үр дандаа өвдөөд байдаг, жоохон гайгүй болохоор нь аваад ир гэсэн. Би хүүхдэд элдэв хир халдаахгүй хэзээ ч байсан аваад ир гэсэн. Анх удаа шүүхийн танхимд орж ирж байна, юу хэлэхээ мэдэхгүй байна. Манай цэцэрлэг дөнгөж босоод 10 жилийг ч гүйцэд үзээгүй байгаа учраас эдийн засгийн хувьд ундуй сундуй байх гээд байдаг. Буцаалт хийхэд боломжгүй, багш нартаа итгээд хүүхдээ аваад ирвэл би хүлээгээд авмаар байна. Манай цэцэрлэг боловсрол сургалгалтын байгууллагаар бүртгэгдсэн. Хүүхэд харах үйлчилгээний гэрчилгээтэй. Хөдөлмөр хамгааллын яамнаас өгөгддөг эрхийг 2016 онд авсан гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 350,000 төгргөгийг Б.У*******ас С.Мгийн эзэмшдэг банк дахь тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн баримт, Б. иргэний үнэмлэхийн лавлага, иргэний үнэмлэхийн хуулбар, гар утасны зурвасаар харилцсан гэх зураг /үзлэг хийгээгүй/,
Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.У******* нь хариуцагч С.Мд холбогдуулан, хүүхдээ цэцэрлэгт сургах хэлцлээс татгалзаж, цэцэрлэгийн төлбөрт төлсөн төлбөрийн үлдэгдэл 262,500 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь хүүхэд өвчтэй байсан хугацааг тооцож үргэлжлүүлэн цэцэрлэгт явуулж болно, мөнгө буцаан өгөх боломжгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. Зохигч талуудын тайлбар болон 350,000 төгргөгийг Б.У*******ас С.Мгийн эзэмшдэг банк дахь тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн баримт зэргээс үзэхэд, нэхэмжлэгч Б.У******* нь хүүхдээ Ц нэртэй цэцэрлэгт сургахаар хариуцагч С.Мөнхогоотой тохиролцож, төлбөрийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь С.М гэх иргэнд хандсан бус Ц нэртэй цэцэрлэгт хандаж, хүүхдээ сургахаар тохиролцсон байна.
5. Хариуцагч нь цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг гаргаагүй боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Ц нэртэй цэцэрлэгт хандаж, хүүхдээс сургахаар хэлэлцэн тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
6. Цэцэрлэгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх бөгөөд тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох талаар Зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д хуульчилсан тул тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчаар тодорхойлж буй С.М нь Ц нэртэй цэцэрлэгийг төлөөлж нэхэмжлэгч Б.У*******тай хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй буюу хүүхдийг цэцэрлэгт сургах талаар иргэн С.М Б.У******* нар тохиролцсон гэж үзэхээргүй байна.
8. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:, 43.1.1.-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон; гэж тус тус зааснаар талуудыг хэлцэл хийсэн гэж үзнэ.
9. Дээр дурдсанаар, хэлцэл хийсэн талуудыг тодорхойлоход Б.У******* ба Ц нэртэй цэцэрлэгийн хооронд хүүхэд цэцэрлэгт сургах хэлцэл хийгдсэн, С.М нь цэцэрлэгийг төлөөлж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасан бөгөөд хариуцагч С.М нь Б. өмнө аливаа үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул С.Мд холбогдох, гэрээнээс татгалзах, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах тухай Б. нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлах, хариуцагч С.Мд холбогдох 262,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА